Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа, гишүүн П.Очирбат, Д.Наранчимэг, Д.Ганзориг нар өчигдөрмэдээлэл хийв. Энэ үеэр Цэцийн даргаас зарим асуудлыг тодруулж ярилцлаа.

-Улсын Дээд шүүхээс ирсэн саналыг үндэслэн таныг эргүүлэн татаж байгаа гэж Хууль зүйн байнгынхорооны хуралдааны үеэр тайлбар өгсөн. Үнэхээр ийм санал ирсэн юм уу?

-Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн УИХ-ын дар­гад явуулсан бичиг нь хууль зөрчсөн нь нот­логд­сон байна гэсэн утга­тай бичгийг УИХ-ын Там­гын газраас Улсын Дээд шүүхэд явуулсан байсан.

Би албан бичиг хууль зөрчинө гэдгийг ойлгох гэж оролдож, судалж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн тухай Д.Наранчимэг гишүүний тогтоол УИХ-д очсон. Тогтоолтой холбоотой миний зүгээс УИХ-ын даргад бичиг явуулсан. Энэ бол хэвийн зүйл. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн тул ямар нэг үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байхыг анхааралдаа авна уу гэсэн утгатай бичиг байсан. Сүүлийн үед Цэцтэй холбоотой амьсгал давхацсан ажлуудыг УИХ хийж байгааг та бүхэн харж байгаа. Ингээд Улсын Дээд шүүхээс УИХ-ын Тамгын газрын даргад хариу явуулсан. Хууль зөрчсөнийг УИХ нотолдоггүй. Тэр тусмаа доторх ажлын аппарат буюу Тамгын газар нотлох үүрэггүй, харин шүүхээр нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч энэ асуудлаа хуулийн дагуу шийд гэж л хариу өгсөн байсан. Гэвч үүнийг Хууль зүйн байнгын хороон дээр Улсын Дээд шүүхээс санал өгсөн болгож тайлбарласан. Ингээд УИХ-ын даргын зөвлөл хуралдаад, Цэцийн даргыг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд оруулсан байгаа юм.

-Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Дээд шүүхээс томилдог. Таныг Дээд шүүхээс томилсон. Тэгэхээртаныг томилсон байгууллага буюу Улсын Дээд шүүх нь санал гаргасан байх ёстой гэлээ. Хуулиараа өөрямар шат дамжлагатай юм бэ?

-Улсын Дээд шүүх санал тавиагүй. УИХ-аас явуулсан бичигт л хариу өгсөн. Хариуны утга санаа бол бид байр сууриа илэрхийлэхгүй гэсэн утгатай гэж болно. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүнийг огцруулах буюу эргүүлэн татах асуудал хэлэлцвэл Үндсэн хууль, Цэцийн хуулийн дагуу эхлээд Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн дотроо хуралддаг. Ингэж хуралдсанаа нэр дэвшүүлсэн байгууллагадаа уламжлах ёстой. Намайг Улсын Дээд шүүхээс томилсон. Тэгэхээр хуралдсан талаарх бичгээ Дээд шүүхэд уламжлах учиртай. Улсын Дээд шүүхийн 25 шүүгч энэ асуудлаар дахин хуралдаж, Ж.Амарсанааг эргүүлэн татах нь зүйтэй гэсэн бичиг ирүүлсэн тохиолдолд УИХ асуудлыг хэлэлцэх дараагийн шатны ажилдаа орох ёстой. Гэтэл Дээд шүүхийн нийт шүүгчдийн хурал болоогүй. Зөвхөн дарга нь хөндлөнгийн байр сууриас хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэсэн л бичиг өгсөн. Гэвч энэ хариуг нь Улсын Дээд шүүхийн санал мэт хэлэлцэж байгаа нь хууль ноцтой зөрчиж байгаа хэрэг. Ер нь сүүлийн үед УИХ-аас гаргаж байгаа Цэцтэй холбоотой алхам бүр нь ихэвчлэн Үндсэн хууль зөрчиж байгаа.

-Цэц хуульд нийцэхгүй буруу шийдвэр гаргалаа гэсэн мессеж сүүлийн үед олон нийтийн дунд явах болсон.Нэг талаас харвал үнэхээр буруу шийдвэр гаргачихлаа гэж ойлгогдохоор байх шиг?

-Бид аль нэгэн намын талд шийдвэр гаргадаг хүмүүс биш. Үндсэн хуулийн цэц УИХ-тай сөргөөцөлдөж, маргалдаад байдаггүй. УИХ-ын баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн гэж иргэдээс гомдол ирсэн үед бид авч хэлэлцдэг. Тэгэхээр УИХ янз бүрийн хариу үйлдэл үзүүлж байна. Болж байгаа үйл явцуудыг харахад Цэц рүү довтолсон зүйлүүд мөн үгэндээ оруулъя гэсэн санаа явж байна. Тухайлбал, өнөөдөр өглөө Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэлээ. Гэтэл биднийг  хуралдах гэхэд гүүрний цаад талаас над руу “хурлаа хойшлуулчих” гээд яриад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, УИХ-аар Цэцийн даргын асуудлыг хэлэлцээд эхэлвэл, Цэц даргагүй болж нэг хэсэгтээ дуугүй сууна гэж тооцоолоод байна. Зохион байгуулалттайгаар Үндсэн хуулийн цэцийг байгуулахгүй байх, нэр хүндийг нь унагах асуудал гаргаж байна.

