Б.БАРС
Казахстаны Засгийн газрын шийдвэрээр тус улсын төрийн бүх байгууллагын албан хаагчид энэ сарын 24-нөөс эхлэн ажлын байрандаа ухаалаг утас, планшет хэрэглэхийг хориглосон тухай ОХУ-ын “Ведомости” сонин мэдээллээ.
Казахстаны Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Т.Дуйсенова энэ шийдвэрийн талаар тайлбар хийхдээ, “Дэлхийн олон оронд ийм хоригийг хэрэгжүүлэх болсон. Зарим оронд төрийн албан хаагчид гар утсаа тусгай газар үлдээгээд ажлын байрандаа ордог хатуу журам хүртэл үйлчилж байна. Харин Казахстанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай танилцахдаа планшет ашиглахыг зөвшөөрч байгаа юм” гэжээ.
ОХУ-д ч Казахстаныхтай ижил журам гаргахаар төлөвлөж байгаа аж. Харин манай улсад ядаж УИХ-ын гишүүд танхимдаа ноутбүүк, планшет, гар утасгүй ордог журам хэзээ нэвтрэх бол?
Эх сурвалж: www.polit.mn