Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар авах уулзалтыг өчигдөр Төрийн ордны “Нээлттэй танхим”-д хийлээ. Энэ удаад иргэдээс цалин, тэтгэвэр тэтгэмж, газрын эрхийн зөрчил болоод газрын маргаантай асуудлаар гомдол иржээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Ж.Отгонбаяр нар газрын маргаантай холбоотой тайлбар авахыг хүссэн байна. Тус хороо нь Богдхан уулын дархан цаазат газар харьяалагддаг. Өнгөрсөн жил уг газарт 1966 оноос хойш амьдарч буй 2-6 дугаар хэсгийн иргэдэд газрыг нь ашиглуулах шийдвэр гарсан. Гэвч нэгдүгээр хэсгийн  иргэдэд газрыг нь ашиглуулах гэрчилгээг одоо хүртэл гаргаж өгөөгүй гэнэ. Тиймээс энэ газар амьдарч байгаа иргэд Өргөдлийн байнгын хороонд хандаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулч­лалын яамнаас тайлбар авлаа.

Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Ж.Отгонбаяр:

-Нэгдүгээр хэсгийн иргэдэд газар ашиглуулах асуудал яагаад удаашраад байна вэ?

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөх А.Цолмон:

-Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 23-ны хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд оршин сууж байгаа уугуул иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэх чиглэл гарсан. Энэ дагуу Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооноос 201, XI хорооноос 610 нийт 811 иргэн газраа эзэмших санал ирүүлснээс дөрөвдүгээр хорооны 130, XI хорооны 316 иргэнд газар ашиглах эрхийг олгосон. Харин нэгдүгээр хэсгийн айлуудын асуудал одоо хүртэл шийдэгдээгүй нь шалтгаантай. Нэгдүгээр хэсгээс эхлээд 138 иргэний хүсэлт ирсэн ч явцын дунд 192 болж нэмэгдсэн. Юуны өмнө иргэд нь хороон дээрээ өөрсдөө учраа олох хэрэгтэйг зөвлөсөн. Анх 138 иргэний хүсэлт байсан бол  яагаад 192 болсон шалтгаанаа олох хэрэгтэйг тайлбарласан. Тодруулбал, уугуул иргэдээс гадна гадны 20, 30 иргэн нэмж хүсэлтээ гаргаж байгаа нь асуудлыг шийдэхэд хүндрэлтэй болгосон. Мөн дөрвөн хүүхэдтэй нэг айл байлаа гэхэд хүүхэд тус бүрийн нэр дээр кадастрын зураг хийгээд орж ирж байгаа нь асуудлыг хэмжээ хязгаараас нь хэтрүүлж байна. Салбарын яамнаас нэгдүгээр хэсгийн иргэ­дийн асуудлыг шийдэх чиглэлтэй ажиллаж байгаа. Одоогоор үүсээд буй асуудлыг нягтлах шатанд явж байна.

Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Ж.Отгонбаяр:

Өмнөх сайд С.Оюун газрын хэмжээг 0.7 га гэж байсан бол Д.Оюунхорол 0.05 болгосон. Харин одоогийн сайд 0.04 га болгон өөрчилж байгаа нь ямар үндэслэлтэй вэ?

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн н.Шижирбат:

-Газрын хэмжээ яагаад өөрчлөгдсөн талаар тайлбар хийх хэрэгтэй. Юуны өмнө тухайн газар нь хязгаартай учраас 0.04 га гэсэн шийдвэрт хүрсэн. Өмнө нь 0.7 га газар гэж байснаас орц, гарц, нийтийн зам талбайг төлөвлөн хасаж 0.04 гэсэн  тооцоог гаргасан. Мөн тухай байршилд гурван аж ахуйн нэгжийн давхцал байсан. Иргэдийн асуудлыг зохицуулахын тулд тухайн компаниудын газрын асуудлыг шийдсэн. Одоогоор хоёр компанитай зөвшилцсөн бол нэг компанийн асуудлыг шийдэхээр хэлэлцэж байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөх А.Цолмон:

-Үерийн далан, хориотой бүсэд буусан айлууд бий. Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн айлуудад нүүх шаардлага тавьж байна. Үүнээс гадна бид нэгдүгээр хэсэг дээр ерөнхий төлөвлөгөө хийж үзсэн. Өөрөөр хэлбэл, 192 иргэний хүсэлтийг шийднэ гэвэл одоо байгаа газраа хэрхэн хуваарилах талаар тооцоолсон. Нэг айлд дунджаар 400 мкв талбай оногдох тооцоо гарсан. Үүнийгээ нэгдүгээр хэсгийн иргэдэд танилцуулсан боловч энэ саналыг хүлээж авах боломжгүй гэсэн. Тиймээс одоо 138, 192 гэсэн тооныхоо учрыг хороон дээрээ эхлээд шийдчихвэл, салбарын яамны зүгээс газар ашиглуулах асуудлыг шийдэх бүрэн боломжтойгоо хэлсэн гэв.

Эцэст нь Өргөдлийн байнгын хорооноос уг асуудлыг хариуцсан ажлын хэсэгт үүсээд буй нөхцөл байдлыг даруй шийдвэрлэх чиглэл өглөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин