Д.МЯГМАР

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус гуравдугаар чуулган 14 хоног завсарлага аваад өчигдөр хуралдлаа. Хурлаар газрын харилцаа, барилга хот байгуулалттай холбоотой олон шийдвэрийг гаргасан байна. Үдээс хойш НИТХ-ын дарга Д.Бат­тулга чуулганаас гаргасан шийдвэрүүдийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, дараа нь зөвхөн чуулганаас гаргасан шийдвэртэй холбоотой асуултад хариуллаа. Мэ­дээллийнхээ эхэнд тэрээр, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийг чиг хандлагыг батлах хүртэл нийслэлийн нутаг дэсвгэрт газар ашиглуулах эрх шинээр олгохгүй байхыг Нийслэ­лийн Засаг дарга Э.Бат-Үүлд үүрэг болгосон. Газрын харилцаа, хот тө­лөвлөлт, барилгажилтийн асуудлыг боловсруулж нэлээд хэдэн  хуулийн төсөл боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуу­лахыг хотын даргад даалгалаа. Нийслэлийн хот байгуулалт, барилга­жилтийн талаар тусгай төсөл боловсруулж НИТХ-аар батлуулахаар тогтлоо. Энэ тогтоолоор Улаанбаатар хотын төвийн хэсэг 1300 га газарт гар хүрэхийг хориглосон. Тод­руулбал, баруун тийш нэг­дүгээр хорооллын эцэс, зүүн тийш Баянзүрх дүүр­гийн 16 дугаар хороолол, хойгуураа Их тойруу, урдуу­раа Хан-Уул дүүр­гийн 19 дүгээр хороолол, Нарны зам дагуу нийт 1300 га газарт цаашдаа төсөл сонгон шалгаруулж, дуудлага худалдаа явуу­лах, нийтийн эзэмшил газрын тохижилт хийхээс бусад тохиолдолд шинээр газар эзэмшүүлж, газрын зөвшөөрөл олгохгүй бай­хаар боллоо. Энэ газрын асуудлыг цаашид НИТХ-аар хэлэлцэж шийдэж байна. 

Нийслэлд буй орон сууц, олон нийтийн эзэмш­лийн газар, сур­гууль, цэцэрлэг, эмнэл­гийн эдэлбэр газар, дэд бүтцийн зурвас, усны эх ундарга бүхий газарт буй газрын эрхийг хүчингүй болгоно. Барилгын норм дүрэм зөрчиж олгосон газар эмэмшүүлэх, ашиг­луулах эрх, барилга бай­гууламж барих зөвшөөр­лийг хүчингүй болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгасан. 2003 онд Газ­рын тухай хуульд оруул­сан нэмэлт өөрчлөлтөөр дүүргийн Засаг дарга нар дэд бүтэцтэй газарт газар олгох эрхгүй болгосон. Зарим дүүргийн Засаг дарга өөрийн нутаг дэвсгэрт дэд бүтэцтэй хэсэгт газар олгосон тохиолдол нэлээдгүй байдаг юм байна. Ийм газруудын эрхийг бид цаашид цуцлана. Мөн сүүлийн үед Улаанбаатар хотын газрын наймааны талаар нэлээн яриа гарсан. Төр өөрийнхөө өмчийн газрыг аж ахуйн нэгж, хувь хүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэдэг. Төрөөс нь зарах уу гэж асуулгүй газар эзэмших эрхийг өндөр үнээр худалдах явдал Улаанбаатар хотод гаарсан. Үүнийг өнөөдрөөс эхлээд таслан зогсоож байна” хэмээн мэдэгдлээ. Тэрээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Газар эзэмших эрхээ өөр хүнд шилжүүлжэл яах ёстой вэ?

-Өөрийн эзэмшлийн газрыг өөр хүний нэр дээр шилжүүлье гэвэл төрөөс заавал зөвшөөрөл авах ёстой. Төрийн байгууллага холбогдох бичиг баримт, хөрөнгө оруулалтын байдлыг судлаж байж бусдын газрыг өөр хүнд шилжүү­лэх эсэхийг шийднэ.

-Газрын мэдээллийн сангаас хүссэн хүн бүр мэдээлэл авч байхаар болсон юм уу?

-Мэдээлийн санг ил тод болгоно. Тэр мэдээллийг нь олон нийтэд нээлттэй болгохоор шийдлээ. Кадастр нь будлиантай газар өчнөөн бий. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжийн газрын бүртгэлийн мэдээлэл, төлбөрөө төлсөн эсэх мэдээллийг олон нийтэд ил тод болгохоор НИТХ-аар  шийдвэрлэлээ. Мөн газар эзэмших болон барилга байгууламж барих тухай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын есөн төрлийн хүсэлт байдаг.  Газар авчихаад хэмжээгээ хэтрүүлэн барилга барь­даг, нийтийн эзэмшлийн талбай руу орж хүмүүсийн орц, гарцыг хаасан зэрэг 10 орчим тохиолдол гардаг. Та хуулиар олгосон газартаа хуулийн хүрээнд барилга, байгууламжаа барих ёстой гэсэн зарчмыг бид тохирлоо.

-Иргэдэд хэзээнээс газар олгох ажил эхлэх вэ?

-Дэд бүтэцгүй газарт дахин төлөвлөлт хийх хүртэл иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг бүр мөсөн зогсоосон. Бид дахин төлөвлөлт хийсний дараа иргэдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх асуудлыг шийднэ. Энэ тухай Засаг дарга нарт үүрэг өгсөн.

-Зөвшөөрөлгүйгээр баригдсан барилгуудын асуудал гацаад байгаа. Ямар шийдвэрт хүрэв?

Энэ талаар нэлээд яриа өрнөсөн. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга захирамжаа гаргаж зөвшөөрөлгүй баригдсан барилгын асуудлыг цэгцлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Барилга барихад 120 гаруй албан тушаалтны гарын үсэг цуглуулдаг бэрхшээл бий. Гэхдээ бид барилгын компаниудад хуулийг сахиж ажиллахыг шаар­дахын зэрэгцээ хүндрэл бэрхшээлтэй зүйлийг нь давхар шийдэж өгнө. Энэ олон гарын үсгийн цаана тодорхой хэмжээний хүнд суртал бий. Хүнд суртал авлигийг дагуулдаг аюултай үзэгдэл. Тиймээс бид гарын үсгийг цөөлөх, ийм ажил хөөцөлдөх цаг хугацааг иргэд, аж ахуйн нэгжийнхэнд багасгаж өгнө. Энэ асуудлыг ирэх сард багтаан НИТХ-аар хэлэлцэж шийднэ байх.

-Маргаашнаас эхлээд нийслэлд барилгуудын ажлыг эхлүүлж байгаа юм уу?

-Энэ оны наймдугаар сарын 1-нээс эхлэн улсын төсвөөр болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа барилгын ажлаас бусад барилгын ажлыг шинээр эхлүүлэхийг хориг­лосон тогтоолыг өнөөдөр хүчингүй бол­голоо. Маргаашнаас мэргэжлийн байгууллагад үүрэг өгч холбогдох дүрэм, журмынхаа дагуу газрын зөвшөөрлөө авч, барилга барих эрх авсан компа­ниудын ажлыг эхлүү­лэхээр НИТХ-аар шийдвэрлэлээ.

-Зөвшөөрөлгүйгээр барьсан 80 барилгын асуудлыг хэрхэн шийдэв?

-НМХГ-аас гаргасан су­­дал­гаагаар зөвшөө­рөлгүй 80 барилга барьж байгаа гэсэн дүн гарсан. Тэдний ажлыг бүр мөсөн зог­соосон. Тэднийг цахил­гаан, дулаан, усаар хан­гаагүй гэж бидэнд мэ­дээлж байгаа. Бид тэндний ажлыг удаан хугацаагаар зогсоож болохгүй. Барилга бүр өөрийн түүхтэй. Газ­рын зөвшөөрлөөс эхлээд цахилгаан, дулаан, уур, ус гээд явна. Барилга тус бүрээр тодорхой шийд­вэрийг удахгүй гаргана. Хуульд зааснаар бид шийд­вэр гаргана. Тухайлбал газрын зөвшөөрөлгүйгээр барилга барьсан бол тухайн дүүргийн Засаг даргын шийдвэрээр түүнийг албадан буулгах ёстой. Зөвшөөрөлтэй ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг НМХГ-аас аваагүй бол үүнд байцаагч нар дүгнэлт гаргана. Ахлах байцаагч нь акт гаргаж энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.