Д.ГЭРЭЛ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэв. Өмнө нь Цэцийн дунд суудлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлт гаргаж, түүнийг хүлээн авсан тухай УИХ-ын тогтоол гарсан. Тогтоолд “Хоёроос гурван аймгийн дунд байгуулагдсан Давж заалдах шатны шүүх, мөн хоёроос гурван дүүргийн дунд байгуулагдсан Анхан шатны шүүх нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс цааш ажиллах боломжгүй. Тиймээс энэ асуудлыг хууль эрхзүйн хүрээнд зөрчилгүй болгохын тулд УИХ дээр заасан хугацаанд багтаан аймаг бүрт нэг Давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт нэг Анхан шатны шүүх байгуулахаар хуулиудын өөрчлөлт хийх”-ээр болсон. Харин энэ асуудал дээр Ерөнхийлөгч өнгөрсөн арваннэгдүгээр сард хориг тавиад байсан юм. Тиймээс уг асуудлыг Цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэж өмнөх шийдвэрээ дахин бататгасан юм.

Үндсэн хуулийн цэц дүгнэлтээрээ Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг 2016 оны зургадүгаар сарын 1-нээс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв. Ингэснээр 21 аймаг болон нийслэлийн есөн дүүрэгт анхан болон давж заалдах шатны 30 гаруй шүүх нэмж байгуулахаар болж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин