“TV-9” телевизийн  Дэлхийн театрын өдөрт /2026.03.27/ зориулан  “Орчин үеийн Монголын театр” сэдвээр хэлэлцүүлэг нэвтрүүлэг хийсэн билээ. Энэ удаагийн хэлэлцүүлэгт МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш доктор /Sc.D/, профессор Г.Галбаяр, доктор, дэд профессор Ш.Баттөр, МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва, утга зохиол, театр судлаач, “СИТИ” их сургуулийн багш Х.Чойдогжамц нар оролцсон. Хэлэлцүүлэг нэвтрүүлгийг “Зууны мэдээ” сонин буулган уншигчдадаа толилуулж байна.

 

-Олон улсын театрын өдөрт зориулсан хэлэлцүүлгээ МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагваас эхлүүлье. “Орчин үеийн Монголын театр” номыг анх хэрхэн орчуулж, уншигчдад хүргэхээр зорьсон бэ. Мөн энэ ном орчин цагийн театрын үүсэл, хөгжилтэй хэрхэн холбогдож байна?

Орчуулагч Н.Пүрэвдагва:

-Их сонирхолтой түүхтэй ном. Номын ар талын хуудсан дээр анх хаана, хэдийд хэвлэгдсэн талаар тэмдэглэсэн байдаг. ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод 1946 онд хэвлэгдсэн гэж бичсэн байхад, нөгөө талаас Улаанбаатар хотод 1946 онд хэвлэгдсэн гэсэн тэмдэглэл ч бий. Үүнээс харахад энэ ном Монголд хэвлэгдсэн юм шиг. Одоо байхгүйг бодоход хэвлэгдээгүй ч юм шиг. Монголын театр судлалын хүрээнд уг номоос зарим эшлэлийг ашиглаж, судлагдахууны хэмжээнд яригддаг. Тиймээс би эх хувийг нь олж орчуулахыг зорьж,  эрэл хайгуул хийж байгаад Москва хот дахь Лениний нэрэмжит алдарт номын сангаас олсон.   Тэндээс энэ номын эхийг цахимаар илгээсэн. Ингээд орчуулгын ажилдаа орсон.

Одоогоор миний мэдэхээр Монголд энэ номын хоёр хувь бий. Нэг нь МУБИС-ийн багш, хэл бичгийн ухааны доктор, профессор С.Хөвсгөлийн номын санд. Нөгөө нь нэг судлаачийн хувийн цуглуулга музейд хадгалагдаж  байна. Энэ номыг орчуулах ёстой гэж бодсон гол шалтгаан нь Монголын орчин үеийн театр үүсэж хөгжсөн түүх, жүжигчдийн намтар, тухайн үед ямар жүжгүүд тавигдаж байсан зэрэг олон баримт судалгааг агуулсанд оршиж байгаа юм. Мөн эртний алдартай зохиолуудаас сэдэвлэсэн зарим жүжгийн түүвэр ч багтсан байдаг. Ингээд харахаар “Монголд орчин үеийн театр яг хэзээ үүссэн бэ” гэсэн асуултыг дахин эргэцүүлэхэд хүргэдэг. Энэ номтой холбоотой нэг сонирхолтой зүйл бий. Монголд орчин үеийн театр байгуулагдсаны дараа Орос, Европын театраас өөрийн гэсэн онцлогтой байх ёстой гэж тухайн үеийн судлаачид үзсэн бололтой. Тиймээс олон улсын театр судлаач Г.А.Уварова гэдэг хүнийг урьж, сургалт зохион байгуулсан байдаг. Тэр хүн Монголд ирж, монгол ахуйд тохирсон жүжиг тавихад дэмжлэг үзүүлэх зорилготой ажилласан юм билээ. Тэрээр 1939 онд Монголд ирсэн гэсэн тэмдэглэл бий.

-Г.Уварова судлаач Монголд хэдэн жил амьдарсан байдаг вэ?

-Үндэсний төв театрт хоёр жил ажилласан гэсэн мэдээлэл байдаг. Д.Намдаг, С.Оюун гуайн үлдээсэн тэмдэглэлд дурдсанаар Монголд хоёр жил ажиллаад тодорхойгүй шалтгаанаар нутаг буцахаар явсан ч, дайн эхэлсэн үе таарсан учраас замаас иргэж ирсэн гэдэг. Буцаж ирснийхээ дараа Хятадын театрт хэдэн жил ажиллаад явсан юм билээ. Гэсэн ч тэр хүн монголчуудтай холбоотой байсаар ирсэн. Үүний нэг жишээ нь Оюун гуай эрдмийн зэрэг хамгаалах үед гол зөвлөх, чиглүүлэгч нь болж ажилласан байдаг.

 

“Хүн төрөлхтний түүхэнд театр төртэй салшгүй холбоотой. Хаана төр үүссэн байна, тэнд театр ч үүссэн байдаг”

 

-“Орчин үеийн Монголын театр” номыг судалгааны бүтээлүүдэд хэрхэн ашигладаг вэ. Энэ ном Монголын театр судлалд ямар хувь нэмэр оруулсан бэ?

Доктор /Sc.D/, профессор  Г.Галбаяр:

-Энэ номын 15 дугаар хуудсанд алдарт А.Н.Островский гэдэг хүний үг байдаг. Тэрээр  “Үндэсний театр гэдэг бол академи, их сургууль, музейтэй адил үндэсний хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл байдаг.  Өөрийн театртай байна гэдэг аливаа үндэстэн, отог омог, хэлтний  мөрөөдөл бахархал байдаг юм” гэж хэлсэн байдаг. Үүний цаад утга бол театр, жүжиг, урлаг, уран зохиол нь тухайн үндэстний оюун сэтгэлгээ, хөгжлийн онцгой чухал зүйл гэдгийг илэрхийлж байна.

Монголд театр хэзээ үүссэн бэ гэдэг асуудлыг тусад авч үзэж, нарийн судалгаа хийх ёстой үзэгдэл. Би хувь хүнийхээ хувьд энэ талаар хоёр зүйл онцлохыг хүсэж байна. Нэгдүгээрт, Хүн төрөлхтний сонгодог театрууд үүссэн театр, урлагийн үүсэл хөгжлийн талаар нэлээд онолын судалгаанууд хийгдсэн бөгөөд хүн төрөлхтөн тэдгээрийг хүлээн зөвшөөрсөн. Тэр бүтээлүүдийн үр дүн нь Монголд таараад байдаг. Жишээ нь, Финляндын алдартай гоо зүйч, театр судлаач Юрьё Хирн театрыг хоёр зүйлээр авч үзэх ёстой гэж үздэг.

Эхнийх нь, орчин үеийн төлөвлөсөн театрын хөгжил дэвшил, цаашдын чиг хандлага,  жүжигчдийн авьяас билгийн  асуудал, үзэгчдийн соёл зэргийг  цогцоор нь авч үзэх ёстой. Нөгөө  талаас театр хэзээ үүссэн бэ гэдгийг салгах аргагүй судлах шаардлагатай. Энэ үүднээс театрын үүсэл,  хөгжилд ул суурьтай судалгаа хийх нь чухал. Судлаачдын судалгаа, хүн төрөлхтний түүхэн хөгжил хувьсалтай харьцуулахад нэн эртний үе буюу балар эрт цагт байгалийн дуу авиа, амьтны хөдөлгөөнийг дуурайсан бүжиг зэрэг  үзэгдэл байсан нь  харагддаг.

Дараагийн нэг чухал зүйл нь тотем шүтлэгтэй холбоотой. Театрын үндэс суурь хэрхэн тавигдсан, тогтолцоонд яаж  орж ирсэн бэ гэдэг асуудал үүнтэй уялдан гарч ирдэг. Мөн шашинтай холбогддог. Монголчуудын хувьд тэнгэр шүтлэг дээр үндэслэсэн бөө мөргөл бий. Би хувь хүнийхээ хувьд Монголын театр, жүжгийн урлагт бөө мөргөлийн шашин чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Бөө мөргөл нь дүрт сэтгэлгээг бий болгосноороо Монголын театрын эрт цагийн хөгжил, хувьсгалд шинэчлэл оруулсан. Үүнтэй уялдуулаад хувцас хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэстэй. Бөө тусгай хувцас хэрэгсэл өмсөж зан үйл хийдэг. Энэ үзэгдэл явсаар буддын  шашны цам, майдар зэрэг  үйлдлээр хөгжсөн.

Хоёрдугаарт, театр гэдэг нь хүн төрөлхтний түүхэнд төртэй салшгүй холбоотой. Хаана төр үүссэн байна, тэнд театр ч үүссэн байдаг. Эртний Грек, Ром, Хятад, Энэтхэг зэрэг орнууд энэ жишгээр театрын хөгжлөө нэгтгэж авч үздэг. Үүнээс үзвэл, Монголчууд эрт цагт, одоогоос 2000 гаруй жилийн тэртээ хүннүчүүд төр байгуулж байсан бөгөөд Хүннүгийн  төрт Монголын анхны театрын хөрс тэнд тавигдсан нь салшгүй холбоотой.

Дараагийн нэг чухал үе нь Их Монгол Улсын үед Монголын эзэнт гүрний үед театр тогтолцоотой байсан явдал юм. Энэ тухай  “Орчин үеийн Монголын театр” номд Г.Уварова маш нарийн судалж бичсэн байдаг.  Тухайлбал, “Чингис хаан” гэдэг  бүтээлээс иш татан,   “Чингис хаан аян дайнд  явахдаа  15-16 орчим  жүжигчдийг,  даасан оркестр маягийн хүмүүсийг аваад явдаг байсан” гэж тэмдэглэсэн нь Монголын театр нэн эрт үүссэн юм гэдгийг авч үзэх нэг баримт.

Чингис хааны үеэс эхлэн дараагийн Монголын эзэнт гүрний хаадын үед Монголын газар нутгаар аялал жуулчлалаар явж байсан тухай дурдсан дурдатгал, эшлэлүүд ч мөн  мөн судалгаанд тусгагдсан. Ингэснээр, эртний  Монголд театр үүссэн гэдгийг уг ном баталсан харуулсан  нь  ач холбогдолтой юм.

Мөн Монголын театрын хөгжил хувьсалд онцгой чухал хувь нэмэр оруулсан  нь Юань гүрний үе гэж үздэг. Үүнийг монголчууд нарийн судлах ёстой. Учир нь, Юань гүрний үед эртний хятадын театр нь тогтсон хэв загвартай байсан бөгөөд монголчууд орж ирснээрээ үүнд өөрчлөлт, шинэчлэлт хийсэн гэж судлагдсан.

Би яагаад Юань гүрний үе онцлог гэж үзээд байна гэхээр,  тэрхүү шинэчлэл хүн төрөлхтний театрын хөгжилд нөлөөлсөн явдал юм. Өөрөөр хэлбэл, монголчууд бүхнийг гаднаас авсан гэж үздэг сэтгэлгээнээс бид ангижрах ёстой. Юмыг уужуу бодох ёстой гэж боддог. Түүний нэг илрэл бол хүн төрөлхтний театрын хөгжил бол Юанийн үеэс авахуулаад Монголын театрын урлаг, Монголчууд нөлөө үзүүлсэн зүйлүүд байна. Энэ үзэгдэл нь  цаашид Д.Равжаа хутагтын  “Саран хөхөө” жүжгийг задгай театрт тавьж байсан, XX зууны эхээр хүрээнд янз бүрийн задгай театр  дугуйлан явж байгаад 1930-1931 онд  орчин  цагийн театр байгуулагдсан түүхэн  хөгжил хувьсалтай холбоотой.

Дүгнэж хэлэхэд, Монголчууд нэн эртнээс бие даасан театр, жүжгийн урлагтай бөгөөд төв Азийн өндөрлөг дээр тасралтгүй хөгжиж ирсэн. Энэ үүднээс Монголын  эзэнт гүрний, Монгол хүний үе үеийн  төлөвшилд Монголын театр урлаг, уран зохиол, тасралтгүй онцгой хувь нэмэр  оруулсан гэж үзэж болно.

 

“Орчин үеийн Монголын театр” номыг бид 2026 оныг хүртэл мэддэг бас мэддэггүй байсан”

 

-“Орчин үеийн Монголын театр” номыг уншаад ямар сэтгэгдэл төрөв. Судалгааны бүтээлдээ хэрхэн ашиглаж байна вэ?

Доктор, дэд профессор Ш.Баттөр:

-“Орчин үеийн Монголын театр” номыг бид 2026 оныг хүртэл мэддэг бас мэддэггүй байсан. Мэддэг гэдэг нь түрүүн Н.Пүрэвдагва орчуулагчийн хэлснээр эшлэл зүүлт маягаар, уншсан хүмүүсийн эшлэлүүдийг дам эшлэх маягаар шинжлэх ухааны эргэлтэд  орж байсан, нөгөө талаар бүрэн орж амжаагүй явсан нь үнэн. Өөрөөр хэлбэл, 2026 оныг хүртэл энэ номыг уншсан хүн Монгол Улсад  уран зохиол, театр судлалын чиглэлийн хүмүүс дунд гарын арван хуруунд багтахаар байсан болов уу гэхэд  нэг их  хол зөрөхгүй болов уу гэж бодож байна. Энэ утгаараа бид мэддэг байсан. Харин уншаагүй гэдгээрээ бол бид мэддэггүй байсан гэж хэлж болно. Тэгэхээр орчуулгын ач холбогдол нэгдүгээрт энэ.

Хоёрдугаарт, сүүлд судлахад Г.А.Уварова өөрөө сонирхолтой амьдралтай хүн байсан юм билээ. Тэрээр 1903 онд төрөөд 1986 онд бурхан болох хүртлээ идэвхтэй амьдарсан нэгэн. 16 настайдаа гэхэд хувьсгалын үйл хэргийг дэмжиж, Зөвлөлтийн том театрт орох урилга  хүлээж авсан боловч Монголд ажиллах томилолтыг баяртайгаар хүлээж авсан байдаг. Ингэж баяртайгаар хүлээж авахдаа хүртэл,  сүүлд Оросын нэг сэтгүүлчийн бичсэн сурвалжилгаас харахад  Дорно дахины туульс аман зохиолд энэ хүн хоёргүй сэтгэлээр дурласан хүн байсан юм билээ. Монголд ирснийхээ дараа XX зууны эхэн үед орчин үеийн Монголын театрын урлагийг үүсгэн байгуулахаар томилогдож ирсэн хүмүүсийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн богино хугацаанд ажилласан байдаг.

“Орчин үеийн Монголын театр” ном бол нэг талаар уран зохиол, театрын түүхийн бүтээл,  нөгөө талаараа онолын ном. Өөрөөр хэлбэл,  онолын  ном гэдэг нь Г.А.Уварова өөрийнхөө ажлын өмнөх үг дээрээ бичсэн хэсэг бүрийг задлаад үзэхэд онолын асуудлуудыг хөндөж, ямар онолын чиг баримжаатай энэ театрыг хөгжүүлэхийг  зорьсон, түүнийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг авч үзсэн байдаг.

Цааш нь  авч үзвэл,  хүн  төрөлхтөн оюун сэтгэлгээтэй болж хөгжихийн нэг гол үндэс нь аливаа нэг зүйлийг танин мэдэхийг оролдож, өөрийн гэсэн үзэл санаатай болж, түүнийгээ хөгжүүлээд цаашаа явдаг гэсэн нэг утга байгаа. Энэ утгаар  орчин үеийн Монголын театрын  үзэл санааг ямар чиглэлээр хөгжүүлэх вэ гэдэг  гарц гаргалгаа, өөрийнхөө баримталж байсан бодлогыг Г.А.Уварова энэ номдоо бичсэн нь  маш их үнэ цэнтэй юм.

Энэ номын үнэ цэнийг бид ярихаас өмнө нэг зүйлийг дурдах хэрэгтэй. 1947 онд уг бүтээл анх хэвлэгдэх үед Монголын орчин цагийн кирилл үсгийн дүрмийг боловсруулж, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэлнээ орчуулж, Монгол Улсын төрийн дууллыг зохиосон их гавьяатай эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай энэ номын өмнөх үгийг бичсэн байдаг. Ц.Дамдинсүрэн гуай тухайн үед  “Уваровагийн энэ ном бол Монголын театрын хөгжлийн түүхэн чухал  үеүдийн тухай өгүүлсэн анхны цорын  ганц бүтээл” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг. Энэ үг нь уг номын үнэ цэн, ач холбогдлыг бүрэн тодорхойлж өгсөн болов уу гэж бодогддог.

Г.А.Уварова өөрөө 1917 оны хувьсгалыг талархан дэмжиж хүлээж авч байсан, үзэл санааны асуудалд  өөрийн дотоод итгэл үнэмшлээр ханддаг хүн байжээ. Тэрээр энэ номд  хэд хэдэн  чухал санааг дэвшүүлсэн байдаг. Нэгдүгээрт, орчин үеийн Монголын театрын уламжлалын тухайд түрүүн Г.Галбаяр докторын хэлсэнчлэн Хятад, Энэтхэг, Төвөдийн нөлөө байсан гэдгийг хэлсэн. Үүнээс гадна  Монголын уламжлалт театрт нүүдэлчин ахуй нөлөөлсөн бөгөөд үүнээс үүдэлтэй өөрийн гэсэн  өвөрмөц театрын урлагийг монголчууд хөгжүүлж байсан гэдгийг  цохон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, бидний театрын түүхийг судалгааны баг судлаачид дахин харах, нээх, судлах түлхэц болох үгнүүд энэ бүтээлд бий. Харамсалтай нь, Г.А.Уварова энэ үгнүүдийг  1947 онд бичсэнийг бид 80 гаруй жилийн дараа эх хэл дээрээ уншиж байна.

 

“Монголын орчин цагийн театрын анхны жүжгүүдийн тухай үнэлгээ, дүгнэлтүүд бий”

 

-Театр судлаачийн хувьд энэ номыг хэрхэн харж байна. Өнгөрсөн ба ирээдүйтэй хэрхэн холбох вэ. Мөн судалгааны эргэлтэд хэрхэн оруулж байна?

Утга зохиол, театр судлаач, багш Х.Чойдогжамц:

-Яах аргагүй энэ номын тухай болон зохиогчийн тухай ярьж байгаа болохоор агуулга руу нь орж ярья гэж бодож байна. Маш олон талын ач холбогдолтой бүтээл байна. Түрүүн Ш.Баттөр докторын хэлсэнчлэн он дараалсан театрын түүхчилсэн бичлэгтэй юм шиг мөртлөө дотроо урлагийн салбарын суурь ойлголтуудыг  багтаасан. Өөрөөр хэлбэл, онол, түүх, шүүмжлэлийн асуудлыг хамтад нь авч үзсэн бүтээл.

“Орчин үеийн Монголын театр” хэмээн номоо нэрлэсэн боловч агуулгын дийлэнх хэсэгт Монголын театрын уламжлал, бусад улс орнуудтай  уялдаатай хөгжсөн  замналын тухай бичсэн байдаг. Хамгийн чухал нь Монголын орчин үеийн драмын жүжгүүдийн тухай шинжилгээ, үнэлгээ, дүгнэлтүүдийг тусгасан явдал юм.

Жишээлбэл, Намдаг гуайтай хамтран найруулсан “Шарын голын гурван хаан” гэж жүжгийг Монголын хамгийн анхны түүхэн туульсын бүтээл гэж үнэлээд тухайн бүтээлийн төрөл жанр, найруулгын ур чадвар, бүр жүжигчдийн тоглолт, ур чадварын хөгжил хувьсал зэрэг мэргэжлийн  асуудлуудыг хүртэл задлан авч үзсэн байна.Энэ нь нэг талаас орчин цагийн драмын урлагийн анхны шүүмж, нийтлэл, онолын асуудлуудыг дэвшүүлсэн чухал ном гэж харагдаж байгаа юм.

Судалгааны эргэлтэд энэ ном  бүрэн эхээрээ орж ирж байгаа нь сайшаалтай. Номын агуулгын хувьд 1921-1945 он гэхэд хэсэгхэн хугацаа мэт боловч дотор нь нарийн ангилал, зүйлчлэл, нэр томьёо багтсан байна. Зөвхөн шинэ орчин үеийн тухай өгүүлэхээс гадна шинэ орчин үе дотор ямар өөрчлөлт, хувьсал явагдсан бэ гэдгийг харуулжээ. Тэр богино хугацаанд нэлээд өөрчлөлт шинэчлэлийн үе байсан нь ажиглагддаг. Мөн нийгэм цаг үеийн өөрчлөлт хувьсгалын ч үе ч давхацсан байдаг. Ийм онцгой үед сайн судлаачийн  суурь судалгаатай, буурьтай бүтээл гарсан нь анхаарал татахуйц юм.

Судалгаа шинжилгээнд сонирхолтой хүний хувьд хэлэхэд, энэ номд Монголын орчин цагийн театрын анхны жүжгүүдийн тухай үнэлгээ, дүгнэлтүүд бий. Тэр нь зөвхөн зохиолын тухай, зохиолчийн тухай ерөнхий мэдээлэл биш. Зохиолынх нь судалгаа, найруулагчдын арга барил, жүжигчдийн ур чадварын хөгжлийг хүртэл задлан шинжилж тогтолцоотой авч үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Орчин цагийн театр хэрхэн бий болсон, Монголчууд  хэрхэн хүлээж авсан, тухайн жүжгүүд нь ямар өөрчлөлт хөгжлийн түвшинд хүрч байсныг гярхай ажиглаж, дүгнэсэн бүтээл юм. Тиймээс театр судлаач, шүүмжлэгч, үзэгчдийн сонирхон унших, үнэлэлт дүгнэлт энэ ном дотор багтсан байна.

