Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнгөрсөн баасан гаригийн /2016.01.29 / үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав.
Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан 2015 оны жилийн эцсийн хүн амын урьдчилсан тоог үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай саналаа ирүүлсэн байна. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн аймаг тус бүрийг 1, нийслэлийг 6 тойрог болгож Улсын Их Хурлын сонгуулийн нийт 26 тойрог байгуулах, Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн Улсын Их Хурлын сонгуулийн нэг тойрог болгохоор тусгажээ. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрт ногдох Улсын Их Хурлын гишүүний мандатын тоог уг тогтоолын хавсралтаар батлахаар тусгасан байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны баасан гаригийн хуралдаанаар уг тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгахад Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, С.Баярцогт, Х.Тэмүүжин нар тогтоолын хавсралтад заасан Дорнод, Завхан, Увс, Хэнтий аймгийн мандатын тоог тус бүрээр нэгээр бууруулж, нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн мандатын тоог тус бүр нэгээр нэмэгдүүлэх санал гаргасан нь дэмжигдээгүй. Мөн эдгээр гишүүд тогтоолын хавсралтад Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэж нэг тойрог болгох гэснийг Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэж нэг тойрог болгох, мөн нийслэлийн Хан-Уул, Налайх дүүргийг нэгтгэж нэг тойрог болгох санал гаргасан нь олонхийн дэмжлэг аваагүй аж.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, байнгын хорооны дарга хариулт өгсөн юм.
Ингээд байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 47 нь буюу 72.9 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдав. Уг тогтоолын төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн мандатын тоо энэ удаагийн сонгуульд хэвээр нь хадгалахаар болж байгаа юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.