-Ээжийн хайр элтрэхгүй, элэгдэхгүй, мохохгүй, эвлээд л байдаг сүүн таринатай бурхад шүү дээ-
Ч.Үл-Олдох
-Таны ээж аль нутгийн хэний үр сад байв?
-Манай ээж Булган хангай нутгийн Бумбатын голын хүүхэн, Санжаагийн Рэгжээбуу гэж ачлалт ижий байв. Тэр голоос төрсөн хүүхнүүдийг их амны хишигтэй гэлцдэг нь үнээн. Одоо цагийн охид нь ч ханиа зөв олоод суучихсан байх юм. Манай нутагт Бакулаа Ренбүчий морилоод Бураат Оцон, Бумбатын үргэлжилсэн уултай нутгаар яваад мөн ч олон бурхад үзэгдэж байна даа гээд сүсэглэн залбирч зогссон гэдэг. Ижийгийн маань ээж Сэмжид эмээ, Санжаа өвөө дээрээ би өссөн хүн. Сэмжид эмээ маань Бумбатыг мянган бурханы нутаг гэж хэлж өгсөн дөө. Баруун талдаа дандаа сүм, дугантай, зүүнтэйдээ айлууд зусдаг байсан гэнэ. Бумбатад эхний дунд гэсэн гурван дуган байсан юм билээ. Бидний багад Довчин гэлэнгийн номын байшин л үлдсэн байв. Улсын төв номын санд залагдаж ном хөрвүүлж, дуудаж суусан лам нар ч байсны сургийг өнөөгийн хэл зохиолын хүрээлэнгийнхнээс сонссон шүү. Намайг тав, зургаатайн алдад Сэмжид эмээ маань хөтөлж яваад л адис авахуулж золгуулдаг настангууд, гэлэнгүүд олон байв.
-Уйлсаар уйлсаар хүн болдог, майлсаар майлсаар мал болдог гэлцдэг, хэр хөлсдөг хүүхэд байгаа бол. Өөрөөр хэлбэл, хөлсөж ижийгээ айлгадаг байсэн бол уу?
- Би юу? Тэр талаар бол тэргүүн зэргийн нялх байсан домог шиг өссөн хүн гэсээн.
-Ээж тань ямар сургууль соёлтой хүн явсан бэ?
-Ижий маань морь жилтэй. Могод суманд Бага сургууль дүүргээд Архангайн багшийн сургуульд хуваарилагдсан ч лам нараа хороодог газарт ганц охиноо явуулахгүй гээд сумын намын дарга байсан Ц.Лхам ахаар / хүргэн ах/ арын хаалгадаад аваад үлдсэн юм гэдэг. Миний мэдэхээр 1955 оноос бүх хүүхдийг анхан шатны бичиг үсгийн боловсролтой болгох, 1960 оноос бүх хүүхдийг бүрэн бус дунд боловсролтой болгох үйл хэрэг монгол орон даяар давалгаалж, аав маань цэргээс ирээд сумын улаан буланд, ээж маань малчдад багшилдаг сайн дурын бүлгэм хичээллүүлж байсан. Би 1963 онд сургуульд орсон тул хэн хэн сурахаар мэрийж, яаж зааж, манайд ямар ном байсан зэргийг уншиж байсны хувьд мэднэ. Бичиг үсэг бага мэдэгчдэд зориулсан гарын авлага гэсэн нимгэн цэнхэр номноос заадаг байсныг сайн санаж байгаа юм аа. Хөдөөгийн хүмүүсийн эвлэлдэн нэгдэх хамтарч аж төрөх сайхан ааль угаас нэг голынхон гэдэг уугуул заншилд нь их дөт байсан болохоор тэд цугларан сууж, ном унших, сурсанаа шалгуулах, мөн өвлийн үдэш өрхөө тэгшилчихээд л хөрзөнгийн галын элчинд том том найраглал их цээжилдэг сайхан уянгалуулан уншицгаадаг байлаа. Ээж маань тоо бодох их дуртай. Хятад сампинг үнэнхүү ганган цохидог байсан. Аав маань агентын бараагаа сампиндах, ээж сүү хүлээн авдаг байсан болохоор саальчин бүр дээр тооцоо хийдэг. Тэгээд хоёулаа нийлж тооцоондоо одоогийнхоор аудит хийдэг мөнгө нь цэг гээд л их цовоо дуугаар хэлээд өндөрлөж байдаг сан. Бодвол тооцоо нь нийлсэн хэрэг байдаг байсан байх даа.

- Та дуу их бичих юм. Ээж тань дуулж байсан уу?
-1948 онд авга эгч Дашдоржийн Очирбат / хүний их эмч, одоо ная гаруй настай буурал Эрдэнэт аж төрж байна. /дөрөв төгсөөд зайдан морьтой Арбулагийн өртөөн дээр аймаг явахаар очиход миний аав цэргээс халагдаад “Бид ялав” медаль зүүчихсэн, морин өртөөгөөр тэнд бууж, тааралдаж байсан гэнэ. Эгч хот яваад бага жаахан биетэй гээд буцаж очиод ахиад дөрөвдүгээр ангид сурчээ. Тэгээд цэргээс халагдаж ирсэн аав маань сумын улаанбулангийн эрхлэгчээр ажиллаж “Учиртай гурван толгой” дуурийн манай сумынхан тоглоход ээж Нансалмаад дуулж байсан гэж ярьсан. Очит эгч маань яг ийм гоё, сайхан бүсгүй болох юм сан гэж бодож байтал хожим манай бэргэн болчихсон юм гэсэн шүү. Тэгэхээр дуулж л явж дээ.
-Тийм шш, тэр үеийн хөдөөгийн хүүхнүүдийн гоёл юу байсан бол?