 

“Монголын жүжиг, тайзны урлагийг Монголын байгальтай холбож харсан нь сонирхол татсан”

 

-Энэхүү номыг Орос хэл дээр бичсэн хүний амьдралын талаар орчуулагчийн  хувьд яривал?

Орчуулагч Н.Пүрэвдагва:

-Олон зүйл ярьж болно. Гэхдээ зохиолчийн хувийн амьдрал нь бидэнд чухал биш байх. Харин гайхаж харсан хэдэн зүйлийг хэлье. Нэгдүгээрт, Монгол Улсын гурав дахь  Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилгаар хэрэгжүүлсэн  цуврал ном байдаг шүү дээ. “Эрт эдүгээгийн явдал” гэсэн хоёр боть зузаан ном байдаг. Тэр номын нэгдүгээр ботийг 1959 онд монгол хэл дээр хэвлүүлсэн  байгаа юм.  Хуучин Төвөд хэл дээр ч  байсан уу. Гэтэл Г.А.Уварова тэр номоос эшлэл авсан жүжгүүдийн товч агуулгыг номдоо оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хүн  1940-оод онд бид нараас эрт харсан байгаа юм.

Дээрээс нь Монголын жүжиг, тайзны урлагийг Монголын байгальтай холбож харсан нь сонирхол татсан. Номдоо бидний ад үздэг үлийн цагаан хулганыг хүртэл дүрсэлж бичсэн байдаг. Монголын байгаль, тал нутаг, говь, хэдэн  км  явж байж нэг айлаас нөгөө айлд хүрдэг ахуй амьдралыг хүртэл тэмдэглэсэн байдаг.  Үүнтэй холбогдуулан Монголын уран бүтээлчдийн авьяас билэг, ур чадвар ийм ахуйгаас төрж гарсан гэж тодорхойлсон нь надад их сонин санагдсан. Хаа холоос зорьж ирсэн хүн манай урлаг судлаачдаас илүү нарийн судалсан байна гэж бодогдохоор.

Түүнчлэн монголчууд анхны түүхэн баатруудын тухай жүжиг тавих гэж оролдсон тухай ялгаж бичсэн байдаг. Тухайлбал, 1930-аад онд жүжгийн зохиолын уралдаан зарлаж, найман жүжиг ирснээс Сүхбаатартай холбогдолтой дөрвөн жүжгийг нь сонгон тавьжээ. Гэтэл тэр жүжгүүд ямар  тус бүртээ ямар алдаатай байсан бэ, Сүхбаатар гэдэг чинь ямар ааш авиртай, биеэ яаж авч явдаг, ямар яриа хөөрөөтэй хүн байсан бэ гэдгийг хүртэл харшуулан судалж, яагаад тэр дөрвөн жүжиг амжилтгүй болсон бэ гэдгийг гаргаж тавьсан байдаг. Энэ нь  бас л нэг судалгааны чиглэл юм.

Энэ хүний хэлсэн бас нэг тодорхойлолт байсан.  Тэрээр “Монголд бичиг үсэг үл мэдэх явдал их байсан учраас  сонин, сэтгүүл, радио  байгаагүй. Энэ орон зайг Монголын театрынхан эхэн үедээ нөхөх гэсэн оролдлого хийж байсан” гэж тодорхойлсон байдаг.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, монголчууд эрт үед жүжгийн зохиолоо бичихгүйгээр тайзан дээрээ шууд найруулах маягаар жүжгээ бүтээдэг байсан. Тэр арга барилын тухай Г.А.Уварова тодорхой бичсэн байдаг. Харин эхэн үеийн тэр жүжгүүдийн бичмэл эх сурвалж үлдээгүйд тэрээр харамсаж байна гэж хэлсэн байдаг. Тэгээд бодохоор ардын аман зохиол гэдэг чинь энэ байсан байна шүү дээ.

Мөн тэрээр Монголын жүжигчдийг гурван хэсэгт хуваан авч үзсэн байна. Нэгдүгээрт,  өнөөдөр  хүртэл ярьдагчлан Зөвлөлтийнхөөс сурч Монголын шинэ үеийн театрыг бий болгосон жүжигчдийн  бүлэг. Г.А.Уварова хоёр өөр урсгалыг онцолж заасан байдаг. Нэг нь бидний сайн мэдэх Ц.Цэгмид, Бадамгарав гуай зэрэг байгалиас өгөгдөлтэй, дүрдээ ормогц нүдэнд нь гал асаад, дүрээ амьдруулж чаддаг, монгол ахуйгаас төрсөн жүжигчид. Хятадын театрыг үзэж, тэндээс сурсан хүмүүс, гол төлөөлөгч нь Ичинхорлоо нар гэж үзсэн байна. Ингэж тэрээр Монголын жүжигчдийн  гурван хэсэгт ангилан авч үзсэн байдаг.

-“Саран хөхөө” жүжиг үндэсний язгуур урлагтай яаж холбогдсон бэ?

Орчуулагч Н.Пүрэвдагва:

-“Монголын театрын үүсэл гарвалыг хаанаас авах ёстой юм бэ” гэж түрүүн Г.Галбаяр доктор хэллээ. Хамгийн ойр жишээ бол Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн “Саран хөхөө” жүжиг юм. Тухайн үеийн нийгэм цаг үеэ үзэл суртлаас шалтгаалаад “согтуу догшин хутагт” гэх мэтээр бичсэн байдаг. Гэхдээ цаад утгаараа тэр жүжгийг тоглуулж байсан нь  асар том гавьяа гэдгийг их тодорхой бичсэн байдаг.

Түрүүн Г.Галбаяр доктор “Төр байгаа газар заавал театр байдаг” гэдгийг хэлсэн. Учир нь, төр өөрийн бодлогыг тайлбарлах, зөв буруугаа ялгах шаардлагатай. Энэ утгаараа Монголын театрын урлаг урагшлах ёстой. Үүн дээр Г.Галбаяр докторын хэлсэн дээр нэмж хэлэхэд, дэлхий дээр “Юанийн  жүжиг” гэж алдартай жүжгийн бүлэг бий.  Юанийн жүжиг Монголтой хэрхэн холбогдож байгааг манайхан одоо болтол төдийлөн анхаараагүй явж байна. Гэхдээ  их сургуулиудад энэ чиглэлээр докторын ажил хийж байгаа хүмүүс бий. Юань гүрний үеийн жүжиг гэдэг нь Хубилай хаан Бээжинд очиж суурьшаад тэнд засагласныхаа дагуу Хятадын ший янгууд оруулсан хувьсгал юм.

Түүнчлэн дэлхийд “Шекспирийн хувьсгал” гэж нэрлэгддэг ойлголт бий. Энэ хувьсгалын хамгийн ойрын илрэл бол таван үзэгдэлтэй байж бүтэл үзэгдэлтэй байх шүү дээ. Таван үзэгдэлтэй байж бүтэн жүжиг болох юм.“Шекспирийн хувьсгал яагаад  таван үзэгдэлтэй байх ёстой  вэ”  гэсэн асуулт гарна биз. Гэтэл дөрвөн үзэгдэлтэй бай гэдэг тулгалтыг Юанийн эрх баригчид Хятадад тулгасан байдаг. Юанийн үеийн жүжиг бол дөрвөн үзэгдэлтэй. Тэгэхээр шатлаад явж байна аа даа.

Тиймээс Монголчуудын бахархал бол хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан  том хувь нэмэр болох жүжиг болж таарч байгаа юм.

 

“Монгол жүжгийн уг язгуур  нь  аж амьдрал, соёл иргэншлээс угшилтай, зүй тогтолтой гэдгийг харуулснаараа чухал ач холбогдолтой”

 

-1920-1930-аад оны үед тодорхой зохиолгүй байсан гэдгийг хэллээ. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

Доктор /Sc.D/, профессор Г.Галбаяр:

-Хүмүүсийн ярианд  энэ асуултын хариулт нь цухас цухас дурдагдсан. Д.Пүрэвдагва орчуулагчийн ярианд ч сая дурдагдлаа. Энэ номын эхэн хэсэгт тодорхой бичсэн байдаг. Монголын газар нутаг ямар онцлогтой. 20-30 км явж байж нэг айл таарна. Тэр айлын хүмүүсийн мал сүрэг, аж амьдрал энэ дэлхий дээрх хамгийн амар амгаланг тэнд цогцлоож  байдаг. Тэр хүмүүс урлаг соёлоор дутагдаад байсан уу гэхээр үгүй юм аа. Орой малаа хотлуулсныхаа дараа театр гэдэг зүйлийг гэр дотроо ахуйгаараа үзүүлж чаддаг  нь гайхамшигтай. Энэ нь амар амгалан амьдрахын үндэс суурь нь байна  гэдгийг номд бичсэн байдаг.

Үүн  дээрээс нэг зүйл тодорхой харагддаг. Энэ  хүний тэр үеийн судалгаа дараа үеийнх нь  жүжгүүд хийгээд Монголын театрын хөгжилд оруулж ирсэн онцгой чухал зүйл гэвэл монгол жүжгийн уг язгуур бол монгол хүний аж амьдрал, соёл иргэншлээс угшилтай, зүй тогтолтой гэдгийг харуулснаараа чухал ач холбогдолтой.

Мөн энэ ном дотор 1920-иод оны үеийн жүжгийн талаар бичихдээ  тухайн үед бодит  байдал дээр тавих жүжгүүд ховор байсан гэдгийг  дурдсан байдаг. Тухайн үед жүжгийг үйлдэл, хэсэг хэсгээр нь аман хэлбэрээр зохиож, тайзан дээр дээр шууд найруулан тоглодог байсан байна. Энэ байдлыг номд шинжлэх ухааны үндэслэлтэй бичсэн байдаг. Тэрээр номдоо  “Би Монголын болон Оросын театр, жүжигтэй холбоотой бүх материалыг байж болох бүх архиваас хайлаа. Юу ч олдсонгүй” гэж бичсэн байдаг.  Жүжгийг тухайн үед шууд найруулж тавьдаг байсан нь монголчуудын авьяас билэгтэй холбоотой байх. Нөгөө талаас, монголчуудын аман зохиолд суурилсан уламжлалтай холбоотой. Үлгэр домог, туульсыг шууд баяжуулан ярьж, түүгээрээ сэтгэлийн жаргал цэнгэл авч, үр хүүхдээ ухааруулж, хүмүүжүүлдэг байсан. Хэрэв тэр үеийн жүжгүүд бичмэл хэлбэрээр үлдсэн бол олон эх сурвалж үлдэх байсан гэдгийг бичсэн.

Энэ ном бичигдэж үлдсэн бас нэг ач холбогдол нь зохиолуудыг  бичиж тэмдэглэх, архивлаж үлддэг болсон. Хэвлэгдэж эхэлсэн. Г.Уварова гэдэг хүн Монголд ирж ажилласан цагаас хойш манай жүжгүүд хэвлэгдэж эхэлсэн байдаг. Тэрнээс өмнөх үеийн материалууд харьцангуй хомс. Өөрөөр хэлбэл, жүжиг гэдэг зүйлийг суурин соёл иргэншил рүү оруулахад тодорхой хувь нэмэр оруулсан. Эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр, сүүлийн үеийн манай театрын судлаачид, найруулагчид, жүжигчид бэлэн байгаа зохиолыг мөн гаднын нөлөө, онол, дэгийг авахаас илүү түүн дээр байгаа уугуул монголын гэсэн зүйлээ орхигдуулдаг. Тэрийгээ аваад явбал монголын театрын хөгжил урагшаа ахих боломж байна гэж хэлэх гээд байгаа юм.

 

“Монголын байгаль ширүүн сүрлэг, эрс тэс ялгарах өнгө төрхөөрөө гайхалтай. Аман зохиол, дорнын уламжлалтай”

 

-Хувьсгалаас хойш гаднын нөлөө хэр их байсан бэ. Та шашинтай холбож их сонирхолтой зүйл ярилаа. Буддын шашин театрын хөгжилд ямар хувь нэмэр оруулав?

Доктор, профессор Ш.Баттөр:

-1921 он гэдэг дээр номын нэрээр бараг тайлбарлаж болж байна. Бид өрнө төвтэй онолын чиг баримжаатай, өрнө төвтэй стандарттай нийгэмд амьдарч байгаагийн хувьд бүгд найрамдах үзэл гэдэг санаа манайд 1921 оноос эхтэй. Орчин үеийн Монгол Улсын бас нэг баталгааг бид энэ жил мэндэлснийх нь 120 жилийн ой тохиож байгаа эрхэм хүн Дашдоржийн Нацагдоржтой холбон тайлбарлаж болно. Тэрбээр Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэж тооцогддог. Орчин үе болон орчин үеэс өмнөх гэдэг ойлголтын хооронд техник технологи, үзэл санаа, модернизаци гэх зүйлийн зааг ялгаа байгаад байх шиг байна.

 Нөлөөллийн тухайд магадгүй 1930-аад оны дунд үе хүртэл марксист, ленинист  онолын  нөлөө Монголд харьцангуй бага байсан гэж боддог. Өөрөөр хэлбэл, тэр онолын тулган шаардалт харьцангуй гайгүй байсан юм болов уу. Тэр үед ч Орост шинэ эргэлтийн бодлого хэрэгжиж байсан үе байх.

Г.А.Уварова гэдэг хүнтэй холбож яривал тэрээр Ленинградын театрын урлагийн дээд сургуулийг төгссөн. Бидний хувьд 1921 оноос хойших  Монголын театрт хамгийн гол нөлөөлсөн зүйл нь гэвэл өрнө дахины сонгодог театр гэдэг зүйл манай улсад орж ирсэн гэдгийг хэлж болно. Гэхдээ энэ нь 1921 оноос өмнөх Хятад, Энэтхэг, Төвөдийн нөлөөтэй байсан Монголын театрын хөгжил муу муухай, буруу байсан гэсэн үг биш. Монголын нүүдэлчин ахуйтай холбоотой байсан үндэсний онцлогтой театрын үүсэл хөгжил муу муухай байсан гэсэн үг биш. Энэ бол театр, жүжиг, уран зохиол гэдэг өөрийгөө эрж хайна гэдэг зүйл хүн төрөлхтөн, үндэстэн бүрд байдаг. Ахуй амьдралын онцлогоос шалтгаалсан онцлогоор өөр өөрийн хэлбэрээр хөгждөг гэдгийн энгийн илэрхийлэл юм.

Дараагийн асуултын тухайд Г.А.Уварова “Монголын байгаль ширүүн сүрлэг, эрс тэс ялгарах өнгө төрхөөрөө гайхалтай. Аман зохиол, дорнын уламжлалтай” гэж үзсэн. Ингэж үзсэнийхээ дараа тэрээр “Тухайн үеийн үзэл суртлын нөлөөгөөр ид шидэд тулгуурласан ламын театр монголын театрын шинэ урлаг бүрэлдэн бий болоход ямар ч нөлөө үзүүлээгүй” гэж цохон тэмдэглэсэн байдаг. Үүнийг бид  нөгөө өнцгөөс нь бодоход ламын театр Монголын театрын шинэ урлаг орчин үеийн театрыг бүрэлдэхэд нөлөө үзүүлээгүй  юм байна. Тийм байж болно  гэж зөвшөөрье.  Гэхдээ эндээс дахиад дүгнэхэд Г.А.Уварова гэдэг судлаач, найруулагч “ламын” гэх театр Монголд байсан гэдгийг нэг талаараа баталж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл үзэл суртлын хаалттай үед Монголын цөөнгүй судлаач, философийн түүхчид, марксизм ленинизмийг магтаж, магтаж хөрөнгөтний харгис үзлийг “ийм зүйл байдаг” гэх нэрийн дор бидэнд XIX-XX зууны болон тэрнээс өмнөх үед манайд хаалттай байсан зүйлийг бидэнд тайлбарлаж өгдөг байсан шиг үгэн дотроос нь үг хайна гэдэг утгаар ингэж үзэж болно. Эндээс мөн дараагийн зүйлийг нь харж болно. Төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар гуайн судалгааны бүтээлээрээ бидэнд захиж сургаж үлдээсэн зүйлээс нь дахиад харах боломжтой.

