Д.БОЛОРМАА

Бидний “Амьдралын тойрог” УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийнхээр үргэлжилж байна. Улс төрд орохоосоо өмнө “Монос”-оор танигдсан энэ бүсгүй хичээл зүтгэл, эрдэм ухаанаараа Монголдоо тэргүүлэгч эмэгтэйчүүдийн нэг.  Гишүүнийх Зайсанд амьдардаг гэнэ. “Оранж” хотхоны хажууд тав, зургаан таун байгаа. Тэдний усан үзмэн яагаан байшин нь манайх” гэж байна. Заасан хаягаар нь очлоо. Тауныг нь  олчихвол байшинг нь олоход амархан юм.

Байшингийнх нь эргэн тойронд мод, цэцэгс дүүрэн. Хоёр давхарынхаа валкон дээр хүртэл цонхыг нь халхалсан өнгө өнгийн цэцэгсийг тарьсан байв. Гэрт дөхөж очвол хаалга нь дэлгээстэй байна. Өглөөний агаар оруулах гэж дэлгэсэн бололтой. Түүний хоолой сөөнгөтжээ. Шивнэх шахуу юм  ярьж байна. Тойргийнхонтойгоо уулзалт зохион байгуулж явахдаа ханиад хүрч хоолой нь өвдөж.  “Хамгийн сайн гэсэн эмийг л уух юм. Даанч эдгэхгүй байна. Эмтэй, эмгүй ханиад эдгэхэд 10 хоног шаардлагатай байдаг юм. Аливаа өвчний нэг үе гэж байдаг шүү дээ. Ханиадны үе нь 7-10 хоног” гэв. Бид ч цай унд болоод хэсэг хугацаа өнгөрлөө. Бидний гэр бүлийн орчин хамгийн нандин учраас өрөө, өрөөг нь хэсч сонжиж сонирхсонгүй. Ямар ч байсан бодож байснаас даруухан айл юм билээ. Харин хаа сайгүй хүүхдийн тоглоом байх нь өнөр өтгөн айлыг илтгэнэ. Гэхдээ амралтын өдөр өглөө эрт очсон учраас нам жим. Хүүхдүүд унтаж байгаа гэнэ.

-Танайх ач, зээ олонтой бололтой юм?

-Тэгэлгүй яах вэ. Би өнөр бүлийн ээж шүү дээ. Зургаан хүүхдийн ээж. Өөрийн гурван хүүхэдтэй. Өвөө, эмээгийн амин хайр болсон ач маань байна. Харин үлдсэн хоёр нь манай асрагч дүүгийн хүүхэд. Манайд амьдардаг юм. Орой ажлаас ирэхэд цэцэрлэг шиг юм л байна. Бужигнаад л. Өглөө ч гэсэн цэцэрлэгтээ явах гэж бөөн юм болно. Ийм л хүүхэд бужигнасан айл байна даа.

Энэ гэрийн эзнийг П.Баясгалан гэдэг юм байна. Л.Эрдэнэчимэг гишүүний анхны хайр гэнэ. Болгарт оюутан байхдаа   танилцаж амьдралаа холбосон эр нөхөр нь өдгөө “Монос констракшн”-ы захирал ажээ.

 

ХАДМУУД МААНЬ ЭЭЖИЙН ШАВЬ БАЙСАН

Би өөрөө хотын охин. Сонгинохайрхан дүүрэгт төрж өссөн хүүхэд. Ээжээсээ зургуулаа. Аав маань Ж.Лувсан гэж малын эмч мэргэжилтэй хүн байлаа. Залуу халуун наснаасаа эхлэн улсад зүтгэсэн энгийн сэхээтэн хүн. Харамсалтай нь, бүхнээс хайрлаж явсан аав маань өнгөрсөн зун бурханы оронд одсон. Аавыгаа санах л юм. Ах дүү биднийг хүний дайтай өсгөх гэж зүтгэсэн, олонтой явахыг захиж сургасан гээд аавын маань сургааль амьдралд минь мөн ч их хэрэг боллоо. Харин ээж маань сайхан буурай бий. Насаараа боловсролын салбарт ажилласан гавъяат багш. Ховдын Буянт сумын харъяат. Миний хадам аав, ээж хоёр ч гэсэн Ховдын Булган сумынх. Бид хоёр хадмуудаа танилцуулах гэсэн чинь манай ээж хадам ээжийг харснаа “Өө, манай Танк байна шүү дээ” гээд баярлан уулга алддаг юм байна. Гайхаад асуусан чинь манай хадмууд ээжийн шавь нар байж таарсан. Хадам ээжийг дайны жилд төрсөн болохоор  Танк гээд нэрлэчихсэн гэсэн. Хожим оюутан болохоор нийслэл рүү явахад нь төрсөн сумынх нь нэрээр Булган гэж нэрлэсэн юм билээ. Аав, ээж нар маань биднээс илүү багш шавийн харилцаатай, илүү дотно. Хадам ээж маань ч гэсэн боловсролын салбарт зүтгэсэн хүн.  Орос хэлний багш. 51 дугаар сургуулийн Булган багш гэхээр андахгүй. Харин хадам аав маань шатрын холбооны Ерөнхийлөгч хийж байсан Пүрэв гэж сайхан буурал бий. Олон жил төмөр замын суудлын вагонд дарга хийсэн. Монголын дугаар нэг гангийн инженер гэж цоллуулж явсан хүн.

 

“ЯАСАН ГОЁ АХ ВЭ” ГЭЖ БАЙГААД Л СУУЧИХСАН

Намайг сурагч байхад сурлагаар нь жагсаагаад сургуульд хуваарилдаг үе байлаа. Улаан зураасаас дээш хуваарь авна. Тэгэхэд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн хуваарь авлаа. Сургууль дээрээ очиж шалгалт өгөхөд хоёрт билүү гуравт жагсдаг юм байна. Дээгүүр жагссан учир надад Унгар, Болгар, Оросын аль нэг сургууль суралцах боломж олдлоо гэхээр нь Болгарыг сонгосон. Ингээд л салаа гэзэгтэй 17 настай охин 1984 онд Болгарт очсон доо. Тэр үед түрүүлж очсон Монгол оюутнууд нь шинээр ирсэн хүмүүсээ тосч авах, дотуур байранд оруулж өгөх, сургуулийг нь зааж өгдөг байлаа. Гэрийнхэнтэйгээ интернетээр харилцана гэж байхгүй. Захиа явуулахаар сарын дараа очно. Дахиад нэг сарын дараа захианыхаа хариуг авна. Гэрээ маш их санана, өлсөнө. Тэгэхэд дээд курсын ах маань их сайхан зантай, кинонд дагуулж явна. “Яасан гоё ах вэ” гэж бодсоор байгаад л танилцаж суусан. Бид хоёрын сонирхол ч нэг.  Манай нөхөр спортоор их хичээллэнэ. Бүх төрлийн спортод авьяастай. Би ч гэсэн хүүхэд байхдаа спортоор хичээллэх дуртай учраас усанд хамт явж сэлэх, хамт гулгах зэрэг сонирхолтой болохоор суучихсан. Үүнээс хойш 28 жил амьдарч байна. Болгарт байхдаа том хүүгээ гаргасан. Хэдийгээр оюутан байхдаа хүүхэд гаргасан ч  сургуулиасаа чөлөө аваагүй юм. Нөхөр маань харин чөлөө авч хүүгээ харсан. Тэр үеийн сонирхолтой явдал юу гэхээр сургуулиа төгсөхийн өмнө 1989 оны үед зүүн Европод ардчилал анх гарч байсан үе. Өдөржин, шөнөжин жагсаал цуглаан болно. Монголын жагсаалаас өмнөхөн эхэлсэн. Берлиний хана нурж унаж байсан тэр амьдрал дунд нөхөр бид хоёр байлаа. Энэ үед бид оюутны жагсаалд оролцдог болсон. Ямар ч мэргэжлээр сурч байгаа газар, газрын оюутан заавал политэкономи гэдэг хичээлээр шалгалт өгнө. Маш зузаан капитал зохиолыг уншиж байж төгсөлтийн шалгалт өгнө. Хэрэв шалгалтдаа унавал сургуулиа төгсч чаддаггүй. Олон орны оюутнуудын хамтарсан энэ жагсаал ч эцэст нь зорьсондоо хүрч тэр хичээлийг хасуулсан. Жагсаал цуглаан хийж болдог юм байна, амжилтад хүрч болдог юм байна гэдгийг тэндээс үзсэн. Яагаад гэвэл социалист нийгэмд амьдардаг учраас бусдын өөдөөс жагсч цуглана гэдэг хэцүү. Энэ үед манай хүү хэлд орж байсан болоод  тэр үү жагсаалын уриа “сей эй сей” гэж хэлд орж  билээ. Тэгээд тэр жагсаалын дараа 1990 онд өвлийнхөө амралтаар Монголд ирсэн чинь өлсгөлөн болж байна.  Том эгчийн маань нөхөр Х.Цэгмид ах тэр өлсгөлөнд сууж байсан. Ардчиллын анхны 13 хүний нэг. Ахыг өлсгөлөн зарласан болохоор манай гэрийнхэн гэртээ тайван сууж чадахгүй Сүхбаатарын талбай дээр өнжинө. Танк оруулж ирээд буудах вий, баривчлаад аваад явах вий гээд санаа зовоод тэр. Аз болоход улс төрийн товчоо огцорч өлсгөлөн амжилттай болоход ах маань “Чи Болгарт ардчилсан холбоо байгуул” гэхээр нь  дуртай аргагүй нь зөвшөөрсөн. Ах намайг Э.Бат-Үүл дарга дээр дагуулж очоод “Манай дүү Болгараас ирсэн. Үүрэг даалгавар өгөөд явуул” гээд тэр хоёр надад жаал бичиг баримт өгсөн. Болгарт очоод оюутнуудаа цуглуулаад “Монголд ийм зүйл болж байна. Ардчилсан холбооны салбар байгуулъя” гэсэн чинь олонхи нь “Айж байна. Сургуулиасаа хөөгдөнө” гэж байна. Арга ч үгүй байх. Биднийг нэг л зүйл хийвэл сургуулиас хөөчихдөг үе. Гэсэн ч төгсөх ангийн таван оюутан, докторантурд сурч байсан гурван ах, эгчтэй нийлээд Элчин сайдынхаа яаманд “Ардчилсан холбооны салбар Болгар улсад байгуулагдлаа” гэж өргөх бичиг өгж байлаа.

ХЯТАД БОЛГАРЫН ХООРОНД НАЙМАА ХИЙДЭГ БАЙЛАА

Болгараас ирэхэд амьдрал хүнд байсан. Анх мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажилтнаар орлоо. 500 төгрөгийн цалинтай. Өөрийн гэсэн орон байргүй хадмындаа амьдарна.  Гэвч юм нь хаанаа ч хүрэхгүй, картны бараанд орсон учраас бид хоёулаа ажлаа хаяад ганзагын наймаанд гарахаар шийдсэн. Эхлээд ажлаасаа шууд гараагүй юм. “Чөлөө авъя” гэж гараад эргэж ороогүй. Ингээд бид хоёр хүүгээ аваад  Болгар руу эргээд явсан. Болгар Монгол хоёрын хооронд бараа зөөж зарна. Бас Хятад Болгар хооронд ч бараа зөөнө. Юу эрэлттэй байгааг нь судалж байгаад Хятадаас авна. Бараагаа баглаастай чигээр нь авчрахгүй. Вагонд яваа хүмүүст зарна, замдаа Москвад бууж зарна.  Үлдсэн бараагаа Болгарт авчирч зараад мөнгөтэй болохоороо машин худалдаж авна. Хоёр “Зил-130” машин  аваад нэг, нэгээр нь унаад Монгол руугаа давхина даа. Хүүхдээ Болгар айлд харуулах гээд үлдээнэ. Тэр үед Сибирийн замаар явах их хүнд, мафи шахуу болсон олон гадаад хүнд дарамтлуулна. Гэхдээ бид хоёр яаж, ийж байгаад Монголдоо ирчихнэ. Нөгөөх машинаа 2-3 нугалаад зарчихна. 1000 доллараар авсан машиныг 5000 доллараар зарчихна. Мөнгөтэй болохоороо дахиад Хятад руу явж бараагаа авах зэргээр  таван жил орчим бараа зарсан. Наймаа хийгээд өөрийн хэрэглээгээ өөрсдөө хангачихдаг байсан. Ямар ч байсан эцэг, эхээсээ мөнгө нэхэж зовоогоогүй. Тэгж анхныхаа  хөрөнгө оруулалтыг босгосон юм. Тэр үед том ах Хүрлээ ах маань “Монос” гэдэг хоёрхон ажилтантай эмийн үйлдвэр байгуулаад эхэлж байхаар нь би Болгарын үйлдвэрүүдтэй эм нийлүүлэх гэрээ хийгээд өөрийн цуглуулсан хэдэн төгрөгөөрөө энэ үйлдвэрт хөрөнгө оруулж байлаа. Гадаадын эмийг импортолж оруулж ирэх ажлыг нөхөр бид хоёр хариуцан, ах маань дотоодын үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг хариуцаж  “Монос” үйлдвэр босч байсан түүхтэй.  Манай нөхөр Болгарт худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа л наймаа хийсэн учраас онц төгссөн дөө” гэв. Түүнтэй эмийн бизнесийнх нь талаар яриа эхлүүлсэн учраас ““Монос” эмийн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгч компани. Өдгөө эмийн бизнес хэтэрч байна гэдэг. Энэ төрлийн бизнес эрхлэгчийн хувьд эмийг талх шиг идэх хэрэглээг яаж багасгах вэ” гэхэд тэр ингэж хариуллаа. Бусад бүтээгдэхүүнээ бодвол эмийн хяналт Монголд сайн байдаг.  Эмийг бүртгүүлэх процесс маш нарийн. Тэр болгон бүртгүүлж чадахгүй. Яагаад гэвэл цаад талын үйлдвэрлэгч нь бүртгүүлэхийн тулд тодорхой хэмжээний их мөнгө төлдөг. Бид нар дэлхийн шилдэг бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэх үйл ажиллагааг 20 жилийн туршид хийж байна. Энэ бол маш хүнд ажил. Яагаад гэвэл томоохон эмийн үйлдвэр Монголыг тоодоггүй. “Танайх зах зээл багатай” гэнэ. Би 15 жилийн туршид энэ ажлыг гардаж хийсэн учраас маш их хүндрэл байдгийг нь мэдэлгүй яах вэ. Очоод “Танай бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлье” гэхээр  “Монгол гэж хаана байдаг юм” гээд халгаахгүй. Үүгээр зогсохгүй “Танайх гэрт амьдардаг. Ажилдаа мориор явдаг” гэнэ. Тэгээд Монголыг таниулж мэдүүлэх, гэрээг хийхэд 2-3 жил зарцуулна. Хэрэв тэр эм байхгүй бол хавдар, зүрх судасны өвчин даамжирч иргэд амь насаа алдах эрсдэл өндөр байгаа юм. Мэдээж бүх төрлийн амь нас аврах чухал эмүүдийг Монголд үйлдвэрлэж чадахгүй. Чадахгүй учраас дэлхийн орнуудаас тэр эмийг нь авчрах шаардлага тулгарч байгаа. Бидний хувьд амь нас аврах тэр эмүүдийг оруулж ирэхийн төлөө өөрсдөө зардал гарган байж ажилласан. Улс хийж өгөөгүй. Эмийн тухай хуулиа баримтладаггүйд л хамаг учир байгаа юм. Уг нь маш сайн хууль. Нарийн мэргэжлийн эмийг жороор олгох ёстой байтал тэгэхгүй байна. Энэ хэний ажил гэхээр Мэргэжлийн хяналтын байгууллагын хийх ёстой ажил. Жортой эмийг зөвхөн жороор олгоно гэдэг хуулиа хэрэгжүүлвэл эмийн зохистой хэрэглээ бүрдэнэ. Өнөөдөр дугаар хорооны иргэн Дорж  ханиад хүрлээ гээд эмийн сангаас антибиотик авъя гээд очиход шууд өгчихөж байна. Жор огт хамаагүй. Энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг. Энэ намар эмэгтэй гишүүдийн бүлгээс эмийн зохистой хэрэглээ гэсэн том арга хэмжээ зохион байгуулна гэж бодож байна. Би өөрөө эмийн талаар ярия гэхээр ашиг сонирхлын зөрчилтэй болох байх гэж бодоод  хамаагүй дуугарч болохгүй байна. Гэхдээ надаас өөр мэдэж байгаа хүн алга. Тэгэхээр дуугарахаас өөр аргагүй. Эмийн санд ороод эм авъя гэхээр “Та жороо аваад ир” гэж хэлдэг байх хэрэгтэй. Сүүлийн үед залуучууд нойрны эмээр  мансуурч байна гэнэ. Тэгвэл тэр нойрны эмийг тусгай жороор олгох ёстой. Жороор олгохдоо нарийвчилсан жороор олгох ёстой.  Хоёр жилийн өмнө арга хэмжээ авч байлаа. Манай компанид хүртэл эрүүгийн хэрэг үүсгэж байсан шүү дээ. Нойрны эм жоргүй олголоо гэж. Гэтэл өнөөдөр дахиад задарчихсан явж байна. Цагдаа болон мэргэжлийн хяналтын газраас хамтарч хийх ёстой ажлын нэг нь сэтгэцэд нөлөөлөх эмийн жорийн тухай асуудал юм. Эмийн сан насанд хүрээгүй хүүхэд залууст нойрны эм жоргүй олгож байгаад маш их санаа зовж байна. Эмийн бүтээгдэхүүнд байгаа өөр нэг асуудал гэвэл хууль бус эм маш их орж ирдэг. Хил, гаалийн хяналт сул учраас тэр. Хууль бус эм хаагуур зарагдаж байгааг илрүүлэх нь бас л мэргэжлийн хяналтын ажил” гэв. Түүнээс “Монос хэдэн төрлийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж бас оруулж ирж байна вэ” гэвэл “Манайх 100 гаруй төрлийн эм үйлдвэрлэдэг. Гадаадаас 2000 төрлийн эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг” гэсэн хариулт өгөв.

 

ЗАНГИАГАА ТАЙЛАХ УУ. ДЭНДҮҮ АЖИЛ ХЭРЭГЧ БАЙНА УУ

Энэ зуур гэрийн эзэн П.Баясгалан хоёр давхраасаа бууж ирлээ. Амралтын өдөр гэхэд ажил хэрэгч хувцаслажээ. “Сайн байна уу. Ах нь барилгачдын баяр болох гээд цаг зав муу, муу. Өнөөдөр хэдэн ажилчидтайгаа баярын хурал хийж, заримыг нь шагнах санаатай. Надаас асууж лавлах зүйл байвал асуу. Одоо ингээд ах нь гараад явчихна” гэж байна. Энэ үед гэрийн эзэгтэй “Зангиагаа тайлчих.  Амралтын өдрөөр сурвалжиллаа гээд бичихээр зангиа зүүчихсэн, гэртээ тогтдоггүй ажил хэрэгч нөхөр болж гарах гээд байна” хэмээн инээгээд зүүсэн зангиаг нь авч харагдав. Тэрээр эхнэрээ “Эрка” гэж дуудаг юм байна. Нөхөртөө цай, хоолыг нь дөхүүлж өгсөн гишүүн  тойргийнхоо уулзалтад бэлдэхээр хоёр давхарын өрөө рүүгээ гарлаа.

Ах нь Эркагаа Болгарт оюутан байхад нь ойр зуур тусалж байгаад л аваад суучихсан. Би өөрийгөө азтай нөхөрт тооцдог шүү. Миний хань их сайхан сэтгэлтэй, үр хүүхэддээ ачлалтай, ажил мэргэжилдээ уйгагүй хөдөлмөрч хүн. Одоо л харин улсын ажил гээд гэртээ тогтож суухгүй оройтох юм” гэв. Энэ үед  “Аав аа, та орой хэдэн цагт ирэх юм. Ээж бас хэдэн цагт ирэх бол” хэмээн хөөрхөн шар охин орж ирж байна. Түүнийг Туул гэдэг гэнэ. Ер нь Баясаа ахынх гурван хүүхдэдээ голын нэр хайрлажээ. Том хүү нь Тамир, дундах нь Онон, бага нь Туул. Хэдийгээр Туул охин  бага нь ч гэлээ хүү Тамирын хүүхэд Бөртэг тэд өөрсдөө өсгөдөг юм байна. Аав, ээж нь Австралид сурахаар явахдаа өвөө, эмээ дээр нь үлдээгээд явжээ. Өдгөө гэрийн босс нь Бөртэ гэнэ. Хүүхдүүдээс маань гадна гурван хүүхэд бий гэлээ. Энэ тухайгаа гишүүн “Асрагч дүүгийн маань хоёр охин байна. Бас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас  ирсэн нэг оюутан охин бий. Манай хуурай хүүхэд. Эрдэнэцагаан суманд очихоороо тэднийд очиж хонодог байсан юм. Аав, ээж нь бидний найз учраас хүүхэд нь ч  миний охин  гэсэн үг.  Тэр багаасаа “Би том болохоороо тань шиг болно” гэдэг байсан. Том болоод Эрдэнэцагаан сумын “Монос”-ын захирал болоорой гэхэд хуурай охин маань энэ жил “Монос” дээд сургуулийн хуваарь аваад манайд сууж байгаа. Одоо төгсөөд эм зүйч болоод Эрдэнэцагаан сумынхаа “Монос”-ын захирал болно” гэв.

 

ОХИН МААНЬ УДАХГҮЙ ИТАЛИД ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

Баясаа ахын бага охин Туул их авъяастай юм. Гэрийнх нь ханаар дүүрэн түүний авсан өргөмжлөл өлгөөстэй. 10 хүрэхгүй настай гэхэд саяхан  Францад болсон төгөлдөр хуурын тоглолтод оролцож тусгай шагнал хүртжээ. Удахгүй Итали руу явж бас нэгэн тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа гэнэ. Харин дундах нь ойрдоо компьютер тоглоомд донтоод байгаа гэв. Үүнийг илтгэх гэсэн шиг өрөөнийхөө хаалганд “Тоглоомчинд бүү саад бол. Хоол өгөх гэж байгаа бол хаалган дор орхичих” гээд биччихсэн байна. Энэ талаар Баясаа ах “Тоглоомонд донтоод байна. Хөшиг нь байнгын хаалттай, хаалга нь байнга түгжээтэй. Ямар сайндаа бид хоёр галзуурчих вий гээд айх үе бий. Дүү нар нь дуудаж тоглоомноос нь салгадаг шиг байгаа юм. Харин миний охин авъяасаа хөгжүүлэх завгүй шахам  байна. Юу гэхээр гурван дүүгээ харна. Эрхлүүлэх  цаг байхгүй. Нууцаар хааяа эрхлүүлнэ. Охиноо хааяа  тэврээд суухаар нөгөө ач маань сүйд шүү. “Миний аав, миний ээж” гээд харамлаад л. Бид хоёрыг аав, ээж гэж дууддаг юм. Аав, ээж гэж дуудуулж байгаа болоод ч тэрүү өөрсдийгөө жаахан залуу болгож бодоод “Хоёулаа хүүхэд гаргах уу” гэхээр Туул маань эсэргүүцнэ гэж жигтэйхэн. Дахиад харах хүүхдийн тоо нэмэгдэнэ гэж тэр шүү дээ” гэв. Гэрийн эзэн  айлын том бол Л.Эрдэнэчимэг гишүүн айлын бага гэнэ. П.Баясаа ахаас “Айлын том хүүхдэд хариуцлага их байна уу” гэхэд “Айлын том хүүхэд ямар байхаас тэр гэр бүлийн амьдрал хамаарч байдаг юм байна. Манай хүний ах Л.Хүрэлбаатар гэж сайхан  ах байна шүү дээ. Дүү нарынхаа амьдралыг тэгшитгэж өгсөн хүн дээ” гэлээ.

Аливаа хүн нэг зүйлийг уйгагүй хийх ёстой юм байна. Нэг үйлдэл маягийг 10 жил хийхээр гаршдаг юм. Нурсан ч эргээд босох хэрэгтэй. Нурж унах нь бага. Нэг зүйл хийж байснаа өөрийг хараад урваад байхаар дээшлэх нь удаан. Ганзагын наймаанд явлаа гэхэд эхлээд гутал зараад дараа нь угаалгын нутаг зараад ч юм уу зарах бараагаа солиод байхаар явдаггүй юм байна. Үсчээд байхаар явдаггүй. Эмийн бизнес рүү ороод түлхүү ажиллахаар алдах магадлал нь багасдаг. Анх намайг алт ухах уу гэж зөндөө олон хүн гуйлаа. Шатахуун оруулж ирэх үү эсвэл архи, тамхи оруулж ирэх үү, үйлдвэрлэх үү гээд түмэн санал ирж байлаа. Гэсэн ч би эмийн бизнесээсээ урваагүй. Яагаад гэвэл нэг бизнесээр тууштай явбал хожим хойно амжилтад хүрдэг юм. Өнөөдөр манай барилгын компани “Монос”-ын ажилчдад зориулсан 120 айлын орон сууц барьж байна. Ажилчдынхаа бололцоонд нь тулгуурлан хямдхан зарж, Засгийн газрын найман хувийн зээлд нь оруулж өгсөн. Одоо гадуур байрны үнэ тамтаггүй өссөн байна. Манайхан хямдхан болохоор булаацалдаад дуусч байна. Ер нь цаашдаа 1000 гаруй ажилтантай учраас дахин ажилчдын орон сууц барих шаардлага байгаа. Компаниа босгож ирэхийн төлөө эхнэр бид хоёр өдөрт 14 цаг ажилладаг байсан. Ажиллах бол асуудал биш” гэв. Тэрээр оюутан ахуйнхаа талаар нэгэн сонирхолтой зүйл ярьж өгсөн нь Молдавын нутагт иргэний дайн дэгдээд байхад хил нэвтэрсэн тухай байв. “Бид хоёр Болгараас авсан машинаа Монголдоо зарах санаатай Сибирийн замаар явсаар Молдавын нутагт ирэхэд дайн болж байдаг юм байна. Бүх гүүрийг дэлбэрлээд танк зогсоочихсон. Буутай цэргүүд ирээд “Хаашаа явж байгаа юм” гэхээр нь “Монгол руу явж байна” гэхэд “Бушуу буц. Дайн болж байна” гэнэ.  Буцахаар харамсалтай санагдаад “Бид өөрсдөө амь насаа даая” гэж машиныхаа  багажид байсан бараанаасаа цэргүүдэд тарааж өгсөн. Залуу байхад айдаг ч үгүй байж. Одоо бол тэгэхгүй биз. Тэрний оронд амьд үлдэе гээд ум хумгүй зугтах байх даа” хэмээн тас тас хөхөрлөө.

