- Шүүгчид улс төрийн захиалга гүйцэлдүүлэхээр улайран ажилласан. Үүний дүнд яллаа -
Д.БОЛОРМАА
Нийслэлийн шүүх МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт ногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр батлав. Шүүхийн шийдвэрт ямар дүгнэлт өгч байгаа талаар Н.Энхбаярын өмгөөлөгч, академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр гэдэг Монгол Улсын иргэнийг оруулахгүйн тулд “Сонгууль дуустал энэ хүнийг шоронд хийж, нийгмээс тусгаарла” гэсэн захиалгыг улайран гүйцэлдүүллээ.
-Нийслэлийн шүүхээс Н.Энхбаяр нарт ногдуулсан ялыг хэвээр баталлаа. Үүнийг зарим хүмүүс “Шүүх улс төрийн захиалгаа биелүүллээ” гэж дүгнэж байна. Та ямар дүгнэлт өгч байна. Шүүх хуралдааны үйл явц хууль ёсных байж чадсан болов уу?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрүүгийн шүүн таслах ажиллагаа өдрийн цагаар болох ёстой. 22.00 цагаас хойш шүүн таслах ажиллагаа явуулж болохгүй гэсэн хуулийн заалттай. Үүнийг ноцтой зөрчсөн. Дээрээс нь өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүх хурал болохоос долоо хоногийн өмнө Нийслэлийн шүүхэд хэд, хэдэн хүсэлт гаргасан юм. Нэгдүгээрт, Н.Энхбаяр даргыг шүүх хуралд биечлэн оролцуулах.
Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй шүүе гэж. Н.Энхбаяр дарга ч гэсэн энэ хүсэлтийг өгсөн байсан. Харамсалтай нь, Нийслэлийн давж заалдах шатны шүүх бидний хүсэлтийг хүлээж авсангүй. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүр шүүх ажиллагаанд биечлэн оролцох ёстой тухай заасан. Үүнийг манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр ч гэсэн баталгаажуулсан байхад Нийслэлийн шүүх энэ эрхийг хангахаас татгалзсан. Татгалзах шалтгаанаа тайлбарлахдаа “Шүүх хуралдааны танхим давчуу учраас олон хүн багтахгүй. Тэгээд ч шүүхийг хүчлэн хамгаалах хэрэгсэл байхгүй. Н.Энхбаярын биеийн байдал сайнгүй учраас оролцуулах боломжгүй” гэсэн хариулт өгч байна лээ. Энэ хариултад тайлбар хийе. Нэгдүгээрт, иргэдийн хувьд шүүх рүү довтолж дайрах гээгүй. Хэдийгээр хамгаалалт байхгүй гэж хэлсэн атлаа цагдаагийн бие бүрэлдэхүүн Нийслэлийн шүүхийг хамгаалсан байсныг олон нийт харсан байх. Хоёрдугаарт, Н.Энхбаяр даргыг эрүүл мэндийн шалтгаанаар оруулахгүй гэсэн ч тэрээр эмч, хамгаалагчтайгаа шударга үнэнийг олохын тулд оролцох боломжтой байсан. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийг оруулаагүй шалтгааныг мэдэхгүй байна. Үндсэн хууль болоод олон улсад нэгдэн орсон улс төрийн болоод иргэний эрхийн фактад “Шүүх хуралдааныг хуульд зааснаас бусад тохиолдолд ил тодоор явуулна” гэж заасан. Мөн шүүгчийн тангарагт “Монголын Улсын шүүгчид аливаа хэрэг маргааныг хянаж шийдвэрлэхдээ зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн асуудлыг шударгаар шийднэ. Хэрэв энэ үүргээсээ няцвал хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн” гэж бий. Үүнийг шүүгч нарт уншиж өгсөн ч тэд миний хүсэлтийг хүлээж аваагүй.
-Тэгвэл шүүх хурал эхлэхээс төгсөх хүртэл хууль зөрчсөн гэсэн үг үү?
-Шүүх хуралдааныг товчхон ярихад шүүгдэгчдийн өмгөөлөгч давж заалдах гомдлоо танилцуулсан. Дараа нь тодорхой хэмжээнд нотлох баримтыг шинэчлэн судлах ялимгүй оролдлого хийгээд удалгүй анхан шатны шүүхийг хэвээр үлдээсэн. Уг нь шүүх хуралдааны явцад прокурорууд урьдын адил ялагдсан. Бүр сүүлдээ эрээ цээргүй дайрсан довтолгооныг өмгөөлөгч нар руу хэлж байлаа. Н.Энхбаяр даргыг дөрвөн хэргээр ялласны нэг нь телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа ашигласан гэж. Би анхан шатны шүүх хуралдаанаар үгүйсгэсэн үндэслэлээ хангалттай тавьсан. Японы буддын “Агон Шү” байгууллагаас Монголын ард түмэн, сүсэгтэн олонд буддын шашин, соёл, түүх, уламжлалыг сурталчлах телевиз байгуул гээд Гандантэгчилэн хийдэд өгсөн 119 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр хувьдаа завшсан гэж ялласан хэрэг юм. “Агон Шү” гэдэг байгууллага нисэх онгоцоор тус төхөөрөмжийг тээвэрлүүлэхдээ хандивын барааны жагсаалтыг япон болон англи хэлээр бичээд хавсаргасан байдаг. Тэр бичигт “УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга, МАХН-ын дарга Н.Энхбаяр танд эдгээр төхөөрөмжийг хандивлалаа. Япон улсын буддын “Агон Шү” байгууллагын тэргүүн гээд албан ёсныхоо бланк дээр тамгалаад явуулсан байдаг. Тэр бичгээс юу ойлгогддог вэ гэхээр хандивласан юм байна. Манай улсын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц хоёрт Монголд буддын шашныг сурталчлах үйлсэд зориулж хандивласан гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. АТГ-ынхан Н.Энхбаярт хандивлаагүй болгохын тулд хууль бус бичиг баримт бүрдүүлсэн. Юу гэхээр анхны бичиг бол 2000 оны хоёрдугаар сарын 21 байсан. Гэтэл 2000 он гэх гэж байгаад 2012 он гээд бичээд явуулчихаж. Түүндээ тамга даруулаад ирчихсэн байх жишээтэй. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хууль бус замаар олж авсан нотлох баримтыг нотолгооноос хасна гэж бий. Дээрх бичиг бол хууль бус замаар олж авсан баримт. Ингэснээр Японы бүрэн эрхт байдлыг бүдүүлгээр зөрчиж, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гадаадын нутаг дэвсгэрт мөрдлөгө мөшгөлтийн үйл ажиллагаа явуулахдаа тухайн улсын Гадаад харилцаа болон Хууль зүйн байгууллагаас зөвшөөрөл авна гэснийг ноцтой зөрчсөн гэсэн үг. Дараагийн гурван хэргийн тухайд хэлэхэд Н.Энхбаяр дарга хамаагүй гэдэг нь тогтоогдсон шүү дээ. Тухайлбал, “Эдгээр газруудыг хувьчлаач” гэсэн ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй. Энэ нь ч анхан шатны шүүх хуралдааны хэлэл цүүлгээр тогтоогдчихоод байхад үл ойшоосон. Нөгөө талаас энэ хэрэгт хохирогч, нэхэмжлэгч тал гэж байхгүй. Эцэст нь ямар дүгнэлт хийв гэхээр “Сүхбаатар дүүргийн болоод давж заалдах шатны шүүгч, хяналт тавьсан прокурор, мөрдөгч нар урьдчилаад улс төрийн захиалга авчээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр гэдэг Монгол Улсын иргэнийг оруулахгүй тулд “Сонгууль дуустал энэ хүнийг шоронд хийж, нийгмээс тусгаарла” гэсэн захиалгыг улайран гүйцэлдүүллээ. Уг нь би шүүх хуралдаанд Н.Энхбаяр даргыг өмгөөлөх гэсэндээ ороогүй. Монгол Улсад үнэн, шударга ёс тогтоох, шүүгч нарт хууль зүй, шүүн таслах ажиллагааны нарийн туслалцаа үзүүлэх гэж оролцсон. Н.Энхбаяр даргын оролцсон гэх энэ хэрэг Монгол Улсын иргэн бүрт хамаатай асуудал. Яагаад гэвэл олон жилийн туршид давж заалдах шатанд шүүгдэгч нарыг оролцуулдаггүй. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл учраас иргэн бүрт хамаарах учиртай. Монголд иргэн бүр шударгаар шүүлгэх эрх алга. Тэгвэл одоо энэ эрхээ эргүүлэн олж авъя. Үүнийхээ төлөө тэмцэцгээе гэж хэлмээр байна.
-Энэ удаагийн хурлаар Б.Сарантуяа шүүгч Сүхбаатар дүүргийн шүүхийг “Шүүх хуралдаан явуулахдаа зарим хууль зөрчсөн. Ялангуяа өмгөөлөгчийн мэтгэлцэх эрхийг нь хангаж өгөөгүй байна” гэж ярьсан гэх юм. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хуулиараа анхан шатны шүүх хурлаар мэтгэлцэж, давж заалдах нь мэтгэлцдэггүй. Шүүгч нар “Анхан шатны шүүх нотлох баримтыг шинэчлэн судлаагүй. Нотлох баримтын талаар мэтгэлцээгүй. Түүнээс гадна гэрчүүдийг оролцуулаагүй нь хууль зөрчсөн” тухай ярьсан нь үнэн. Гэвч тэд хуулиа зөрчснийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн атлаа шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа шүү дээ. Харин бид бол давж заалдах шатны шүүхэд дэндүү итгэж байсан. Улс төрийн захиалгыг улайран гүйцэтгэх хэмжээнд хүрсэн гэдгийг ойлгоогүй байсан юм билээ.
-Одоо Улсын дээд шүүхэд хандах уу?
-Шүүх хуралдааны Үеэр нэгэн сонирхолтой зүйл болсон юм. Хуралдаан даргалагч “С.Нарангэрэл багш аа, та анхан шатны шүүх хурлаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийг удаа дараа бүх зүйлээ төлөвлөөд ороод ирсэн гэж ярьсан. Яагаад тэгж ярьсан юм бэ” гэхээр нь би “Хэдхэн цагийн дараа миний ярьсан, хэлсэн нь үндэслэлтэй эсэхийг та гурван шүүгч Монголын ард түмний өмнө баталгаажуулж өгнө шүү дээ” гэхэд тэд инээж байна лээ. Инээсэн шалтгааныг нь мэдэхгүй юм. Үнэнийг нь хэллээ гэж ойлгосон болов уу. Н.Энхбаяр даргад Улсын дээд шүүх болоод Улсын дээд шүүхийн бүх гишүүдийн хурал хоёрт гомдол гаргах эрх нь бий. Хуульчид нэгэнт улс төрийн захиалга биелүүлж байгаа учраас Улсын дээд шүүх шударга үнэнийг тогтооно гэдэгт найдахгүй байна. Өмнө нь би итгэж байна гэж ярьдаг байсан бол одоо бодит байдалтай эвлэрч итгэхгүй байна гэж хэлмээр байна. Хэрэв бүх шатны шүүх Н.Энхбаяр даргыг улс төрийн захиалгаа биелүүлж яллавал Олон улсын шүүхэд хандана. Манай улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн шударгаар биелүүлж байна вэ гэдгийг олон улсын шүүх тогтоох учиртай. Уг нь би Монгол Улсын иргэний хувьд өөрийнхөө орны шүүхийг олон улсын өмнө хүнд байдалд оруулмааргүй байна. Олон улсаас авч байгаа дэмжлэг туслалцаа, зээл, бизнесийн харилцаа бүхэнд нөлөөлж, бусдын өмнө өөрийн орноо ичгэвэрт байдалд хүргэхгүй юмсан. Дотооддоо шийдэж, шударга үнэнийг нь тогтоовол олон улсад Монголын нэр хүнд унахгүй. Өнөөдөр “Монгол бол хүний эрхийг дээдэлдэг улс” гэж цээжээ дэлддэг улс төрчид хэлсэн үгэндээ эзэн байгаасай гэж хүсмээр байна.
-Шүүхийн шийдвэр гарсны дараа та Н.Энхбаяртай уулзсан уу. Шийдвэрийг хэрхэн хүлээж авч байна?
-Уулзсан. Шүүх хурлын өмнө ч гэсэн уулзсан. “Дарга аа, шүүх хуралдааны байдал болоод надад ирж байгаа мэдээллийг сонсоход танд найдлага байхгүй. Хэвээр үлдээсэн шийдвэр гарах байх шүү” гэхэд дарга “Би бас тэгж бодож сууна. С.Нарангэрэл багш аа, сүүлийн 20 жилд Монголд улс төрийн захиалгатай ийм хэрэг байдаг билүү. Шат, шатандаа урьдчилаад ороод ирсэн хэрэг байна уу” гэж асуусан. Аргаа барахдаа би “Өвчний учир ял эдлэхээс чөлөөлөх зүйлчлэл хуульд бий” гэхэд дарга шууд эсэргүүцэж “Би хэлмэгдсэн хүн. Шударга ёсыг тогтоотол ялаа эдлээд байж байя” гэж байна лээ.
-Та Н.Энхбаяр нарт зохиомол хэрэг үүсгэснийг баримтаар нь нотолж буй. Гэхдээ энэ хэргийн захиалагч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж гэж хэлдэг. Үүнийгээ та юугаар батлах юм бэ?
-Н.Энхбаяр дарга Монголын төрийн өндөр гурван албан тушаалыг хашсан хүн. Маш олон хүнийг дээш нь татаж УИХ, Засгийн газрын гишүүд болгосон. Гэтэл нөгөө хэд нь өөрт нь өс санаж “Авлигын загалмайлсан эцэг бол Н.Энхбаяр” гэсэн яриа гаргаж эцэст нь энэ яриагаа үнэн болгохын тулд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш идэвхтэй ажилласан. Түүнтэй холбоотой өргөдөл гомдол хаана байна гээд бүгдийг нь үзсэн байхгүй юу. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Ц.Нямдорж анхнаас нь зохион байгуулсан. Анхнаасаа өөрийнхөө шууд харъяанд байдаг УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Үүнийхээ дараа одоогийн Ерөнхийлөгчтэй хүч хавсарч АТГ-ыг татан оролцуулсан. Энэ нь хөдлөшгүй баримтаар тогтоогдож байгаа. Шүүх хуралдаанаас ажиглаж байхад шүүгч, прокурорууд захиалгаа биелүүлье гэснээс бус шударга ёсыг тогтооё, хуулиа биелүүлье, хүний эрхийг хангая, Үндсэн хуулиа сахия, Олон улсын гэрээгээ дагаж мөрдөе гэж бодоогүй. Өөрөөр хэлбэл, тэднийг эрүүл саруул ухаанаа алдсан гэж хэлмээр байна.