 Монголын уран зохиол бол Төвөд, Энэтхэгийн уран зохиол соёлын харилцан нөлөөллийн зарчимд оршиж байсан гэдгийн баталгааг бас харах боломжтой. Гэхдээ дахин тодруулж хэлэхэд, бид зөвхөн Энэтхэг, Төвөдөөс аваад байсан биш тэдгээр улсуудад тодорхой хэмжээгээр харилцан нөлөөлөл үзүүлж байсан. Бид дэлхийд нөлөө үзүүлж байсан гэдгийг сая хэлсэн Юань гүрний үеийн соёлын нөлөөнөөс дээр тодруулж авч үзэх боломжтой юм.

 

“Мэргэжлийн театрын судалгааны шинжлэх ухааны арга зүйгээр бичсэн ул суурьтай бүтээл гэдгийг дахин баталж байна”

 

-Онолын зүйл маш их байна. Бид онолын зүйлээ яаж ашиглаж байсан бэ?

Утга зохиол, театр судлаач, багш Х.Чойдогжамц:

-Энэ номд гарч байгаа түүхчилсэн болоод тухайн үед тавигдсан жүжгүүд, театрт гарч ирж байгаа шинэ үзэгдлүүдийн тухай ул суурьтай шинжилгээнүүд байгаа. Уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний үүднээс хандсан тодорхойлолтууд хүртэл байна. Мөн театрын онолын сэтгэлгээний үүднээс хандаж, ажиглаж, тэмдэглэсэн зүйлс ч байгаа.

Өмнө нь ийм уламжлалтай байгаад одоо тавигдаж байгаа жүжиг дээр өмнөх уламжлалаа ийм  давуу байдлаар ахиулаад цаашдаа ийм байдлаар хөгжих боломжтой гэсэн дүр  зураглалуудыг жүжиг бүр дээр ажиглаж тэмдэглэн бичсэн байдаг. Энэ нь мэргэжлийн театрын судалгааны шинжлэх ухааны арга зүйгээр бичсэн ул суурьтай бүтээл гэдгийг дахин баталж байна. Магадгүй театр судлаач, залуу үеийнхэн энэ номыг уншаад орчин цагийн драмын урлагийн хөгжлийн гараан дээр театр ямар дүр төрхөөр бүрэлдэж эхэлсэн гэдгийг шинэ өнцгөөс эргэн харах боломжийг энэ ном олгож байгаа гэдэг нь чухал.

 

Жүжигчнийг хувийн амьдралын сайн муу тал руу орж дүгнээгүй. Харин авьяас чадвар, тайзан дээрх өгөгдөл, уран чадварыг голлон авч үзсэн байдаг

 

-Жүжигчдийн талаар, жүжгүүдийн талаар олон дүгнэлт байгаа, номд. Орчуулагчаар ажиллаж байх үед санал нийлэхгүй зүйл байсан уу?

Орчуулагч Н.Пүрэвдагва:

-Санал нийлэхгүй зүйл байгаагүй. Яагаад гэвэл, энэ хүн жүжигчний хувийн амьдралын сайн муу тал руу орж дүгнээгүй. Харин жүжигчний авьяас чадвар, тайзан дээрх өгөгдөл, уран чадварыг голлон авч үзсэн байдаг.

Жишээлбэл, Ц.Цэгмид гуайн тухайд “Жүжгэн дээр ялангуяа туслах дүр дээр хойш нь тавихгүй бол хэзээний гол дүрийн баатруудаасаа илүү анхаарал татчихаад болдоггүй байсан юм” гэж бичсэн байдаг. Тэгэхээр үүнийг сайн хэлсэн гэх үү, муулсан гэх үү.

Надад энэ номын орчуулагчаар ажиллаж байх хугацаанд  “Зөв орчуулах юм сан. Ядаж орчуулсан юмыг маань буруу, зөв хийчхэж дээ, орчуулж чадсангүй “хог” чинь гэж хэлэх вий” их бодогдож байсан. Мөн нэг бодогдсон зүйл нь би урд нь  “Хаалттай нийгэм” гэдгийг сайн ойлгодоггүй байж. Харин энэ номоос  ойлгох шиг болсон.  Өнгөрсөн цагийн  нийгэм үнэхээр хаалттай нь юундаа байсан юм бэ гэдгийг энэ номоос ойлгосон.

Г.А.Уварова номдоо жүжгийг төрөл зүйлээр нь ангилан тайлбарласан байдаг. Жишээлбэл, Хэтрүүлэгтэй жүжгийн арга ухааны талаар монголчуудад зааж өгөх ёстой юм байна гэх мэт. Нэр томьёонуудыг хүртэл тодорхой гаргаж тайлбарласан. Гэхдээ бид өнөөдрийг хүртэл тэдгээр ойлголтын гүнд бүрэн хүрч чадаагүй байна. Харин номыг нь уншаад бүрэн ойлголттой болно гэж би хэлж зүрхлэхгүй байна.

-Энэ чиглэлээр сонирхож байгаа олон хүмүүс байгаа шүү дээ, ном нийтэд хүрсэн үү?

МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва:

-Одоо бол яг үнэндээ бидний ширээн дээр л байна. Дэлгүүрээр зараагүй ч удахгүй, номын худалдааны лангуунд хүрнэ.  Ганц, нэг багш судлаачдад өгсөн байгаа. 

Буулгасан П.Амгаланбаяр

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 67 (7809)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn