Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ой энэ жил тохиож байна.  Түүхэн хүмүүний тэмдэглэлт ойтой холбоотойгоор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  байр сууриа илэрхийллээ.

 

“Өнөөгийн монголчууд хийгээд Г.Занабазарын үеийн монголчуудын үг үйлдэл тун өөр байсан”

 

- Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой энэ жил тохиож байгаад хүндэтгэлтэй хандаж байна. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь Монголын түүх, соёл урлагт хүн бүр хүндэтгэлтэй хандаж ирсний илрэл.  Тийм ч учраас сайн үйлс үйлдэн өнгөрөөх нь зүйтэй болов уу.  Миний бие 30 жилийн өмнө буюу Засгийн газарт Соёлын сайдаар ажиллаж байх үедээ Өндөр гэгээн Г.Занабазарын ойг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан уламжлал тасалдсан үед сэргээн эхлүүлж байлаа. Зохион байгуулах ажлын комиссыг ахалж,  Өндөр гэгээний 360 жилийн ойн  ажлыг хийж байсан. Тус ажилд эрдэмтэн Чой.Лувсанжав, Дархан аварга Ж.Мөнхбат, Төрийн шагналт Н.Жанцанноров, Уртнасан зэрэг  хүмүүс гар бие оролцсон байдаг. Энэ жил тохиож буй 390 жилийн ойг Өндөр гэгээний аж амьдралыг гүн судалж сайтар  ажилласан тул илүү өргөн дэлгэр, гүн гүнзгий утга агуулга бүхий тэмдэглэж байна.  Өндөр гэгээний амьдрал маш ээдрээтэй, олон ашиг сонирхлууд зөрчилдсөн,  холилдсон байдаг тул тэр бүрийг эмх цэгцтэй дэс дараалуулах боломжгүй. Гэсэн ч бид бүхэн ойг нь тэмдэглэх бүртээ түүний амьдралыг ойлгож өв соёлыг нь түгээн дэлгэрүүлэх тал дээр анхаарч ажиллах болно.  Өндөр гэгээн Г.Занабазар манжтай ямар харилцаатай байсан, монголчууд манжид дагаар орж байсан уу гэх асуулт олны дунд байсаар байдаг. Миний бодлоор энэхүү асуултад ийн хариулмаар санагддаг. Өнөөгийн монголчууд болоод Өндөр гэгээн Г.Занабазарын үеийн монголчуудын  хэлэх үг, үгээ дагаж хийж  үйлдэл нь тун өөр байжээ. Одоо цагийн монголчууд хэлсэн ярьсан үгээ зөрчиж, амлалт өгнө гэдэг нь өөрөө зүгээр нэг хууралт болчихсон. Гэтэл Өндөр гэгээний үед шал өөр байсан. Тэр үед "Монголын ЗА бол хууль гэсэн зарчим  үйлчилж байсан байна. Тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэн улсынхаа тусгаар тогтнолыг нэгэн өвөрмөц аргаар авч үлдэх нь зүйтэй гэж үзсэн байх. Өндөр Гэгээн Манжийн хаадтай харилцан тохиролцон хэлэлцээр хийж,  Чин улсын үед Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг авч үлдсэн байх. Мөн Чин улсын хүсэлтээр дайн байлдааны үед цэрэг, агт морь, зэр зэвсэг нийлүүлэхээр  тохирсон байна. Уг явдлаас шалтгаалан монголын нутаг дэвсгэрт гадаадын  улсууд хөл тавьж зүрхэлдэггүй байж. Үүний ачаар монголчууд өөрсдийн ёс заншил, өв уламжлал, амьдралын хэв маягаа хадгалж авч үлдэж чадсан байна. Чин улсын үед Хятадын соёл суурин давамгайлсан байгаагүй,  энэ нь нүүдэлчин манжуудын байгуулсан улс юм.  Харин уг улс нь олон жилийн дараа Хятадын суурин давамгайлсан улс болон хөгжсөн.

 

“Тэр бол монголчуудыг монгол үндэстнээр нь, монгол соёл өвийг монголоор нь авч үлдсэн суу билигт  төрийн зүтгэлтэн байсан”

 

-Англичууд  Хятад улсад хар тамхи зарахын тулд уг явдлыг эсэргүүцэж байсан.  Чин улсын удирдлагуудтай тэрсэлдэн хар тамхины дайн гэх алдарт дайныг өдөөн Чин улсыг буулган авч Хонгконг орнуудыг өөрийн эзэмшилд оруулан хар тамхийг Хятадын зах зээлд борлуулах эрхийг олж авч байжээ. Тухайн үед Чин улс өөрсдийгөө хөгжил дэвшлээрээ тэргүүлэгч хэмээн үзэж байсан боловч Англид  ялагдсаны дараа хэрхэн дахин хөгжих арга замыг хайн улам хүчирхэгжих, өв соёлоо дагах шинэ бодлого хэрэгжүүлж байсан. Манжийн хаад ноёд Хятадын соёлд гүнзгий автсан байсан учраас Хятадын соёл уламжлалыг суралцан хятад хүн мэт сэтгэн бодож байж гадаадын эзлэн түрэмгийллээс өөрийгөө хамгаална гэж үзсэний улмаас тус “Хятаджих” бодлогыг явуулсан. Мөн Төвдөд, Монголд, Хятадын газар тариалан эрхлэгчдийг маш богино хугацаанд суурьшуулсан  байдаг. Энэ явдлыг бид мартах учиргүй. Манж болон Хятад нь хоёр өөр үндэстэн.  Нэг нь нүүдэлчин, нөгөө нь суурин соёл иргэншилтэй. Чин улс дөнгөж  байгуулагдаж байх үед Өндөр Гэгээн Занабазар Манжийн хаадтай тохиролцон Монголын тусгаар тогтнолыг авч үлдсэн. Өндөр Гэгээн Г.Занабазар бол монголчуудыг монгол үндэстнээр нь, монгол соёл өвийг монголоор нь авч үлдсэн суу билигт  төрийн зүтгэлтэн байсан. Ингээд 1911 он болоход одоогийн Хятад буюу тэр үеийн Чин улсад Синхайн хувьсгал болсон. Хятадууд Манж, Монгол зэрэг харийн түрэмгийлэгчдийг хөөе хэмээж бослого гаргасан нь улмаар амжилтад хүрэв.  VIII Богд ба Монголын хаад ноёд Өндөр Гэгээний хууль дуусгавар болсон байна. Хувьсгал гарч бидний гэрээ байгуулсан Чин улс байхгүй боллоо. Тиймээс бид одоо бие даасан улс болно. Хятад ч бие даасан улс, Монгол ч бие даасан улс. Ийм байдлаар тусгаар тогтнолоо зарласан байгаа юм. Бид өөрийнхөө улсын түүхийг гутааж, муулж, доромжилж, үгүйсгэж биш үйл явдлуудыг хооронд нь холбож, бүтээж, зөвтгөж, уялдуулж ойлговол манай тусгаар тогтнол бэхжих болов уу гэж бодож байна. Хэрэв бид өөрсдийн тусгаар тогтнолыг, Өндөр Гэгээнийхээ тусгаар тогтнолыг, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг ингэж харийнханд өгөөд үгүйсгээд байвал, няцаагаад байвал бид сэтгэлдээ тусгаар тогтнолоо алдаад, удалгүй гаднаа тусгаар тогтнолоо алдах аюултай шүү гэдгийг анхааруулан хэлье.

 

“Түүнийг Италийн алдарт зураач, уран барималчтай дүйцэхүйц хүн гэж харьцуулж байсан”

 

 -Өндөр Гэгээн Г.Занабазар төрийн том зүтгэлтэн байхын зэрэгцээ, урлагийн том зүтгэлтэн байлаа. Түүнийг Б.Ренчин гуай нэгэн цагт Италийн алдарт зураач, уран барималчтай дүйцэхүйц хэмжээний хүн гэж харьцуулж байсан. Үнэхээр тийм. Яагаад гэвэл Г.Занабазарын урлаг бол маш нарийн уламжлалыг өвлөж аваад хөгжүүлсэн байдаг. Энэ талаар би судалж байгаа, удахгүй та бүхэндээ Өндөр Гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулж хийж байгаа бүтээл учир танилцуулна.  Грекийн алдартай жанжин төв Азийг болон Энэтхэгийг эзэлсэн удаатай. Түүнийг дагаад эртний Грекээс олон уран барималчид Энэтхэгт суурьшсан байгаа юм. Одоогийн Пакистан, Афганистаны зааг дээр байдаг Канкара гэдэг газарт энэ соёл нь дэлгэрсэн. Ингээд Грекүүд энэ газарт эртний уран баримал хийдэг аргаа авчирсан түүхтэй. Тэнд бурхан шашны сургаал, Буддын шашны урлаг байна гэдгийг мэдсэн. Тэр үед Бурхан багшийг яг бодит дүр төрхөөр нь бүтээдэггүй бөгөөд заан эсвэл хүрдээр төлөөлүүлж, орлуулдаг байж. Эртний Грекийн уран барималчид ирж суурьшсанаар эртний Энэтхэгийн Буддын шашны урлагтай холилдоод, нэг нэгэндээ нөлөөлөөд, анх удаа Бурхан багшийн дүрийг бодитойгоор, хүн дүрээр бүтээсэн. Үүнээс эхлээд Буддын шашны бурхны зургийн тиг гэж ойлголт бий болжээ. Улмаар энэ нь дэлгэрээд төв Ази руу орсон байна.

 

“Г.Занабазарын бас нэгэн гайхамшиг нь хүний дүртэй баримал хэрхэн бурхан болох вэ гэдгийг харуулж чадсан”

 

-Төвөдийн Нарсан урлаг зэрэг урлагийн төрлүүд хөгжиж, бүрэлдэн тогтсон. Тэгвэл Өндөр Гэгээн Г.Занабазарын өнөөдрийн та биднийг бишрүүлээд байгаа бурхны бүтээлүүд бол Канкара, Наландагийн урлагуудыг өвлөж авсан, хөгжүүлсэн хэлбэр юм. Товчхондоо бурхан багш яах гэж байдаг юм бэ гэвэл номлох гэж сургаал айлдах гэж энэ ертөнцөд айлчилсан. Бурхныг бид харахдаа ном сургаалыг сонсохыг хүсдэг. Тэгвэл яаж дуугүй баримлаас, дуугүй зургаас бурхны номлолыг сонсох вэ гэдгийг энэ олон зуун жилийн турш уран бүтээлчид уг асуудлыг шийдэх гээд чадаагүй байдаг. Харин суут уран бүтээлчид асуудлыг шийдэж чадсан. Та бүхэн хараарай.  Г.Занабазарын бүтээлүүд өөрийнхөө гоо сайхнаараа, инээмсэглэлээрээ, бүхий л зүйлээрээ бурхны шашны гүн гүнзгий, нарийн нандин байдлыг бидэнд номлож байдаг. Муухан бурхан чив чимээгүй л байгаа. Харахад байгаа атлаа номын үнэр ч байхгүй, дуу ч байхгүй. Тэгэхээр Г.Занабазар гуай бол өөрийнхөө бүтээлээрээ, дундад зуунд өөр өөрсдийн шашны номлолыг та бидэнд хүргэсэн хүмүүс. Канкарагийн бурхан, Балбын бурхан, Наладагийн бурхан бол яаж бурхныг хүн болгох вэ гэдгийг л хийх гэж оролдсон. Эртний Грекийн нөлөөгөөр бурхан багшийг хэрхэн хүн болгох вэ гэдгийг үнэхээр сайн гаргасан. Харин Г.Занабазарын гайхамшиг нь хүний дүртэй бүтээсэн баримал хэрхэн бурхан болох вэ гэдгийг хийж чадсан. Дүрийг харахад хүний дүртэй атлаа бурхад бий. Түүнээс өмнөх уран бүтээлчид бурхныг бидэнтэй ойртуулан хүнтэй л адилтгасан. Г.Занабазарын бүтээл нь бие, мутар, мэлмий зэрэг нь бодитоор бүтээсэн. Үүнийг урлаг судлаачид тогтоосноос гадна жирийн сүсэгтэн ард хүртэл хараад, мэдрээд байна. Өндөр Гэгээний бурханд мөргөвөл үнэхээр үйл хэрэг тань бүтнэ. Бусад хүн дүртэй бурхдад духаа халцартал мөргөсөн ч үйл хэрэг бүтэх нь юу л бол. Тийм учраас Г.Занабазарын бүтээсэн бурхад хүнийг буян бодуулдаг, нүглээс зугтаалгадаг юм шүү гэдгийг л та бүхэндээ хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 145 (7642)