М.ХҮСЛЭН

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад хэрэв хэд хэдэн шаардлагаа биелүүлбэл энхийн хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгджээ.

Дамаскийн эрх баригчдын албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр хэрэв босогчид гал зогсоох хэлэлцээрийг хариу довтолгоо хийхэд ашиглахгүй байх, тэдэнд гаднаас цэрэг зэвсгийн тусламж өгөхийг зогсооход баталгаа өгсөн тохиолдолд хэлэлцээр хийхэд бэлэн гэжээ. Башар Асад энхийн хэлэлцээрийн үеэр Туркийн хилээр цэрэг, зэр зэвсэг нэвтрүүлэхийг хориглох хэрэгтэйг онцгой анхааруулсан байна.

Өнгөрсөн бямба гаригт Сирийн сөрөг хүчнийхэн хэрэв Башар Асадын Засгийн газар болон холбоотнууд нь (түүний дотор ОХУ ч байгаа) бөмбөгдөлтийг зогсоож, бүслэгдсэн хотуудад хүмүүнлэгийн тусламж оруулахыг зөвшөөрвөл гал зогсоох хэлэлцээрт бэлэн гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Сирийн сөрөг хүчний олон бүлэглэл олон улсын хамтын нийгэмлэгийн зуучлалаар энхийн хэлэлцээр хийхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.

Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй Сирийн иргэний дайнд олон зуун мянган хүн амь үрэгдээд байна. Түүнчлэн тус улсын олон сая хүн нутгаасаа дүрвэжээ. Мөн хот, тосгод бөмбөгдөлтөд өртөж, бүслэлтэд байгаа олон мянган хүн өлсгөлөнд нэрвэгдээд буй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин