Х.ХУЛАН

Цөлжилт ямар төв­шинд байна вэ, цөл­жилтийн эрчмийг саа­руулж, уур амьсгалын өөрч­лөлтөд дасан зохи­цохын тулд бид юу хийх ёстой вэ гэдгийг то­дорхойлсон нэгэн чухал баримт бичиг гарчээ. Монгол Улс анх удаагаа цөл­жилтийн ат­ласыг гар­гасан нь энэ юм. БОНХЯ-ны захиалгаар Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлж, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн болон Байгаль орчны мэдээллийн тө­вийн эрдэмтэн, экс­пертүүд Монгол орны цөл­жилтийн атласыг бүтээжээ.

Монгол Улс 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцид нэг­дэж, хүлээсэн үүргийнхээ  дагуу 1996, 2003, 2010 онд “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг тус тус шинэчлэн баталж хэрэгжүүлж ирсэн. Засгийн газрын тогтоолоор 2010 оноос хэрэгжүүлж буй Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр бол цөлжилттэй тэмцэх арга хэмжээг улс орны хэмжээнд төлөвлөн хэрэгжүүлэх бодлогын гол баримт бичиг юм. Энд тусгасан нэг гол зорилт нь Цөлжилтийн нэгдсэн мэдээлэлийн сан бий болгох явдал байв. Монгол Улс энэхүү зорилтоо биелүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийн санг бий болгоод байгаа билээ.

    БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, Байгаль орчны мэдээллийн төвийн дарга С.Хөдөлмөр, Хөрс хамгаалал, цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны нарийн бичгийн дарга Д.Баярбат, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Мандах нар энэ талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэдний хэлж буйгаар, Монгол орны цөлжилтийн атласыг боловсруулснаар  цөлжилттэй тэмцэх ажлыг аймаг орон нутгийн төв­шинд бодитоор төлөвлөн хэрэгжүүлэх боломж  бүрдэж байгаа аж.

Цөлжилтийн атласт  хөрсний  элэгдэл, эвдрэл хуурайшлыг  зураглал болгон үзүүлжээ. Эрдэмтэн судлаачид өмнө нь цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлийг үндэсний хэмжээнд  гаргаж ирж байсан бол энэ удаа илүү нарийвчилж, тухайн орон нутаг, аймаг, сумаар нь тодорхойлсон нь энэ атласыг илүү үнэ цэнэтэй болгосон байна.  Өөрөөр хэлбэл, тухайн орон нутаг бүр энэхүү тодорхойлолтод үндэслэж байгаль хамгааллын төлөвлөгөөгөө гаргах юм.

2006 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 72 хувь нь их, бага хэмжээгээр цөлжсөн тухай судалгааг мэргэжилтнүүд гаргаж байв. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн, тодруулбал,  2010 оны байдлаар хийсэн шинэ үнэлгээгээр монгол орны 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн байна. Түүнчлэн өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулахад цөлжилтийн хүчтэй зэрэглэлтэй газрын дүн саарсан мэдээ гарч байгаа аж. Тодруулбал, тэдгээр газарт доройтлын хэм хэмжээ сул түвшинд хүрчээ. Үүнтэй зэрэгцээд нэн хүчтэй буюу доройтлыг нөхөн сэргээх, сааруулах шаардлагатай газрын хэмжээ нийтдээ 2-3 хувиар өссөн байна. Нийт нутаг дэвсгэрийн цөлжилт хамгийн их илэрч байгаа болон идэвхтэй бий болж буй бүс нутагт хээрийн, ялангуяа төв монголын хэсэг багтаж байна. Цөлжилтийн төлөв байдлыг 2006 оныхтой харьцуулахад 2010 онд Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн нэн хүчтэй цөлжилтийн үйл явц хэвээр үргэлжилж байгаа гэнэ. Цөлжилт, газрын доройтол, хөрсний элэгдлийн хэлбэрүүд, хуурайшил монголын нутаг дэвсгэрт ямар байна, уур амьсгалын өөрчлөлт, дулаарал хуурайшил орон зайн хувьд хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдгийг энэ атласт тодорхой үзүүлсэн байна. Өөр нэг давуу тал нь зурагзүйн олон янзын, шинэ арга хэлбэрийг ашиглажээ. Байгаль орчны мэдээллийн төвийн мэдээллийн санг ашиглаж, сансраас тандан судалгааны арга хэрэглэсэн байна.

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрт Монгол орны цөлжилт газрын доройтлын байдлыг үнэлэх, цөлжилтийн мэдээллийн сан байгуулах гэсэн хоёр гол ажил төлөвлөөд байсан.  Энэ дагуу байгаль орчны мэдээллийн төв, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнтэй хамтарч 2009 оноос энэ ажлыг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хий­сэн байна. НҮБ-ын Цөл­жилттэй тэмцэх үн­дэсний хорооноос гаргасан газрын до­ройтол, цөлжилтийг үнэ­лэх дэлхий дахины хэмжүүрүүд бий. Тэдгээрээс Монгол Улсад тохирох хэмжүүрүүдийг энэхүү атласыг боловсруулахад хэрэглэсэн учир олон улсын арга зүйтэй нийцжээ.

Эдгээртэй холбоотой асуудлаар сэтгүүлчид холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултдаа хариулт авсныг хүргэе.

-Монгол орны цөлжилтөд нөлөөлж буй хүний болон байгалийн хүчин зйүлийн нөлөөлөл ямар хувьтай байна вэ?

Н.Мандах:

-Цөлжилтөд хүргэх хүчин зүйлийг талбайн хэмжээгээр ярьвал нийт нутаг дэвсгэрийн 40 гаруй хувь нь байгалийн хүчин зүйл, 60 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байна. Нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлийн цөлжилт илэрсэн газрууд хуучин хэвэндээ байгаа. Голлох, чухал анхаарал тавих ёстой Дорноговь, Говьсүмбэрийн зурвас нутаг, Дундговийн Эрдэ­нэдалай, Сайнцагаан, Луус сумын зурвас ну­тагт анхаарал хандуулах шаардлагатай. Их нуу­руудын хотгор 1990-ээд оноос хойш цөлжилтийн голомт болсон. Энд бодлогоор цөлжилтийг сааруулах ажил хийх шаардлагатай.

Д.Баярбат:

-Эрдэмтдийн гаргасан судалгаа бий. Манай орны цөлжилтийн нийт шалтгааны 70 орчим хувь нь бэлчээр ашиглалттай холбоотой гэж. Уул уурхай, кам харгуй зэрэг хүний ашиглалттай холбоотой хүчин зүйл харьцангуй бага байдаг. Бэлчээрийг зөв ашиглах, малынхаа тоо толгой, даацыг тохируулах нь газар нутгийн хөрс­ний элэгдэлд чухал хамааралтай  гэдгийг анхааруулж хэлэх нь зөв.

-Бусад улстай харь­цуулахад манай улсад цөлжилт ямар хэмжээнд байна вэ?

Б.Тулга:

-Дэлхийн дунджаар цаг агаар сүүлийн 100 жилийн хугацаанд 0.07 градусаар дулаарсан байхад Монгол Улсад 2.1 градусаар дулаарсан байгаа юм. Бусад улстай харьцуулахад манай улс цөлжилтөд хамгийн өндөр нэрвэгдэж байгаа улсын тоонд орж байгаа.

-Монгол орны цөл­жилтийн атлас гарчихлаа. Энэ дагуу орон нутгийн удирдлагууд  төлөвлөгөө гаргасан уу?

Д.Баярбат:

-Нэгдүгээрт, тухайн аймагт цөлжилт жишээлбэл хөрсний элэгдэл салхиар, эсвэл саар, хүний хүчин зүйлээр бий болж байна уу гэдэг нь тодорхой гарчихсан байна гэсэн үг. Үүнтэй холбоотой арга хэмжээгээ төлөвлөөд хэрэгжүүлэх боломжтой болчихсон. Үүнийгээ ИТХ-аараа батлуулаад тодорхой ажлууд хийгээд явах юм. Энэ ажилд оруулж байгаа хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн. Өнгөрсөн 2012 гэхэд л хоёр тэрбум төгрөгийг хөдөө орон нутагт зарцуулсан байгаа юм. Тэнд бодит ажлуудыг хийж байна. Холбогдох яамдад сайдын багцаас төсөв хуваарилж байгаа. Тухайлбал БОНХ-ийн сайдын багцаас булгийн эхийг хамгаалах, ойн зур­вас байгуулахтай хол­боотой ажлуудыг байгууллагуудад нь шууд хуваарилаад өгчихсөн байгаа.

-Швейцарийн хөгж­лийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах хоёр томоохон төсөл хэрэгжиж дууслаа. Үр дүн нь ямар байна вэ?

-НҮБ-ын санхүү­жилтээр хэрэгжсэн төслийн хүрээнд орон нутагт үр дүнтэй туршлагууд бий болсон. Тухайлбал, бэлчээр ашиглалт, ойн зурвас, хөв байгуулах, булаг шандны эхийг хамгаалах арга туршлагуудыг дурьдаж болно л доо. Түүнчлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлсэн төслийн хүрээнд манай улс анх удаа бодлогын бичиг баримттай, хуультай болсон. Хуулийг гаргах, олон улсын туршлага судлах тал дээр энэ төслөөс бодлогын талаас нь дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн бодитоор хэрэгжүүлсэн ажлуудаас нь дурьдвал  ус ашиглах тал дээр Ховд аймагт үр дүнтэй туршлага нэвтрүүлсэн.

-Хоёр том төсөл хэрэгжээд дуусчихлаа. Цаашид гаднын томоохон төсөл, хөтөлбөрийг   татах боломж хайж байгаа юу?

Б.Тулга:

-Тийм бололцоо бий. Жишээлбэл, миний хувьд БОНХЯ-ыг төлөөлж ӨМӨЗО-ны Цөлжилттэй тэмцэх олон улсын дөрөвдүгээр форумд оролцоод ирсэн юм. Тухайн үед НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын удирд­лагуудтай уулзсан. Тэд Монголын цөлжилтийн асуудлыг дэлхийн хэм­жээнд сонирхож, судалж, ярих ёстой юм байна гэсэн. Яагаад гэхээр,  уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа улс нь Монгол юм байна. Хөрснөөсөө буюу бэлчээрээс хамааралтай амьдардаг энэ улсын хувьд танай улсад хэрэгжүүлсэн  аливаа арга технологи нь бусад улсад гарах хүндрэлээс  зайлсхийх туршлага болох юм байна гэж байв. Тиймээс ирэх жил цөлжилттэй тэмцэх арга хэмжээг Монгол Улсад төвлөрч хийх саналтай байна гэдгийг хоёр талаас ярьсан. Намибид Цөлжилттэй тэмцэх сайд нарын үндэс­ний зөвлөлийн уулзалт энэ сарын сүүлээр бол­­но. Энд Монгол Улс санаачлагатай байж, гаднын тө­сөл хөтөлбөрүүдийг төвлөрүүлэхээр ажиллаж байгаа.