Н.МӨНХЖИН

Пакистаны Лахор хотод амиа золиослогч эт­гээд бөмбөг дэлбэлж 70 орчим хүний аминд хүр­ч 300 орчим хүн шарх­даж, гэмтээд байна. Алан хядагч хүүхдийн тог­лоомын газраас хэдхэн мет­рийн зайд, цэцэрлэгт хүрээ­лэнгийн авто зогсоол дээр бөмбөг дэлбэлсэн хэ­­мээн Пакистаны аюул­гүйн албаны төлөөлөгч мэдэгдлээ. Энэ үеэр нут­гийн олон зуун хрис­тос шашинтан Улаан өн­дөгний баярыг тэмдэг­лэхээр цугласан байжээ. Аврах албаныхан 100 орчим хүнийг эмнэлэгт хүргэсний ихэнх нь хүүхэд байгаа аж. Пунжаб мужийн нийслэл Лахор хотод гурван өдрийн га­шуу­дал зарлалаа. Амиа золиос­логч этгээд өнхрөгч металл­тай задардаг бөмбөг ашиг­ласан нь аль болох олон хүний аминд хүрэх зорилготой байсан хэмээн цагдаагийн газар үзэж байна. Халдлагын золиос болсон хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Гэрчүүдийн мэ­дүүлж буйгаар, тус цэцэр­лэгт хүрээлэнд ямар ч цаг­даа, хамгаалалтын ал­ба­ныхан байгаагүй аж. “Олон хаалгатай цэцэрлэг. Хам­­гаалалтын, аюулгүйн ал­­баныхан байхгүй бай­сан” хэмээн нэг гэрч ярилаа.

Энэхүү аймшигт халдлага Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифийн засаг­лал, улс төрийн сууринд хүнд цохилт бол­лоо. Пунжаб мужийн нийс­лэл Лахор хот нь тайван амгалан газарт тооцогддог. Гэвч Ерөнхий сайдыг улс төрийн нэр хүндээ алдахгүйн тулд зэвсэгт бүлэглэлүүдийг хүлээн зөвшөөрсөн хэмээн буруутгаж байгаа аж.

“Талибан” хөдөлгөө­ний нэг салбар болох “Жа­маат ул-Ахрар” бү­лэг халдлагыг зохион бай­­гуулс­наа мэдэгдлээ. Тэд христосуудын баярыг онилж байсан аж. “Улаан өндөгний баяр тэмдэглэж байсан хрис­тосуудын эсрэг бид ал­лага үйлдсэн. Бид энэ болом­жийг хүлээж байлаа. Бид Пунжабт газардсанаа Лалын нийгэмлэгийн удир­дагч болон Ерөнхий сайдад дуулгаж байна. Бид та нарыг гүйцэж барьж авах болно” хэмээн лалын бүлгийн төлөөлөгч Эхансулла Эхсан Пакистаны “The Express Tribune” сонинд ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин