Б.ТУУЛ
“Microsoft”, “Yahoo”, “Facebook” гээд дэлхийд алдартай, хэдэн зуун сая хэрэглэгчидтэй компаниудад монгол хүн ажиллана гэдэг хэдэн жилийн өмнө мөрөөдөл төдий зүйл байв. Тэгвэл өнөөдөр энэ мөрөөдөл биелж, мэдлэг, боловсролтой монгол залуус гадаадын нэр хүндтэй компаниудад ур чадвараа гайхуулж, шилдэг ажилтнуудынх нь эгнээнд хүч түрж явна. Энэ бүхэн монгол залуус дэлхийд өрсөлдөх хэмжээний мэргэжил, боловсролыг эзэмшиж буй тод жишээ. Тэгвэл мэдлэгийг баялаг болгох, мэдлэгийн эдийн засагт шилжих тухай ярьж буй өнөө үед монголчууд бид Монголын гэх тодотголтой брэнд гаргах, түүнийгээ дотоод гадаадын зах зээлд таниулах, төрийн зүгээс түүнийг нь дэмжих талаар ярьж хэлдэг болов. Түүнийгээ ч ажил хэрэг болгох эхлэлийг тавиад байна. Энэ ажлын хүрээнд Мэдээллийн технологийн үндэсний паркийг Шинжлэх ухааны парк болгон өөрчилж, их дээд сургуулиудын мэдэлд шилжүүлсэн. Тиймээс энэ удаа саяхан үүдээ нээсэн шинжлэх ухааны паркт зочилж, багш, оюутнуудын бүтээлтэй танилцав.
Шинжлэх ухааны паркад ХААИС, ШУТИС, МУИС-ийн багш оюутнуудын хамтарсан, содон сонин шийдэлтэй бүтээл олон байв. Тухайлбал, ХААИС-ийн багш, оюутнууд нарийн ногооны гар үрлүүр, малын тэжээл уураг, эрдэсийн долооц, дархад үүлдрийн эм хонины ноосоор хийсэн бүтээл зэрэг олон сонирхолтой бүтээл дэлгэсэн байв. ШУТИС-ийн багш, оюутнууд технологийн шийдлийг ашигласан “Хүний биеийн 3D хэмжилтийн төхөөрөмж”, Монгол орны түүхэн дурсгалд мэдээллийн технологийг ашиглах шийдэл болон 3D технологийн шийдлийг ашигласан “leap motion” зэрэг олон сонирхолтой бүтээлээ танилцуулжээ. ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн Компьютер график, дизайны ангийг саяхан төгссөн Э.Уртнасан диплом хамгаалсан сэдвээ бүтээл болгон танилцуулсан байв. Тэрээр Чойжин ламын сүм музейг 3D технологиор хэмжиж, принтерээр хэвлэжээ. Мөн тэрхүү тусгай программд оруулсан моделио анимейшн хөдөлгөөнд оруулаад, тус сүмийн хийц, загвар дизайнтай нарийвчлан танилцах “Рrojection mapping device” нэртэй шинэ технологи бүтээсэн байна. Түүний бүтээсэн энэ технологийг аялал жуулчлалын салбарт өргөн ашиглах боломжтой гэнэ. Жишээ нь, жуулчид Монголд ирээд буцахдаа зүгээр нэг сүмийн барилгыг гаднаас нь хараад буцах биш, түүний бүтээсэн энэ технологийг ашиглан Чойжин ламын сүм музейн суурийг нь тавьж барихаас эхлээд он цагийн уртад элэгдэж, хуучирсан бүх зүйлсийг нь илүү сонирхолтой хэлбэрээр мэдэх боломжтой гэж байсан. Цаашлаад үүнийг ганц сүмийн барилга гэлтгүй барилга байшин, хүний нүүрний хувирал, хувцасны өнгийг өөрчлөх хэлбэрээр хүртэл ашиглаж болно. Үүнийг ихэвчлэн шоу тоглолтод ашиглах боломжтой гэж байсан. Мөн шинжлэх ухааны парк байгуулагдаж, бүтээлээ танилцуулах боломж олдсонд баяртай байгаагаа хэлж байв.

Энд дэлгэсэн бас нэгэн сонирхолтой бүтээл нь МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэх лабораторийн танилцуулж буй лаазан доторх хиймэл дагуул байв. Тэд цаг хугацаагаа нарийн тогтоогүй ч 2017 оны хавар Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөнө гэсэн том зорилтыг өмнөө тавьжээ. Тиймээс МУИС-ийнхан Япон улсын Кюүшү технологийн их сургуультай хамтран хийж байгаа судалгааны ажил, сургалтын зориулалтаар хийгдсэн лаазан доторх хиймэл дагуул гээд туршилтын зориулалтаар хийгдсэн бүтээгдэхүүнээ танилцуулж байв. Үүнийгээ багш, оюутнууд сургалтын зориулалтаар хийгдсэн ажил хэмээн тайлбарлаж байсан. Оюутнууд хиймэл дагуулыг ийм бүтэцтэй ажилладаг болохыг мэдэхийн тулд хийсэн энэхүү бүтээлийг кансат гэдэг аж. Кансат /Cansat/ гэдэг нь кан буюу лааз, сателет /satellite/ буюу хиймэл дагуул гэсэн үгний товчлол аж. Мэдээлэл, шуудан харилцаа холбооны газраас зохион байгуулдаг хиймэл дагуулын тэмцээнд тус сургуулийн оюутнууд дээрх бүтээлээр оролцдог аж. Кансатын дараагийн хувилбар нь жижиг хэмжээний хиймэл дагуул. Хөөрөх гэж байгаа хиймэл дагуул нь хааш хаашаагаа 10:10 харьцаатай куб дотор бүх систем нь багтаж байдаг. Сансарт агаар байхгүй, вакум, нартай талдаа маш өндөр хэмтэй байдаг бол наргүй талдаа хасах хэмтэй байдаг. Тиймээс сансарт тохирох эсэх туршилтыг нэлээд нарийн төхөөрөмжтэй хийх ёстой. Тэр төхөөрөмжийг манай сургуулийн гурван оюутан Японд оччихсон хийж байгаа” гэв. Энэ мэтчилэн эрдэмтэн судлаачид, залуу авьяастнууд нэг дор төвлөрч, өөрсдийн гаргасан шинэ санаагаа өсгөж, үржүүлэх “мэдлэгийн хүлэмж”-тэй болжээ.
Шинжлэх ухааны парктай болж, өөрсдийнхөө бүтээлийг танилцуулж байгаад тэд баяртай байв. Харин ШУП-ийн Менежментийн хэлтсийн дарга А.Тамир “Шинжлэх ухааны парк нь эрдэмтэн судлаач багш, оюутнуудын шинэ санааг дэмжиж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай монгол брэндийг бий болгох, дотооддоо технологи болон инновацид суурилсан компаниудыг олноор бий болгох зорилгото ажиллаж байгааг дуулгаад шинжлэх ухааны парк нь бүтээлч сэтгэлгээтэй хэн бүхэнд нээлттэй ажиллана гэдгийг онцолсон юм.



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин