Р.ОЮУН

“Анх цагдаа болоод шантрах үе байсан ч  удаан үргэлжлээгүй. Энэ бол иргэдийн амгалан тайван, аюулгүй байдлын манаанд цаг, наргүй ажилладаг нэр хүндтэй сайхан алба шүү дээ” хэмээн ярих энэ залууг Өлзийбатын Нармандах гэдэг. Тэрээр Булган аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн даргаар ажилладаг  бөгөөд цагдаагийн хошууч цолтой нэгэн. Түүний гэргий Т.Туяа ч бас тус цагдаагийн газарт Мэдээлэл, судалгааны албанд байцаагчаар ажилладаг,  ахлах дэслэгч цолтой нүдэнд дулаахан бүсгүй. Амаргүй энэ албанд  гэр бүлээрээ хүчин зүтгэдэг юм. Тиймээс  энэ удаагийнхаа “Амьдралын тойрог” буланд тэднийг  зочноор урьсан юм.

Зочид маань “Аюул тулгарвал цагдааг дуудаарай. Амар байвал битгий муулаарай” гэдэг  үгийг хэлэх дуртай.  Гэрийн эзэн Ө.Нармандах  цагдаагийн албанд  10 гаруй жил зүтгэсэн туршлагатай нэгэн. Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, хуулийн байгууллагынхан түүнийг андахгүй. Түүний Булган аймагт ирж, ажиллах болсон шалтгаан бас их сонин. Хотод өссөн, хөдөөгийн амьдрал мэдэхгүй шавилхан хүү дөнгөж сургуулиа төгсөхдөө хотод тэр тусмаа Чингэлтэй дүүрэгт томилогдож ажиллах хүсэлтэй байжээ.

Гэтэл Цагдаагийн ерөнхий газраас “2002 оны төгсөлтийг хотод үлдээхгүй. Бүгдийг нь хөдөө орон нутагт томилно” гэсэн хариу ирж. Анх ажилд орохоор хөдөө ирж байсан үеэ бодвол өнөөдөр тэр хөдөөгийн хөрслөг бор залуу болжээ. Ажиллаж, амьдарч буй газартаа ч сэтгэл хангалуун, өрх гэрээ Булган аймагт цогцлоож, олны хэлдгээр Булганы хүү болсон байна.

Цаг наргүй цагдаагийн албанд хамт ажилладаг болохоор  ар гэрийн ажил орхигдох, үр хүүхэд эзэнгүйдэхээс эхлээд саад бэрхшээл мундахгүй. Гэсэн ч тэр хоёр энэ мэт элдэв зүйлд шантарч, ажлаа нэг ч удаа цалгардуулж байгаагүй гэдгийг нэг дор ажилладаг, нэг албанд зүтгэдэг найз, нөхөд нь ярьж байсан. “Айл гэрийн амьдрал болсон хойно, асуудал гарвал зохицуулаад явдаг юм” хэмээн ярих нь тэд ажил, амьдрал хоёрыг ялгаж салгадаг, зарчимч хүмүүс болох нь илт. “Цагдаагийн байгууллагын гол үүрэг бол хүмүүсийн амгалан тайван байдлыг хангах. Тиймээс  хэдийд ч хамаагүй дуудлага хүлээж авна. Шөнө, үүрээр ч хамаагүй түргэн авахад хоёр хүүхдээ унтаагаар нь эсвэл том охиноо сэрээгээд “За миний охин айж болохгүй шүү. Хаалгаа түгж” гээд хаяад явна. Мэдээж том хашаанд хоёр хүүхдээ орхиод гарсан хойно үр хүүхдэдээ санаа зовно. Заримдаа амралтын өдрөөр ч ажилладаг” гэв. 

Эднийх хоёр хөөрхөн охинтой. Том охин  Аминцэцэг  нь тавдугаар ангид сурдаг . Бага охин Бодула энэ жил таван настай, цэцэрлэгт явдаг гэж байв. Тэдний хоёр охин хоёулаа их өвөрмөц нэртэй. Энэ нэрнийх нь утга учрыг асуувал бага охин Бодулагийн нэрийг ээж нь өгчээ. ХIII зууны үеийн баруун гарын их гэгээрсэн, эрдэм номтой хатны нэрийг бэлгэдэж өгсөн гэж байв. Харин том охин Аминцэцэгийн нэрийг нагац ах, аав хоёрынх нь өгөх гэж байсан нэрний талыг авч ийн нэрлэсэн гэж байв.