-Маш сайн чанарын бараа хоршоонд ирдэг байв. Оросоос ирдэг цагаан даавуун дээр алтан эвэртэй бугын зурагтай цаас наачихсан, хятадаас ирдэг даалимба дээл хийхэд тааруулсан толгойгоор боодолтой, мал усалж байгаа бүсгүй, хоньчин хүү зэрэг зураг бас наалттай байдаг. Дөрвөлжин цайнд сүлбээр, тавтын улаан мөнгө, үнэртэй усны хайрцаг дотор үсний хавчаар, маш гоё үсний угт таарахаар мөртэй юм шиг алтан саатай зүүсгэл гээд экспортын барааг рекламдаж өгч байсан юм шүү дээ. Хайрцагтай задгай килогоор зардаг чихэр бол заавал 200,300 гр илүү ирдэг байв. 24-ын чихэр, цагаан бор дотортой, сүүтэй гэж аманд ороод уусдаг чихэр, бон ба ша гэх үрлэн чихэр, хүмүүс хайрцагт нь ороодог тамхиа хийдэг байсан. Хөндлөн хөндлөн хээтэй урт, дунд зэргийн оймс их бөх, Шааль гэдэг жинхэнэ ганган хүүхнүүдийн гоёо маш цөөхөн ирэх, олноороо даалимба, жигүүн, сатиныг ажлын дээлний гадар болгож авдаг байв. Төв бараа баазаас бүх сум, аймагт түгээдэг байсан учир аль ч газар ижилхэн байсан байх. Хамгийн их сурагладаг зүйл борооноос хамгаалах брезент байсан шүү.
Хүүхнүүд үсэндээ одоо япон хүүхнүүдийн хэрэглэдэг шиг сүлбэдэг хавчаар их хэрэглэнэ. Аав мал туугаад ирэхдээ ээжийн найз хүүхнүүдэд их олноор нь авчирч өгч байсан. Бодвол хотын зах дээр л байдаг эд байсан байх даа. Копрон алчуурыг 1965 он үеээс хэрэглэж эхэлсэн. Метрээр нь олж ирдэг байсан юм.
-Дутагдах гачигдах зүйл байсан уу?
-Байлгүй яахав. Шаазан аяга ховор айлууд манай буурал ааваар аягаа засуулаад элгээр наалгаад хэрэглэж байсан ч үе бий. Буурай маань надад чихэр олж ирнэ гээд Баянхонгор руу анчдын тэргэнд суугаад баахан тарваганы арьсны төлөвлөгөө биелүүлэх даалгавартай хүмүүстэй хамтдаа яваад ирж байсан. Хөөрхөн нэг, хоёр литр жижиг бидоныг дүүрэн чихэртэй авчирч өгч байсан юм даа.
-Тэр үед хүмүүс их ойр дотно аж төрдөг байж үү дээ?
-Тийм шүү, би өнөө ч нутгаа бодохын хамаг шалтгаан нь тэр л дэлгэр зунуудыг ижийдээ тугал татаж, үнээ ивээлгэж, чадлын хирээр орчлонг ухаарахад нүдийг минь нээсэн ээжийнхээ найз хүүхнүүдийн гоо үзэмж, гоё эрээн алчуур, жижигхэн жижигхэн сувд суулгасан даруулга, том том хээтэй торгон дээлүүдээ хамжиж, хавсраад хийж суухдаа алив нуруу дараадах, хөөрөөд ч гэх юм уу, аль эсвэл сумын төвд ирсэн ховорхон гоё үнэртэй усаа хүн хүн түргэх ямар тансаг үнэртэй юм бэ гэж олзуурхаж суусан тэр л дүрээр нь зүсээр нь санадаг юм, Зундаа л нэг ойртож буудаг аж төрөлтэй болохоор салж ядан найзалдаг байсан байх аа. Хүний мөс чанар ч бөх бат бэх байж дээ.
- Одоо ээжтэй тань найз байсан хүний хүүхдүүдээс таньтай нөхөрлж яваа хүн бий юу?
- Байлгүй яахав дээ. Дөмүү абугайнх Санатахын сүүн тасаг дээр манайх Хөндлөнгийн доохон гүү барьж зусдаг зун Чулуунаа бид хоёр сүүн тасаг дээр айраг аваачиж зараад оройн саамнаас өмнө харихаар морь тэргээ хөллөөд хавчгаа ачаад хөдлөхөд Бадарч маань ээжтэйгээ ирж морь тэргийг минь хөллөлцөж ялааны адуу хэцүү шүү аяар яваарай гээд ээж нь үлдэхэд Бадарч маань шээзгийгээ үүрчихсэн би жаахан гаргаж өгчихөөд, аргал түүгээд ирье гээд хоёулаа хээр гараад яриад суучихдаг сан. Юугаа ч ярьдаг байсан юм бол доо, хөөрхөн ч арван гурван настангууд бол доо.
Тэр үед манай дүү бид гурав зургаа авахуулаад амжжээ. Цэцгэн хээтэй эрээн палаажтай цэцэг шиг гурван охины зургийг саяхан Бадарч авчирч үзүүлэв. Баадай маань Баяннуурт өвөлжиж байна аа.

-Энэ дэлхийн хүүхнүүдээс хөдөөгийн хүүхнүүд юугаараа өөр гэж та боддог вэ?
-Хоёр гэрийнхээ дунд нааш цааш алхаад, сугадалцаад алхдаг тань зөвхөн монгол бүсгүйчүүдэд л байна. Аль орны эмэгтэйчүүд бидэн шиг цулбуураа барьчихаад алхаад байхгүй, алв эсвэл аргалд яваад амарч суугаад шээзгийгээ султгаад амарч суухгүй шүү дээ. Саалийн зэл дээр ч цугтаа, голын усанд авахдаа ч хамтдаа, шөнө горхины усанд очиж орходоо ч хүүхнүүд хамтдаа явцгаана шүү дээ.
-Та тогоо нэрэхийг мэдэх үү?
-Мэдэлгүй яахав, хүүгийн ганц усны архи ч гал юм аа гээд аав маань амтархан тэнгэртээ, галдаа өргөөд гэртээ буй настанууддаа амсуулж наймайг сайшаажлд суудаг байсан. Тариатын мөсийг мөн ч би зөөсөн дөө. Манай өвөлжөөний адагт байдаг гол л доо. Урд тэнд манай сум тариагаа тарьж буурал аав маань сахидаг, хамгаалдаг байв. Бас надад зориулсан Оюунчимэгийн цэцэг гэсэн зурвасыг захад нь байгуулсан. Айлын хүүхдүүд тариад мал орж байна. Гүйгээрэй хүүхээд гэхээр алмайраад алхаж цөхөөд байдаг гэсэн. Охины цэцгийг мал идчихнэ дээ гэхээр бүгдээрээ харваж өгдөгсөн гэж өвөө маань ярьдаг би хааяа өвөөдөө дүүрүүлээд очиж үзэж, таашаал авдаг байлаа. Эрдэнэ шиш, наранцэцэг голдуу тарьж байсан. Одоо Тариатын мөсийг доторт сайн гээд хот руу хүртэл зөөж хэрэглэдэг болсон байна.
-Ээж чинь ажилсаг хүн байсан болохоор та олон зүйлийг сурч, өвлөж үлдсэн байх?
-Өвөлжөөнд буумагц ээж маань ирэх зуны бэлтгэлээ хангаж эхэлдэг байв. Ноосоо зулж ердөө гэртээ хаалга, зуух хоёрынхоо хооронд тохомны эсгий, тохошны эсгий, гудасны эсгийгээ татаад авдагсан. Унаганы ногт, гэрийн чагтага, өрхний оосор гээд бүгдийг хялгасаа ялгаж, утсаа түүдэглэж өөрсдөө хийж бэлдэнэ шүү дээ. Хавар мал төллөхөд бэлдэж малдаа өгөх хивэгээ адууны ясны шөлөр зуураад пиндээ хадгална. Дээл хувцсаа оёх, гутлаа уллах, нэмнээ, уут гээд өөрсдөө л гар бие хөдөлж бүрдүүлж байсан даа.
-Хүүхдээ алс явахад л их санадаг байсан байх даа?
-Тийм шүү. Гэхдээ монголчууд нэг их нялуураад байдаггүй сайн байлаа ч дотроо л хайрладаг улс даа. Нэг хавар хишиг-Өндөрөөс замын машинд дайгдаад иртэл,
Ашиг ахын хашаанд манай улаан буурал үрээ уяатай харагдана. Би ч унаатай залгасандаа баярлалаа.
Төд тэрэгнээс буугаад тэднийд очвол Баасан эгч төрөөд удаагүй бололтой нялх биетэй, нэг маамаа өлгийтэй байна. Улаан буурал нэг л ааширхан, бариад удаагүй, унааширч гүйцээгүй байгаа шүү. Би гол гаргаад өгье. Чи гурав хоноод буцах бол бага идүүлж, сайн уяж, усалж байгаад ирэхдээ энд орхиорой ах нь доошоо бригад орно гэж захиад Ашиг ах зам саллаа. Хөөрхий улаан буурал үрээ маань амаа л олигтой олоогүй амьтан. Амгайг нь татах бүр давхиж, авч харайлгаад, тэгээд замд хоёулаа учраа олж харилаа. Гэртээ хүрэхэд үрээ маань морь би ч, унаач хүүхдийн янзандаа орж очлоо. Хаврын мал бэлтгэлд болж байсан учир аав махны ноогдлоо тушаах гээд сум явсан гэнэ. Аав ч ирсэнгүй, би буцах болж нөгөө улаан буурлаа эмээлж аваад, богцоо ганзагалаад мордох гэтэл дэгэж хуухираад арай чүү гэж нэг мордов. Ээж газрын өөд яв гээд хашгирч байна. Манай Данзангийн хаваржаанд сааль сааж байсан ээж бүхэн л намайг хэзээ унахыг хүлээж байх шиг, нэг л айдастай бүгд хувингаа бариад зогсчихож, тэгэхэд би инээд алдаж, унатлаа ёстой хаа ч юм би адуучны охин гэх зориг оргилж ирсэн юм. Уулын эгц өөд явах нь аюултай, буцахдаа эмээл толгойд хүрвэл хээр би ёстой явгарна гэж бодоод хэрээтэй хэдэн морь луу жолоо залвал дуртай нь аргагүй явж байна. хэрээтэй морьд дээр очиод үрээний маань ам халцарч цусгарч байгааг мэдлээ. Морьдыг тууж цааш жаахан явах гэтэл тэд хөдөлж цөхөөд чөдөр, тушаагаа тасдах янзтай. Иймд амыг аяархан гилж тэднээс холдлоо, замын турш гэлдрэлттэй биш дээ. Цангитал гийнгоолмооор санагдаад сураагүй юм биш. Хээр намайг хэн сонсож, хэн харах билээ. Харин ч үрээ маань сэргээд нэн таатай янзтай хатирч өгөв. Ингэж Ашиг ахын захьсан бага идүүлж, сайн уяад гурав хоноод ирээрэй гэсэн тушаалыг эс биелүүлснээс саальчин хүүхнүүдийн айдсыг хөдөлгөж, нэн их айлгаж орхисон доо. Эмнэг үрээтэй манаргаад хотноосоо холдсон миний араас тэд маань сүүгээ өргөж, мааниа үгэлсээр хоцорч билээ
-Танайх хэзээ Эрдэнэт шилжиж ирсэн юм бэ?
-1974 оны намар сургууль цуглах үеэр. Миний удаах дүү Чулуунцэцэг Эрдэнэт илгээлт аваад анхны геологийн хайгуулын ангийн эх авч уурхайчин юм даа. Дарханы Геологийн анги ажиллаж байсан. Ээж маань Монгол ажилчдын захиргаанд илгээлтийн эздийн барын эд хогшил, ор дэвсгэр, даавуу тарааж өгдөг зохион байгуулагч хийж байв. Эрдэнэтэд газар газраас ирсэн хүүхдүүд ээж гэж дууддаг юм аа. Ээж маань өглөө гүүгээ саачихаад ажилдаа явах, бид өдөр гүүгээ саана, оройн саамаар ээж аав хоёр ажлаа тараад ирэхэд Эрдэнэтийн дарга нар, оросууд айраг тарга уухаар цуварч гардаг сан. Анхны наадамд манай Ухаа азарга түрүүлж торгон жолоо өргүүлсэн юм шүү дээ. Ээж маань” эрдэнэтэд ээж аавыгаа байгаа гэж бодох л сайхан шүү дээ. Наашаа битгий гүйж ажлаа алдаарай гэж захидаг хүн байв.
-Танайханд урлагийн авьяастай хүмүүс олон байв уу?
- Аавын тал урлагт илүү. Төрсөн эгч Лхам нь Улсын нэгдүгээр зэргийн дуучны 3 номерын үнэмлэхтэй, гоцлол дуучин явав, яагаав цэнхэр дурдан алчуурын Төмөр гуайн багш шүү дээ. Ээжийн тал тоонд сайн байж дээ. Эцэг нэгтэй дүү Цо.Гомбо багш гэхээр эдийн засгийн сургуулийнхан андахгүй ээ. Санхүү эдийн засгийн тэргүүний ажилтны 3 тоот үнэмлэхтэй багш хүн. Насаараа улсын төсөв заасан хүн дээ. Саяхан болтол хичээлээ зааж байлаа. Нэг ах нь улсад дөрвөн удаа дөрөв давсан уурын тэрэгний Цогзол гэж хүн байв. Авга нагацын талдаа олуулаа, өөрөө бол ах, дүүдээ өргөгдсөн айлын ганц охин явсан юм.
-Ээжийгээ хэцүү явсан талаар та мэдэх үү?
-Зах зээлийн шилжилтийн үед хэн хүнгүй хэцүү байлаа. Аав маань өнгөрөөд, гурван дүү гурван жил дараалан цэрэгт мордоод. Харин ээж маань сийрэгхэн хүн тулдаа. Адуугаа нэг айлд, хоньдоо нэг айлд, үхэрээ нэг айлд тус тусад хариулуулаад “ гурван бандийг цэргээс бүрэн халагдаж ирэхэд эцгээс нь үлдсэн мал ахуйг тоо ёсоор толгой бүрэн хүлээлгэж өгөөрэй, энэ жилүүдэд өсгөөд ав” гэж нэг талаар түрээсийн гэрээ хийсэн байгаа юм. Тэр малын үндэс өнөө ч билчиж байна аа. Малчнаа олж малаа үлдээсэн нь ухаантайнх шүү дээ. Хүнтэй нөхөрлөж чаддаг байсны л гавьяа гэж боддог юм. Юмыг үрэхээсээ хурааж чаддаг хүн байв. Хэзээ ч очиход цагаан идээтэй байсан. Зах зээл ид үед Эрдэнэтийн дарга нарыг биднийг очихоор уриад хоол цай болоод л ээжийгээ би гайхдаг сан. Картын системтэй үед шүү дээ. Их олонтой хүн байв. Айраг, адуу хоёрыг дагаж амжуулах ажил их байдаг гээд тэрэндээ гаршчихсан байж дээ. Хотод галт тэрэгнээс буугаад намайг ажлаас тарж ирэхээс өмнө манай хэсгийн эмнэлгээр орж даралтаа үзүүлээд нөгөө эмчээ авчирч цай шөл өгөөд танилцаад амжчихсан сууна шүү. Тэр нь зохиолч Д.Цэнддоогийн гэргий байсан юм. Тийм л олонтой явсан хүн дээ.
-Ер нь ээж тань ямархүү хүн байсан бэ?
-Айлын ганц охин юугаар ч дутаагүй өссөн. Миний мэдэхийн намайг багад өвөө маань халуун зунаар өрөм хайлаад нэг цэнхэр ногоондуу өнгөтэй паалантай саваар дүүрэн аваачиж өгөөд ээжийн найз хүүхнүүд үгээ хэлж бараад л цай ууцгааж байсан. Сүүн тасагт олон үнээ саавч бүгд төлөвлөгөө биелүүлэх гээд тушааж, бараг тараг идэх сүү олддоггүй цаг шүү дээ. Цагаан сараар ул боов, тэвхэн боов, дугуйг өвөө хийгээд том богцоор дүүрэн аваачаад өгөх. Тэгсэн нэг хавар айл хаваржсан Монх гуайн идэмхий үхэр пүнзэнд маань ороод боовнуудыг идээд, үлдсэнийг хэмхэлчихэж, тэгээд аав маань дахиад л боов хийж байсан сан. Аавын дүү нарт нутагт ээжээс өөр эмэгтэй эгч дүү байгаагүй тул бэргэндээ туйлын хайртай. Зун ирэх бүрийдээ зөндөө бэлэг авчирч өгөх. Шарын голд Белазын жолооч ахын тав, зургаа, манай тав, зургаа бүгдийг гэрийн хоймроор эгнүүлээд унтуулах, орой дандаа тарга уулгаад унт , унт гээд унтуулчихдаг байсан. Одоо дүү нар маань сайн явна аа. Бүүр манай төрсөн дүү нар шиг хамт өссөн. Манайх хүүхдийн нь үсийг авдаг байв даа. Тэгэхээр ижий маань хадмууддаа төрсөн мэт үр нь байсан. Авга эмээ маань аав, ээжийн минь хамт Эрдэнэт аж төрж байгаад одоо бүгдээрээ сэтгэлийн халуун угт үлдэж дээ.
-Санаанд тань тод үлдсэн ижийтэй дурсамжаас хуучлаач?
-Ижий минь халгиж цалгидаг насандаа юмаар дутаж яваагүй болохоор юмхнаар юм хийх ухаантай, урьдчилж харж амьдар гэдэг уриатай ижий байв. Бүх хүүхдүүдээ хоёр ,хоёр хүүхэдтэй болохыг үзсэн. Ач зээ нарынхаа бүгдээрээ дээд сургууль төгсөхийг л амжиж үзээгүй дээ. Одоо манайхнаас дөрөв, таван уяач байна. Улсын наадамд бас уралдаж үзэв. Ач, зээ нарынхаа эрвэлзэж дэрвэлзэж өсөж өндийхийг үзсэн бол гэж харамсаж л суудаг юм. Нэг зун аавын хөл хугараад , ээж маань сойсон морьдоо уяаныхаа хүмүүстэй хамтдаа явж уралдуулаад ирж байсан нь тод санагддаг юм. Зуны харанхуй шөнө тэртээ хойно алсад дуун цангинаад л аав маань гаднаа гал түл алсаас гэрэл нь тод харагддаг юм гээд хөл хөөр болон тосож байв. Тэр олон морьдыг элбэж тохируулаад уралдаад бай шангаа аваад ирж байсан нь надад талын баатар бүсгүй шиг санагдаж байсан. Ер нь хийх ажлаа эцсийг нь хүртэл хийж дуусгадаг сайн талтай байж дээ. Ижий минь алдарт эхийн одонтой, алиа хөнгөн ааштай, хүүхдүүдтэйгээ гэр барьж тоглодог, чулуун тоглоомон дээгүүр минь аргал түүж явахдаа буудаг тийм эвлэг ижий байсан. Үйл хөдлөл бүр нь үлгэр дууриал аж төрөх сануулга, санамж байж үү дээ гэж одоо боддог юм.
-Аав, ээж хоёроо харж байхад гэх юм уу даа, ер нь тэр үеийн гэрийн хүмүүжлээс хамтран аж төрөхийг та яаж тусгаж авсан бэ?
