Англи хэлнээс хөрвүүлсэн тоймч, Олон улсын харилцаа судлаач В.АРИУНЧИМЭГ
Монгол Улсын газар зүйн онцгой байршил улс орны түүх, гадаад бодлого, эдийн засгийн стратегийг бүрэн тодорхойлж ирсэн
Монгол Улс нь Хятад, Оросын хооронд стратегийн байршилтай, газар зүйн хувьд далайд гарцгүй, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд чухал ач холбогдолтой ашигт малтмалын асар их нөөцтэй улс юм. Хэдийгээр улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амь амьжиргааны чанарыг сайжруулах нөөц бололцоотой ч тус улс эдийн засгийн эмзэг байдал, засаглалын сорилт, геополитикийн дарамттай тулгарч байдаг онцлогтой.
Далайд гарцгүй Монгол Улс нь хойд талаараа ОХУ-тай, өмнөд талаараа БНХАУ-тай хиллэдэг, газар зүйн хувьд онцгой байршилтай улс юм. Газар зүйн энэхүү бодит байдал нь тус улсын түүх, гадаад бодлого, эдийн засгийн стратегийг бүрэн тодорхойлж ирсэн. Монгол Улс 1911 онд Манж Чин улсаас тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, 1990 онд ЗХУ-ын ноёрхлоос ангижирч, ардчилсан улс төрийн тогтолцоонд шилжсэн юм. Хэдийгээр тусгаар тогтносон ч Монгол Улсын эдийн засаг хөрш орнуудаасаа ихээхэн хамааралтай төдийгүй геополитикийн эмзэг байдалд өртөмтгий. Монголын гадаад худалдаанд Хятадтай харилцах харилцаа давамгайлж, экспортынх нь 90 гаруй хувь нь, гол төлөв ашигт малтмал Хятадын зах зээлд гарч байна. Бээжингийн нөлөө худалдаанаас гадна дэд бүтцийн бүтээн босголтоор өргөжиж байгаа нь бүс нутгийн харилцаа холбоог сайжруулах зорилготой Хятад-Монгол-Оросын Эдийн Засгийн Коридор (CMREC) зэрэг санаачилгуудаар нотлогддог юм. Гэвч энэхүү хамаарал Улаанбаатарыг Хятадын эрэлт хэрэгцээнд гарч буй өөрчлөлт, эдийн засгийн ерөнхий чиг хандлага тэр дундаа Бээжингийн үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт зэрэгт өртөмтгий, эмзэг болгож байна.
Харин ОХУ нь Монгол Улсын гадаад худалдаанд бага хувийг эзэлдэг боловч газрын тос, байгалийн хийн импортынх нь гол ханган нийлүүлэгч, эрчим хүчний үндсэн нийлүүлэгч юм. Хуучин ЗХУ-ын үеэс улбаатай түүхэн харилцаа өнөөг хүртэл нөлөөтэй хэвээр байж, Москва тус улсад стратегийн ашиг сонирхлоо хадгалсаар байна. 2024 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хүлээн авсан нь олон улсаас шүүмжлэл хүлээсэн ч Монгол Улс Хойд хөрштэйгээ харилцаагаа тэнцвэржүүлэхийг хичээж буйг харуулсан алхам болсон юм. Хятад, Оросоос хэт хамааралтай байдлаа багасгахын тулд Монгол Улс “Гуравдагч хөршийн” бодлого баримталж, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Европын улс орнуудтай харилцаагаа өргөжүүлж байна. Энэ стратеги нь эдийн засгийн түншлэлээ төрөлжүүлэх, олон улсын тавцанд байр сууриа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Саяхан Францын Орано компанитай ураны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Улаанбаатар дэлхийн түншүүдийг татахын тулд байгалийн баялгийн нөөцөө ашиглах стратеги барьж буйг харуулсан юм. Хэдийгээр Монгол Улс идэвхтэй гадаад бодлого явуулж байгаа ч улам бүр тогтворгүй болж буй геополитикийн орчинд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Орос болон Барууны хоорондын хурцадмал байдал Украины дайны нөлөөгөөр улам даамжирч, Хятадын бүс нутагт явуулж буй үйл ажиллагаа эрчимтэй нэмэгдэх болсноор геополитикийн орчин улам л хүндэрч байна. Монгол Улс нь хөрш улс орнуудтайгаа харилцаагаа маш болгоомжтой зохицуулж, алс холын түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх замаар нарийн төвөгтэй, зарим тохиолдолд өрсөлдөөнтэй олон улсын өнөөгийн орчинд тусгаар тогтнол, эдийн засгийн тогтвортой байдлаа хангах шаардлага тулгарч буй нь бодит үнэн.
