
Д.БОЛОРМАА
Улс төрийн амьдралыг сонирхолтой болгож буй МАН-ын XXVII Их хурал гурав дах өдрөө хуралдлаа. Уржигдар шөнийн 01.20 цаг хүртэл үргэлжилсэн хуралдаан өчигдөр өглөө эрт эхлэх төлөвлөгөөтэй байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас 14.00 цаг хүртэл хойшилсон. МАН-ын даргад албан ёсоор нэр дэвшихээ зарласан УИХ-ын дэд дарга М.Энхболдын аав Г.Миеэгомбо гуай өвчний улмаас бурхан болсон тул хурал хойшилсон юм. Гэхдээ хожуу эхэлсэн хурал нэлээд эрчтэй, хурдан өрнөсөн. Намын дүрмийн болон үйл ажиллагааны өөрчлөлтийг хоёр өдөр хэлэлцсэн учраас өчигдөр зөвхөн намын даргыг сонгоход зориулав. Мэдээж сэтгүүлчдэд хаалттай. Тусгаар тогтнолын ордноор явах хүртэл хориотой. Анх хоёр цаг тутамд мэдээлэл өгнө гэж байсан ч хоёр өдөр хуралдахдаа МАН нэг ч удаа үйл явцынхаа талаар мэдээлэл өгөөгүй юм.
У.ХҮРЭЛСҮХИЙГ ЖҮЖИГЛЭХЭЭ БОЛИХЫГ САНУУЛЖЭЭ
Өнгөрсөн даваа гаригаас мягмар гариг шилжих шөнө нэлээд ширүүн хуралдаан болсныг төлөөлөгчид дуулгав. Хоёр өдөр хуралдахад хот, хөдөөгийн 300 гаруй төлөөлөгч үе, үеийн удирдлагуудаа шүүмжилсэн юм байх. Ялангуяа, орон нутгийн төлөөлөгчид УИХ-ын сонгуульд үүргээ хангалттай гүйцэтгэсэн.Харин нийслэлийн төлөөлөгчдийг сонгогчдын арга эвийг олоогүй, намын нэр хүндийг унагаахад нөлөөлсөн гэж үзэж буйгаа нуусангүй. Түүнчлэн УИХ-ын сонгуульд ялагдал хүлээлгэсэн С.Батболд, У.Хүрэлсүх нарт хариуцлага тооцох ёстой байсныг орхигдууллаа гэж хэлэх хүмүүс ч бас байсан гэнэ.
Зүгээр л У.Хүрэлсүхийг намын Их хурлаа хүндэтгэн ирсэнгүй. Шинэчлэлийн үйл хэрэгт оролцсонгүй. Тийм атлаа өөрийгөө намын гол дүрд “тоглох” дуртай гэсэн шүүмжлэлийг хэлсэн байхад өөр нэг нь У.Хүрэлсүх шиг залуу энэ намд хэрэгтэй байна. Одоо унтаа дарга МАН-д хэрэггүй” гэжээ. Түүнээс гадна төлөөлөгчид С.Баяр, Ц.Нямдорж, С.Батболд нарыг шүүмжлэлгүй орхисонгүй. “Улс эх орноо худалдсан, ашиг хонжоо хайсан гэх шүүмжлэлд байнга өртөж байдаг. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ гэдэгчлэн асуудалтай болоод л хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтэд ам муутай байдаг юм байна” гэцгээж. Мөн УИХ-д хүчтэй сөрөг хүчин болж чадахгүй, гомдоллосон улстөрчид байгаа нь МАН-ынхан юм гэхчилэн намын удирдлагуудыг шүүмжилсэн сурагтай. Хамгийн гол нь С.Батболд, У.Хүрэлсүх нар албан тушаалаа өгснөөр хариуцлага хүлээлээ гэж үзэхгүй гэдгээ ч ширүүхэн хэлжээ. Харин Ө.Энхтүвшин даргын тухайд “Түүний хийж гүйцэтгэсэн албан тушаал дэндүү богино хугацаанд шахуу байж таарлаа. Уг нь энэ намыг удирдаж авч явах ёстой хүн мөн. Даанч хэрэггүй цаг хугацаанд дарга хийж алдаа гаргалаа” гэсэн шүүмжлэл өрнөжээ.

ДҮРМЭНДЭЭ ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
МАН-ынхан дүрмээ нэлээд өөрчилсэн гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Р.Раш “Манай намыг хөгшин, өвгөн нам гэдэг. Хуралд ирсэн залуусыг харахад залуужиж яваа гэдэг нь анзаарагдаж байна. Дүрмийн тухайд хэд, хэдэн өөрчлөлт орсон. Ялангуяа, удирдах зөвлөлийн гишүүдээ сонсоод улс төрийн шийдвэр, дүгнэлтээ гаргахаас илүү гишүүн төвтэй нам байхыг чухалчилж байна. Түүнээс гадна сонгуульт албанаас гадна сонгогддог, томилогддог албан тушаалд 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэж тохирсон” гэлээ. Тэрээр “Ө.Энхтүвшин даргын тавьсан илтгэл маш сайн болсон. Илтгэлээр нь дүгнээд сонгох төлөөлөгч олон байгаа” хэмээн хуучин даргаа буурийг нь сахиж үлдээх саналтай байснаа ч нуусангүй. Харин “МАН, МАХН нэгдэх тухай санал гаргаж байсан. Ийм яриа гарав уу” гэхэд “Нэгдэж нийлэх нь хаашаа юм. Ер нь бие биенээ нөхөж, хамтарч ажиллах ёстой. Түүнээс нэгнээ үгүйсгэж хэзээ ч болохгүй. Энэ хоёр намыг эвтэй байгаасай гэж хүсдэг” гэв. Бага хурлын гишүүдийн тоо 310 байхыг 250 болгож бууруулах санал оруулж ирсэн ч хөдөөгийн төлөөлөгч нарын хүсэлт шаардлагаар эргүүлэн 310 байхаар шийдсэн байна. Харин орон нутаг болгоны төлөөлөгчдийн тоо харилцан адилгүй. Сонгогчдынхоо тооноос хамаарах ажээ. Ер нь дүрмийн өөрчлөлтөд 106 зарчмын болон дагалдах найруулгын шинжтэй нэмэлт өөрчлөлтийг хийжээ. Нийгэм, эдийн засаг, улс төр, эрхзүйн бодлогын чиглэлд авч үзсэн байна. Шинэчилсэн дүрмийн үр дүнгээр намын сахилга, хяналт хүчтэй болж, сонгууль, гишүүдийн намынхаа өмнө хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэх, санхүүжилтын механизм оновчтой болох, хүний нөөцийн асуудлыг анхан шат, нэгж төвшиндээ нээлттэй болгох, авилгын эсрэг ёсзүйн асуудлыг багтаасан байна. Мөн Их хурлаараа бодлоготой хөгжлийн талаар хөндөн ярилцжээ. Улс орны хөгжлийн бодлогын тогтвортой, тасралтгүй чанар алдагдаж байгааг шүүмжлэн, аль ч хүчний Засгийн газар бүрэлдсэн үед залгамж чанартай хэрэгжүүлдэг хөгжлийн цогц бодлогыг санаачлан гаргаж, бусад нам, эвсэл, улс төрийн хүчнүүдтэй хамтран үндэсний хэмжээний төрийн албан ёсны бичиг баримт болгон боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан “Намын үйл ажиллагааны шинэчлэл”-ийн баримт бичгийн ажлын хэсгийн хувьд МАН нийгмийн ардчиллын /социаль демократ/ үзэлтэй байх ёстой гэдэгт санал нэгджээ.
Н.Энхболд:
АЛБАН ТУШААЛААС ИЛҮҮ ХҮН ЧАНАР ЭРХЭМ ЮМ
Намын дарга сонгох хурал 15.00 цаг дөхүүлж эхэлсэн ч 16.00 цаг гэхэд нэр дэвшигчид тодорсон байв. Нэр дэвшихээ албан ёсоор зарласан УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, “Шинэчлэлийн хороо”-ны Т.Аюурсайхан нар байв. Харин танхимаас Говь-Алтай аймгийн төлөөлөгч “Ө.Энхтүвшин даргын илтгэл маш их таалагдсан. Тэр энэ илтгэлийнхээ дагуу гол нуруугаа бариад ажиллавал манай нам эргэн сэхэхэд ойрхон байна. Түүнийг улируулан сонгох ёстой. Намын дарга хийсэн цаг хугацаанд хэд, хэдэн сонгууль таарсан ч зохих үүргээ гүйцэтгэсэн” гэсээр түүний нэрийг дэвшүүлсэн. Мөн Орхон аймгийн төлөөлөгч УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг санал болгосноор таван нэр дэвшигч өрсөлдөх болов. Уг нь танхимаас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нэр гарна гэсэн яриа хэдэн өдрийн туршид гарсан ч бодит байдалд төлөөлөгчид түүнийг санал болгосонгүй. “Б.Бат-Эрдэнэ гишүүн хүчтэй өрсөлдөгч байж чадах учраас нэр дэвшигчид түүний нэрийг танхимаас гаргахгүй байхыг зориудаар сануулсан” гэж хэлэх хүн олон байсан. Б.Бат-Эрдэнэ гишүүн ч гэсэн өөрөө хэвлэлийн хуудаснаа намайг танхимаас нэр дэвшүүлбэл өрсөлдөнө гэж мэдэгдсэн нь өрсөлдөгч нарт урьдчилсан арга хэмжээ авах боломж олгосон бололтой.
