С.ПҮРЭВСҮРЭН
Намрын шар нар над дээр чам дээр ээнэ. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга М.Баянсан, Үйзэн багийн Засаг дарга Т.Батжаргал нартай аяны дөрөө нийлэн отрын малчдынхаар буулаа. Хоёр дарга байсхийгээд л бууж газрын гарц, өвс ургамлын байдал шинжих юм. Таана ч хатаад шар мод л үлдэж гэнэ. Зарим газраа ногооноороо байна шүү гэж олзуурхана. Тарлан юмуу малын хар туруу цастай өвөлжихөд мал ажрахгүй орохоор малын хоол байна гэж тэд өөр хоорондоо ярилцана. Тэгснээ уул овоон дээр гарсан шинжээчдийн таамаглалыг ч ярилцаж явлаа. Говь-Угтаал, Цагаандэлгэрийнхэн л намрын дунд сарын 15-ны тэргэл сартай шөнө тэнгэр шинждэг гээд хол ойрд нэрд гарчихсан болохоос Сайнцагааны малчид ч Хонгор хайрхан дээрээсээ тэнгэрээ шинждэг болоод гучаад жилийг ард орхижээ. Энэ жилийн тэнгэр шинжих ажиллагаа их л өргөн болсон гэнэ. Бор дарга /Нутгийхан багийн даргаа ингэж нэрлээд сурчихсан юм/ энэ намар цаг уурч Дамбын Шагдарсүрэн, Ч.Чулуун нарыг урьж тэд нь ч уухайн тас давхиад ирцгээсэн байна. Энэ багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Цагаанхүүгийн Мөнхбат унаа машин, бензин тосыг гарган цаг уурчдад үйлчилсэн нь ийм боломж олгожээ. Ингээд тэд малчидтайгаа, бас “Малчин” телевизийн сэтгүүлчидтэй хамт Хонгор хайрхан дээрээс тэнгэр шинжсэн. Шагдарсүрэн гавьяат, цаг уурч Чулуун нар цаг агаар шинжих ардын аргыг олон жил судалж нэрд гарсан хүмүүс л дээ. Хонгор хайрхан дээрээс тэнгэр “уншсан” малчид ирэх өвлийг “Байдаг л өвөл” гэж оношлосон байна. Зарим газраар ахиухан цас уналаа ч айхтар зутраахгүй, хавартаа зүтгүүхэн болохыг ч таамаглажээ. Тэдний энэ таамаглал Угтаал, Цагаандэлгэрийн малчдынхтай сүрхий таарсныг бодоход аймгийн зүүн тал нэлдээ нэг их зутрахгүй ч цасархуу өвөл болох нь уу гэсэн дүр зураг харагдаж байна. Бид бараг л хоёр зуугаад км давхиад зорьсон малчныдаа дөрөө мулталлаа. Энэ бол Базарын Жаргалсайханых. Намраараа налайж байна даа, гүүгээ тавих тухай бодоо ч үгүй, айраг цагаагаа сөгнөж, ааруул идээгээ хийцгээгээд намрын шар нартай өдрүүдийг хожиж байх шиг. Жаргалсайхан уул нь жолооч хүн. Мал хувьчлагдахад л малчин болж хөдөөг зорьсон. 1999 онд л нутгаасаа отор хийгээд гарсан. Дорноговь, Говьсүмбэр аймаг, өөрийн аймгийн Цагаандэлгэр сумын нутгаар оторлосоор яваад энэ нутгийнхантай ижий ахай, ижил дасал болцгоочихсон.
Хоёр мянгат Б.Жаргалсайхан “Энэ сайхан нутаг орныхон нүүдэлчин энэ тэр гэлгүй сайхан хүлээж авсан. Ер нь энд тэнд малынхаа аясаар нүүж яваа улс чинь өөрсдийн харьцаандаа их анхаармаар юм билээ. Нутаг орныхонтой үг хэлээ ололцоод явахад болохгүй юм байхгүй. Одоо Цагаандэлгэр сумын нэгдүгээр багийн нутагт намаржиж байна. Өвөлдөө Сайхандулаан, Даланжаргалан, Алтанширээ, зундаа Говьсүмбэр аймаг, Төв аймгийн Баянцагаан, Сэргэлэн сумын нутгаар оторлосоор 14-15 жил болж байна. Зунд нь тарга хүч сайн авахуулаад өвөлд нь аятайхан нутаг олоод авдаг нь миний л аргын гол амин сүнс. Мал тэжээнэ гэж ч байхгүй дээ. Тэжээлд ороод байх мал ч нэг их байхгүйгээр жилдээ дөрөв, таван зууг зах зээлд борлуулчихдаг. Хавартаа зургаа долоон зуун төл хүлээгээд авчихдаг. Одоо 2500 хүрчихээд байгаа малаа цааш нь нэг их тоогоор хөөцөлдөлгүй, чанаржуулах талаа барина гэж” ярьж байна.
Малчин болоод арван жилийнхээ ойн дээр “Мянгат малчин” болж сумын “Сайн малчин” цол хүртсэн. Отрын нутагт мал сүргээ 2500 хүргэсэн энэ малчны хөдөлмөрийг бахдахаас яахав. Хаврын хавсарга, хавар, намар оройн хүйтэн бороо, өвлийн цасан шуурга, ган гачиг, зуд турхан... гээд юү эс тохиолдох билээ. Тэр бүхэнд барьц алдахгүй, мал бүрээ бүрэн авч гарна гэдэг үнэхээр нөр их хөдөлмөр юм. Нутгаа сайн сонгож нүүнэ, өвөлжөө хаваржааны нүдийг олно гэдэг бас л том эрдэм. Тиймээс ч “Малчин” гэдэг нь мэргэжил болохыг төр засгаас баталгаажуулж үнэмлэх тэмдэг, бүр хуулийн этгээдийн хувьд тамга тэмдэгтэй ч болголоо.
Жаргалсайханыд Цагаандэлгэр нутгийн яруу найрагч, малчин Банзрагчийн Түмэндэлгэр таарлаа. Өөрийн нь уугуул Сайнцагаан сумын дарга нар хүрэлцэн ирсэнд сэтгэл нь хөдөлсөн найрагч.
“Дайчин бээсийн хүрэн эрс нь
Даамай нөхөрлөхөд хүний мөстэй...” хэмээн уншсанд Жаргалсайханыхан ч мөн адил бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал гэж баясан хүлээж авлаа. Энэ нутгаар явахад уулзсан хүн бүр л ирэх өвлийг ярьцгаах нь “Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж” байгаагийнх. Тэд “Тэнгэр уншигч”-дын таамаглалыг тал бүрээс нь жишин ярилцсаар л байна. Гэхдээ цаг уурын байгууллагын мэдээгээр тийм ч таатай өвөл байхгүй, цасархаг, бас хүйтэн гэлцэж байгааг ч малчид аль эрт дуулчихжээ. Хөдөөгийнхний нэг “Нүд, чих” нь радио юм. Тэд үндэсний радиогийн мэдээг “Жинхэнэ мэдээ” гэж чих тавин сонсдог юм байна. Сум орноос ч малчдыгаа радиожуулахад их анхаарч байгаа . Тухайлвал энэ жилийн төсөвтөө малчдыг радиожуулахад хагас сая шахам төгрөг тавьчихсан. Сум, багийн хоёр даргын өөр хоорондоо ярилцаж байгааг сонсвол одоо жаран радиогоо тараачихаад хоёр зууг нь төлчин эмэгтэйчүүдийн чуулгадаа хадгалнаа гэлцэх нь чих дэлсэнэ лээ. Тэгэхээр малчдыг радиожуулах ажил Сайнцагаан сумын хувьд цаасан дээрээсээ хальж ажил хэрэг болоод эхэлчихэж. Овсгоотой нь “Малчин” тавган антениар Монголын радиогийн нэвтрүүлэг хүлээж аваад телевизээрээ сонсчихдог болсон нь бас нэг дэвшил. Жаргалсайханыхан ч радиогийн мэдээллийг шүтэгчдийн нэг юм. Аймгийн хэмжээнд хоёр мянгат малчин ес байгаагаас бидний уулзсан Базарын Жаргалсайхан малынхаа тоогоор аймагтаа аман хүзүүнд явна. Аймагтаа тэргүүлсэн Дэлгэрцогтын Б.Балдоржийнхоос Жаргалсайханых 15 толгойгоор л дутуу тоолуулсан юм билээ. Налгар сайхан намаржиж байгаа хоёр мянгат Базарын Жаргалсайхан, гэргий Намжилмаагийн Оюунжаргал нарыг сумыхан “Хоёр Жагаагийнх” гэх. Хоёр Жагаад амжилтаа ахиулах, алдар цол нэмэх бариа ойрхон харагдаж байна.