Д.БОЛОР

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанд гадаад өрийн талаар мэдээлэл хийв. Гэхдээ тэр гадаад өрийн хэмжээг 2.0 тэрбум ам.доллар байгаа гэж онцоллоо. Тэгвэл Сангийн сайд Ч.Улаан өнгөрсөн аравдугаар сарын 24-нд болсон Төсвийн байнгын хорооны хурал дээр гадаад өрийн хэмжээг дөрвөн тэрбум ам.доллар байгаа гэж хэлж байсан юм. Тэгэхээр Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрын хэн нь үнэн хэлэв. Хэрэв Ч.Улаан сайдын мэдээлэл үнэн бол Н.Алтанхуяг  яагаад хоёр тэрбум төгрөгөөр дарж хэлэв. Ямар боловч эрхэм сайдуудын гадаад өрийн талаар хэлсэн баримтыг хүргэе.

 

Н.Алтанхуяг: ГАДААД ӨР ХОЁР ТЭРБУМ АМ.ДОЛЛАР

 

Монгол Улс  1990-2013 онд буюу сүүлийн 14 жилд 2.8 тэрбум ам.долларын зээл авснаас өнөөдрийн байдлаар 800 сая ам.долларыг эргүүлэн төлжээ. Тэгэхээр  хоёр тэрбум  ам.долларын гадаад, дотоод өр үлдсэн гэсэн үг. Дээрх зээлийн ихэнхийг Азийн  хөгжлийн банк, Дэлхийн банкнаас авсан байна. Гадаадаас авч буй зээлийн 77 хувийг эдийн засаг, 20 хувийг нийгмийн салбарт зарцуулахаар авсан. Нийгмийн салбарт орон сууц, нийгмийн халамжийн чиглэлээр, эдийн  засгийн салбарт  зам тээвэр, эрчим хүч, санхүү, үйлдвэр, барилгын чиглэлээр зээл авсан байна.

Төрийн ордон, УИХ-ын нэгдсэн чуулган. 2013.11.01

 

Ч.Улаан: ГАДААД ӨР ДӨРВӨН ТЭРБУМ АМ.ДОЛЛАР

 

Бид хуулийн дагуу улсын өрийг долоон бүрэлдэхүүн хэсгээр тооцдог. Үүн дотроо гадаад өрийн хэмжээ урт хугацаатай, хөнгөлттэй зээл дээр авч үзэж байна. Төрийн өмчийн, орон нутгийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн өр мөн багтдаг. Гадаад өрийн тухайд хөнгөлттэй зээлээр 1.9 тэрбум ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны авсан 0.5 тэрбум ам доллар гээд нийтдээ дөрвөн тэрбум ам. долларын гадаад өр байгаа.

Төрийн ордон, Төсвийн байнгын хорооны хурал.  2013.10.24.