Б.ТУУЛ

 

МУБИС нь анх 1951 онд Улсын Багшийн Институт нэртэйгээр байгуулагдаж, дөрвөн  тэнхэм, найман  багш, 200 гаруй  оюутантай байсан гэдэг. Тэгвэл өдгөө 350 гаруй профессор багш, 6900 гаруй оюутантай, манай улсад төрөл бүрийн мэргэжлийн багшлах боловсон хүчин, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтан бэлтгэдэг хамгийн том төв болон өргөжжээ. Тиймээс тус сургуулийн МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн захирал, доктор  Рэнцэнхандын Нямцэрэнтэй  уулзаж, баруун бүсийн багшийн сургуулийн хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийг сонирхов.

 

-Шинэ хичээлийн жил эхлээд  сар болох гэж байна. Ажил хэр жигдэрч байна вэ. Архангай аймагт багшийн сургууль байгуу­лаг­даад  2-3 жилийн нүүр үзэж байгаа. Энэ жил танай сургууль хэчнээн оюутантай үйл ажиллагаа явуулж байна вэ?

 -Манай сургууль 1951 онд байгуулагдсан улсын ууган сургуулиудын нэг. Анх төв болон баруун бү­сийг бага ангийн багшаар хангах зорилгоор байгуу­лагдсан. Түүнээс хойш үйл ажиллагааныхаа  хүрээг тэлсээр 2010 онд Засгийн газрын тогтоо­лоор Боловсролын их сургуулийн салбар болсон. Ингэснээр их сургуулийн статустай болж оюутнууд Боловсролын их сургуу­лийн дипломтой төгсөж байгаа. Тиймээс бид  багш нарынхаа мэдлэг, боловс­ролд их анхаарч ажиллаж байна. Боловсролын их сургуу­лийн харъяа болсо­ноос хойш манай сургуу­лийн 17 багш тус сургуу­лийн докторантад сурал­цаж хоёр нь хамгаалсан. Энэ хичээлийн жилд гурван багш докторын зэрэг хамгаална гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бусад багш нар нь гуравдугаар дамжаагаа дүүргээд явж байна. Ер нь их сургууль гэдэг үүднээ­сээ бид оюутны сургалтын чанар болон багш нарын мэдлэгт  их анхаарч ажил­лаж байгаа. Өнгөрсөн хи­чээ­лийн жилд 70 гаруй багштай 1600-аад оюутан­тай үйл ажилла­гаагаа явуулсан. Энэ жил мөн 70 гаруй багш, 1300 гаруй оюутантай хичээ­лийн шинэ жилээ угтаж байна.

-Сүүлийн үед манайхан  “Дээд боловсролын бай­гуул­лагад чанаргүй болов­сон хүчин их бэлтгэгдэж байна. Үүнээс болоод дипломтой ажилгүйчүүдийн тоо жил ирэх тусам нэмэг­дээд бай­на” гэж шүүмж­лээд байгаа.  Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ. Мөн танай сургууль, багш оюутнуу­дын­хаа мэдлэг, боловсролд хэр анхаарч ажилладаг вэ. Өөрөөр хэлбэл, хичээлээс гадуур явуулдаг үйл ажил­лагаагаа сонирхуулахгүй юу?

-Манай сургуулийн багш нар  боловсролын чанарт маш их анхаарч ажилладаг. Багш боловс­ролыг дамжуулагч биш чанартай боловсролыг дамжуулагч гэж үздэг. Бидний үйл ажиллагаа ч гэсэн  энэ чиглэлээр явж ирсэн. Манай сургуулийн давуу тал гэвэл оюутныхаа араас сурагч шиг анхаар­даг. Насанд хүрсэн гээд  орхичихдоггүй.  Энэ бол манай сургуулийн анх байгуулагдсан цагаас бий болсон уламжлал. Оюут­нуу­­дынхаа дадлага дээр  их анхаарна. Багшлах боловсон хүчин бэлтгэж байгаа учраас дадлагын явцад ажлын чиг барим­жаагаа олж авахад нь илүү түлхүү анхаарлаа хандуул­даг. Тэр хэрээр оюутнууд маань ч гэсэн хичээл сурлагадаа их анхаарч, идэвхтэй ханддаг юм. 

-Энэ жил танай сур­гуу­лийг шинэ хичээлийн байртай болж байгаа гэж дуулсан. Ер нь сургуулийн материаллаг бааз, багш оюутнуудын сурч, хичээл­лэх орчин нөхцөл хэр вэ?

-Материаллаг баазын хувьд  бид  1951 оноос хойш аль нэг сургуулийн нүүгээд явсан хуучин байранд хичээллэж ирсэн. Энэ байр гэхэд  нэгдүгээр сургуулийнх. Энэ хичээ­лийн жилд бид анх удаа шинэ байранд орох гэж байна. Түүхэндээ анх удаа,  нэг  ээлжиндээ 960 суудалтай урлаг, спорт, хоолны заал, номын сантай том  байранд орж байна. Энэ нь энэ хичээлийн жилийн онцлог юм. Мөн манай сургууль материал­лаг баазын хувьд Азийн хөгжлийн банкны санхүү­жил­тээр бүх нийтийн боловсролд хүрэх түргэн үйлчилгээний түншлэл төслөөс сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэг­сэл, анги танхим оюутны байрыг засварласан. Хөдөө орон нутагт байгаа их,  дээд сургууль дотроо боломжийн материаллаг баазтай гэж бодож байна. Өөрсдийн сургалтад зо­риул­сан техник хэрэгс­лийг орчин үеийн шаард­лагын дагуу жил бүр шинэчилдэг.

-Жил бүрийн намар, хичээлийн шинэ жил эхлэх үеэр манайхан оюутны сургалтын төлбөр өндөр байна, оюутнуудад дотуур байр хүрэлцэхгүй байна гэсэн асуудлыг ярьдаг болсон. Энэ асуудал хот, хөдөөд хэр ялгаатай бай­даг юм бол. Танай сургуу­лийн хувьд  аймаг, сумдаас ирсэн 1000 гаруй оюутнуу­дыг хаана яаж шингээдэг вэ. Оюутны байрны хүрэл­цээ хангамж хэр вэ?

-Хот, хөдөөд бараг адил­хан даа. Манай сур­гуулийн  хамгийн дутаг­дал­тай зүйл нь оюутны байр байдаг байсан.  Бид 150 хүүхдийн оюутны байртай. Гэхдээ сүүлийн таван жил оюутны байраа өргөтгөж, одоогоор 300 оюутан хүлээн  авч байгаа. Тэгээд Боловсрол шинж­лэх ухааны яамд хүсэлт тавьж, оюутны байр ба­риу­лах, аль эсвэл бариг­даж байгаад хөрөнгө оруу­лалт нь зогсоод хувийн компанид шилжсэн бай­рыг худалдаж авах гэх мэт асуудлаар манай  оюутны байранд тусламж үзүүлээч  гэсэн хүсэлт тавьсан. Үүний үр дүнд манай сур­гуульд оюутны байр барих хөрөнгө төсөвт суусан. Энэ нь оюутны байрны хүрэлцээний асуудалд то­дорхой хэмжээний эхний алхамаа хийсэн гэж үзэж байна.

Харин төлбөрийн хувьд Боловсролын их сургууль ямар байна яг л тийм байна. Энэ асуудлыг тус сургуулийн удирдах зөвлөл хуралдаад шийд­дэг. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн төлбө­рийн 10 хувиар нэмнэ гэсэн шийдвэр гарсан. Төрийн өмчийн сургуу­лиуд нийтээрээ ийм жиш­гээр явж байгаа. Манай сургуулийн дотоод дүрэм журам Боловсролын их сургуулийнхтай ижил байдаг.

-Танай сургуульд гол төлөв хаанахын хүүхдүүд  ирж суралцдаг вэ. Баруун бүсийн хүүхдүүд л ирдэг байх даа. Одоогоор хэдэн аймгаас хэчнээн хүүхэд ирж сурч байгаа вэ?

-Манай аймаг уг нь төв баруун бүс гэдэг. Гэхдээ манай сургуульд элсэхийг хүссэн оюута­нуу­дын хүрээ улам нэмэг­дэж байгаа. Булган, Эрдэ­нэт, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Өвөр­хан­гай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс энэ жи­лээс Төв болон Дунд­говь аймгийн хүүхдүүд ирж суралцаж байгаа. Зүүн гурав дөрвөн аймгаас бу­сад нь манайд сурч байна. Улаанбаатар хотоос ч ма­найд сурдаг. Иймээс оюут­нуудын маань хүрээ жил ирэх тусам л өргөжиж байна.

-Энэ жил танай сур­гууль дээр их том наа­дамтай байх аа. Оюутнуу­дын урлагийн их наадамтай гэж сонссон юм байна. Ер нь хот, хөдөөгийн их дээд сургуультайгаа хэр уялдаа холбоотой ажилладаг вэ.  Ялангуяа, оюутныг хөг­жүүлэх тал дээр хэр анхаарч ажилладаг бол ?

-Манай сургууль дээр  хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудын оюутан залуусын урлагийн их наа­дам зохиогдох гэж байна. Энэ үйл ажиллагаа  маань ес дүгээр сарын 28-30-нд болно.Нийт  500 гаруй  тамирчин  орол­цоно. Бид орон нутагт  ажиллаж байгаа их дээд сургуулиудтайгаа маш их холбоотой ажилладаг. Эр­дэм шинжилгээний хур­лаа хамтарч зохион бай­гуулдаг. Жил бүр оюутны хөгжлийн төв гэж ажилла­даг. Энэ нь зээгт наамал, дуу, бүжиг, цаасан урла­лын гэх мэт дугуйлан хи­чээллэдэг. Ялангуяа бага ангийн багшийн ангид хүүхдийг багаас нь хөг­жүү­лэх  учраас оюутандаа бас их анхаардаг. Жилдээ оюутныхаа тайлангаар том арга хэмжээ зохион байгуулдаг. Жишээ нь,  дуу бүжгийн дугуйлан­гийн ангийнхан бүрэн хэмжээний концерт тогло­дог. Мөн үзэсгэлэн гарга­на. Оюутнаа хөгжүүлэх тал дээр танхимын сургалтаас гадна амьдрах ухаанд сургах тал дээр их анхаардаг.

-Багш нарын хувьд...?

-Багш нартаа зориул­сан сургалтууд, багш нар дотроо төсөлт хөтөлбөр, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулаад түүнийгээ шалгаруулдаг. Мэдээлэл зүйн багш нар гэхэд бусад тэнхимийн багш нартаа найруулан бичих, зөв бичих  гэх мэт хичээлүүдийг  заадаг. Одоо үед цэвэр бичдэг хүүхдүүд ирэхээ больсон. Монгол хэл, гадаад хэл­ний тэнхимийн багш нар нөгөө тэнхимийн багш нартаа энэ чиглэлээр сургалт явуулдаг. Зарим үед МУБИС, Удирлагийн академиас багш нар урьж хичээл заалгана.  Энэ мэтчилэн бид багш нараа сургууль дээрээ буюу аж­лын байран дээрээ хөгжих боломжийг нь хангаж өгдөг.

-Ярилцлагынхаа төг­сөлд нэг зүйлийг онцолж асууя. Боловсролын сал­бар саяхан шинэ сайдтай бол­сон. Салбарынхаа сайдад шинэ  санаа оноо өгөх, өөрчлөлт шинэчлэл­тийг ийм зүйлээс эхлээсэй гэж бодож яваа зүйл бай­вал та сониноор дамжуулж санаа бодлоо илэрхийлж болно?

-Би боловсролын сал­барт  20 гаруй жил ажил­лаж байна. Орон нутгийг хөгжүүлэх нь төр засгийн бодлогын нэлээн том хэсэг нь байх ёстой гэж боддог. Мөн мэргэжилтэй болов­сон хүчнийг сургаж бэлт­гэх ёстой. Манай ихэнх их, дээд сургууль  орон нутгаас л оюутнуудаа элсүүлдэг. Гэвч төгсөгчид эргээд орон нутагтаа  ирж ажиллах нь ховор байх юм.  Аль сайн хүүхдүүд нь тэн­дээ үлдээд буцаж ирдэггүй учраас орон нутагт чадал­тай боловсон хүчин маш их дутагдаж байна. Багш сонгон шалгаруулаад авъя гэхээр хэчнээн сайхан ажлын байр байгаад хү­мүүс ирэхгүй байна. Тийм учраас орон нутагт байгаа их дээд сургуулиудаа тө­рийн бодлогын хэмжээнд дэмжээд,  төгсөх ангиа дүүргэж байгаа  хүүхдүү­дийг Улаанбаатарт биш орон нутгийн их дээд сургуульд сургах хүсэл сонирхолыг нь татахуйц хөгжүүлж өгөх хэрэгтэй. Тэр дундаа багш, эмч хоё­рыг орон нутагт нь бэлдэж өгөх нь чухал. Хамгийн гол нь орчноо сайн болгох хэрэгтэй гэдгийг л дамжуулж хэлье дээ.