2015 оны 2 сарын 22

МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг болон түүний гэр бүлийнхнийг нь, мөн намын журмын нөхдүүдийг нь хоморголон мөрдөн мөшгих, байцаан шалгах, зохион байгуулалттайгаар эрүүгийн хэрэг үүсгэх, ял тулгах, баривчлах, шоронд хорих, залхаан цээрлүүлэх болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гүтгэн гүжирдэж ард түмэнд санаатайгаар буруу ташаа ойлголт төрүүлэх зэрэг олон аргыг хэрэглэж хэлмэгдүүлсээр байна. Энэ бүгд нь НҮБ-ын Хүний Эрхийн Конвенцийн үндсэн зарчмуудыг зөрчсөн хэрэг бөгөөд Европын Зөвлөлийн Парламентын Ассамблейгийн гаргасан “Үгээ хэлэх, мэдээлэл өгөх,  үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдсэний улмаас мөрдөн мөшгиж хэрэг үүсгэх, хууль бусаар баривчилж ял өгвөл улс төрийн хэрэг гэж үзнэ” хэмээн тодорхойлсонтой дүйцэж байна. Жишээлбэл:

Н.Энхбаярыг Төрийн хамгаалалтын тухай хуулийг зөрчин баривчлах, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулинд зааснаар тухайн этгээдийг хэн нэгэнд хамаатуулан яллахгүй байна гэснийг зөрчин шүүн тасалж ял тулган өгсөн. Мөн өнөөдрийг хүртэл улс төрийн өрсөлдөгчөө нийгмээс тусгаарлах бүлэг этгээдийн захиалга үргэлжилсээр байгаа бөгөөд Н.Энхбаярын гэр бүлийн гишүүдийг гүтгэн гүжирдэх, МАХН-ын удирдлагуудыг санаатайгаар гэм буруутай болгон харагдуулах зохион байгуулалттай үйлдлүүдийг үе шаттайгаар хийсээр байна.

Үүний нэгээхэн жишээ нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17.00 цагт МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлгэдамбад холбогдох хэрэгт тодруулга авах нэрийдлээр баривчилж шоронд хийн саатуулсан нь улс төрийн зорилготой, зохиомол захиалгатай эрүүгийн хэрэг үүсгэх ээлжит хэлмэгдүүлэлтийн үргэлжлэл гэж үзэж байна. Цаад утгаараа УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан эрх баригчдын зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярын эсрэг зохион байгуулалттайгаар хийж байгаа ээлжит хэлмэгдүүлэлт явагдаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой, илт тодорхой боллоо.

Авлигатай Тэмцэх Газар нь Монголын төр, нийгмийн өмнө хүлээсэн чиг үүргээ  хангалттай биелүүлж чадахгүй, өөрсдөө хууль ёсыг ноцтой зөрчих юм уу эсвэл ийм байдлын өмөг түшиг болж, хууль, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж хэлмэгдүүлэх явдлыг улам даамжруулж байгаад харамсаж байна.

Иймээс МАХН, намын дарга Н.Энхбаярын улс төрийн үйл ажиллагаанд саад учруулж, нэр хүндийг нь унагахын тулд хамтран зүтгэгч хүмүүсийг нь хэлмэгдүүлж, нийгмээс тусгаарлан шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь ардчилсан нийгэмд хүний эрх, шударга ёсыг үл хүндэтгэсэн ноцтой үйлдэл мөн бөгөөд ингэх нь МАХН хэмээх  улс төрийн намын тогтвортой үйл ажиллагааг саармагжуулах, гишүүд, дэмжигчдийг нь үл тоосон, бүдүүлэг, дүр эсгэсэн ардчиллын ард нуугдаж буй дарангуйлагчдын хорлон сүйтгэх ажиллагаа болж байна гэж үзэж байгаагаа илэрхийлье. Монгол төрийн хуулийн нэр дор нуугдаж Үндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэдийн эрхэнд халдаж буй үйлдлээ ухамсарлан улс төрийн хэлмэгдүүлэлтээ нэн даруй зогсоохыг эрх баригчдын гар хөл болсон хууль хяналтын байгууллагуудаас шаардаж байна.

Энэхүү бусармаг, бүдүүлэг улс төрийн хэлмэгдүүлэлттэй АРДЧИЛАЛ, ШУДАРГА ЁС, МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО хатуу тэмцэж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах болно. Улс төрийн эрх мэдэл, ашиг сонирхлоос болж хэлмэгдэж, гэм буруутан болсон олон арван хүнийг цагаатгаж, тэдний төлөө ажиллахаа энэхүү мэдэгдлээр илэрхийлье.

МАХН-ЫН ДЭРГЭДЭХ АРДЧИЛАЛ, ШУДАРГА ЁС, МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО