Д.ЦЭЦЭГ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар намрын ээлжит чуулган болон ээлжит бус чуулган хэр үр дүнтэй хуралдсан талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд МАН 14 бодлогын зорилтыг санаачилж ажилласнаас ес нь тодорхой хэмжээнд бүрэн биелсэн гэж дүгнэж байгаа аж. Тэр дундаа Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай болж, 2030 он хүртэл төрийнхөө алсын харааг тодорхойлж чадсан гэдгийг бүлгийн дарга С.Бямбацогт онцолсон. Мөн МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр ээлжит бус чуулганы үеэр АН семинар нэрийн дор чуулганы танхимд хууль зөрчин тавилттай жүжиг тавьж МАН-ыг харлуулах үйлдлийг АН-ын зарим гишүүд гаргасан. Энэ асуудалтай нь холбогдуулж Ёс зүйн дэд хороо, холбогдох байгууллагад хандана гэдгээ хэлсэн юм. Харин МАН-ын бүлэг ирэх хаврын чуулганаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлого, санаачилгууд гаргаж, авлигыг таслан зогсоох, шударга ёсыг тогтоох бодлогуудыг дэвшүүлэн ажиллана гэдгээ илэхийлсэн юм.

Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ээлжит бус чуулганаар Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэдгийг онцолсон. Тэрээр “Хуулиараа бол ажлаасаа чөлөөлөгдсөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн дараагийн орны хүн нь томилогдтол ажлаа хийнэ гэсэн тусгайлсан заалттай. Учир нь Үндсэн хуулийн цэц завсарлахгүй ажиллаж байх ёстой байгууллага. Дараагийн хүн нь ажилдаа орж байж одоо ажиллаж буй хүн нь ажлаасаа гарах хуулийн зохицуулалттай. Үндсэн хуулийн цэцийн даргыг эргүүлэн татахдаа Үндсэн хуулийн цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэнэ. Бид Үндсэн хуулийн цэцийн даргыг хүнийх нь хувьд хамгаалж, өмгөөлсөн зүйлгүй. Харин Үндсэн хуулиа хамгаалж байгаа юм. Үндсэн хуулиа хамгаалахын цаад утга нь Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалж байна гэсэн үг. Энэ хүний алдсан, оносон эсэх нь тусдаа асуудал. Орж ирж буй үйл ажиллагаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Тиймээс манай нам Үндсэн хуулийг зөрчсөн хам хэрэгтэн болохгүй гэсэн. Үүнийг дурын нэг хуульчаас асуух хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа нь эцсийн эцэст Үндсэн хуулийн хямралд хүргэж байна. УИХ өөрөө Үндсэн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэц таслан зогсооно. Үндсэн хуулийн цэц буруу шийдвэр гаргавал УИХ нэг удаа буцаана. Хэрэв үнэхээр харшилсан шийдвэр гаргавал Цэцийн шийдвэрийг анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэж байж хууль зөрчсөн эсэхийг шийднэ” гэв.

АН: Эргүүлэн татах эрх УИХ-д бий

Д.ГЭРЭЛ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар намрын ээлжит чуулганаар нийгэмд чиглэсэн олон чухал хууль баталж чадсан хэмээн дүгнэж байгаагаа мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Тэр дундаа Монгол Улс бодлого, төлөвлөлтийн хуультай болсон нь намрын ээлжит чуулганаар хийсэн ажлын чухал хэсэг байсан байна. Мөн УИХ дахь намын бүлгүүдийн дарга нараар удирдуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Хөгжлийн урт хугацаанд хэрэгжих баримт бичгийг баталсан нь ач холбогдолтой хууль болсон гэж үзэж байгаа аж. Ээлжит чуулганы хугацаанд АН бусад голлох хуулийн төсөл дээр идэвхтэй ажиллаж, нийгэм, хууль зүйн салбарт хүлээгдэж  байсан хуулиудыг баталжээ. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын хоёр хуулийг цогцоор нь баталсан нь өмнөх хуулиудаас олон талын ялгаатай болсон гэж дүгнэж буйгаа бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэлсэн. Энэ хоёр хууль батлагдсанаар хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал олон улсын төвшинд нийцэж байгаа аж.

Түүнчлэн энэ үеэр сэтгүүлчид ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудал болоод Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг ажлаас чөлөөлсөн тухайд хариулт авахыг хүссэн юм. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ээлжит бус чуулганаар ганцхан Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Намрын чуулганаар баталсан хуулиудын эцсийн найруулагыг сонсож, зээлийн хэлэлцээрүүдийг баталсан. Мөн зарим хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулсан асуудлыг хууль бус гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. АН-ын бүлэг Үндсэн хууль зөрчөөгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Үндсэн хуулийн цэц алдаатай зүйл хийсэн учраас энэ асуудал хөндөгдсөн” гэх тайлбарыг өгсөн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах хууль зүйн үндэслэл тодорхой байгаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татсан асуудал хуулийн дагуу явсан. Цэцийн гишүүнийг эргүүлэн татах эрх  анх нэрийг  нь дэвшүүлэн оруулж ирсэн байгууллага болон УИХ-д хадгалагддаг. Үүнтэй холбоотой УИХ-ын дарга З.Энхболд Улсын Дээд шүүхээс саналыг нь авсан. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн зургадугаар зүйлд Цэцийн даргын эзгүйд цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан  ажилласан, гишүүн хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн зэрэг хангаж байгаа бол хамгийн ахмад гишүүн цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж болно гэж  заасан байгаа. Тэгэхээр Н.Жанцан гишүүн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой” гэх тайлбарыг өгсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин