Ч.ЗОТОЛ
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд эхэллээ. Тэрээр Сүхбаатар дүүргийн шүүхээс өөрт нь тулгаж буй хилс хэрэг, улс төрийн зорилгоор ямар ч үндэслэлгүйгээр ногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр ирсэн билээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн байр суурьтаа хатуу зогсч, шударга ёсыг шаардаж буй учир ийнхүү давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Гэсэн ч Нийслэлийн шүүх түүнийг оролцуулалгүйгээр шүүх хурлыг явууллаа. Тэрээр хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Гэтэл шүүх өөрийг нь байлцуулах шаардлагагүй, өмгөөлөгчийг төлөөлөл болгон шүүх хурлыг явуулж болно хэмээн ийнхүү шийдвэрлэжээ. Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч, шүүх хурлыг даргалагч Б.Сарантуяа үүнийгээ шүүх хурал хийх танхимын хувьд шүүн таслах ажиллагааг цогц байдлаар явуулах нөхцөл боломж тааруу байгаатай холбон тайлбарласан. Харин Н.Энхбаярын өмгөөлөгч З.Оюунбилэг энэ байдлыг “Шүүгдэгчийн шүүхийн өмнө өөрийгөө өмгөөлөх эрхийг хаан боогдуулж байна. Ингэж болохгүй” хэмээн шүүх бүрэлдэхүүнд хандан хэлсэн юм. Мөн шүүх хуралд ажиглагчаар оролцсон Олон улсын хуульч Жон Миссин шүүгдэгчид болон сэтгүүлчдийг шүүх хуралд оролцуулахгүй байгааг гайхаж байгаагаа хурлын завсарлагаар түүний байр суурийг сонирхсон сэтгүүлчдэд илэрхийлж байлаа.
Тус шүүх хурлыг Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, нарийн бичгийн даргаар н.Болдбаатар нар томилогдон шүүх хурлыг явуулж байна. Хурал 08.30 цагт эхэлж дундаа 15 минутаас нэг цагийн завсарлагатайгаар үргэлжилж байгаа юм. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт үүсгэсэн хэрэг гэгч нь нэхэмжлэгч, хохирогчгүй. Хэрэг үүсгэсэн үндэслэлүүд нь ч бүрхэг. Олон жил хүмүүсийн дунд яригдсан цуу ярианд тулгуурласан, таамгаар яллах дүгнэлт хийсэн, улс төрийн зорилготойг ажиглагчид хэлдэг. Үүнийг ч давж заалдах шатны шүүх хурлын үеэр хурал даргалагч Б.Сарантуяа шүүгч хэлсэн байна. Тэрээр “Анхан шатны шүүх хурал зарим хуулийг зөрчсөн байна. Ялангуяа өмгөөлөгчийн мэтгэлцэх зарчмыг хангаагүй, Н.Энхбаярыг цагаатгах бус яллах талаас илүүтэй хандсан” гэжээ.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчөө дарж авах “Хэлмэгдүүлэлтийн галт тэрэг” өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сарын 13-ны шөнийн олон нийтийг айдас, хүйдэст автуулсан баривчилгаагаар замдаа нэгэнт гарлаа, АТГ, шүүх, прокурор нэг талыг баримталж байна, Монголд шударга шүүх, шударга шүүгч байна уу гэх мэт олон баримт, тайлбаруудыг хэвлэлүүд онцолж байгаа. Түүх давтагдаж, улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлт эргэн ирснийг сануулж, ийм үед хүний эрхийг хамгаалагчид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж Олон улсаас санхүүждэг ТББ-ууд яагаад дуугүй байгааг ч сэтгүүлчид асуудал болгон дэвшүүлсэн нь цөөнгүй. Тэгвэл Гавьяат хуульч С.Нарангэрэл тэргүүтэй өмгөөлөгчдийн баг энэ бүхэнд үндэслэн шүүгдэгчдийг цагаатгах талын бүхий л баримт, нотолгоог давж заалдах шатны шүүх хуралд гарган тавьсан байна. Хурлын үеэр Н.Энхбаяр нарт холбогдох хэрэг хэмээн үүсгээд буй 49 хавтас материалыг нэг бүрчлэн танилцуулжээ.
Үүний өмнө Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон анхан шатны шүүх хурлыг шүүгдэгч болон өмгөөлөгчдийн хүсэлт, үнэнийг мэдэх гэсэн ард түмний шахалт шаардлагаар гурван өдрийн турш телевизийн шууд нэвтрүүлгээр олон нийтэд нээлттэй явуулсан. Гэтэл энэ удаагийн давж заалдах шатны шүүх хурлыг хаалттай явуулж тэр ч бүү хэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хуралд оролцуулсангүй. Энэ нь шударга ёс, хүний эрх болоод Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байгааг хэлэх хүн олон байна. Мөн шүүх хурлыг нээлттэй сурвалжлахаар олон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид очсон ч нэгийг нь ч оруулсангүй. Зөвхөн зураглаачдад л нээлтийн зургийг аваад буцаж гарах боломж олгосон юм.
Шүүх хуралд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан нар ажиглагчаар оролцож байна. Журмын нөхөд, тус намын бусад гишүүд, дэмжигчдийг мөн л шүүх танхимын багтаамж, боломжгүй байдлаар шалтаглан хуралд оруулсангүй. Тиймээс тэд давж заалдах шатны шүүх хурал эхлэхээс дуусах хүртэл хашааны гадна хүлээж зогссон юм. Тэдний дотор Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг болон орон нутгаас шүүх хуралд биечлэн оролцохоор төлөөлөл болж ирсэн иргэд цөөнгүй байлаа. Тэд шүүх хуралд оруулахгүй гэдгийг дуулаад бухимдаж байгаагаа тэнд байсан хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр дайж, шүүх шударга шийдвэр гаргахыг шаардаж, хүсч байгаа талаар байр сууриа илэрхийлсээр байна. Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд дэмжигчид болон иргэд, хэвлэл, мэдээллийнхэн Нийслэлийн шүүхийн гадна цуглаж хүлээсэн хэвээр байлаа.