-Хоёр жилийн дотор МҮОНТВ-г шинэ төвшинд гаргаж, өөрчилж чадна гэж бодож байна.

Х.МОНГОЛХАТАН

 

Монгол Улсад телевиз үүдээ нээсний 45 жилийн ой өдөр өчигдөр тохиолоо. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарын ууган телевизийн шинэхэн томилогдсон захирал Ч.Даваабаярыг баасан гаригийн зочноор урьсан юм. “ЕТВ”-ийн захирал байсан гэдгээр нь үзэгчид түүнийг илүүтэй мэдэх байх. Эдийн засагч мэргэжилтэй ч “Инфо” сэтгүүл, “ТВ суваг” сонины эрхлэгч, FM 99,7 FM 105,5 радиогийн захирал зэрэг хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгсэлд ажиллаж байсан туршлагатай нэгэн.  МҮОНТВ-ийн захирал Ч.Даваабаяртай ярилцлаа.

 

-Та ажлаа аваад 14  хонож байна. Ажилтайгаа танилцаж амжив уу. Үндэс­ний телевизийг гаднаас нь харах, дотор нь ороод ажиллахад хэр ялгаатай байна?

-МҮОНТВ бол том айл. Би хэвлэл мэдээл­лийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. Сонины эрхлэгч, сэтгүү­лийн эрхлэгч, радиогийн захирал, арилжааны теле­визийн захирлаар ажил­лаж байсан. 300 гаруй ажилчинтай хамт олныг удирдах, энэ том аж ахуйг авч явахын тулд сайн менежмент хийх ёстой. Өөрийгөө голохгүй байна. Хамгийн гол нь хамт олон маань намайг их сайхан хүлээж авсан.

-Хамт олон сайхан хүлээж авна гэдэг ажиллах урам зориг өгсөн биз?

-45 жилийн ойн босгон дээр орж ирсэндээ би олзуурхаад байгаа юм. Дөнгөж ажлаа аваад хамт олонтойгоо “Цэцээ гүн” хайрхан дээр гарч, ойртож танилцах боломж бүрдсэн. Би өөрийгөө азтай гэж бодож байгаа. Хамт олны­хоо итгэлийг алдахгүй ажил­лах, хийж бүтээх олон төлөвлөгөө бий. Өм­нөх удирдлагуудын хийж байсан ажлуудыг ч зал­гамж халаа болгоод үргэлжлүүлээд явна. MNB брэндийг зөвхөн эх орондоо бус гадаад зах зээлд гаргана гээд бодсон төлөвлөсөн зүйл олон бий. Ажил хийх урам зориг их байна.

-Шинэ залуу удирд­лагыг илүү шинэлэг, соргог, бүтээлч, зоригтой ажиллах байх гэсэн хүлээлт байна. Та хамгийн өндөр настай энэ хамт олонд хүсч хүлээж байгаа өөрчлөлт шинэчлэлтийг нь хийж өгч чадах уу?

-Би хуучин чадварлаг боловсон хүчинд  тулгуур­лаж үйл ажиллагаагаа явуулна. Нэг ч хүнийг хольж, сольж, халахгүй. Хэн, юу хийдэг нь ажлын явцад аяндаа  харагдана. Сайн ажилласан нь сайхан амьдрах зах зээлийн хуулийн дагуу хамт олон маань хөдөлмөрлөж чадвал хурдан хөгжинө.

-Гэхдээ телевизийн салбар, сэтгүүлчдийн ажил онцлогтой шүү дээ?

-Сэтгүүлч, уран бүтээлчдийн хийсэн зүйл хүний оюун тархиар дамжаад зүрхэнд шууд хүрдэг. Ийм хүмүүсийг удирдана гэдэг маш их ур чадвар, авьяас шаардана. Тиймээс би өөрийгөө байн­­га хөгжүүлж явах ёстой. Манай хамт олон залуужсан байна лээ. Залуустай ажиллахад эрч хүч дүүрэн байдаг. Тиймээс зөв залж чадвал хийж бүтээх их хүч бий. Залуустайгаа ил тод, шудар­га зарчмаар ажилла­на. Мэдээж удирдлагын зүгээс дотоод, гадаадад мэргэжил дээшлүүлэх, хөгжүүлэх, нийгмийн асууд­­­лыг нь шийдэх зэрэгт анхаарна. Байгуул­лагын хөдөлгөгч хүч нь хүн юм. Тиймээс хүний нөөцөд болгоомжтой, анхааралтай хандах ёстой. Хэчнээн сайн орчин үеийн техник технологи байлаа гээд түүнийг бүрэн утгаар нь ашиглаж чадах­гүй бол дэмий хөрөнгө оруулалт болно шүү дээ. Тиймээс л чадварлаг боловсон хүчин чухал.

2004 оны долдугаар сарын 30-нд аналоги системээс цоон системт шилжүүлэх Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс ирэх хоёр жилийг би МҮОНТВ-ийн техникийн шинэчлэлийн жил болгохоор төлөвлөж байна. “ЕТВ”-гийн захирлаар ажиллаж байхдаа тоон сис­темд шилжүүлсэн туршлага маань хэрэг болно байх.

-МҮОНТВ-ийн шинэ захирал ямар хүн бэ гэж сонирхож байгаа хүн олон. Та ямар мэргэжилтэй, хаана ажиллаж байсан юм бэ?

-Би эдийн засагч мэргэжилтэй. “Хан-Уул” дээд сургууль, Моск­ва­гийн Комсомолийн дээдийг төгсч, Вашингтон хотын Лийдэр шийп сур­галтад мэргэжил дээш­лүүл­сэн. Хэвлэл мэдээл­лийн салбарт 10-аад жил ажиллахдаа дандаа удир­дах албан тушаал хашсан. Би дэргэдээ ажиллуулж байгаа багаа мэргэжлийн чадварлаг уран бүтээлч­дээр бүрдүүлдэг. Бай­гуул­лагын дарга сайн менежер байх ёстой. Байгууллагын амжилтад удирдлага чухал. Удирдлага өөрөө зөв хүн байх ёстой.

-Одоо Монголын теле­визийн салбарт өрсөлдөөн их байна. МҮОНТВ энэ өрсөлдөөнд дээгүүр явж чадаж байна уу. Та хамт олноо ямар төвшинд хүргэнэ гэж амлаж чадах вэ?

-Миний хувьд МҮОНТВ өрсөлдөөнд дээ­гүүр явж чадахгүй байгаа гэдэгтэй санал нийлэхгүй. Монгол Улсын өнцөг булан бүрт хүрдэг, онцгой байдлын үед ч ажилладаг ганц телевиз. Зах зээлийн шударга өрсөлдөөн дунд дээгүүр байрт явж байгаа гэж хэлнэ. Үйл ажилла­гаагаа олон нийтэд суртал­чилдаг­гүйгээс зарим хүмүүст ингэж үнэлэгддэг байх. Олон нийтийн статустай учир үзэгчдийг соён гэгээрүүлэх, хөгжөөн баясгах, ухааран таниулах зэрэг нийгэм рүү хандсан олон ажил хийдэг. Арилжааны телевизтэй харьцуулашгүй.

Мөн өнгөрсөн хуга­цаанд МҮОНТВ-ийн захир­лаар ажиллаж бай­сан Ц.Оюундарь захир­лын хийж, хэрэгжүүлж байсан нийгэм рүү чиглэсэн төслүүдийг энд дурдмаар байна. Манай уран бүтээлчдэд, байгуул­лага болон үзэгчдэд хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлж байсан нь сайшаалтай. Монголын олон ангит киног ч гаргаж ирсэн шүү дээ. Энэ бүх ажлыг нь үргэлжүүлж ажиллаж байгаад баяртай байна.

-Хэтэрхий хуучинсаг, нэг загварт баригдсан, уйтгартай нэвтрүүлгүүд гаргадаг гэсэн шүүмжлэлд ямар хариу өгөх вэ?

-Ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллаж байгаа телевиз. Өөрчлөлт шинэчлэлтийг техно­логиосоо эхэлж хийнэ. Удахгүй манай телезизийн гаралт бүр гоё болно. Тайз дикрацийг ч бүгдийг нь шинэчилнэ. Шинэ нэвт­рүүлэг, контент гаргаж эхэлнэ. Ирэх сард уран бүтээлчидтэйгээ ярьж байгаад ирэх жилийнхээ сүлжээг батална. Үүний дараа үзэгчид маань шинэлэг олон сайхан уран бүтээлээр уйдахгүй байх.

-Хэт нүсэр багтай гэсэн шүүмжлэл ч яваад байгаа. Хувийн телевизэд цомхон багтай ажиллаж байсантай харьцуулахад ямар ялгаа байна?

-Арилжааны телевид ажиллаж байхад цомхон багийг дотоод сүлжээгээр хянаж, хариуцлага тооцох амархан байлаа. Харин энэ том байшинд хаана, хэн, юу хийж байгаа нь мэдэгдэхгүй юм. Би архи, тамхи огт хэрэглэдэггүй учир энэ асуудлаас жаахан халширч байсан. Гэтэл энд онцлон хэлэхэд манай ажилчид ажлын байран­даа архи ууж, тамхи татдагаа больсон байна. Мэдээж хүний амьдралд баярлаж хөөрөх, уух идэх үе байлгүй яах вэ. Харин ажил дээр бус уудаг иддэг газраа зохицуулж хэрэглээд, ажил төрлөө алдахгүй байх хэрэгтэй гэсэн бодолтой. Би залуу хүн учир энэ өөрийн үзэл бодлоор энэ бүхнийг харж байна. Түүнээс биш хүмүүст таалагдах гэж яриад байгаа юм биш. Гоё хамт олонтой ажиллахад урамтай шүү дээ.

-Хамт олныхоо чадва­рыг хэр үнэлж байна. Туршлага, зангарагаараа ч бусад арилжааны телеви­зүүдээс илүү байх ёстой шүү дээ?

-Телевизийн стандарт гэж бий. Үүнийг эфирт гарч байгаа хөтлөгч сэтгүүлчид бүгд  мөрдөх ёстой. Гадаад үзэмж, үг хэллэг, зочинтой харьцах харьцаа, мэдлэг боловсрол гээд олон зүйлдээ анхаарах ёстой.

-Хэвлэл мэдээллийн салбарын ард улс төр болоод бизнесийн  нууц ноёнтон байдаг гэдэг. МҮОНТВ-ийн хувьд хараат бус байж чадах уу?

-Миний хувьд өнөөдрийг хүртэл аль нэг намын гишүүн биш. Тиймээс надад ямар нэг шахалт, дарамт ирэхгүй байх. Ер нь манай телевизийн салбарын захирлууд аль нэг намын хараат бус байх ёстой.

-Таныг энэ албан тушаалд ирсний дараа ашиг сонирхлын зөрчилтэй хүн тавигдлаа гэсэн яриа гарч байсан? 

-Би хүмүүстэй нийлж “ЕТВ”-г хамтран үүсгэн байгуулж, зах зээлд гаргаж ирсэн нь үнэн. Гэхдээ энэ ажил маань МҮОНТВ-г удирдахад нөлөөлнө гэж бодохгүй байна. Өнөөдөр хэвлэл мэдээллийн зах зээлд 40-50 телевиз өрсөлдөж байна. Миний ажиллаж байсан телевиз монопол биш учраас нийгэмд нө­лөөлөх, бусад телевизийн зах зээлд нөлөөлөхгүй. Тиймээс ашиг сонирхлын зөрчил байна гэж хардаж болохгүй. МҮОНТВ бол ашгийн бус байгууллага. Ард түмнийхээ татвар хураамжаар санхүүждэг энэ байгууллагыг удир­даж ажиллахаар ирлээ.

-Та өөрийнхөө хувийн бизнестээ хэр хамааралтай байна вэ?

-Би өнгөрсөн тавду­гаар сард ажлуудаа бүгдийг нь хүлээлгээд өгчихсөн. “ЕТВ”-гийн захирлаар О.Батханд ажиллаж байна. Бусад медиа талыг нь хариуцсан менежерүүдийг сонгон шалгаруулаад авчихсан. Надад хамааралгүй ажил­лаж байгаа. Энэ ажилдаа би сэтгэл зүрхээ зориулна. Надад итгээд энэ ажлыг өгсөн хүмүүст, урам зориг өгч дэмжиж байгаа хамт олондоо бүх чадвараа зориулж ажиллана.

-Захирал хүн ажилч­дын нийгмийн асуудалд хамгийн тэргүүнд анхаарлаа хан­дуулах ёстой. Таны хувьд бодож төлөвлөсөн зүйл юу байна?

-Бодсон төлөвлөсөн ажлууд бий. Цаг нь болохоор шийднэ.

-Хэвлэл мэдээлэл бол нийгэмд нөлөөлөх хүчтэй зэвсэг. Та бүхэн нийгмийг чиглүүлэгч үүргээ биелүүлж, нэг алхмын урд сэтгэж, явж чадаж байна уу?

-Удирдагч хүн нэг байтугай нэлээд хэдэн алхмын урд явж, хэдэн бээрийн цаад талыг харах ёстой. Би хэний ч мэдэхгүй телевизийг хоёрхон жилийн дотор үзэгчдэд таниулж чадсан. Энэ бол чамлахааргүй амжилт. Тиймээс ч надад ийм хариуцлагатай ажил өгсөн байх. Хоёр жилийн дотор МҮОНТВ-г шинэ төвшинд гаргаж, өөрчилж чадна гэж бодож байна.

Гурван сая хүрэхгүй хүн амьтай манай улсад ийм олон мэдээллийн хэрэгсэл байгаа нь нэг талаараа олзуурхууштай. Зах зээлийн жам ёсоор тодорхой цаг хугацаа, шал­гуураар ялагч нь үлдэнэ. Одоо бол  өрсөл­дөөн ид явж байна. Уран бүтээлчид чанартай нэвт­рүүлгээрээ өрсөл­дөхөд үзэгчид хожих ёстой. Айлын хойморт байдаг цэнхэр дэлгэц хүний хармаанд явдаг боллоо. Тиймээс сайн менежмент хийж байгаа, чадварлаг уран бүтээлчидтэй, орчин үеийн техник техноло­гитой телевиз шалгарч үлдэнэ. Тэр нь МҮОНТВ байх болно.

-Монгол Улсад теле­визийн урлаг үүсч хөгжсөний 45 жилийн ойн баяр тохиож байна. Ажил ундарч байна уу?

-Баярлалаа. 45 жилийн ойн баярын мэндийг нийт үзэгчид болон энэ салбарт ажиллаж буй уран бүтээлчид, инженер техникийн ажилчиддаа баярын мэнд хүргэе. Одоогоос яг 45 жилийн өмнө энэ өдөр монгол айл бүрийн хойморт цэнхэр дэлгэц гэрэлтэн асч, зурагт анхны нэвтрүүлгээ цацсан түүхтэй. Түүнээс хойш телевизийн салбар эрчимтэй хөгжиж байна. Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглаж, бо­ловсон хүчин нь  чад­варлаг болж байна. Өрсөлдөөн ихтэй өнөө үед хэн чадвартай, хурдтай сэтгэж, сайн менежмент хийснийх нь уран бүтээл хүмүүст хүрч, үйл ажиллагаа нь сайн явж байна.

Бид ойдоо зориулан олон ажил зохиосон. Хамт олноороо “Цэцээ гүн”-ий оргил дээр гарч MNB тугаа мандуулсан. 12 жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн зургаан төрөлт спортын наадамд 20-иод телевизийн 400 гаруй ажилтан оролцсон. Спорт гэдэг эв нэгдэл учраас нэг салбарын хүмүүс энэ өд­рүүдэд хоорондоо танил­цаж, нөхөрлөх, санал бодлоо солилцож цагийг хамтдаа өнгөрүүлсэн.

Мөн хамт олон маань өрөө тасалгаагаа тохи­жуулах аян зарлаж, өөрсдийн хүчээр сайхан өрөөтэй болсон. Нээлттэй хаалганы өдөрлөгийг анх удаа зохион байгуулж, тусгай хамгаалалттай объект руу үзэгчдийг нэвтрүүлж уран бүтээл хийх явцыг үзүүлсэн нь сонирхолтой байсан байх. Гэр бүл, найз нөхөд, ангиараа гээд 1000 гаруй хүн ирж, тэдэнд теле­визийн уран бүтээлчид яаж ажилладаг, нэг уран бүтээл хийхэд хэчнээн олон хүний оюун ухаан, ур чадвар, хөдөлмөр шингэд­гийг харуулсан. Цаашид жил бүр нээлттэй хаал­ганы өдөрлөг зохион байгуулж байх нь зөв юм гэсэн шийдэлд хүрээд бай­на. Мэдээж ойгоо тохиолдуулан салбарын сайчууд, тэргүүний ажилчдаа шагнаж урамшуулсан.