-УИХ-ын даргыг огцруулах асуудлаар МАН-ын гишүүн болоод хуульчдаас гомдол гаргасан. Үүн дээрмаргаан үүсгэсэн үү?

-УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн асуудлаар сүүлд хандсан. Энэ дагуу маргаан үүсгэсэн. Маргаан үүсгэсэн тохиолдолд шууд Их суудлаар хэлэлцдэг. Хоёрдугаарт, маргаан үүсгээд зөрчсөн гэх шийдвэр гарсан тохиолдолд огцруулах шийдвэр гаргадаггүй. Зөрчсөн, зөрчөөгүй гэх дүгнэлтийг илгээдэг болохоос биш УИХ эцсийн шийдвэр гаргадаг.

-Үүсээд байгаа асуудлаас болоод УИХ-ын дарга та хоёрын хооронд ямар нэг асуудал, зөрчил байна гэхзэргээр тайлбарлаад байгаа шүү дээ?

-Бид хоёрын хооронд ямар ч асуудал байхгүй. Эхнэр нь миний шавь. З.Энхболд миний шавийн шавь. Би тухайн үед оройгоор ангид нь хичээл ордог байсан. Энд төрийн институц хоорондын харилцааны асуудал явж байгаа.

-Х.Тэмүүжин гишүү­ний санаачилсан Цэцийн болон Цэцийн маргаан шийдвэрлэх тухай хуульд гишүүдийннасны хязгаарыг тогтоосон. Энэ хуулиар Цэцийн хэдэн гишүүнийг ажлаас чөлөөлөхөөр байгаа юм?

-Дэлхийн ихэнх оронд шүүгчид нь 70 нас хүрч чөлөөлөгддөг. Манайх нас заагаагүй. Улсын Дээд шүүхийн шүүгчийг 60 настай чөлөөлдөг. Харин Төрийн албаны хуулиар 65-тай чөлөөлдөг. Цэцийн гишүүд зургаан жилээр томилогддог. Харин зургаан жил нь дуусахаар дахин сунгах эсэх нь томилдог газрынх нь эрх байдаг. Манайхан өөрсдөө томилчихоод араас нь зөнөг, маанаг, мангар гээд дууддаг. Хуулиар Цэцийн гишүүний насны хязгаарыг 65 болгож оруулсан. Энэ хязгаараар хоёр, гурван хүн ажлаас чөлөөлөгдөхөөр байгаа. Тэгсэн би 65 нас хүрээгүй учир чөлөөлөгдөх боломжгүй болсон. Мөн дахин нэг удаа улирч болно гэсэн заалт оруулж ирсэн. Миний хувьд хоёр удаа улиран ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс хуулийг дахин хэрэглээд Ж.Амарсанаа та гурван жил илүү ажилласан байна гээд чөлөөлөх гэж оролдсон ч бүтээгүй. Ингээд өөр талын арга зам хайсан. Өөрөөр хэлбэл, Тамгын газарт явуулсан бичиг нь хууль зөрчсөн гэсэн маягаар үзэж байна. Тэд нэг л өө олох гэж ядаад байна. Үндсэн хуулийн гишүүнээр томилох, эргүүлэн татах асуудал бүгд хуультай. Цэцийн гишүүний бүрэн эрх нь УИХ-аас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно гэж заасан байгаа. Намайг чөлөөлөх гэж байгаа бол эхлээд хүнээ томилох ёстой. Нэгдүгээрт томилсугай, хоёрдугаарт чөлөөлсүгэй гэсэн заалт байна гэсэн үг. Чөлөөлсний дараа томилох биш, томилсны дараа чөлөөлдөг юм. Өөр тогтолцоо шүү дээ.

-Цэцийн шийдвэртэй холбоотой гаднаас нөлөөлөх гэж оролддог уу. Мөн таныг албан тушаалтайгаазууралдаад өгөхгүй байна гэх хүн ч цөөнгүй байна. Үүнд ямар тайлбар өгөх бол?

-Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн асуудалтай холбоотой надад 60 гаруй дуудлага ирсэн. Ингэхдээ ихэвчлэн Монголоос яв, аминд чинь хүрнэ зэрэг янз бүрийн байдлаар дарамт, шахалт үзүүлж залгасан. Манай гишүүдэд бүгдэд нь ийм төрлийн дуудлага ирсэн. Цэцийн хэлэлцэж байгаа болон гарч байгаа шийдвэрээс болж ийм дарамт, шахалт ирэх нь бий. Надад албан тушаалтай зууралдаад байгаа зүйл байхгүй. Миний бүрэн эрхийн хугацаа 2017 оны тавдугаар сард дуусна. Надад ажил бий. Би ном бичдэг, их сургуульд хичээл заадаг. Түүнээс ажлаас гарангуутаа лааз өшиглөх гээд байгаа юм огт байхгүй. Хамгийн гол нь энэ хүмүүс улс төрийн тоглолт хийх гэж байгаа бол номоор нь ажиллах ёстой. Үндсэн хууль зөрчиж байгаад гол асуудал байна. Шүүхийг шүүдэггүй. УИХ-ын дарга Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буруу гэж хэлээд байгаа. Цэц рүү чулуу хаячихаад өөрсдөө цаанаа өөр зүйл хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин