Хүн төрөлхтөний парламент гэгдэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дахь удаагийн чуулган 193 орны төр засгийн тэргүүнүүдийг нэгтгэн АНУ-ын Нью-Йорк хотноо нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан Гадаад харилцааны сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцож байна.
Чуулганы эхний өдөр улс орны төр засгийн тэргүүнүүдийн анхаарлаа хандуулсан сэдэв нь “Хуулийн засаглал”-ын тухай байв. “Үндэсний болон олон улсын төвшин дэх хуулийн засаглал”-ын асуудлаарх өндөр түвшний хуралдааныг нээж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Вүк Жеремик, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар үг хэлэв.
Чуулганы үдээс өмнөх хэсэгт Монгол, Австри, Иран, Болгар зэрэг нийт 35 улсын төр засгийн тэргүүн үг хэлсэн бөгөөд тэд Хуулийн засаглалыг бэхжүүлж, даян дэлхийн улс үндэстнүүдийн дунд хэлбэрэлтгүй хэрэгжүүлснээр шударга ёс, энх тайван, ардчилал, хүний эрх тогтоно. Үүний тулд авлигатай эрс шийдэмгий тэмцэх ёстойг онцолж байв. Тухайлбал Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Хейнз Фишер хэлэхдээ, “Хуулийн засаглал бол олон улсын харилцааны үндсэн суурь юм. Энэ бол эдийн засгийн тогтвортой өсөлт, хүний эрхийн хамгаалалт хийгээд олон улсын энх тайван, аюулгүй байдлын тухай ойлголт бөгөөд хуулийн засаглалын хамгийн том дайсан, уршигт өвчин нь авлига гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй санал нийлж байна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “...Хүний эрх, хууль дээдлэх ёс өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй билээ. Эдгээр нь хүн төрөлхтний түгээмэл, салшгүй үнэт зүйлс, баримтлах үндсэн зарчмууд юм. Хуулийн засаглал тогтоогүй байхад хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх боломжгүй. Иймээс ч хуулийн засаглал нь төр, иргэд хоорондын нийгмийн гэрээний үндэс суурь, амин судас нь юм” гэж онцлов.
CNN-Д ЯРИЛЦЛАГА ӨГӨВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын индрээс “Хуулийн засаглал” сэдэвт өндөр төвшний уулзалтад үг хэлснийхээ дараа Нью-Йорк хотноо байрлах CNN-ийн төв байранд зочлов.
Тус байгууллага НҮБ-ын чуулганы үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон хэд хэдэн орны төрийн тэргүүнээс ярилцлага авахаар урьсан бөгөөд тус телевизийн нэрт сэтгүүлч Кристина Аманпаурын ярилцлагын нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч зочноор оролцов.
Кристина Аманпаур нь дэлхийн хэмжээний бодлого, стратегийн асуудлаар ихэвчлэн улс орнуудын төрийн тэргүүнүүд бодлого тодорхойлогчдыг өөрийн ярилцлагын цагтаа урьдаг бөгөөд энэ удаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Монголын тухай хэд хэдэн онцлох асуултад хариулт авав.
Ярилцлагын эхэнд Кристина Аманпаур “Дэлхийн нэлээд жижигхэн мөртөө хамгийн үлгэр жишээ амжилтыг үзүүлсээр ирсэн Катарын тухай та бүхэн мэдэх билээ. Харин тэгвэл Катараас ч илүү анхаарал татсан нэгэн орны тухай та бүхэндээ танилцуулах гэж байна. Та бүхэн дэлхийн хамгийн хурдтай эдийн засгийн өсөлттэй орныг мэдэх үү. Хэрэв та Хятад гэж хариулах бол та буруу бодож байна. Энэ бол Монгол Улс...Хятад, Оросын дундах Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө Хятадаас хоёр дахин хурдтай хөгжиж байна” хэмээн нэвтрүүлгээ эхлэв. Тэрээр цааш нь АНУ-аас сүүлийн жилүүдэд Монгол Улсад айлчилсан Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нарын айлчлалыг дурдаад Монголын эдийн засгийн огцом өсөлт нь уул уурхай, газрын баялаг ашигт малтмал гэдгийг онцлов. Ярилцлагынхаа эхэнд Кристина Аманпаур уул уурхайн асар их баялагтай орны хувьд Монголд ямар сорилт бэрхшээл тулгарч байгааг асуув. Ерөнхийлөгч “Бид ард түмнийхээ чөлөөт сонголтыг эрхэмлэсэн ардчилсан засаглалтай улс, ард түмэн зөвийг тунгааж бурууг залруулж чаддаг ямар ч эрх мэдэлтэн, төр засгаас илүү ухаалаг байдаг. Бид бусад улс орнуудын алдаа онооны сургамжаас суралцан алдаа гаргахгүй амжилтад хүрэхийг зорьж байна” гэв.