Нэр дэвшигчид индэрт гарч үг хэлэх болов. Хэрэв нэр дэвших бол мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Үгүй бол шалтгаанаа хэлэх ёстой. Энэ зарчмын дугаа Н.Энхболд дарга үг хэлэв. Тэрээр албан тушаалаас илүү хүн чанар эрхэм. М.Энхболдын аав нь бурхан болчихоод байхад түүнтэй өрсөлдөхгүй. Хүн чанар минь зулгааж байна гэсэн юм. “Энэ Их хурал эв нэгдлийн илэрхийлэл болох ёстой.
Бусад улстөрийн хүчний зүрхэнд нь шар ус хуруулдаг бидний гол чанар бол манай намын бат цул эв нэгдэл. Бид энэ танхимаас бие биеийнхээ нүдийг эгц харж нүүрэндээ галтай, зүрхэндээ итгэлтэй гарах ёстой. Ардын намынхан энэ танхимаас бие биедээ цацсан шаврыг нүүрнээсээ арчаад гарцгаахыг үнэхээр хүсэхгүй байна. Бид бие биеэ хайрлахгүй бол хэн биднийг дэмжих юм бэ. Улс төрд шударга, цэвэр өрсөлдөөн хэрэгтэй. Гэхдээ улс төрд хүн чанар түүнээс ч илүү чухал. Би намын даргын өрсөлдөөнд оролцоно гэдгээ зарласан. Гэвч надад хүн чанар, намын эв нэгдэл ямар ч албан тушаалаас үнэтэй. Энэ миний ажил, амьдралын зарчим, гүн итгэл үнэмшил. Ийм учраас би энэ өрсөлдөөнөөс нэрээ татаж байна. Намайг дэмжиж, надад итгэж, урам хайрлаж, зоригжуулж байсан нөхөддөө чин сэтгэлээсээ баярлалаа” гэсэн юм. Харин гишүүн Ж.Энхбаяр “Намайг дэвшүүлсэн нь гэнэтийн явдал боллоо. Залуус ачаа үүрэлцэх ёстой гэж үзэж дэвшүүлж байгаад талархаж байна. Олон жил ялалтад хөтөлсөн ах нартаа баярлалаа. Танхимд буй төлөөлөгчдийн 60 хувь нь залуучууд байна. Гэхдээ намын даргын босго өндөр байх ёстой. Нэрээ татахаар шийдэж байна” гэв. Түүний дараа намын дарга Ө.Энхтүвшин улиран сонгогдохгүй гэдгээ илэрхийлэн “Нэгэнт олигтой үр дүн гаргаж чадаагүй учир намын даргаас нэрээ татаж байна” гэсэн байна. Хамгийн гол нь тэрээр Ерөнхийлөгчийн сонгууль болон орон нутгийн сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж байна гэдгээ илэрхийлээд өрсөлдөхөөс татгалзжээ.
Ж.СҮХБААТАР ГЕНСЕК БОЛОХ УУ?
Ийнхүү албан ёсоор нэр дэвших хүмүүс нь М.Энхболд, Т.Аюурсайхан нар болж хурал завсарласан. Санал хураах хуудас бэлтгэх техникийн ажил их байгаа учраас хурлыг завсарлуулж ажлын албаныхан төлөөлөгчийн тоогоор нэр дэвшигчдийн нэрсийг бичиж эхэлсэн. 19.00 цаг гэхэд намын даргын сонгууль эхлээгүй ч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга М.Оюунчимэг нар мэдээлэл өгсөн. Тэд санал хураалтын процессын талаар ярьсан бөгөөд аймаг бүрээр санал хураах тухай нэгд нэгэнгүй ярив. Санал хураалтын эцсийн дүн орой гарах ч даргаа шөнөдөө багтаад сонгоно гэдгээ дуулгасан юм. МАН-ынхан даргаа сонгосны дараа Удирдах зөвлөлийн 21, бага хурлын 310 төлөөлөгчөө сонгох юм байна. Харин өнөөдөр шинээр сонгогдсон Бага хурлын төлөөлөгч нар генсек бас бусад нарийн бичгийн дарга нараа сонгох аж. Дугаар шилжих мөчид МАН-ын даргаар М.Энхболд илт давуугаар ялсан тухай мэдээг МАН-ын төлөөлөгч нар өгөв. Ингэснээр М.Энхболд хоёр дахь удаагаа энэ намыг толгойлохоор болж байгаа юм. Тэрээр өнөөдөр өөрийн багаа бүрдүүлэх учиртай. Эх сурвалжийн мэдээлснээр М.Энхболд дарга МАН-ын генсект тус намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарыг санал болгож магадгүй гэнэ. Хэдийгээр генсекэд тус намын нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар өрсөлдөж байгаа ч намын гал тогоог хариуцах хүн дипломат гэхээс илүү хурд хүчтэй, дайчин байх ёстой гэж үзжээ. Гэхдээ мэдээж Т.Аюурсайханыг ч хоосон орхихгүй, аль нэг нарийн бичгийн даргын албанд тавихаар тохирсон тухай яриа ч төлөөлөгчдийн дунд өрнөж байлаа.