Монгол Улсын геополитикийн орчинд хийсэн СВОТ дүн шинжилгээ /СВОТ дүн шинжилгээ гэдэг нь улс орны давуу тал, сул тал, боломж, аюул заналд дүн шинжилгээ хийхийг хэлдэг/
Дотоодын болон олон улсын эх сурвалжууд, SpecialEurasia агентлагийн өмнөх тайлангуудад үндэслэн хийгдсэн SWOT дүн шинжилгээ нь бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчдад Монгол Улсын стратегийн байр суурийг үнэлэх, тус улсын давуу тал, сул тал, боломж, аюулыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Давуу талууд
• Ашигт малтмалын баялаг ба стратегийн нөөц.
Монгол Улсад нүүрс, зэс, алт, уран, газрын ховор металлын томоохон ордууд бий. Эдгээр нөөц нь дэлхийн аж үйлдвэрлэлд нэн чухал төдийгүй гадаадын шууд хөрөнгө оруулалтыг (ГШХО) ихээхэн татдаг.
• Геополитикийн байршил.
Хятад, Оросын хооронд оршдог Монгол Улс нь Евразийн коридорт гол тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг.
• Тогтвортой ардчилсан институтууд.
Улс төрийн сорилтууд байгаа хэдий ч Монгол Улс 1990 онд ЗХУ-ын нөлөөнөөс гарснаас хойш ардчилсан засаглалаа хадгалсаар ирсэн.
• Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах чадвар.
Уул уурхайн төслүүд ялангуяа “Оюу Толгой” төсөл нь олон улсын хөрөнгө оруулагчдыг татаж, эдийн засгийн өсөлтийнх нь гол хөдөлгүүр болж байна.
• “Гуравдагч хөршийн” бодлого.
Монгол Улсын гадаад харилцааны стратеги нь хөгжингүй ардчилсан орнуудтай олон улсын түншлэлээ төрөлжүүлж, Хятад, Оросоос хамааралтай байдлаа бууруулахад чиглэдэг.
Сул талууд
• Хятадаас эдийн засгийн хамааралтай.
Монгол Улсын экспортын 87 орчим хувь, тэр дундаа ашигт малтмалын дийлэнх хувь нь Хятадын зах зээлрүү гарч байгаа нь Бээжингийн эдийн засгийн бодлого, эрэлтийн хэлбэлзэлд эмзэг болгож байна.
• Оросоос эрчим хүчний хамааралтай.
Монгол Улс газрын тос, байгалийн хийн импортоор Оросоос хамааралтай бөгөөд энэ нь эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэл, үнийн хэлбэлзэлд өртөмтгий болгодог.
• Эдийн засгийн төрөлжилт дутмаг.
Экспортынх нь 81 хувийг эзэлдэг уул уурхайн салбараас хэт хамааралтай байдал нь түүхий эдийн үнийн уналт зэрэг гадаад зах зээлийн нөөлөөллийг тэсвэрлэх чадварыг хязгаарлаж байна.
• Засаглалын сорилтууд.
Авлига, засаглал сул, гэрээ хэлэлцээр хийх, уул уурхайн лиценз олгоход ил тод байдал хангагдахгүй байгаа нь хөрөнгө оруулагчид болон олон нийтийн итгэлийг бууруулж байна.
• Байгаль орчны доройтол.
Уул уурхайн олборлолт, бэлчээрийн даац хэтэрснээс хөрсний элэгдэл, цөлжилтийг бий болгож, хөдөө аж ахуй, хөдөөгийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.
Боломжууд
• Ашигт малтмалын зах зээлийн төрөлжилт.
Монгол Улсын газрын ховор металл, ураны нөөц нь Барууны орнуудын хөрөнгө оруулалтыг ихээр татаж, тус улсын зах зээл дэх Хятадын нөлөөг тэнцвэржүүлэх боломжтой.
• Дэд бүтцийн хөгжил.
“Уурхайгаас зах зээлд” стратегийн хүрээнд тээврийн дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт нь худалдааны үр ашгийг дээшлүүлж, ГШХО-ыг илүү их татах боломжтой.
• Стратегийн түншлэл.
АНУ, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудтай харилцаагаа бэхжүүлэх нь “Гуравдагч хөршийн” бодлоготой нийцэж, дэвшилтэт технологи, илүү олон зах зээлд нэвтрэх боломжийг олгох эерэг нөлөөтэй.
• Шинээр бий болж буй эрчим хүчний төслүүд.
Сэргээгдэх эрчим хүч, стратегийн ашигт малтмалын олборлолтын чиглэлээр дэлхийн түншүүдтэй хамтран ажиллах нь урт хугацааны эдийн засгийн боломжуудыг бий болгох юм.
• Бүс нутгийн интеграци.
Хятад-Монгол-Оросын Эдийн Засгийн Коридорын (CMREC) хүрээнд гурван талт хамтын ажиллагаа нь худалдааны замыг бэхжүүлж, Хятад, Оросын эдийн засгийн интеграцийг нэмэгдүүлэх боломжтой боловч хамаарлын эрсдэлийг болгоомжтой удирдах нь маш чухал юм.
Аюул, заналхийлэл
• Геополитикийн дарамт, шахалт.
Москва, Бээжингийн хоорондох Улаанбаатарын стратегийн байршил нь тусгаар тогтнолоо хадгалах, хөрш орнуудаасаа хэт хамааралтай болохоос зайлсхийхэд маш нарийн тэнцвэрийг бий болгодог.
• Эдийн засгийн тогтворгүй байдал.
Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, Хятадын гангийн эрэлт буурсан нь уул уурхайд түшиглэсэн Монголын эдийн засагт ихээхэн нөлөөлж болзошгүй.
• Байгаль орчны эрсдэл.
Ган, Зуд зэрэг цаг агаар хатуу ширүүн, эрс тэс байдал, урт хугацааны хөрсний доройтол нь хөдөө аж ахуйн салбар, хүнсний аюулгүй байдалд нь сөргөөр нөлөөлж байна.
• Өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал.
Уул уурхайн салбарын хүртээмжгүй өсөлт нь нийгмийн тэгш бус байдлыг улам хурцатгаж, улс төрийн тогтворгүй байдалд хүргэж болзошгүй.
• Бүс нутгийн тогтворгүй байдал.
Украины дайн, Баруунаас Оросын эсрэг хориг арга хэмжээгээ улам өргөжүүлж буй нь Монгол Улсын ОХУ-тай явуулж буй улс төр, эдийн засгийн харилцаанд сорилт авч ирж болзошгүй.
• Авлига ба улс төрийн тогтворгүй байдал.
Засаглалд тулгарч буй байнгын асуудлууд нь гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулж, эдийн засгийн шинэчлэлийг бүдгэрүүлж магадгүй.
Дүгнэлт
Евразид чухал байр суурь эзэлдэг Монгол Улс нь байгалийн нөөц баялаг, геополитикийн онцгой ач холбогдлоос нь урган гарч буй боломжуудыг эдийн засаг, улс төрийн эмзэг байдлын эсрэг тэнцвэржүүлэх хөшүүрэг болгон ашиглаж байна. Эдийн засгийн түншлэлээ үр дүнтэй төрөлжүүлж, байгалийн нөөцөө бодолтой ашиглах нь Хятад, Оросоос хэт хамааралтай болох эрсдэлийг бууруулахад нэн чухал юм. Хөрөнгө оруулагчид улам бүр ээдрээтэй болж буй геополитикийн өнөөгийн орчинд Монгол Улсын урт хугацааны тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг үнэлэхийн тулд засаглалын шинэчлэл, байгаль орчны менежмент, дэд бүтцийн хөгжлийг нь үнэлэх учиртай.
Эх сурвалж: SpecialEurasia.
SpecialEurasia нь геополитикийн тагнуул, эрсдэлийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн зөвлөх, хэвлэл мэдээллийн агентлаг юм. Тус агентлаг нь бизнесийн байгууллагууд, засгийн газрын агентлаг, аж ахуй нэгжүүдэд өнөөгийн хурдацтай хөгжиж буй геополитикийн орчинд дасан зохицоход шаардлагатай чухал ойлголтуудыг өгдөг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 145 (7642)