-Нэг инээдтэй түүх ярих уу. Ээжийгээ би давсны амт мэддэггүй юм байх даа гэж боддог байж билээ. Манайх малаа хотлуулаад морьдоо аргамжаад гэртээ орцгоон үдшийн хоол идэхээр сууцгаах. ээж ёс юм шиг үдэш бүрийд буцалж буй тогоотой хоолноосоо аяганд жаахан тасалж хийн аавд өгөөд: Өвгөөн, давс нь таарч уу, аарц жаахан нэмэх үү гэж алба юм шиг асуух, аав амсаж үзээд болж дээ хө гэх мөртөө элдэж тавьсан гурилыг гайхамшигтай гоё нимгэн хурдан, нэгэн жигд гялс гялс хийлгэн хэрчээд ээжид өгч ээж буцалж байгаа тогооноос чанасан махаа гаргамагц гурилаа хийх. Аав, ээж хоёрынхоо ийнхүү үдэш бүр алаг үрс бидэнд аягалж өгдөг хоол, мөч төдий махны хувиа аваад бид аяганы ширээг тойрон сууж амтархнаар хооллоцгоох. Арай том болж найм, ес хүрээд би ээжийг давс тааруулахдаа тааруу юм байхдаа алба юм шиг ааваас дандаа асуух юм гэж бодож суух. Харин одоо жаран нас давсан өдрүүддээ эргэж дурсаж суухад халуун ам бүлийн аж төрөл, бие биеэ үгүйлэн ажил үйлсээ хамтран бүтээх, нэгнийхээ саналыг сонсож асуудлаа шийдэх, хамгийн амттай сайхан хоолоор үр хүүхдүүдээ тэжээж өсгөсөн нандин ухаан зөвхөн тэр хоол амтлагаанд шингэсэн байсан юм биш үү гэж бодогдох. Хөгшүүд ямар эвлэгхэн, хар хоргүй хайр, найр дэлгэсэн, үдшийн хоолноор манайх дандаа л хүнтэй байдаг, сумын төвөөс мал харуулж буй, морио өвсөнд оруулах гэсэн зочид тасардаггүй айл байлаа.
-Та ээжтэйгээ хэр адилхан бэ?
-Бас л нэг түүх, хөөрхөн дурсамж санаанд бууж байх чинь. Би МУИС-ийн оюутан болоод 1974 оны өвөл хичээлдээ орохоор 3 дугаар давхрын корьдороор явж байтал нэг эгч шал угааж байна. Цэвэрлэгч нар их эрт үүрээр ирж цэвэрлэгээ хийдэг болохоор би ч тоосонгүй. Ангидаа ороод сууж байтал нөгөө эгч байн байн үүдээр шалгалзаж хараад байх юм тэгснээ хаалга нилээд том онгойлгоод, охин аль аймгаас ирсэн бэ гэв.
- Булганаас гэвэл,
- Тийм, байлгүй гэж олзуурхангуй хэлээд,
- Могодынх уу гэлээ
- Тийм гэвэл,
- Сая миний дэргэдүүр сэвэлзтэд алхаж байхыг тань хараад нэг л их таньдаг алхаа, дал мөр нь хүртэл хөдлөх нь нэг дотно тэгээд эгч нь бүүр шалаа угаах гэтэл асуумаар санагдаад, чи манай Рэгжээгийн охин уу гэв.
- Тийм гэвэл,
Тийм байлгүй, ээж бид хоёр тань хоёулаа айлын ганц өргөмөл охид, бидэн хоёр арван долоон нас хүртлээ үхэр тугалдаа хамт явж, Бумбатын голоор хамт зэтгэж, хаднаас хаданд дүүлж, залуусаас зугтаж, тэмээний цаагуур орж, дэрсэнд нуугдаж тоглож өссөн улс. Эгчийн нь Дэнсмаа гэдэг ээждээ захиа бичвэл миний тухай нэмээрэй гээд хичээл орох дөхөж байна эгч нь шалаа угаахаас гээд надтай уулзсаны баяраа багтааж ядан цааш явсан сан. Би ёстой ээжтэйгээ адилхан юм байна гэдгийг тэгэхэд л ухаарсан юм. Дэнсмаа эмээ өнөө жилд Тайландад өвөлжиж байна даа. Одоо ижийн үеийнхээс Долгор эгч, Донотор гуай, Хорлоо гуай, манай хадам гээд цөөхөн хөгшчүүд байна даа.
-Та аавын тухай их олон дуу хийсэн байх юм. Аавдаа илүү хайртай юм уу даа?
-/инээв/. Нээрээ миний “Хан Жаргалант дуун чуулган” шилдэг дуунаас бүрдсэн концертыг үзсэн сурвалжлагч яг наад асуултыг тань тавьж байсан юм. Яг үнэнээр нь хэлбэл , намайг төрүүлсэн залуу ижий маань миний залуурч, аав маань бүстэй хүүхэд шиг итгэл өгч өсгөсөн буянтан, буурал аав бол дөрөвдүгээр анги төгстөл үүрч өсгөсөн ачтан, ижийгийн ижий нагац эмээ Сэмжид буурал маань өвөртөлж өсгөсөн өрлөг эх, авга эмээ бид Буваа эмээ гэдэг шүдгүй бувар бувар гэдэг болохоор тэгж авгайлдаг би нөхөрт гартлаа энэ эмээгийнхээ өвөрт унтсан хүн, хот хөдөөг холбосон олон хүүхэдтэй, жил бүр Налайх, Дархан, Шарын гол, Сэлэнгээр бараг тойрон аялал хийж хүүхдүүдийнхээрээ очиж шинэ юм үзэж хардаг тул холын бодлын хөтөч ижий маань яваад бай гэдэг хүн байв даа. Билэгдэмбэрэл ижий жаахан багаас тавдугаар анги төгстөлөө Билээдээ аргал түүж, хоёулаа боорцог хийж, брж нүдэж, Москвад сурч байсан Бямба ахын захиаг надаар дуудуулдаг би хариу захиаг Могод сумаас Москвад гээд бичиж шууданд хийдэг бичиг үсэгтэй мундаг үр нь байлаа. Хүн ер нь их олон хүний хайр, найр, дэмбэрэл ерөөл, үг сургааль, үлгэр дууриалыг харж, мэдэрч, хэлүүлж, загнуулж сая нэг хүн болдог юм байх аа даа. Ийм олон сайхан буянтны бүтээн босгосон хүн гэвэл би биеэрээ байгаа нь энэ шүү дээ.
-Тэгвэл та аавдаа илүү үнэлүүлж байв уу? Ээждээ илүү үнэлүүлж байв уу?
-Аавтайгаа бол нийлж хуйвалдана. Аавын хоёр талаас дүү бид хоёр зэрэг үнсээд л киноны мөнгө гаргуулаад авна. Ээж бол чанга, хаа нэг оройн кино үзээд ирэхэд цагаан саваа модтой л үүдэндээ зогсож байх. Бүсгүй хүүхэд дэглэмтэй нь дээр гээд саваадаад оруулна даа. Хайр нь дотроо хал нь гаднаа хүн байжээ. Аав маань хэрсүү болгох гэж хийсэн наймаагаа ч надад ярьдаг хүн байсан. Бид хоёр Өгий нуурын тойрмын хурдны уралдаан, ер нь намарт бага шиг бооцоот уралдаанд хамт явна шүү дээ. Би аавынхаа бахархал нь байсан. Аав маань ганц ч удаа зандарч үг хэлж байгаагүй, намайг зургадугаар анги төгсдөг жил аав маань сумын төвийн хүүхнүүд ноосон түрий аваад байхаар аав нь хүүхдээ хэрэгтэй юм болов уу гээд олоод ирсэн таарах нь уу ээжийгээ саалиас орохоос өмнө орж өмсөөд үз гэдэг тийм хуйвалдагчид байв даа. 1976 оны намар аав маань хотод МУИС-ийн оюутны гуравдугаар байранд ирээд байхдаа:
- Сувай голдуу миний хүүгийн хэдэн үхэр хээр хонож, хэрэг бишдэх вий гэснээ,
- Танай хоёр хадам хөгшин аймгийн төвд килийн махаар л байдаг бололтой юм билээ. Бяруу шүдлэнгээсээ идэшний юм гаргаж өгөхгүй юу. Одоо энэ мал тань чиний л хөрөнгө, хот газар суманд байдаг шиг олон малтай байж болохгүй тоо, толгой нь цөөхөн байдаг юм байна гэв. Манайх Эрдэнэт шилжиж очиод удаагүй байв.
- Би үгүй ээ, гэвэл, аав ихэд гайхаж, за яах нь энэ бэ гэв.
- Би Москва явна гэлээ.
- Аав яаж ? гэж байна.
- Тугалтай үнээ 350 төгрөг, бяруу 180 төгрөг байсан цаг. Тэгээд хэдий хир мөнгө орох юм бэ гэж аав асуулаа. Москва – Улаанбаатарын онгоц 510 төгрөг, гадаад паспорт 210 төгрөг байсан юм. Ирэхдээ газраар вагоноор ирнэ гэвэл “аан, тийм үү” гээд,
- Болж л байна . Аав нь үүнээс цааш чамд наймаа заахгүй гэж бууж өгсөн юм. Тэгээд би зуныхаа амралтаар Москва нисэж, Гүррагчаа ахын төгсөлтийн баярт орж, намайг Шермьетив дээр Даваасамбуу, Болдоо хоёр цэцэг барин тосож авлаа. Миний Гүррагчаа ахын хадам Дашзэвэг ахынд миний хэдэн үхэр байсан цаг. Дээдээ маань Оюунаагийн үнээний сүү гэж будаг аа, намар цагийн сүүтэй үнээ саахад өрөм нь нугарахгүй шахам царцаад гэж үргэлж магтдагсан. Энэ хэдэн үнээ, шүдлэн, бяруу, тугал бол цөм миний өмч, хадмын хүргэн Сүхэнбаатар ах трактороор Булганд ачаад аваад ирсэн тэр жил юм даа. Ээж маань сааж байсан үнээнийхээ аль сүүтэйг л охиндоо хувь болгож өгсөн нь мэдээж шүү дээ. Эрлийз бага шинэ монгол үүлдрийн цагаан толгойтой улаан үхрүүд байв аа.
- Ингэж МУИС-ийн хуулийн ангийн 3 дугаар курсийн оюутан би тэр зунаа Москва орж хүүхэд багын хүслээ биелүүлсэн юм.
-Ээж тань таны уран бүтээлд хэрхэн тусдаг бэ?
-Сайхан асуулт байна. Анх Х.Сэргэлэнгийн хөгжим, С.Оюунчимэгийн шүлэг “ Ээж шүтээн” гэдэг дуу бүтээж байлаа. “Замын хүний төлөө залбирч суудаг шүтээн минь ээ” гэсэн дахилттай, чухам л малчин, саальчин ижийдээ зориулсан дуу даа.
-Сонирхолтой юм аа. Та бид хоёр огт өөр сэдвээр ярьж суугаа ч та амьдралын олон янзын өнгийг гаргаж ирээд сэдвийг маань өөр тийш халиах юм. Саяын хэлсэнтэй чинь холбогдуулаад асуучихад адуучин айлын амьдрал хоньтой айлынхаас өөр үү?
-Аль алин нь малынхаа аясаар нүүж буух ч өөрөө, өөр. Оройн саамаа сааж дууссаны дараа ээж , аав хоёр маань хэний нь унаган хурдан болох нь вэ гээд зэлтэй унаганаас хүүхэд бидний сонгож авсан унагануудыг голын наадтай билчиж буй адуун сүргийн зүг уралдуулна. Нялх унаганууд өдөржин уяулсан уяанаас салж эхийн зүг сүүл хатган давхилдах нь хэний унага түрүүлэх бол гэдгээс ч илүү бахтай. Голын ногоон ширгэн дээр идээшлэж явсан адуун сүргийн дундаас унаганы унагалдах дууг сонсоод энхрий ялдамаар эх нь үрээ тосон хатирах нь жаргаж буй нарын доор унаганы тоймгүй цагаахан давхил, том наадмын мөрөөдлийн цагаан хадаг цуулан түрүүлж очих шиг жавхаатай үзэгддэг тул гэрт буй улс бүрд гарч хараа чиглүүлнэ. Энэ өхөөрдөл, хөөр баяр, хүлэг хүүхэд хоёрын хүсэл мөрөөдөлтэйгээ тэмүүлж яваа торгон агшин бол малчин хүүхдийн магнайн баясгалан болдог сон.
Адуу малаа өөрийн болгож, эзэн сэтгэлээр хандаж, өнгө зүс, аяг, аашийг мэдэрч сурсан маань унага татаж, гүү саалгасан энэ зэлнээс эхэлсэн байх. Би ч одоо ч уяагаа эргэх дуртай, адууны үнэр, хийморь хоёр эзнээ аварч, сайн энергиээ наадамчин олонд түгээж байдаг буянтай алтан туурт шүү дээ. Аав маань нас насны морьд уяж азарганууд нь хэд хэд түрүүлсэн. Дүү нар ч уяач, хүү маань мөн морьдоо сойно оо. Ач маань моринд дуртай , хайртай. Ийм монголчуудын хойчийг ээж, аав маань монголын нийгэмд хүн болгон төрүүлж дээ.
-Та хөдөөгийн энэ л амьдралын захаас анх сургууль соёлын мөр хөөсөн байх. Бас өнөөдөр олон сайхан дууны шүлэг бичиж, олныхоо сонорыг мялаах замын эхлэл болсон байх?
-Тийм шүү. Би, 1968 оны намар 6 дугаар ангид орох намар Хөндлөнгийн ар ухаад аргал түүн, дуу аялсан шиг явж байтал нэг “ЗИС” машин ирж зогсоод, “Сүрэнгийн охин уу, шээзгий савраа орхиод машинд суу “ гэлээ.
Миний шээзгийний аргал арай л дүүрээгүй байсан болохоор түүж явсан газартаа шээзгийгээ буулгаж тавиад, савраа дотор нь босгож хийгээд саяын ирсэн машины кабинд суулаа.
Жолооч машинаа залуурдан төдгүй манай намаржааны адгаар тойрч, уяаны баруун хойно очиж зогсов. Тэргэний дуугаар ижий ч гараад ирэв. Тэд мэнд мэдэлцэн ярилцаад, ижий жолоочийг гэртээ урин , банхар хэвт гэж нохойдоо дуу өгөөд орлоо.
Жолоочийн ярих нь: Охиныг тань Хишиг - Өндөрийн сургуульд хүргэж өг гэж сумын дарга хэлсэн. Би буцахдаа банз ачиж ирнэ гэв.
Ээж шалавхийн хөдөлж, бага зэрэг идэх хурууд, өрөм, боорцог боож өгөөд, жолооч бид хоёрт шар хул дүүрэн мэлтэлзсэн айраг хийж бариад,
- Энийг сургуульд нь явуулж, ингэж нэг амрах гэж, Гурванбулагаас шилжүүлэг нь ирдэггүй. Манай Дамдиндорж уул нь сумын нарийн бичгийн даргаар очсон. Түүнд хэлээд ч нэмэргүй. Охин маань 50 гаруй хоног хичээлээсээ холдчихлоо гэсээр “ чи айрагны савтай юу” аваад ир, жаахан айраг хийгээд өгье” гэснээр жолооч гадаа гарав.
- Ээж “ миний хүү юмаа мартав. Одоо ч сургуулийн хүүхэд олон болсон. Гэхдээ ор дэр олдох үгүй нь хамаагүй ээ, нэг ширээний булан л олоод суухыг бод. Өвөлжөө нүүхээс өмнө аав нь очиж эргэнэ. Таван төгрөгөө хий дэмий үрчихэв. Толгой тархи өвдөх, гэдэс гүйлгэх, хамрын ханиад хүрэхэд хэрэглэх хэдэн төгрөг улаан авдрын чинь ёроолд бий. Чи түүнийг огт мэдэхгүй хүн шиг яв. Хэрэгтэй үедээ л гаргаарай. Дэвтэр ном, үзэг харандаа авах, хааяа гуанзанд ороход энэ хэдэн төгрөг хүрэлцэнэ. Өвөө нь хоёр эмээлийн мод зараад чамайг явахад өгөөрэй. гээд элтээр ирэхдээ үлдээсэн юм. Сумаас тэрэг ирж байхад өвөө чинь дуулаад өдийд арц, хүж уугиулаад, аян замын ерөөлийг тань ягшуулж байгаа” гэх зэргээр хуучлах, сургах, захих юм аа хэллээ.
Сургуульд очно гэхээс бөөн баяр. Ижий минь намайг үнсээд сүүгээ өргөсөөр үлдэв. Би ЗИС-ний кабинд сууж Хишиг-Өндөрийг зорилоо.
Хад жолооч уяаны доохнуур тэргээ залан намаржаанаас гарав. Ээж маань миний Хөндлөнгийн ар ухаад үлдээсэн шээзгий саврыг олж ирэх, дуусаагүй аргалыг минь үргэлжлүүлэн түүхээр явж байгаа нь харагдав.
Ар ухаа дээрээс алсын бараа арай тод, ойрхон үзэгдэх тул би дүү нараа дагуулаад өгсөх дуртай. Холын бараа харж яваа хүний ажил үйлс, алтан шар зам уужим, ухаалаг байдаг гэж эмээ маань бүүр багаас л дээж өргөх гэж биднийг, бас гөлгөө дагуулчихсан хүрч очдог өндөрлөг газар л даа.
Ээж тэндээс дээж өргөх гэж байгаа даа, “Олон дундаас содон харагдах Оцон хангай минь охиныг минь болгоо, буянаа хайрлаж үеийн үед өнтэй сайхан жаргаасан Авзагахайрхан минь авралдаа ав, охин минь таны арын замаар өнгөрч Хишиг –Уулын зүг гарна даа, буцахаа мартсан шувуудаа нуурлуулсан Хульж, Урт минь болгоо, хувирашгүй сэтгэлээс бид таны үр хүүхэд шүү, хурдан морины замд дэгдэж өссөн охин минь сургуулиа зорилоо” гэх аврал, бишрэлээ шивнэн даатгахаар өндөрлөг өөд мацаж яваа харагдахад ижийгээ өрөвдөх шиг сэтгэл гэгэлзэж, нүдний нулимс аягаа дүүрээд ирлээ.
Манай Хөв, Хөндлөнд намрын намарт сүүн тасаг бууж байгаад нүүдэг болохоор үхрийн халтар аргал гэж жигтэйхэн элбэг. Заримыг нь ирэх зуны бороотой өдрүүдэд түлнэ гээд ижий биднээр овоолуулж. шавна. Үүцний түлштэй байхад хөгшид, хүүхэд ч, айл гэр зутрахын туйлд хүрдэггүй болохоор аргалын сайхан сайхан овоог айл бүр л хийж авах нь заншил мэт болж дээ гэж бодож явтал айргандаа халсан Хад жолооч дуу аялсхийж, би сонсож яваад нэг мэдсэн нь дугхийжээ.
Төд Хишиг-Өндөрийн төв ороод ирлээ. Ижийгээ настай болох тутам ганц өдрийн аргалыг нь ч болов түрүүлж түүгээд, гарыг нь амраах ухаан тэр л өдөр дутсаныг би мартдаггүй юм.
Орхисон аргалыг минь түүх гээд, дутуу орхисон шээзгийг минь дүүргэх гээд мацаж явсан ижий минь одоо ч Хөндлөнгийнхөө ар ухаа дээр хэдэн тогоруу тойруулчихсан, хоньч нохойгоо дагуулчихсан аргал түүж л яваа санагддаг. Эх, охин хоёр нугаараа холбогдон эргэн санагалзахын учир ийм байдаг юм билээ.