ЭРХЗҮЙН АНГИАС ЭХНЭРЭЭ СОНГОСОН СЭРГЭЛЭН СОНСОГЧ

Түүний эхнэр  Т.Туяа хотынх гэмээр дэгжин бүсгүй. Нүдэнд дулаахан, нүүрэмгий, хэлж ярих нь хүртэл цаанаа л нэг тов хийсэн бүсгүй. Харин түүний хувьд Булганд ирж ажиллах болсон нь бас их сонин түүх өгүүлэх аж. Багаасаа цэргийн амьдралыг мэдэх энэ бүсгүй эр нөхөртэйгөө оюутан байхдаа, Цагдаагийн дээд сургуульд танилцжээ. Эхнэртэйгээ анх яаж танилцсан тухай асуухад цагдаагийн хошууч цолтой залуугийн нүүрэнд инээмсэглэл тодорч сэргэлэн оюутан байснаа ийн дурсав. “Би  тэр үед гуравдугаар курсийн сонсогч, эхнэр маань  эрхзүйн ангийн нэгдүгээр курсийн оюутан байсан. Оюутнуудын дунд зохион байгуулдаг “Дэвжээ” тэмцээнд оролцохоор бид хамтдаа бэлтгэл хийж байгаад танилцсан юм. Тухайн үед эхнэрийн маань ааш  зан, биеэ авч явж байгаа байдал нь надад таалагдсан учраас хойноос нь нэлээн гүйсэн дээ. Эхнэр маань сургуулиа төгсөөд дотоодын цэргийн 805 дугаар ангид ажиллаж байгаад гурван жилийн дараа Булганд ирсэн. Туяа маань цэргийн гэр бүлд төрж, өссөн болохоор ч тэр үү эрс шийдэмгий, эршүүд зантай. Ямар ч асуудалгүй, хийх ёстой юмаа цагт нь хийдэг. Хэлье гэснээ хэлж, хийе гэснээ хийдэг, айл гэрийн сайн эзэгтэй дээ” хэмээн  эхнэрээ магтах. Харин энэ үед Туяа бидний ярианд оролцож “Хичээлийн анхны өдөр манай ангид эд нартай нийлдэг нэг охин  орж ирсэн юм. Тэгээд нэг өдөр нөгөө охинтой хамт гараад явж байтал  Нармандах шалганы жижүүртэй байж таарсан юм. Тэр охин  “Энийг Нармандах гэдэг юм танилц” гэснээр бид хоёр анх танилцаж байсан. Харин “Дэвжээ” тэмцээнд оролцсоныхоо дараа “Би чамд хайртай болчихлоо” гэж билээ хэмээн дурсав.

 

ЦЭРГИЙН АМЬДРАЛААР ХҮМҮҮЖСЭН ЗАСТАВЫН ДАРГЫН ОХИН

Бүсгүйчүүд дунд цэрэг, цагдаагийн газар ажиллах, тэр тусмаа дүрэмт хувцас өмсөөд гялалзтал алхах хүсэлтэй хүн цөөнгүй. Тиймдээ ч цэргийн хувцас өмссөн эмэгтэйчүүдийг хараад сэтгэл дотроо нууцхан атаархах, догдлох хүн олон. Туяагийн хувьд цэрэг, цагдаагийн байгууллагад ажиллана гэдэг бас л нэгэн хувь тохиол байсан гэлтэй. Төрсөн цагаасаа эхлэн аав, ээжийгээ дагаж, хөлд, хэлд орсон цагаасаа л хилийн цэрэгтэй  ойр өсчээ.  Тэрээр “Миний аав хилийн цэргийн хурандаа, ээж хилийн цэргийн ахлах дэслэгч цолтой. Хилийн цэргийн хүмүүсийн хүүхдүүдийн амьдрал их сонин. Намайг гурван нас хүртэл манайх Суварган цэнхэр уулс киног хийсэн Дорнодын Халх голын заставт байсан. Аав минь тэнд заставын дарга хийж байсан. Тэгээд дараа нь  хотод ирж  дотоодын цэрэгт ажилласан. Манайх нэг л их нүүдэллэсэн айл байж билээ. Хилийн цэргээр явсаар байгаад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд штабын даргын үүргийг олон жил хийж байгаад Говь-Алтай аймгийн Алтай сум руу явсан. Аав хаана л очиж ажиллана, бид тэнд нь л явна. Ингээд нүүгээд яваад байхаар чинь хүүхдийн хичээл сурлага ч тогтворгүй, хичээлдээ тааруухан болчихдог юм байна лээ. Би айлын том охин. Эцэг, эхээс дөрвүүлээ. Би гурван сартайгаасаа л хуарангийн амьдралаар амьдарч ирсэн болохоор ээж минь “Цэргийн хүн, цагаан зээр, эмэгтэй хүн гурав нутаггүй” гэдэг юм. Миний охин цэрэг, цагдаагийн хүнтэй суув даа гэдэг байсан. Би аравдугаар ангиа төгсөөд Клорада олон улсын дээд сургуульд орсон. Монголд хоёр жил сураад үлдсэн гурван жилийг нь Америкт сурдаг юм. Тэнд хоёр жил сураад гурав дахь жилдээ Амерк явах гэж байтал аав маань Говь-Алтайн отрядын дарга байж байгаад хүндээр өвдөж хотод ирлээ. Тэгээд “Миний охин явах нь худлаа боллоо. Аавынх нь бие өвдөөд ажлаасаа гарчихлаа. Миний охин сургуулиасаа гарахаас даа” гэсэн. Тухайн үед төлбөр нь өндөр гурван сая төгрөг байлаа. Тэгээд би сургуулиасаа гарчихаад иртэл аав “Чамд гурван сонголт байна. Би чамайг анагаахын дээдийн мэс заслын ангид шалгалтгүйгээр оруулж өгье. Хоёрдугаарт, Хилийн цэргийн дээд сургууль байна. Гуравдугаарт, цагдаагийн академид орох  сонголт байна. Аль нэгийг нь сонго” гэсэн. Тэгэхээр нь би эмч болохгүй, яагаад гэвэл цуснаас айдаг. Хоёрдугаарт, та хоёрыг дагаад хилийн цэргийн хүн болохгүй гэж хэлээд цагдаагийн академийн энгийн ангид сурч хуульч мэргэжилтэй болно гээд орсон.

Би анх цагдаад орохдоо жижүүрийн цагдаагаас эхлээд хэв журмын цагдаа, бичиг хэргийн ажилтан, хүний нөөцийг хийж байгаад энэ ажил дээрээ ирсэн. Сургуульд байхдаа тооны хичээлд сайн байгаагүй. Гэтэл миний ажил дандаа тоо боддог. Заримдаа тоо бодоод сууж байхдаа “Тоо бодож чаддаг байсан бол юунд цагдаагийн ажил хийх вэ” гэж боддог юм. Миний ажил хүмүүсийн хийж байгаа ажлын дүнг гаргадаг. Хэн хэдэн хэрэг шалгаж байна, энэ хэргүүд нь ямар байна. Юунаас болж энэ хэрэг үйлдэгдэв. Ямар арга хэмжээ авбал зүгээр вэ гэдгийг нь тодорхойлж өгдөг. Арван жилийн сургуулиа төгсөөд өөр сургуульд сурч байгаад 2-3 жилийн дараа цагдаагийн академид орсон. Сургуулиа төгсөөд хаана ажиллахаа сонгож чадахгүй, бид хоёр хоорондоо ярилцаад “Хоёр, гурван  аймаг байна. Эжийнхээ нутаг руу явдаг юм билүү” гээд ...Тэгээд л  бид хоёр энд ажиллахаар ирсэн. Булган нутаг үнэн сайхан хангай. Бид хоёр энд сайхан амьдарч байна” гэв. Булган аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа О.Ганбат санаачлагатай сайн ажилладаг. Албан хаашчиддаа зориулж 30 айлын орон сууц барьж байгаа.

 

Т.Туяа:

АЖИЛ ДЭЭР ТЭР ХАТУУХАН ДАРГА, ХАРИН ГЭРТЭЭ БОЛ САЙН ААВ

Гэр бүлийн хоёртой ийн ярилцаж суухдаа айл гэрийн бүхий л ажлыг амжуулж явдаг  эхнэрээс нь зарим нэг зүйлийг асууж сонирхсон юм. Эр нөхөр нь түүнд “Ажилсаг эзэгтэй” хэмээн магтаж, Туяа маань ар гэрийн ажил, албан ажил хоёроо аль алиныг нь амжуулаад л явдаг юм хэмээсэн. Харин энэ их ажлын хажуугаар эхнэр, ээж хүний үүргийг хэрхэн амжуулдаг талаар түүнээс өөрөөс нь асуухыг хүссэн юм.

