Д.МЯГМАР
Ашгүй дээ, ингэж нэг бөөн юм болсны дараа барилгын салбарыг дарга олон нийтийн анхааралд оруулдаг байж. Уг нь аль эртнээс л иргэнд олгосон амьд явах эрхийг хамгаалах ёстой байсан юм, нийслэлд. Өнгөрснийг нэхэж үзвэл цөөхөн монголчуудын хувьд дэндүү харамсмаар тоо гарч байна. “2007 оноос хойш барилга дээрээс унаж нас барсан хүний судалгааг гаргаж үзлээ.
Нийслэлд 109 хүн барилгын ослоор хорвоог орхисон хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч М.Ням-Очир илтгэл тавьж байгаа юм шиг дуржигнуулж буйг хараад сэтгэл өвдлөө. Ийм л хүмүүс хяналтаа тавьж олигтой ажиллаагүйгээс барилга дээр хүний амь сүйдэж өнөөдрийн эмгэнэлт байдалд хүрлээ. Талийгаач нарыг тоолж, ил зарлаж байгаа нь ердөө л энэ. Харин нуугаад өнгөрсөн нь хэчнээн бол. Хэдэн хүн амийг авч одсон, хэчнээн хүнийг тахир дутуу болгосныг хэлж мэдэхгүй нь.
Жишээлбэл, саяхан багш эмэгтэй МУИС-ийн Худалдааны сургуулийн ойролцоо явж байгаад барилгын компанийн ухсан нүхэнд ойчиж хөлгүй болох шахан өрөөсөн хөлөө шохойдуулав. Түүний ажилдаа байнга явж, ирдэг байсан замыг нь шөнө дөлөөр барилгын компанийнхан ухаад тэмдэг тавиагүй аж. Харанхуйд ухсан нүхийг хэн харах билээ. Ингээд л нэг ослыг нуугаад өнгөрөв. Учир нь түүний хүү шиг залуу барилгаас гүйж гарч ирээд л “Эгчээ ямар нэг асуудал гарвал бидэнд л эхлээд хандаарай. Өөр хүнд энэ талаар битгий хэлээрэй. Дүү нь ажилгүй болно шүү. Та над шиг хүүхэдтэй биз дээ” гэж сүрдүүлж байгаад ам өчгийг нь авч гэрт нь хүргэж өгсөн дуулдсан.

БУРУУ БҮХЭН БУСДЫНХ
Буруу бүхэн бусдынх гэдэг шиг л юм Мэргэжлийн хяналтад болоод байна. Мэргэжлийн хяналтын байцаагч нар хувийн унаагаа хуваарь гаргаж авто угаалгын газраар албатай юм шиг үнэгүй угаалгадаг. Рестораны хамгийн үнэтэй хоолыг сорчилж идээд сохор ч зоос төлөхгүй төрийн албан тушаалаар далайлган гарч оддог. Харин алдаа, эндэгдэл гарвал компаниуд л муу ажилласан, бид буруугүй гэнэ. Кран болгоны дэргэд нэг нэг байцаагчаар сахиул хийлтэй биш гэж буруугаа бусад руу чихдэг. Тэд барилгын компаниудаас байр бэлгэнд авдаг гэх мэт онигоо, хошин үзүүлбэр гэмээр яриа нийтийн дунд тарчихаад байхад л дүлий, сохор юм шиг л явна. “...Зарим байцаагч өөрсдийн хувийн сургууль, барилгыг компаниудаар бариулсан байсан. Зарим нь ганцхан миний эдлэх эрхийг өмнөөс минь хийгээд явж байхтай таарсан. Улсын Ерөнхий байцаагчийн бүрдүүлэх ёстой акт, бичиг баримтыг үйлдээд гарын үсэг зурахад бэлэн болгочихсон тууж явсан. Уг нь тэд өөр зүйлд анхаарах учиртай баймаар. Тийм хүмүүст би арга хэмжээ авахуулж ажлаас нь чөлөөлсөн. Надаас өмнөх дарга нар нэг ч байцаагчид ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалаа урвуулан ашиглалаа гэж арга хэмжээ авч байгаагүй юм билээ. Хувьдаа сургуулийн байр бариулчихсан, барьж буй орон сууцны талыг эзэмшдэг ч гэх шиг” хэмээн МХЕГ-ын дарга асан Р.Содхүү эгдүүцэн ярьж байсан. Дураараа дургидаг, хувийн албаа урьтал болгодог нөхөд тэнд ажилладаг нь эндээс харагдаж байна. Энэ бүхний цаана дан ганц барилга, дэд бүтцийн байцаагч гэлтгүй Мэргэжлийн хяналтынбүх байцаагч сүлжээнд орсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Хэрэв тэд ингэж эрх ашгийн сүлжээнд нэгдэж ажлаа цалгардуулаагүй бол 109 айлын өрхийн тэргүүн, амьд байх байлаа. Олон хүүхэд аавгүй, ахгүй болж өнчрөхгүйсэн. 109 эмээ, ээж, эхнэр хүүгүй, ханьгүй үлдэж гуньж хоцрохгүй байв. Дайн болж байгаа хотод бид амьдраад байгаа юм шиг чанаргүй барилга хэмээх “буу”-нд шүршүүлээд л. Үхэл нүүрлээд л, сонсоход ч аймаар байна.
СҮЛЖЭЭНИЙ “БАРИЛГАЧИН” ОЛШИРСОН УУ?
Үхэл дагуулсан барилгын салбарыг тэр чигээр нь шинэчлэх цаг болжээ. Ингэхийн тулд мэргэжлийн хяналт нь хяналтын ажлаа ном ёсоор нь хийхэд гүйцээ. Тэгвэл энэ салбарт аав, ээж, хүү, хүргэн, бэр гээд гэр бүлийн сүлжээний “барилгачин” ажиллаад, осол хийгээд байхгүй. Барилгын ажил дээр ч сахилгатай, хариуцлагатай болно. Миний мэдэхийн л барилга дээр ажиллаж байгаа баг команд бүр л нэг гэр бүлийн гишүүдээс бүрдсэн байдаг түүх бий. Жишээлбэл, аав, ээж нь хувиараа барилга дээр ажиллаж хүнсний технологич хоёр охин нь хүссэн, хүсээгүй аахар, шаахар ажлыг нугалалцах болсон. Удалгүй хоёр хүргэнтэй болж, өөрсдийн төрсөн дүү нараа бөөгнүүлээд барилгын нэгж болчихсон. Тэд барилгын жижиг, сажиг гэлтгүй ажил хийдэг байх хэмээн төсөөлж байтал үгүй юм аа. Барилгачин гэр бүлийнхэн том, том орон сууцнуудыг босгох ажилд хүчин зүтгээд ямар ч завгүй болсон гэж дуулдав. “Энэ нэртэй компанийн барилгыг манай гэр бүлийнхэн барьсан юм. Бахархмаар шүү. Том компаниуд өөрсдийн ажилтангүй юм билээ. Тэр барилга үнэхээр чанаргүй болсон шүү, бүү худалдаж аваарай. Харин энэ барилгын чанар арай дээр болсон” хэмээн тэд хавь, ойрынхондоо орон сууцны чанарын талаар мэдээлэл өгдөг юм билээ.
Барилгачны хүүхдүүд нь эцэг, эхийнхээ тавьсан шаардлагыг шууд утгаар нь хүлээн авч хэрэгжүүлэх нь юу л бол. Яг л гэртээ эрхэлж байгаа хүүхэд шиг. Хөдөөнөөс ирээд барилга дээр ажиллаж байгаа нөхдийг гэр бүлийн сүлжээнийхэн шоовдорлож хамгийн хүнд, хэцүү, эрсдэлтэй ажлыг даалгадаг. Барилгаас унасан хохирогчдын дийлэнх нь хөдөө, орон нутгаас ирж ажиллаж байгаа хүмүүс байдаг гэнэ. Ийм учраас барилгачин гэр бүл хяналтын байгууллагын хараанаас мултардаг гаж үзэгдэл болсон гэж хэлж болно. Гэр бүлээрээ барилга барьдаг “моод”-ноос монголчууд гарах цаг болсон. Өөрөөр хэлбэл, эмчийн охин, эсвэл хүргэн нь түүний ажилд туслаад хүний эрүүл мэндийг хянаад, эм бичээд байдаггүй биз дээ. Яг ийм учраас ажлын байрны дүгнэлт, ажилтнуудын эрүүл, мэнд нийгмийн даатгал, хөдөлмөр хамгаалал гэх мэт хяналтын байгууллагуудын тавьдаг, нэхдэг наян шаардлага барилгын салбарт алга болчихжээ. Ажлаа хийгээгүй байцаагч нар хариуцлагыг хэн нэгнээс нэхээд сууна. Эндээс ажлаа эхлэвэл жинхэн мэргэжилтнүүд салбартаа үлдэж чадна. Мэргэжлийн бус хүмүүс нь ядаж сургалтад сууж мэргэшиг л дээ.