Ийн сэтгэлийн торгон нугад үлдсэн бодол нэг л намар нисэж “Дэлхий аргадах ижий” дууны шүлэг бичин, хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Одыг оюутан ахуйд өргөн барьсан нь улмаар дуу болж, М.Найдалмаа багшийн шавь Сонгодог урлагийн академик театрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа оны шилдэг дуу шалгаруулдаг “Морин хуур” наадамд анх дуулан түмний сонорт хүргэсэн.Энэ дууны үгийг 88 дууны шүлгээ оролцуулан хэвлэсэн “ Талын монгол айл” номондоо нийтлэсэн. Хэний үг вэ, хэний хөгжим бэ гэж уран бүтээлчдийг сонирхохоосоо урьтал болгон, дуучнаар нь цоллон алдаршуулж, нэрших жаяг тогтоод байгаа өнөө үед, цаашдын хөгжим, урлаг, уран зохиол судлагчдад хэрэг болуужин гэх үүднээс “зүрхнээс гарсан дууны минь санаа, шад бүр зүгээр л нэг хийсээд ирээгүй юм аа. Зовлон, жаргалтай,зорилго, тэмүүлэлтэй явахдаа уйлах, туних араншингийн долгионоос, цаг цагийн мөрний давалгаанаас намайг гэж шивэрч гарсан үг, сэтгэлд минь тунасан шүүдрийн дуслаа өөрийн яруу найргийн сангийн далайд удаан хадгалж, уран нахиа болгож мөчирлөн цэцэглүүлж, уншигчдадаа онгод юугаараа хурайлан хүргэдэг дээ. Тэнд ижийн минь цацлын сүү, багш нарын минь ухааны ур, ус нутагтаа хайртай ардынхаа сэтгэлийг шингээн таринадан аравнайлж, одоо цаг нь болжээ гэж бодогдох үед л бүтээл болгож гаргадгаа өчих байна. Сэтгэлээс минь төрсөн дуу бүрийг уухайн дуугаар түрэн авч, алга ташилтаар шагнасан эрхэм олон уншигч, үзэгч, сонсогч та нартаа үргэлж баярлаж явдаг шүү. Ум сайн амгалан байх болтугай.

САНЧИГ БУУРАЛ ИЖИЙ
Ботгон дуугаар бөмбөлздөг нь
Борви цагаан ингэ үү дээ
Босон суун өндөлздөг нь .
Миний буурал ээж үү дээ
Сүүгээр цатгасан ээж ээ
Дуугаар мялааж явъя даа
Хүүгээ дуудахээжийнхээ
Сүлдэнд багтаж явъя даа
Хулан, гөрөөс давхилддаг нь
Захуй, Зармангийн говь уу даа ,
Хатан суудалдаа сүсэглэдэг нь
Миний буурал ээж үү дээ
Дахилт
Салхины аясаар мэлтэлздэг нь
Сангийн далайн нуур уу даа
Санахын тоолон мэлмэлздэг нь
Миний буурал ээж үү дээ / Засгийн газрын мэдээ 1994-03-15/
“ЭЭЖ ЭЗГҮЙ НАМРААР”
Буцах шувууд тоонон дээгүүр эргэлдсэнээ
Тогоотой сүүнээсээ яаран хутгаж
Тоо бүрэн яваарай гэж шивнэн
Таринатай сүү өргөдөг ижийг минь үгүйлэн
Том тойрог эсгэн алсуур нисэж одлоо
Хармагийн бут алсад ягааран
Хамраа урахаа ч тоохгүй тэмээд амтархан
Гадаа үлдсэн ботгоо үгүйлээгүйд
Гомдсон хэнз ботго салхи хөглөн буйлна
Нэрмэлд халангашсан өвгөн хөлсөө арчин
Нэрий нь хэлэхгүй эмээг минь дурсаж
Танай буурал мөнч хатуу ганц тагш юм тавьдагсан
Таван уулын цаанаас өвөө нь намартаа нэг буудагсан
Хөгшдийн гарын нэрмэлд яаж хүрэх вэ гэж санасан ч
Хатуу байна аа, гашуун байна аа тогоо нэрэх тань
Хүнээсээ л болдог юм.
Хөхүүртэй айраг хүнийг тоох нь ч бий, голох нь ч бий
Буурлынхаа буяныг зөв тогтоож дээ хүүхэд минь
Бууж мордох нэгээр бус нилээн хэдээр нэмэгдэж дээ
Орчлон гэдэг тань угтаа орж гардаг ахан дүүс шүү дээ
Орой нь байвч, өглөө нь яах нь бүү мэд ээ...
Буцах шувуудын хойноос сүүгээ өргөдөг ижий минь эзгүй
Буцаад ирэхэд нь тосон намирдаг алчуур нь ч эзгүй
Тоонон дээгүүр шувууд чив чимээгүй зэллээд нисчихлээ
Томоотой яваарай гэж бидэнд сургаад алсарчихлаа
Намрын хонгор салхинд хэнз ботго буйлах нь уйтай
Намайг хэн билчээрт хүргэх вэ гэж асуух шиг уйтгартай
Хармагийн бут ягаарсан байгаадаа хүрье гэвч
Хүрэн тэмээдийн удам ботгод эзэнгүй нь уйтай
Өег цатгалан атал өлссөн мэт уйтай
Өгөөмөр намраар атал өөриймшиж өгөхгүй уйтай
Замаар давхидаг жолооч нар ээжийг сурагласаар ирдэгсэн
Замбуулингийн зочид ирсэн шиг ээж цайлж суудагсан
Тойроод л жолооч нар давхиад байх шиг
Тохь алдсан мэт гэртээ атал уйтай
Тогоотой цай даргиллаа ч томчууд тоохгүй болохоор
Торхоор өрөм хураалаа ч ээж эзгүй болохоор арвигүй
Далай байж дээ, ээж минь
Дандаа олныг цайлаад л
Давхиж яваа жолоочийг ч
Даллаж дуудаж дайлаад л
Өгөөмөр сэтгэлийн нь галд хүмүүс цугладаг байж дээ
Өглөгч эвцүү занд нь даяараа уусдаг байсан даа
Өглөгийн эзэн, өршөөх тэнгэрийн сахиусан юм шүү дээ
Өрөвчхөн үрсдээ эргэж ирээрэй ээж ээ...
Эх сурвалж: www.zms.mn