М.ХҮСЛЭН

Бельгийн нийслэл Брюссель хотын онгоцны буудал болон метрод дэлбэрэлт болохоос хэдхэн хоногийн өмнө баривчлагдсан Салах Абдеслам байцаалт өгөхөөс татгалзсан байна. Тэрээр баривчлагдсаны дараахан мөрдөн байцаагчдын асуултад хариулахаар зөвшөөрөөд байсан аж. Түүнчлэн Салах Абдеслам өнгөрсөн арваннэгдүгээр сард Парист болсон 130 хүний амийг авч одсон террорист халдлагын талаар байцаалт өгч эхэлсэн гэж мэдээлж байв. Гэвч энэ сарын 22-нд Брюссельд болсон халдлагын дараа Абдеслам өөрийн эрхийн дагуу байцаалт өгөхөөс татгалзжээ.

Салах Абдесламын өмгөөлөгчийн мэдээлснээр түүний өгсөн мэдүүлгийг Бельгийн тусгай албад “Алтнаас илүү үнэтэй” хэмээв. Бельгийн Хууль зүйн сайд Кун Геенс Абдеслам байцаалт өгөхөөс татгалзсан гэдгийг нотолсон байна. Өнгөрсөн баасан гаригт мөрдөн байцаалтын үеэр Салах Абдеслам ах дүү Халид болон Брахим Бакрауи нарыг танихгүй хэмээн мэдүүлжээ. Түүнээс өмнө цагдаагийнхан Брюссельд халдлага болсон газраас олдсон амиа золиослогчдын ДНХ дээрх ах дүү хоёр мөн гэж тогтоосон юм. Энэ тухай “Le Monde”-д мэдээлжээ.

Мөн Бельгийн цагдаагийн шинжээчид Брюсселийн нисэх буудал, метронд бөмбөг дэлбэлсэн хоёр дахь амиа золиослогчийг Нажим Лашрауи гэгч болохыг тогтоожээ. Түүнийг мөн болохыг ДНХ-ээр нь тогтоож, өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан Парисын халдлагад холбоотойг нотолсон байна. Амиа золиослогч Нажим Лашрауи 2013 онд Сири рүү явахаас өмнө Брюссельд католик сургуульд сурч, сайн суралцагч байсан гэнэ. Бельгийн хууль сахиулагчид нисэх буудал болон метроны буудалд бөмбөг дэлбэлсэн хэрэгт зургаан сэжигтнийг баривчлаад байгаа юм.

“Исламын улс” бүлэглэл Парис, Брюссельд гарсан халдлагыг хоёуланг нь зохион байгуулсан гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн баасан гаригт “Исламын улс” бүлэглэлээс цахим ертөнцөд видео бичлэг цацаж тэндээ “Брюсселийн халдлага бол Ирак, Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн эзэмшлийн нутаг дэвсгэрт явуулж буй цэргийн ажиллагааны хариу шийтгэл” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин