Ц.БАЯР
Монголчууд бид нэгдэх зүйл дээрээ нэгдэж чадаж байгааг гэрчлэх зүйл олон байгаа. Харин энэ удаад Дүнжингаравыг нэгэн дуугаар эсэргүүцсэн бол хүүхдийн эрхийг хамгаалахад том алхам болох байлаа. Харин Хүний эрхийн хуульч бүсгүй М.Ичинноров энэ тухай цагаа олж зөв дуугарчээ.Түүний сэтгэгдлийг сайт даа онцоллоо. Тэр “Монголчууд бидэн шиг Леогийн төлөө хормойгоо мушгин цаг наргүй жиргэж, санаа тавьсан үндэстэн хэр олон байгаа бол? Бид аргагүй л дэлхийн хэмжээний үндэстэн юм. Дэлхийн хэмжээний жүжигчиний төлөө санаа тавин гандан компанид мөнгө төлөн ном хүртэл уншуулж. Бас харахад зугаатай ч юм шиг. Аливаа зүйлд аз жаргалынхаа гормоныг ялгаруулан суугаад буруутгах юу байхав. Бас л өвөрмөц, хөгжилтэй, бас аз жаргалтай байж чадах л үндэстэн. Харин бид жинхэнэ санаа тавих ёстой асуудалдаа хэр нэгдэж, нийлж, хүчээ нэгтгэж чаддаг билээ гээд бодном. Хүүхдийн эрхийн төлөө олон жил ярьж, хэлж, тэмцэж чадсан нэгэн хэсгийнхээ хүчээр, мөн олон улсын, тэр тусмаа НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагуудын хүчин чармайлтын хүчинд хүүхдийг өвөл, хаврын хурдан морины уралдаанд оролцуулахыг хориглосон хууль, журмууд гаргуулж чадсан ч түүнийг зөрчин Дүнжингарав хэмээх наадам болдогоороо болжээ. Хүүхдийн төлөө үндэсний газар журам гаргасан, Хөдөлмөрийн сайдын тушаал ч гарсан байгаа.
Би ганц нэг телевизэд ярилцлага өгсөн, хийж болохгүй шүү гэж жиргэсэн. Энэ талаар хүмүүс нэгдэж, тэмцэж, болиулах байх даа гэж найдаж байлаа. Бас ухамсартайгаар энэ асуудалд хандаж, хууль дүрмээ барих байх гэж бас найдаж байлаа. Хууль дүрэм хэрэгжихгүй, хүүхдийн эрхийг дээдэлж чадахгүй, мөнгө, шунал, хэсэг хүмүүсийн л нэр алдар болж байвал нийтийн эрх ашиг хамаагүй болсон нийгмийн үнэлэмжийг үнэхээр өөрчлөх цаг болжээ. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иднэ, шуналтай нь шуналгүйгээ ялна, чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг зэрлэгшсэн, хүмүүнлэг бус хэв маягийг халах цаг болжээ. Үнэхээр хүүхдүүдийнхээ төлөө за гэж хэлж чадахгүй нийгэм өөр ямар ч сайн сайхан зүйлийн төлөө за гэж хэлж чадахгүй билээ. Ийм л зүйлд нэгдэж, нийлж, дуу хоолой, хүч чадлаа нэгтгэж чаддаг болмоор байна даа”
Эх сурвалж:www.zms.mn