-Та гишүүдийн гэр бүлийнхэнтэй хэр ойр байна?

-П.Баясгалан :Хэн билээ, хөгшөөн.

-М.Батчимэгийн нөхөр шүү дээ хэмээн гишүүнийг хэлэхэд “Өө, тийм М.Батчимэгийн нөхөр бид хүлээн авалтад таарсаар байгаад танил болж байгаа. Нөхрүүдийн холбоо ч  байгуулъяа гэж бодож байгаа шүү” хэмээн инээв. Ер нь бидний хобби гэж өөр байх юм. Зарим нь морь уях, зарим нь машин сонирхох юм” гэв. Тэрээр цагаа харснаа “Ах нь явахгүй бол болохгүй. Ажилчид баярын хурлаа хийх гээд догдлоод байхад дарга нь гэж нөхөр оройтож очвол муухай” хэмээн Туул охиноо үнэрлэснээ гарч одлоо.

 

МИНИЙ ТАРЬСАН ЦЭЦЭГС ХАСАХ ХЭМД ТЭСВЭРТЭЙ

Л.Эрдэнэчимэг гишүүн бидний яриа нийслэлийг чимж байгаа цэцэгс болон Сүхбаатар аймагт нэр дэвшээд ялагддаг  байсан үеийнх  талаар үргэлжилэв. Энэ цэцгийн онцлог нь хасах долоон хэмд ч тэсвэртэй. Монголын нөхцөлд зориулан гаргасан тусгай цэцэг. Хавар эрт тавдугаар сарын 15-наас эхлэн тарина. Өвлийн тусгай хүлэмжинд хоёрдугаар сараас эхлэн тарьдаг. Ер нь зардал ихтэй. Хөрс нь хүртэл гадаадаас ирдэг. Мэргэжлийн төвшинд цэцэг тарьдаг компани Монголд байхгүй. Тэгээд ч тендерт ганцхан компани оролцсон. Яагаад ялалт байгуулав гэхээр цэцэг тарьж нийлүүлдэг компани Монголд байгаагүй. Одоохондоо “Соёолж” гэдэг ганцхан компани байгаа. Дараа жил өрсөлдөгч компани гарч ирвэл өрсөлдөөнийхөө шугамаар явна. Харин  Сүхбаатар аймгаас нэр дэвшиж байсан үеийн тухай яривал ардчиллын анхны 13-ын нэг  Х.Цэгмид ах маань намайг ардчилсан хувьсгалд татан оруулсан. Өөрөө Сүхбаатар аймгийн хүн. Намайг Сүхбаатар аймагт Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн бол гээд явуулж байсан. Би 2008 онд Сүхбаатар аймгаас нэр дэвшээд унаж байлаа. Бүтэн гурван жил Сүхбаатар аймаг руу явжээ.  Гэртээ ч орох завгүй. Манай нөхөр намайг  “Хаа байсан Сүхбаатар аймаг руу үр хүүхдээ хаяад явлаа” гэж загнахыг нь хүртэл үл тоож билээ. Манай охин дөнгөж төрөөд ой өнгөрч байсан. Охиноо манай нөхөр ганцаараа шахуу өсгөсөн. Нэг явахаараа 14 хоногоос нэг сарын хугацаанд явна. Мөн ч олон удаа явсан даа.  Сонгинохайрхан дүүрэгт бол 2012 оны сонгуулийн өмнөхөн  очсон. Шууд нэр дэвших эрхээ аваад сурталчилгаагаа хийсэн. Урьд нь Сүхбаатар аймагт нэр дэвшиж байсан учраас хүмүүс таньдаг болчихсон байсан. Эмэгтэй улс төрчийг хүсэн хүлээсэн нийгмийн хүлээлт бол байсан. Манай дүүрэгт сургууль, цэцэрлэг гээд шийдэх ёстой олон асуу­дал хаягдсан учраас тэр чиг­лэлд хийх бүтээн бай­гуулалт ярихаар “Эмэгтэй гишүүн хэ­рэгтэй” гээд сонголтоо хийсэн байх гэж харж байна.

 

ГИШҮҮДИЙГ НАМ ХАРГАЛЗАХГҮЙ КАРАОКЕД УРЬДАГ

Түүнээс “Эмэгтэйчүүд хатууг зөөллөх эх хүн байж чаддаг. Нэгнээ элдвээр хэлээд суух нам, намын эрчүүдийг хэрхэн эвлэрүүлэх вэ” гэж асуув. Бид нар үе үе гишүүдийн дунд арга хэмжээ зохиодог. Караокедах ч юм уу. Нам харгалзахгүйгээр гишүүдийг урина. АН,  МАН, эвсэл, бие даагч гээд бүгдийг нь хамруулахыг хичээдэг.  Анх өөр намынх  гээд буруу хараад суух шахуу байлаа.  Одоо бол дотносоод ирэхийн цагт тэр харилцаа саарч байна. Гадуур наргиж цэнгэж учир болохоор бидний зохиосон уулзалтад идэвхтэй оролцдог шүү.  Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар гишүүн бид гурав нэг тойргоос гарсан учир нэгэндээ дотно байх ёстой. Тэр хоёртойгоо дотно байхын төлөө багагүй зүйлийг санаачилж хийдэг. Уулзалтаа хамтдаа хийхийг зорьж байна. Эмэгтэй хүний зан чанар эвлэлдүүлэх зүйл рүү анхаарлаа хандуулдаг. Эмэгтэй гишүүд бид хоорондоо эвтэй байхад бусдад сайхан харагддаг шүү дээ. Ямар сайндаа эмэгтэйчүүдийнхээ бүлгийн даргаар жил бүр өөр хүн ажиллая гэж байсан ч манайхан “Чи үргэлжлүүлээд хий” гэсэн. Намайг санаачлага гаргадаг болохоор тэдэнд таатай санагдсан байх.  З.Баянсэлэнгэ гишүүн байшингаа барьсан гээд найранд урьсан. Д.Арвин гишүүн Хэнтийд хатадын өргөө хийлээ гээд урьсан. Эмэгтэйчүүдээ цуглуулаад нэг өдөр очно доо.

Намрын чуулганаар батлуулах хамгийн том хуулийн төсөл бол хүүхэд  харах үйлчилгээний хуулийн төсөл. Түүнийгээ батлуулвал манайд бичил цэцэрлэг байгуулах боломж их байна. Айлууд бэлдчихээд надаас асуугаад байна. Хүүхэд авч өсгөе гэж. Тийм маягаар манай дүүрэг цэцэрлэгийнхээ асуудлыг амархан шийдчих юм билээ. Эрэгтэй гишүүд эсэргүүцэж унагаасан. Ерөнхийлөгч дэмжиж байгаа болохоор дахиад л үзэж тарна даа гэж бодож байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль манай гэрт өөрөө хэрэгждэг байхгүй юу. Манай дүү ач охиныг маань харж өгдөг. Дүүгийнхээ хоёр хүүхдийг цэцэрлэгт өгөөд сардаа 600 гаруй мянган төгрөг төлж байна. Бид боломжтой учраас төлж болж байна. Тэгвэл боломжгүй нь яах вэ. Тэр ачааг нь хөнгөлж өгөхгүй бол залуучууд амьдралаа дээш нь гаргахад маш хүнд байна” гэв. Ийнхүү “Монос”-оор овоглосон бүсгүй маань ажил, амьдралынхаа тухай ийн ярьчихаад тойргийнхонтойгоо уулзахаар явсан. Тэр үед өглөөний 09 цаг болж байлаа. Энэ өдөр таван уулзалттай бөгөөд орой ирэхдээ хүнсний зүйлээ цуглуулаад ирэхийг охин нь сануулсаар үдсэн юм.