Д.АРИУН
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнгөрсөн баасан гаригийн /2016.01.29 / үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга танилцуулсан байна.
Уг тогтоолын төсөлд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхээр тусгасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжжээ. Байнгын хорооны энэхүү саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь дэмжсэнээр Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.