А.НОМУУНДАРЬ
Засгийн газраас 2013 онд 1300 айлын “түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоол гарсан. Хамрагдах хүсэлтэй иргэдийг ирэх гуравдугаар сарын 1-нээс ТОСК-д бүртгэнэ гэсэн хүлээлт бий. Тэгвэл тус хөтөлбөрт хэрхэн хамрагдах, түрээсийн төлбөрөө хуримтлуулж байрны зээлийн урьдчилгаа болгож болох журам батлагдсан эсэх талаар ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас тодрууллаа.
-Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ? Холбогдох журам батлагдсан болов уу?
- Уг хөтөлбөрийн гол зорилго нь одоогийн байдлаар орон сууцтай болох шаардлагатай байгаа боловч зээлийн орон сууцанд хамрагдах боломжгүй, урьдчилгаа төлбөрөө бэлэн болгож амжаагүй иргэдийг орон сууцаар хангах явдал юм. “Түрээсийн орон сууц хоёр янзаар хэрэгжинэ. Эхнийх нь тодорхой хэмжээнд буюу 3-5 жилийн хугацаанд тухайн орон сууцанд байх. Хоёр дахь нь амьдарч байх хугацаандаа зээлэнд хамрагдах урьдчилгаа төлбөрөө бүрдүүлээд зээлэнд хамрагдаж тухайн орон сууцаа өөрийн болгох эсвэл өөр байранд орох боломжтой.
-Түрээсийн төлбөрөө хуримтлуулж урьдчилгаа мөнгө болгох боломжтой юу?
- Сар бүр төлөх түрээсийн төлбөр хуримтлалын санд байрших учраас байрны урьдчилгаанаас хасаж тооцох боломжгүй. Түрээсийн орон сууцыг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар журмыг БХБЯ боловсруулж байгаа одоогоор бэлэн болоогүй байна. Холбогдох хүмүүсийн тайлбарлаж байгаагаар гуравдугаар сарын- 1 гэхэд иргэдийг түрээсийн байранд оруулах боломжтой гэсэн тайлбар өгч байгаа. Бидний зүгээс дотооддоо мөрдөх журам гаргасан боловч БХБЯ дэмжихгүй байгаа.
-Өнөөдөр зах зээлд хэдэн хүн байр түрээслэж амьдардаг буюу орон сууцанд хамрагдах шаардлагатай байгаа вэ?
- Одоогийн байдлаар 280 мянга орчим иргэн орон сууцанд хамрагдах нэн шаардлагатай гэсэн судалгаа байна. Эхний ээлжинд төрийн өмчийн 929 орон сууцийг хөтөлбөрт хамруулахаар тусгасан. Үүний 579 нь орон нутагт, 350 нь УБ хотод байна. Түрээсийн хөтөлбөрийг УБ хотод хэрэгжүүлэхдээ Буянт-Ухаа 2 цогцолборын 39,49-р байрны 350 айлын 2 өрөө орон сууцанд оруулна. Хөтөлбөрийн хүрээнд УБ хотод 16 мянга, хөдөө орон нутагд 4000 айлын орон сууцны барилга нэмж барихаар төлөвлөж байгаа. Хөтөлбөрт орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн нөхцөл хангаагүй, урьдчилгаа төлбөр болох 30 хувь бүрдээгүй, бага дунд орлоготой буюу амжиргааны түвшний 3-10-р бүлэгт хамаарах иргэд хамрагдана. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны сарын төлбөр нь УБ хотод нэг байрны үнэ 200-280 мянга, орон нутагт 140-230 мянган төгрөг байна. Гэхдээ үнийг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг өрхийн орлогийн төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутам шинэчлэн тогтоох юм байна. Шаардлагын хувьд 21 нас хүрсэн, тогтмол орлоготой, нийгмийн даатгалд хамрагддаг, тухайн орон нутагтаа 5 жил суурьшсан байх ёстой. 2017-2020 онд хүртэл жил бүр 2000 айлыг түрээсийн орон сууцанд хамруулах юм байна. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй хүмүүс хүсэлтээ ТОСК-д хүргүүлнэ.
Эх сурвалж: www.zms.mn