Т.САЙХАН
Автобусны чиглэл өөрчлөнө, гэдэг тун ч ярвигтай ажил. Нэг сая гаруй хүнтэй, гэр хороолол ихтэй манайх шиг хотод судалгаа шинжилгээ хийх, олон газраас зөвшөөрөл авч, тамга даруулах гээд хэдэн сар жилийн ажил болно. Нийслэлийн нийтийн тээврийнхэн ч үүнийг баталж хэлнэ. “Ургах наран” хорооллынхон тухайн чиглэлдээ автобус явуулж өгөхийг нийслэлээс хоёр жил гуйсны хүчинд саяхнаас “Офицер-Ургах наран” гэсэн чиглэл бий болсон юм даг. Одоо “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчид ч нийтийн тээвэр явуулж өгөхийг хүсээд, тусыг эс олоод сууж байна. Гэтэл зарим нэгэн эрх мэдэлтэнд автобусны чиглэл өөрчлөнө гэдэг алга урвуулах дайны амархан ажил юм. Үүнийг УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ батлан харууллаа. Тэрээр Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хандгайт зуслангаас хойшоо чиглэлд явдаг байсан нийтийн тээврийн автобусны чиглэлийг өөрчилж “Тамир” амралтын газар руу явдаг болгожээ. Иргэдийн хэлж буйгаар “Тамир” амралтын газар нь С.Эрдэнэ гишүүнийх бөгөөд “Тамир” амралтын чиглэлд айлууд цөөн, иргэд ч бага зорчдог байна. Гэтэл тэрээр өөрийн эрх мэдлийг ашиглан өөрт ашигтай байдлаар автобусны чиглэлийг өөрчилж чаджээ. Үүгээрээ тэрээр Хандгайт орчмын иргэдийн эрх ашгийг уландаа гишгэлээ.
Эх сурвалж:www.polit.mn