Ц.БАЯР
“Өргөн нэвтрүүлгийн контентын хөгжил” чуулга уулзалтын хүрээнд тоон телевизийн студи болон дууны гаралтын чанарыг сайжруулах сургалт болж, төв хөдөөгийн 100 гаруй телевизийн инженер, удирдах ажилтан оролцлоо. Энэ үеэр өргөн нэвтрүүлгийн дууны түвшингийн өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээний талаар ХХЗХ-ны Зохицуулалтын албаны дарга Л.Гантулга мэдээлэл хийсэн юм. Тоон телевизийн студийн бүтэц, өргөн нэвтрүүлгийн систем, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага, стандартын тухай ШУТИС-ийн багш Б.Пүрэвцэрэн зөвлөх инженер н.Цэдэвсүрэн нар танилцуулав. Мөн гадны мэргэжилтнүүдтэй хамтран телевизүүдийн дууны дохионд хийсэн хэмжилтийн дүн болон шийдлүүдийн талаар Солонгосын “Виши энд Тех”компанийн захирал Ким Жон Юм илтгэл тавьж танилцуулсан. Тэрээр “Монголын телевизүүдийн дууны дохионы төвшин харилцан адилгүй байна. Зарим нэг нь моно дуугаралттай, дуу, дүрс, зөрөх тохиолдол байсныг хэлж байв. Ихэнх нь тохиргоо алдагдсан байгааг онцолсон. Өөрөөр хэлбэл, суваг солих бүрт зарим телевизийн дуу хэт чанга, зарим нь сул байсан. Энэ нь анхнаасаа уг контентын зураг авалт, боловсруулах явцад буюу монтажлахад дууны төвшинг стандартаар тохируулаагүйтэй холбоотой. Тиймээс зураг авалтаас эхлээд эцсийн контент бэлэн болгож эфирт хүлээлгэж өгөх хүртэлх бүх дамжлагад дууны тохиргоо стандарт шаардлагад нийцэж байх ёстой” гэв.
Зөвлөх инженер н.Цэдэвсүрэн хэлэхдээ “Телевизүүдийн дуу дүрсний жигдрээгүй энэ байдал өнөөдөр яригдаж буй асуудал биш. Дуу бичлэг үүсэн бий болсноос хойш энэ байдал хамааралтай. Дууны чанар контент буюу мэргэжлийн хэллэгээр спекерийн бүтцээс шалтгаалдаг. Ямар давтамж, ямар зурвас тухайн үеийн дуунд эзэлж байна гэдгээс дууны сонсгол, чанга сул, дунд зэрэг байна гэж хүлээж авдаг. Тухайлбал, дууны түвшинг өглөө нэвтрүүлэг эхлэхэд тохируулна. Нэвтрүүлгүүд ихэвчлэн 24 цаг үргэлжилдэг, тэр хооронд тухайн сувгийн контентоос хамаарч дууны төвшин 1000 удаа өөрчлөгддөг. Түүнийг өглөөний тохируулсан үзүүлэлт дээр барих ямар ч боломжгүй. Нөгөө талаас дууны дундуур маш олон контент холилдож зэрэг явж байдаг. Энэ бүгд өөр өөр динамик цараатай, давтамж спекерийн параметртэй байдаг учраас хүмүүс янз янзаар хүлээн авдаг. Нэг талаас дууны дохионд субьектив хандлага бий болдог. Хүн бүрийн үзэл бодол өөр өөр учраас телевизийн дууны дохионы чанарыг үнэлэх үнэлгээний нэгдсэн жишигт ороход маш хүндрэлтэй” гэлээ.
Манай улсад телевизийн мэргэжлийн дууны инженер дутагдалтай. Ялангуяа хөдөө орон нутгийн болон төвийн зарим жижиг телевиз дууны болон бусад шаардлагатай инженергүй. Мөн мэргэжлийн хэмжих багаж хэрэгсэл байдаггүйгээс дууны стандарт хангагдахгүй байх нөхцөл үүсдэг аж. Тиймээс ХХЗХ-ноос цаашид энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх сургалтуудыг зохион байгуулахыг тэд хүсч байсан. Өргөн нэвтрүүлгийн дууны төвшинг жигдрүүлэхэд, Олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг, шаардлагатай хяналт хэмжүүрийн төхөөрөмжөөр хэрхэн хангах, ХХЗХ -ноос юу хийх шаардлагатай талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн. БНСУ-ын өргөн нэвтрүүлгийн салбарын өндөр ур чадвар бүхий инженер, техникийн ажилтнууд телевиз, сувгуудын студийн бүтэц, зохион байгуулалт, техник, тоног төхөөрөмжийн танилцуулга, дууны түвшинд хэмжилт хийх, харилцан адилгүй, жигд бус байдалд дүн шилжилгээ хийх, техникийн шийдлийг тодорхойлох талаар туршлагаасаа хуваалцаж харилцан санал солилцлоо.
Тоон нэвтрүүлгийн систем, телевизүүдийн дуу дохионы шийдэл, “Жеминисофт” ХХК-ийн захирал Кан Жин Уг өргөн нэвтрүүлгийн файлд суурилсан технологийн талаар мэдээлэл өгч үр дүнтэй сургалт боллоо.
Эх сурвалж:www.polit.mn