Б.ЭНХ

Увс аймгийн Цогцолбор II сургуулийн 67 сурагч муудсан махнаас болж гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн тохиолдол оны өмнөхөн гарсан. Тус аймгийн Тэс суманд ч үүнтэй төстэй явдал саяхан болжээ. Гэвч Увс аймагт олон арван хүүхдийн хоолны хордлогыг шуурхай, нарийн шинжлэх тоног төхөөрөмж, лаборатори байгаагүйгээс эцэг, эх­чүү­дийг багагүй сандаргасан юм.

Энэ үйл явдалтай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ийм эрсдэл тулгарахад яаралтай арга хэмжээ авах на­рийн шинжилгээний лабо­раторитой болох хүсэлтийг УИХ-ын гишүү­дэд удаа дараа тавьсны хүчээр хөрөнгийг нь саяхан шийдүүлжээ. Гэвч улсын төсвөөс шийдэж өгсөн хөрөнгийг аймгийн удирдлагууд дундаас нь зориулалтыг өөрчилж, “том” толгойлжээ.

Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өнгөрсөн сарын 28-нд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн тоног төхөөрөмж худалдаж авах 60 сая төгрөгийг шийдэж өгсөн байна. Энэ шийдвэрийн дагуу мэргэжлийн хяналтынхан холбогдох хүмүүст хандаж, хөрөнгө гаргаж өгөхийг хүсэхэд Засгийн газраас шийдсэн мөнгөөр автомашин авсан тухай хариу мэдэгдлийг уржигдар албан бичгээр ирүүлсэн байна.  Хүүхдүүд олон арваараа хордож эрүүл мэнд амь насанд нь халтай хэрэг мандаад байхад Увс аймгийн удирдлагууд тэднийг хамгаалахаас яагаад татгалзав?

Ямартаа ч үүнээс болж аймгийн мэргэжлийн хяналтынхан 100 орчим мянган хүний хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах боломжгүй хэвээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин