Д.БОЛОРМАА

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Анхдагчдын өлгий нутаг Булганаар юутай байна вэ. Тариа ургац, өвлийн бэлтгэл хангах гээд завгүй яваа байх. Дээрээс нь бүтээн байгуулалтын ажлууд ар араасаа цуварч байгаа биз?

-Аймгийн Засаг даргаар томилогдоод есөн сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Булган аймгийг өөрчлөх “Шинэ Булган” мөрийн хөтөлбөр боловсруулаад эхнээс нь ажил хэрэг болголоо. Энэ хөтөлбөр нь  2013-2016 он хүртэл Булган аймгийг хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө юм. Тухайлбал, Булган сумыг Булган хот болгоно. Мөн сумдыг хөгжөөд явах боломжийг нь бүрдүүлэхийн төлөөх  ерөнхий төлөвлөгөө болон аймгийн төвийг хот болгох чиглэлд нэлээд бодлого боловсрууллаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд аймаг бүр 1000 айлын орон сууц барих учиртай. Энэ хүрээнд манай аймаг эхний ээлжинд 680 айлын орон сууц төлөвлөөд байна. Одоогоор 320 айлын орон сууцны газрыг нь олгосон, одоо инженерийн шугам сүлжээг нь татаж өгч байна.

-Булганд таун хаус хороолол бий болно гэж дуулсан?

-Шинэ суурьшлын таун хаус хороолол бий болгохыг зорьж байна. Энэ нь 380 айлын цогцолбор хороолол байх болно. Цэцэрлэг, сургууль, үйлчилгээний төвтэй.  Газрыг нь олгочихоод гүйцэтгэх компаниудтай нь гэрээ хийгээд явж байна. Инженерийн шугам сүлжээг нь ч гэсэн өргөтгөж байна. Булганы хөгжилд тэр дундаа барилга байшин барихад шугам сүлжээг өртөтгөх ёстой. Тиймээс Барилга хот байгуулалтын яамтай ярилцаж санал болгосноор энэ ажилд 15 тэрбум төгрөгийг зарцуулна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн район бий болгож байгаа. Түүн рүүгээ инженерийн шугам сүлжээг тэлж байна. Мөн нийгмийн чиглэлийн нэлээд олон асуудлыг шийдэж байгааг хэлэх хэрэгтэй. “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрт бүтээн байгуулалтын ажлаас гадна нийгмийн чиглэлийн нэлээд олон ажил бий. “Архигүй Булган” болон шатар, морин хуур гэсэн дэд хөтөлбөр бий. Дээрээс нь Булганыг ногоон хөгжлийн загвар аймаг болгохын төлөөх тодорхой ажлууд хийж байна. Загвар аймаг болохтой холбогдуулан манайд хоёр том зовлон байгаа. Нэгдүгээрт, бидний дэргэд 100 мянга гаруй хүнтэй Эрдэнэт хот байна. Түлэх түлээ, уух ус, идэх хоолоор нь Эрдэнэт хотыг бид 36 жил тэжээж ирлээ. Үүнээс хойш ийм байдлаараа явах уу гэсэн бодлогын асуудал гаргаж тавихгүй бол байгаль орчинд сөрөг нөлөөтэй ажлыг заавал үргэлжлүүлээд байх боломжгүй. Бид ч гэсэн Эрдэнэт хотын удирдлагуудад хэлж байгаа. “Ундныхаа усанд хяналтаа тавь. Түлээ гэхээс илүү шахмал түлшний хэрэглээг бий болго” гэсэн хатуу болзол тавьсан. Энэ хүрээнд хоёр Засаг даргын хамтарсан гэрээ ч байгуулсан байгаа.

-Танай аймаг түлээ мод ихтэй ч байгаль орчиндоо сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж шахмал түлш хэрэглэхийг урьтал болгож байгаа гэсэн үү?

-Байгалд ээлтэй нано чиглэлийн үйлдвэрлэл рүү явах хэрэгтэй. Манай аймаг шахмал түлшний таван үйлдвэрийг дэмжиж байна. Орон нутгийн хөгжлийн сан болон байгаль орчны сангаасаа 450 сая төгрөг тусгаад дэмжээд явж байгаа. Гэтэл биднээс түлээний мод авч хэрэглэдэг Эрдэнэт хот маань шахмал түлш хэрэглэх тухай ганц үг ганхийхгүй байгаа нь сонин шүү. Бид өөрсдөө шахмал түлшний үйлдвэрлэл рүү явж байхад биднээс түлээний мод авч хэрэглэдэг Орхоныхон энэ талаар нэгийг бодох ёстой. Нөгөө нэг зовлон нь Булган аймгийн иргэд маань мод голж түлэх юм. Гишүү түлэхгүй, унасан униар мод түлэхгүй. Хойд сумд маань заавал хуурай мод түлнэ. Энэ утгаараа ард түмний сэтгэхүйд өөрчлөлт оруулах хэрэг гарч байна. Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа шахмал түлшний үйлдвэрийн бараа борлогдохгүй байна гэж байгаа. Яагаад гэвэл манайхан тэрийг нь авахгүй байгаа хэрэг. Тэгэхээр түлж сургах чиглэл рүү бодлого боловсруулаад ажиллаж байгаа юм. Нөгөө талаар Булган аймаг энэ жил ургац сайн авах шинжтэй шүү.  Яах вэ, болц жаахан оройтож байгаа зүйл бий. Энэ зун бороо хур ихтэй байсан учраас тарианы болц жаахан хоцорч байгаа нь тэр. Төмс, хүнсний ногоо сайн ургасан. Харин хүнсний ногоогоо хадгалахад асуудал байгаа учраас энэ чиглэлээр бодлого гаргалаа.  Сумдад ногоо тарьж байгаа аж ахуй нэгжид стандартны дагуу хадгалах агуулахыг бий болгоход сум хөгжүүлэх сангаас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж өгч байна. Ерөнхий сайд өнгөрсөн хавар Булган аймагт ажилласан. Тэгэхэд Тариалангийн бүс нутаг Худаг-Өндөр суманд 35 тонны агуулах бий болохоо амалсан. Үүнийх нь дагуу бид саналаа явуулаад таван тэрбум төгрөгөөр барихаар шийдэж байна. Хэрэв тэнд будааны агуулах баригдчихвал Худаг-Өндөр, Тэшиг, Баян-Агт болон Хөвсгөл аймгийн Тариалан, Рашаант, Их-Уул гэсэн сумдын тариалангийн аж ахуйн нэгжүүд будаагаа хадгалах давуу тал бий болж байна. Дээр нь стандартны дагуух ногооны агуулах барьж өгье гэсэн төсөл байна. Энэ хоёр төсөл хэрэгжвэл газар тариалангийн бүс нутагт нэлээд том хөрөнгө оруулалт хийгдэх юм.

 

Булган аймгийн нутаг дэвсгэрт Монголын анхны төрт улс болох Хүннү, болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгарын хаант улс, Кидан, Киргиз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон бий.

 

-Булган бол уул уурхайд эвдэгдээгүй ганц аймгийн нэг. Түүхэн дурсгалт газрууд ч олон. Аялал жуулчлалыг төгс утгаар нь хөгжүүлэх боломж бий биз?

-Аялал жуулчлалыг эдийн засгийн нэг бодлого болгож байна. Манайх газар тариалан, мал аж ахуй голлодог аймаг. Энэ хоёрын дараах нь аялал жуучлал. Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж нь байгаа. Аялал жуулчлалыг таван чиглэлээр хөгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд, түүх дурсгал, байгаль экологи,  ус, рашаан сувилал болон хилийн районд аялал жуучлалыг хөгжүүлэх зэрэг таван зорилттой. Энэ бол Булган аймагт хэрэгжих хамгийн боломжтой зүйл. Манайх том, том хотуудтай засмал замаар холбогдож. Аялал жуулчлал өндөр хөгжсөн Архангай, Хөвсгөл аймаг руу зорчигчид манай аймгаар дайран өнгөрч байгаа. Үүнийг далимдуулан Булганд “Буугаад морддог” болгох ёстой. Өвөл, зуны аялалыг давхар хөгжүүлэх боломжтой. Мөн түүхийн чиглэлээр хөгжүүлэх өндөр боломж байна. “Шороон бомбогор” гэж Азид байхгүй олдвор манайхаас олдсон.  Энэ олдворыг түүхийн цогцолбор байдлаар байгуулах төслийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхантай хамтран хэрэгжүүлэхээр зэхэж сууна. Цогцолбороо барьчихвал Цогтын цагаан балгас,  туурь, хүн чулуу зэрэг түүхэн олдворуудаа багтааж өгнө. Дээрээс нь манайх рашаан сувилал ихтэй.  Өнөөдөр иргэдийн дунд “Сайханы рашаан” алдартай болж байна. Рашааныг дагасан амралт, сувилалын чиглэлд үйл ажиллагаа явуулах боломжтой.  Аялал жуулчлалыг эдийн засгийн гол бодлогоо болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.

-Шинэчлэлийн Засгийн газар нэг жилийн хугацаанд 35 мянган хүний ажлын байр нэмсэн гэж Н.Алтанхуяг дарга хэлсэн. Үүнийх нь хэдэн ажлын байр танай аймагт байна?

-Ажлын байр тодорхой төвшинд нэмэгдэж байна. Аймгийн удирдлагууд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийг дэмжиж байгаа. Бүтээн байгуулалт болоод ард түмний амьдралыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо их гэж харж байна. Түүнээс биш шахдаг, дарамталдаг, янз бүрийн асуудлаар хойрго ханддагаа болих хэрэгтэй. Ер нь юм хийе гэсэн компанийг дэмжээд бололцоогоор хангаад явна. Зээл тусламжид хамрагдах бол тодорхой хэмжээгээр дэмжинэ. Өөрийнхөө хөрөнгөөр бүтээн байгуулалтад оролцоё гэвэл зөвшөөрнө. Ямар нэгэн дарамт шахалт, хаадаг боодог, хавчдаг шахдагаа багасгая гэж бодож байна. Харин орон нутгийн компаниас юу шаардаж байна гэхээр хийх ёстой ажлаа чанартай, стандартны дагуу хий гэж. Дараа нь гомдол санал иргэдээс ирэх ёсгүй шүү гэдгийг хатуу сануулж байгаа юм. Саяхан барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон компанийн төлөөлөлтэй уулзахад тэд баяртай байна лээ. Бидний ажил хийе гэсэн урмыг дэмжиж байна гэж. Үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдүүлэх боломжтой гэдгээ ч хэлнэ лээ.

 

Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон, Хануй зэрэг том гол, Харгал, Хунт, Айрхан зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануйн, Асгатын зэрэг рашаан ч бий.

 

-Иргэдийн санал, шүүмжлэлийг сонсдог “1111” дугаарын салбар байгуулагдсан гэсэн үү?

-Иргэдийнхээ санал шүүмжлэлийг сонсох 70347034 гэсэн утас ажиллуулж байна. Нийслэлд байгаа 1111 дугаартай адилхан. Энэ утсанд ирж байгаа мэдээллийн дагуу арга хэмжээ авдаг, ажил зохион байгуулдаг, ирсэн мэдээллийг багцлаад холбогдох газарт нь хүргүүлж байна.

-Та цогцолбор хотхон байгуулах тухай ярьж байна. Энэ барилга нь хэзээ ашиглалтад орох юм бэ. Танай аймагт таван давхраас дээш барилга барьж болохгүй гэж заасан байдаг шүү дээ. Газар хөдлөлтийн идэвхтэй бүс гэж?

-Газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг нь үнэн. Зургаан давхраас дээш барилга барьж болохгүй гэж заасан. Тэгэхээр бид аль болох өндөр давхар байшин барина гэж бодохгүй байна. Яагаад гэвэл бидэнд газар байгаа учраас хувийн таун хаус чиглэлийн барилгыг түлхүү хөгжүүлнэ. Энэ ч утгаараа инженерийн шугам сүлжээг нь тэлж өгч байгаа юм. Бүтээн байгуулалтын хүрээнд өөр нэг онцлох зүйл юу гэхээр хүүхэд, залуучуудын парк гэж төсөл хэрэгжүүлж байна. Өнөөдөр манайд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх, гулгах, тоглох, газар нь хомс. Ийм учраас хүүхдийн парк барина. Тоглох тоглоомтой, ногоон байгууламжтай, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх талбай гээд залуучуудын эрүүл, зөвөөр зугаалах орчинг нь бүрдүүлж өгнө. Мөн бүсийн хэмжээний хүүхдийн зуслан барихаар төслөө боловсрууллаа.  Ахмадууддаа зориулж сувиллын газар, битүү зах гээд бүтээн байгуулалтын олон ажил бидний өмнө ирчихээд байна. Энэ бүх ажил руу бид нэг амьсгаагаар дайран орж байна. Тэгэхгүй бол хэн хийж өгнө гэж хүлээж суух билээ.

-Шинээр барих цогцолбор байрыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох уу?

-Өнгөрсөн хугацаанд манайд нэг ч барилга нэмэгдээгүй. Энэ жил 60 айлын орон сууц ашиглалтад орж байна. 2014 ондоо багтаагаад бусад барилга нь баригдаад дуусчихна. Энэ байруудыг иргэдэд хөнгөлттэй үнээр өгөх нь дамжиггүй. Нийслэл хот руу хошуурдаг биш Булгандаа сайхан амьдрах боломжийг нь олгох гэж л бид том, том ажил төлөвлөөд явж байгаа юм шүү дээ. Одоогоор манай аймагт 13 мянган хүн байна. Бидний төлөвлөгөөгөөр энэ тоог 21 мянга болгох зорилготой. Хүн амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд ажлын байр нэмэх, хүүхэд нь явах сургууль, цэцэрлэг нь байх ёстой. Өнөөдөр манай аймаг малынхаа тоо, хураах тариа ургацынхаа нөөцөөр улсад эхний гуравт ордог. Харин хүн амынхаа тоогоор хамгийн бага гурван аймгийн нэг. Мал аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх боломж бий. Энэ чиглэлээр гадаад харилцааг ОХУ, Европ, Герман руу хандаж байна. Малын түүхий эд жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгоход хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж байгаа хэрэг. Түүнээс биш Засгийн газрыг хараад суугаад байж таарахгүй.

-Танайд ажилгүй иргэдийг ажилтай болгох хэд, хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа гэсэн. НҮБ-ын төсөл гэхэд иргэдийг хоршоо байдлаар ажиллуулж байгаа юм билээ?

-170 бүлэг хоршоо зээл аваад ажил, хөдөлмөр эрхэлж байна. Өдгөө тэдний ажил  урагштай байгаа мэдээг албаныхан өгсөн байгаа. Үүнээс гадна улсын хэмжээнд дөрвөн аймгийн найман суманд цэвэрлэх байгууламж барих төсөл бмй. Үүнд нь манай аймгийн хоёр сум орсон. Өнөөдөр Булган аймагт цэвэрлэх байгууламж байхгүй. Манайд бохирын лагийн талбай нь задгай байна. Энэ нь мэдээж байгаль орчинд асар их хор хохиролтой. Ирэх хавраас цэвэрлэх байгууламж барина.

-Дулааны станцаа хэзээ барьж дуусгах вэ. Нэлээд удлаа шүү дээ?

-Дулааны станцаа хоёр, гурван жилийн өмнө барьж эхэлсэн байдаг юм билээ. Гэтэл гүйцэтгэгч компанийнхан нь барьж дуусгаагүй байж мөнгө байхгүй гээд зогссон. Засгийн газар мөрийн хөтөлбөрт аймаг бүрт дулааны станц барина гэж заасан ч түүнд нь манайх багтаагүй.

-Нэмэлт хөрөнгө авч болдоггүй юм уу?

-Хоёр тэрбум төгрөгийн асуудлыг Эрчим хүчний яам болон Эдийн засгийн яаманд хүргүүлсэн байгаа. Гүйцэтгэгч компанийнхан нь “Хоёр тэрбум төгрөг 2014 төсөвт суучихвал бид зээл аваад дуусгаад барина” гэж хэлээд байгаа юм. Хуучин бол тэд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон гэж хэлнэ лээ. Урьдчилгаа мөнгөө өгвөл захиалсан техникээ авчраад байгуулах боломжтой юм билээ.