-Ажил ихтэй үед ар гэрийн асуудал зохицохгүй, заримдаа бухимдах үе гардаг байх. “Хэрэггүй цагдаа боллоо” гэж бодох үе гарч байсан уу?

-Нэг хэсэг шантарсан. Хүүхэд бага, өвдөхөд нь нөхөр олдохгүй ажил ихтэй яваад өгөхөөр нь ажлаасаа гараад өөр ажил хийе гэж боддог байсан. Заримдаа хүүхэд өвдсөн тохиолдолд хоорондоо яриад хэн өндөр цалинтай нь ажлаа хийж, бага цалинтай нь чөлөө авъя гэдэг. Би ихэвчлэн чөлөө авна. Хааяа хүүхдээ ажил дээр авчрахаар манай дарга “Амиа ажилдаа ирсэн үү” гэдэг. Бага охин маань их хүнд өвдөхөд манай энд байдаг Лхагважав гэдэг маарамбынд цагдаа хувцастайгаа очиход надад тан өгөөд “Би сая хуралд суугаад ирлээ. Хүн амьдралдаа номын, эдийн, аюулгүйн өглөг гэж өгдөг юм байна. Та хоёрт маш их баярлалаа. Цагдаа нар хүмүүст дандаа аюулгүйн өглөг өгдөг юм шүү. Тиймээс ажлаараа бахархаж яваарай” гэсэн. Тэгээд тэднийхээс гараад найз хүүхэнтэйгээ аюулгүйн өглөг гэж юу хэлээд байгаа юм бол гэж гайхлаа. Тэгсэн харанхуйд цагдаа хувцастай, энгийн хувцастай хоёр хүн явж байвал ард нь явж байгаа хүн цагдаа хувцастайг нь дагадаг юм байна. Цагдааг муулж, дургүй байсан ч энэ хүнийг дагавал аюулгүй, тайван явдаг гэж байсан. Тиймээс бид  “Хүнд аюулгүйн өглөг өгдөг юм байна” гээд ажлаараа их бахархсан. Манай хамт олон сайхан хамт.  Эвтэй найртай, ажлыг хийсэн шиг хийдэг. Бие биетэйгээ сөргөөцөлдөх ажил тун бага. Манай байгуулагад хамт олон жигдэрч, зүгширсэн, зан зангаа мэдэлцсэн хүмүүс ажилладаг.

-Ханийнхаа ямар занд татагддаг вэ. Санаанаас чинь гардаггүй хөгжилтэй үеэсээ хуваалцахгүй юу?

-Ямар нэг хүнд бэрхшээлтэй зүйлийг өөдрөг талаас нь хардаг. Манай хүн айлын ганц хүүхэд. Аавыгаа тав харвахад эмнэлэгт сахиж байхад эмч нь “Барагтай айлын эмэгтэй хүүхэд, эхнэр ингэж сахьдаггүй юм” гэж гайхаж байсан. Амьдралд өчнөөн л асуудал гарахад “Хоёулаа үүнийг даваад гарна аа” гэдэг. Юмыг хошин байдлаас харж чаддаг нь надад таалагддаг. Юмыг ингэж тэгнэ гэсэн бол заавал эцсийг нь үздэг зантай. Энэ зан ажилд нь ч тохирдог. 12 жил амьдрахдаа ганцхан удаа л хоол хийж өгсөн. Танилцаад удаагүй байхдаа намайг гэртээ уриад хоёулаа юм чинь гоймонтой шөл хийчихье гээд “Мартагдашгүй намар” кинон дээр гардаг шиг хүүе гэхийн завдалгүй хоёр гоймон хийж байсан. Монгол гоймон болохоор идэхийн аргагүй гашуун, халбага гозойсон хоол хийж байсныг одоо ч мартдаггүй юм. Хамт байхад их хөгжилтэй, байнга инээлгэнэ, үг газар гээхгүй, барагтай бол уурладаггүй байсан болохоор их татагдсан. Манай хүн чинь их сайн аав. Эцэг, эхийн хуралд байнга сууна. Бага охин ааваар авахуулна гэсэн бол аав л авна. Охин намайг ав гэсэн гээд яваад өгдөг юм.

-Мэдээж муудалцах үе гарч таарна.  Гэр бүлийн хоёр хоёулаа цагдаагийн газар ажилладаг болохоор магадгүй гөжүүд зөрүүд зантай байж мэднэ. Хэн нь түрүүлж буулт хийдэг вэ?

-Нөхөр маань цагдаагийн байгууллагын бараг тал хувийг захирдаг болохоор ажлын стрессээс болж уурлана уу гэхээс барагтай юманд уурладаггүй. Намайг яаж ч уурлаж байсан дуугардаггүй болохоор ганцаараа ярьж байгаад дуугүй болчихдог. Миний уур хурдан гардаг болохоор дараа нь “Чи түрүүн тэгээд байх даа яадаг юм бэ” гэдэг. Юмыг хошин байдлаар хүлээж авдаг зан нь амьдралыг маань зөөллөдөг. Харин ажлаас болж ёстой маргалдана шүү. Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд бүх мэдээлэл орж, тэрийг нь дарга шийдэж байх ёстой. Энэ нь ерөнхий газарт очдог юм. Заримдаа биднээс хамаарахгүйгээр сүлжээ гацчихна. Жижүүрүүд нь Нармандахын харъяанд ажилладаг болохоор хааяа мэдээгээ өгөхөө мартаад буучихна. Тэр тохиолдолд давхиж орж ирээд “Энийг бичээгүй байна. Хоёр гурван иргэний мэдээлэл үлдчихлээ. Чи энийгээ мэдэж байна уу” гэдэг. Тэрнээс болж их муудалцана. Тэгээд харих замдаа хоёулаа энэ талаар гэртээ юу ч ярихгүй шүү гэдэг.

-Цэрэг, цагдаагийн байгууллагад ажилладаг бүсгүйчүүд өөрсдийгөө эмэгтэй гэдгээ мартсан байдаг. Өөрөөр хэлбэл, эршүүд зантай болчихдог, хэр баргийн  зүйл дээр эмзэглээд байдаггүй гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Манайх ажлын таван өдөр жагсаал хувцас өмсдөг байсныг саяхнаас болиулж нэг өдөр нь цагдаа, дөрвөн өдөр нь энгийн хувцас өмсдөг болсон. Энгийн хувцас өмсөөд ирэхээр өөрийгөө эмэгтэй гэдгээ мэдэрсэн. Эмэгтэйлэг хувцаслаад ирэхээр хүмүүсийн харьцаа хүртэл өөр болдог юм шиг санагдсан.  Ер нь цагдаа, цэргийн байгууллагад ажилладаг хүүхнүүдийн ихэнх нь эршүүд зантай байдаг шүү дээ. Миний хувьд манай аав, ээж хоёр минь хилийн цэргийн хүмүүс байдаг болохоор хатуухан зантай байж мэднэ. 

-Хэрэв ажлын шаардлагаар дахиад өөр аймагт ажиллахаар томилогдвол яах вэ?

-Хэрэв намайг ийш тийш нь явуулна гэвэл тушаал дэвшсэн байсан ч явахгүй, тушаал буураад эндээ үлдэнэ гэдэг. Сайхан нутаг, сайхан хамт олонтой. Бид хоёр аавыг бурхан болоход хоёр жаахан хүүхэдтэй үлдэж байсан. Ах дүү, хамаатан садан гэх  хүнгүй хоёулхнаа сандраад яах учраа  олохгүй байхад Эрүүлжүүлэхийн эмч орж ирээд “Өө миний дүү ингэсэн байна” гээд, нэг ахлах цагдаа гүйж ирээд сандал, ширээ гээд бид хоёрыг хүргэхгүйгээр хамаг ажлыг маань амжуулж өгсөн. Бид хоёр ийм л сайхан хамт олонтой. Хүн бүл цөөтэй хүнд зовлон тохиолдох  хэцүү юм билээ. Манай ээж  хойно Одесст  сургууль төгсөөд хамгийн анх томилогдож ирсэн газар нь Булган аймаг. Оросоос  жирэмсэн ирээд Булганы бүх сумыг тойроод буцахад нь би гэдсэн дотор нь хөдөлсөн гэдэг. Тэгээд ээж минь  “Хүний хувь тохиол гэж сонин юм. Чиний амьдралын шороо энд  пур хийсэн” гээд ярьж байсан нь санаанаас гардаггүй юм.