Н.МӨНХЖИН 

Аравдугаар сарын 1-нд төсвийн жил эхлэхээс өмнө конгресс тохиролцоонд хүрэхгүй байгаагийн улмаас АНУ-ын засаг захиргаа өчигдрөөс эхлэн хаалгаа хэсэгчлэн “бариад байна”. Аравдугаар сарын 17-нд өрийн дээд хязгаарыг дээшлүүлэхэд улс төрийн тохиролцоонд хүрч чадахгүй бол төсвийн санхүүгийн байгууллагууд дампуурлаа зарлаж болохоор болжээ.

 

-АНУ-ын засаг захиргаа хаагдана гэж юу гэсэн үг вэ?

Холбооны засаг захиргаа ажлаа хэсэгчлэн зогсооно гэсэн үг. Шинэ төсөв батлагдахгүй байгаагийн улмаас төвийн Засгийн газрын үйл ажиллагаа хамгийн бага түвшинд очно. Тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг гол үйлчилгээ үргэлжилж, музей, хөшөө дурсгал, цэцэрлэгт хүрээлэн зэрэг чухал шаардлагагүй үйлчилгээ хаагдана. Зогсолтыг сунгавал энэ жагсаалт нэмэгдэх аж.

-Яагаад ийм зүйл болов?

Ардчилагчид болон бүгд найрамдахчууд хол­бооны төсвийг сунгах тал дээр тохиролцохгүй байгаагийн улмаас ийм нөхцөл байдал үүсч байна. Төлөөлөгчдийн танхимийг хянадаг Бүгд найрамдах нам аравдугаар сарын 1-нээс эхэлж байгаа Б.Обамагийн эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын зардлыг төсвөөс хасах, эсвэл нэг жил хойшлуулах шаардлага тавьж байна. Сенатад олонхийг бүрдүүлдэг Ард­чилсан нам Обамагийн Засгийн газрын гол ажлыг зогсоохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

-Америкуудад ямар үр дагавар учрах вэ? Дэлхий дахинд яаж нөлөөлөх вэ?

Засаг захиргаа хаагд­санаар дундаж америк иргэнд тусах нөлөө бага. Хамгийн их ширвэгдэх хүмүүс нь засаг захир­гаатай гэрээтэй ажилладаг хүмүүс. Засаг захиргааны 800 мянга, Пентагонд ажилладаг 400 мянган иргэн гэртээ суух хэрэгтэй болно. Тэдний сул өдрийн цалин, нөхөн төлбөрийг өгөх эсэх нь шийдэгдээгүй байна. Зогсолтын улмаас АНУ-ын эдийн засаг хүндрэхгүй л бол олон улсад нөлөөгүй.

-Засаг захиргаа яагаад дахин дампуурах гээд байна вэ?

-Энэ нь эдийн засгийн бус улс төрийн асуудал юм. Бусад улс оронд өрийн дээд хэмжээг тогтооход парламентын оролцоотойгоор баталдаг бол, АНУ-д конгресс нь дангаараа баталж, дээд хэмжээг нь тогтоодог. Бүгд найрамдах намын баруун жигүүр болох Tea Party намынхан энэ “дайн”-д ташуур нэмж улс төрийн хямрал болон хувираад байна.

-Зардлыг яагаад сайн хянаж, бага түвшинд барьж болоогүй вэ?

АНУ-ын өр уламжлал ёсоор бага түвшинд явж байсан ч Ирак, Афга­нистаны дайн болон эдийн засгийн хямралын үеийн тусламж, тэт­гэл­гийн улмаас өр асар ихээр нэмэгджээ. Өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэхүйц хэмжээнд оч­сон тухай ярьж байна. Тиймээс бүгд най­рам­дахчууд холбооны төсвийг мэдэгдэхүйц багасгаж, зардал хэмнэхийг шаардаж байгаа. Обама зарим таналтыг хийсэн ч хангалтгүй хэмээн үзэж байна. Аравдугаар сарын 17-нд өрийн хэмжээ 16 наяд 699 тэрбум (16.699.000.000.000) долларт хүрэх ажээ.

-Дампуурал, засаг захиргаа хаагдах нь ямар ялгаатай вэ?

Засгийн газар хууль ёсны дагуу зээл авах эрхгүй болвол дампуурлаа зарлаж, төсвийн зардлыг гуравны нэг хүртэл нь багасгах ёстой болно. Засаг захиргаа хаагдахаар болвол шинэ төсөв бат­луулж авахгүй ч өрийн хэмжээг нэмж мөнгө зар­­цуулсаар байж болно. Харин өрийн хэмжээг нэмэх боломжгүй болвол эдийн засагт томоохон “доргилт” үүснэ. Улмаар АНУ-ын эдийн засаг бо­лон баталгаа гаргах чад­варт нь муугаар нөлөөлж, дэлхийн эдийн засагт муу үр дагавар учруулах юм.

-2011 оных шиг сүүлчийн мөчид дампуурлаас сэргийлэх үү?

Засаг захиргаа Клин­­­тоны үед буюу 1996 онд хоёр ч удаа хаагдаж байсан ч хэзээ ч дампуурч байсангүй. 2011 оны наймдугаар сард дампуурлын тухай яригдаж байсан ч төсвийг багасгах тал дээр тохиролцоонд хүрс­нээр мөн л дампуурал бол­сонгүй. Энэ удаа бүгд найрамдахчууд Оба­магийн эрүүл мэндийн шинэчлэлийг унагахыг оролдож байна. Харин Ерөнхийлөгч бууж өгөх бодолгүй байна.

-Олон нийтийн үйл­чилгээ зогсвол эмх замба­раагүй байдал үүсэх үү?

Одоогоор хэсэгчлэн, түр хаах тухай л ярьж байна. Жирийн иргэнд үзүүлдэг үйлчилгээний ихэнхийг мужийн засаг захиргаанаас үзүүлдэг. Нийтийн үйлчилгээ зогсвол үймээн үүсч, нөхцөл байдал хурцдах магадлалтай.