Б.СОЛОНГО

Сануулахад, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны сайд Л.Болд нар зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Төсөлд зааснаар дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амнаас 23.2 га, Богинын амнаас 0.3 га, Арцатын амнаас 21.8 га газрыг тусгай хамгаалалтаас гаргахаар зэхэж байгаа юм. Бид өчигдрийн дугаартаа Зайсанг тусгай хамгаалалтаас гаргах нь хэнд ашигтай, мөн хэний захиалга болохыг тодорхой дурдсан.

Тэгвэл энэ удаад мөн нэлээдгүй хэмжээтэй газрыг нь тусгай хамгаалалтаас гаргах гэж байгаа Богдхан уулын Арцатын аман дахь газар нутгийн байдлыг сурвалжилсан юм.

Төсөлд зааснаар дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амнаас 23.2 га, Богинын амнаас 0.3 га, Арцатын амнаас 21.8 га газрыг тусгай хамгаалалтаас гаргахаар зэхэж байгаа юм. Бид өчигдрийн дугаартаа Зайсанг тусгай хамгаалалтаас гаргах нь хэнд ашигтай, мөн хэний захиалга болохыг тодорхой дурдсан. Тэгвэл энэ удаад мөн нэлээдгүй хэмжээтэй газрыг нь тусгай хамгаалалтаас гаргахаар зэхэж байгаа Богдхан уулын Арцатын аман дахь газар нутгийн байдлыг сурвалжилсан юм.

 

ХАМГААЛАЛТЫН БҮСЭЭ АВЧ ҮЛДСЭН ГАНЦ АМ НЬ АРЦАТ

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлгийн харалдаа урд талын амыг Богдхан уулын Арцатын ам гэж нэрлэдэг. Зүүн талд нь Хүүшийн ам, харин баруун талд нь Нүхтийн ам бий. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, 63 дугаар тусгай дунд сургууль, тэдгээрийн эргэн тойронд байх хэсэг айлууд Арцатын амны тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд багтдаг. Харин амны дээд хэсгийг хашаалж хамгаалалтын бүсийг тогтоосон. Арцатын ам нь Богд уулын амуудаас хамгаалалтын бүсээ хамгаалж үлдсэн ганц нь юм. Их тэнгэрийн ам, Зайсангийн ам, Хүүшийн ам, Нүхтийн ам гээд ихэнхид нь суурьшлын бүс хэдийнэ үүсчихсэн. Төв замаас километр гаруй яваад хамгаалалтын бүсийг тусгаарласан хашаанд тулж очно. Харин хамгаалалтын хашаа, харуулын посттой бөөр нийлүүлэн томоос том төмөр хашаа бий. Дотор нь 3-4 давхар хоёр хаус хэдийнэ босчээ. Бусад барилгын ажил ч үргэлжилж байлаа. Дархан цаазат газрын хамгаалалтын бүс рүү ороогүй боловч хашаатай нь хаяа залгуулан барилга барьсан нь энэ. Тэнд “Мөнхийн сэтгэмж” гэх компани аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшиж байгаа юм байна. Хэдийгээр аялал жуулчлалын цогцолбор гэж тайлбарлаж байгаа ч хэн нэгэн хөрөнгөтний захиалгын хаусууд болох нь харваас тодорхой байлаа. Одоохондоо тус компаниас өөр нэгэн Арцатын аманд халдаж зүрхлээгүй байна. “Мөнхийн сэтгэмж”-ийн хувьд ч хуулийн дагуу хязгаарлалтын бүсэд газар эзэмших эрх авсан тул айж эмээх зүйлгүй барилгын ажлаа үргэлжлүүлж байна. Гэвч тэд Зайсан, Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад суурьшлын бүс үүсгэчихсэн хуулийн гажуудлыг давтаж буй нь тэр. Бодвол тэднийг дууриагаад хэн нэгэн нь хаяа залгаад хашаа барих байлгүй дээ. Харин хамгаалалтын бүс дотор уулын энгэрт хэсэг хар чулуу орхисон харагдав. Тэр нь одоогоос зургаан жилийн өмнө “Ойрд импекс” гэх компани Солонгосын нэгэн хийдтэй хамтран бурхан багшийн хөшөө барьж, хийд байгуулахаар эхлүүлсэн ажил нь гэнэ. Тухайн үедээ тодорхойгүй шалтгаанаар энэ ажлыг хийхээ больсон билээ. Арцатын ам нь суурьшлын бүсээс бас ч гэж зайтай, “Мөнхийн сэтгэмж”-ээс өөр хашаа хатгасан эрх мэдэлтэн одоохондоо ойр хавьд нь байхгүй тул ан амьтан нь дайжчихаагүй, модныхоо захаар үзэгддэг гэнэ. Чоно, гөрөөс, гахай гээд амьтан олон байдаг ажээ.

 

СОНГУУЛИЙН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ НЭГ СУМААР ХОЁР ТУУЛАЙ БУУДАХ НЬ

Л.Болд, Ц.Оюунгэрэл хоёрын өргөн барьсан тогтоолын төсөлд тусгаснаар Арцатын амны дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 88 айл амьдардаг. Тэдгээр айлуудыг хууль ёсны газартай болгохын тулд тэдэнд зориулсан 21.8 га газрыг тусгай хамгаалалтаас чөлөөлөх тухай ярьж байгаа. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн баруун талаар тэдгээр 88 өрх амьдардаг. 1940-өөд оны үед  нийслэлчүүдийн наадмын талбай байсан энэ хэсэгт ийнхүү цөөн хэдэн айл суурьшиж хоцорсон юм. Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хууль бусаар амьдарч байгаа тул газар нь тэднийх биш. Тиймээс ч олон жилийн туршид газраа өмчлөхийг хүсч, өргөдөл гомдол, санал хүсэлт гаргасаар ирсэн юм. Л.Болд, Ц.Оюунгэрэл нарыг ч Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байхад энэ тухайгаа хэлсэн биз. Тэгээд л манай хоёр сайд энэ айлуудыг газартай болгох нэрээр сонгуулийн амлалтаа биелүүлж, далимд нь цэвэр агаар, ой модны дэргэд өндрөөр үнэлэгдэх энэхүү газрыг зөвшөөрөлтэй болгохоор төлөвлөсөн бололтой. Нэг сумаар хоёр туулай буудчихна гэсэн үг л дээ. Хэдийгээр зөвхөн тухайн 88 айлын эргэн тойрон дахь газрыг тусгай хамгаалалтаас гаргана гэж заасан байгаа ч хэрэв тогтоолын төслийг УИХ дэмжчихвэл, эсвэл дэмжих сураг дуулдвал тэр хавийн газар үнэд орох нь гарцаагүй. Энэ асуудал яригдаж эхлээ ч үгүй байхад, сонгууль болохоор л гэр бариад хашаа хатгачихдаг тухай тусгай хамгаалалтынхан ярьж байсан. Уг нь бол дархан цаазат газраа үгүй хийн байж 88 айлын газрын асуудлыг шийдэх ямар ч шаардлагагүй юм. Сэтгэлтэй байсан бол тэднийг өөр тийш нь нүүлгэх амархан. Хэрэв УИХ-аас тогтоолын төсөл дэмжигдэж, эдгээр айлууд газраа хувьчилж авбал барилгын компаниудад толгой цохисон өндөр үнээр зараад л нүүцгээх биз. Тэртэй тэргүй тийм ашигтай, эрүүл, тэгшхэн газрыг барилгын компаниуд тоохгүй орхихгүй. Ингээд нэг нэгнээ дагасан барилгууд сүндэрлэж, Арцатын аманд үлдсэн хэдэн амьтан дайжих биз. Муу ёрлосон ч юм биш. Ирээдүйд болж магадгүй, болохоор төлөвлөгдөж буй энэ үйл явц хэдийнэ тодорхой болчихоод байна. Дархан цаазат гээд утаандаа угаартаад суух уу, хэдэн айл ч болсон байранд орог л дээ гэж эсрэг санал гаргах хүн байгаа л байх. Гэвч Богдхан уул бол хэн нэгний мөнгөөр зодож эмтэлдэг газар биш баймаар. Дэлхийд анхны дархан цаазат газар болсон энэ ууланд бидний түүх, соёлын олон гэрч, улаан номонд орсон ан амьтан ч бий. Байгаа зүйлийг үгүйсгэж, харсаар байж нүдээ анин зүтгэх хэрэг бий гэж үү. Тэгээд ч энэ газарт энгийн бидний хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөөрөө худалдаад авчих байр байшин босно гэдэгт би л лав эргэлзэж байна. Хамгийн их мөнгөтэй, хамгийн их эрх мэдэлтэй хүмүүсийг л баярлуулах байлгүй.