МАХН Онц их хурлынхаа таван жилийн ойг “Хөгжлийн хувьсгал” нэрийн дор өнгөрсөн лхагва гаригт буюу нэгдүгээр сарын 27-ндМҮЭ-ийн Соёлын төв ордонд тэмдэглэсэн билээ. “Хөгжлийн хувьсгал” хүндэтгэлийнёслол дээр МАХН-ын дарга, Монгол Улсынгурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үгийг хүргэж байна.

1-29-1-Энэ сайхан саруул танхимд бид өмнө нь ч уулзаж байсан. Харин өнөөдөр Онц их хурал хуралдсаны таван жилийн ойн онцгой, тусгай өдөр дахин уулзаж байна. Ц.Төмөрбаатар гавьяатын, Л.Лантуу гуайн, Ж.Сүхбаатарын хэлсэн үгтэй адилхан, Н.Удвал сайд, Ч.Улаан гишүүн нарын тавьсан илтгэлтэй адилхан ийм сайхан үгийг сонсч, дотроо нэгийг бодож хоёрыг шүүж байхын аз жаргалыг бид бүхэн, нийт телевиз үзэгчидтэйгээ  амсч байгаадаа баяртай байна. Цаг хугацаа их хурдан өнгөрч байна. Таван жилийн өмнө бид Улсын циркийн байранд нэр, зүсээ тэр бүр  сайн мэдэхгүй ч МАХН гэсэн дөрвөн үгийг, дөрвөн үсгийг маш сайн мэддэг хүмүүс цугларч, энэ дөрвөн үг, дөрвөн үсгийг авч үлдэнэ гэж сэтгэл шулуудан хурлаа хийж байсан. Тэр арга хэмжээг зохион байгуулахад их зориг хэрэгтэй байсан. Бидэнд хуралдах танхим олдохгүй бүгдийг нь цоожилсон ч, циркийн танхим үүдээ нээж биднийг хүлээж авснаар бид хоёр өдөр, нэг шөнө нойр, хоолгүй хуралдсан. Улс оронд тулгамдсан асуудлуудыг тал талаас нь ярьсан.

Үнэхээр олигархижсан, МАНАН-гийн төр байгаа цагт Монгол Улс хямрах юм байна. Хямарчихсан байна гэдгийг тал талаас нь дүгнэсэн. Энэ таван жилийн хугацаанд Н.Удвал даргын хэлдгээр бидний гаргаж ирсэн томъёо зөвхөн биднийх биш, нийтийн хүлээн зөвшөөрсөн томъёо, дүгнэлт, дүн болсон байна. Тэр утгаараа энэ таван жил тавин жилийн хугацаатай адилхан цагийг эзэлжээ. Тэр үед нэг л үгийн араас хөөцөлдөж, хүмүүст ухуулж тайлбарлаж байсан. Тэр үг бол хувьсгалт гэсэн үг. Энэ үгийг аваад хаячихвал Монгол Улс хөгжинө, нам сайхан болно гэсэн буруу ухуулга, төөрөгдөл байсан ч Монголын ард түмний хэлдэг нэр бүтэн явахаас сайхан зүйл байхгүй. “Нэр хугарахаар яс хугар” гэж ярьдаг. Хувьсгалт гэдэг үгийг МАХН гэдэг дөрвөн үгнээс аваад хаячихаар тэр намын нэр нь хугарсан, бүтэн нэр нь алдагдсан. Үүний цаана Монголын ард түмний туулсан түүх худлаа, хугас түүх болсон. Бид эцсийн эцэст нэрээ, түүхээ бүтнээр нь авч явж, нэр хугарахаар яс хугардаг гэдэг тэр үгийг санаж, хувьсгалт гэдэг үгийн хойноос хөөцөлдсөн юм. Тэгээд авч хадгалж үлдэж чадсан. МАХН гэсэн бүтэн нэрийг та бид авч үлдсэн байгааг одоо харж байна. Цөөхөн хэдэн хүн авч үлдсэндээ биш, УИХ, Засгийн газарт төлөөлөлтэй улс төрийн хүчин болж орон зайгаа тэлсээр байна гэдэг та биднийг ард түмэн дэмжсэн байна гэсэн үг. Ц.Төмөрбаатар гавьяатын хэлдэг үнэн. Бид мундагтаа биш, ард түмэн биднийг дэмжиж байгаа учраас мундаг байгаа юм. Үүнийг л УИХ, Засгийн газрын гишүүд, улстөрчид ойлгож байх ёстой. Н.Энхбаяр мундагтаа биш ард түмэн дэмжиж, хайрлаж байгаа учраас мундаг байгаа юм. Харин мундаг байх, ард түмнээсээ хайр ивээлийг нь авч байхын тулд өлсгөлөн, зовлон юу  ч биш байдаг юм билээ.

МАХН гэсэн нэрийн үсгийн дунд нь хөхөөр тодорч, хоёр захад нь улаанаар ялгарч байгаа Монголын төрийн далбаатай адилхан дөрвөн үсгийн цаана Монгол Улсын ХХ зууны түүх бүтнээрээ байгаа. Энэ нэрийн цаана Л.Лантуу, П.Дамдин, Ц.Балхаажав, бидний ахмадуудын, аав ээжийн маань хийж байсан ажил, хувьсгалчдын хийж байсан ажил, мөрөөдөж бай­сан мөрөөдөл, Халх го­лын ялалт, Дархан хотыг байгуулсан тэр их хөдөлмөр байгаа. Баярын концертыг үзэж байхад бүтээн байгуулалт гэсэн бүжгийг үзээд хүмүүс ни­жиг­нэтэл алга ташсан. Өнөө­дөр Монголд үнэхээр бүтээн байгуулалт дутагдаж байна. Н.Батцэрэг даргын хэлдгээр бүтээн байгуулалт ундраасай, цай буцалж байгаа юм шиг буцлаасай, бургиасай гэж хүсч байна. Үүнийг МАХН хийж бай­сан. Цаашид ч хийх болно.

Хэвлэл мэдээллийнхэн надаас “Та хэзээ өшөө авах гэж байна” гэж асуух дуртай байдаг юм. Би мэдээж өшөө авна. Гэхдээ хэн нэг хүн, ямар нэг байгууллагаас биш. Та бүхэнтэйгээ хамтраад Монгол Улсаа хөгжүүлж чадвал түүнээс илүү өшөө авах зүйл байхгүй. Тийм учраас Монгол Улсаа хөгжүүлье гэсэн зорилгод нэгдэж яваа. Улс орны өнгөрсөн нь сайхан байдаг. Бид эзэн Чингис, Сүхбаатар жанжин, Чойбалсан, Цэдэнбал даргын түүхтэй. Энэ бүтэн түүхийг авч яваа. Өнөөдрийн алдаа дутагдлыг засч, ирээдүйгээ Ц.Төмөрбаатар гавьяатын асууж байгаа шиг “Ирээдүйд бид яах гээд байна вэ. Хойч үе яах вэ” гэдэг асуултад зөв хариулт өгөх гэж, гурван цагийн түүхээ бүтэн болгох гэж байгаа хүмүүс юм. Тиймээс бид хэн нэгэнд өширхөж, ямар нэг байгууллагад гомдож туних эрхгүй. Зөвхөн улс орноо хөгжүүлэх үүрэгтэй  гэж бодох хэрэгтэй. Үүгээр МАХН бусдаас ялгаатай гэж та бүхэндээ хэлэх байна.

МАХН улс орныхоо ирээдүйг  яаж бүтэн болгох гэж байгаа талаарх  санаа бодлоо та бүхэнтэй хуваалцъя. Энэ санааныхаа гол учрыг өнгөрсөн жилийн наймдугаар сард болсон бүсийн зөвлөгөөн дээр Ховд аймагт хэлснийг зарим нь сонссон байх. Гэхдээ хөгжлийн асуудал бидний хамтын хөдөлмөрөөр бүтэх учраас энэ бодлогоо байн байн ярьж  байх ёстой. Зөвхөн Н.Энхбаярын, МАХН-ын биш гурван сая монголчуудын бодол болох ёстой. Тиймээс заримыг нь давтаад, заримыг нь шинээр ярья.

-10+30+60=100: Арван жилийн дотор 60 тэрбум ам.доллар зарцуулж, хөгжлөөрөө дэлхийд эхний 30 орны тоонд багтая.

-Мянганы төмөр зам барих ажлаа эхлүүлье.

-Орон сууцгүй байгаа бүх өрхийг “О” түрээсийн зарчмаар орон сууцтай болгоё.

-Оюутны сургалтын төлбөрийг үе шаттайгаар төр 100 хувь хариуцдаг тогтолцоо руу шилжье.

-150000 хүнтэй аж үйлдвэр инновацийн цогцолбор найман хоттой болгоё.

Эхлээд 10+30+60=100 гэсэн тоог тайлбарлая. Товчхон хэлбэл, арван жилийн дотор 60 тэрбум ам.доллар зарцуулж байгаад хөгжлөөрөө дэлхийд эхний 30 орны тоонд багтана гэсэн зорилтыг дэвшүүлж байгаа юм. Хөгжил бол хурд авчирдаг. Хурдтай амьдрахгүй бол бусдаас хоцрогдоно. Хоцрогдол бол улс орны тусгаар тогтнол, хөгжилд хамгийн их аюул занал учруулдаг үзэгдэл. Ядуурал, хоцрогдол бол хамгийн аюултай. Афганистан улсынхан бүгд буутай. Хоорондоо байлдаж байгаа хоцрогдсон орон. Хэдийгээр буутай ч тусгаар тогтнол, аюулгүй байдал нь дээд зэргээр эрсдэлд орсон орон. Сингапур хүн ам цөөнтэй. Армигүй шахуу Люксембург хөгжил сайтай учраас эрсдэлгүй байна. Тэгэхээр хөгжил бол тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм гэдгийг ойлгож хурдан хөгжих хэрэгтэй байна. Хурдан хөгжихөд хөгжлөө “Мянганы төмөр замаас эхэлье гэж бид дэвшүүлж байгаа. Намайг мянганы зам барьж байхад мянгуужингийн зам барих гэж байна” гэж шүүмжилж байсан. Одоо Мянгуужингийн зам үнэхээр бодитой ажил байсан байна” гэдгийг мэдэж, хүмүүс мянганы замаар хөдөө орон нутагт очиж байгаа. Мянганы зам хөдөөд тодорхой хэмжээний хөгжил авчирсан. Гэхдээ хангалттай биш байна. Монголчууд туршлагатай боллоо. Хийж чадна гэдгээ харууллаа. Тиймээс Мянганы төмөр зам барих ажлаа эхлүүлэх хэрэгтэй гэдгийг уриалж байна.

Хүн амынхаа амьдрах орчныг сайхан болгохын тулд мэргэжлийн хүмүүсийн тооцоо судалгаан дээр үндэслэсэн,улсын хэмжээний найман хот байгуулья гэсэн санааг дэвшүүлж байгаа. Орон сууцгүй байгаа бүх өрхийг “О” түрээсийн зарчмаар орон сууцтай болгоё. Оюутны сургалтын төлбөрийг үе шаттайгаар төр 100 хувь хариуцдаг тогтолцоо руу шилжье. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг бүхэлд нь  сайжруулж, хүүхэд , малчид ахмадуудын эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгоё гэсэн зорилтыг дэвшүүлж байна. Чинээлэг дундаж давхаргыг нийгмийн олонх болгох зорилтыг дэвшүүлж байна. Үүнд бид арван жилд 60 тэрбум долларыг зарж хүрнэ. Ингэснээр дэлхийд хөгжлөөрөө эхний 30-д бичигдэнэ гэж үзэж байгаа. Мянганы төмөр замыг 10.5 тэрбум доллараар босно гэж тооцож байгаа. 3500 орчим км байна. Улсын чанартай найман хот байгуулах ажлаа жаахан задалж ярих юм бол нэг хотод 150.000 хүнтэй. Төмөр хими, эрчим хүчний үйлдвэр бүхий цогцолбор болж хөгжиж, дээд сургуулиуд нүүж очно. Эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээний цогцолбор төвүүд баригдах болно. Энэ бол зүүн талаасаа ярих юм бол Чойбалсан, Чингис, Дархан, Эрдэнэт, Хархорин, Улиастай, Ховд, Чойр гэсэн найман хотыг 150000 хүнтэй аж үйлдвэр инновацийн цогцолбор хот болгохыг МАХН дэвшүүлж байна. Бид 3500 мегават хүчин чадалтай эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нээж эрчим хүчний үнийг бодитойгоор буулгая. Мөн эрчим хүчийг экспортолдог орон болохыг зорьж байна. Орон сууцгүй 450 мянган өрх байна. Эзэн Чингисийн захисан үг байдаг. Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэж. Гэрээ зас гэдгийг шууд утгаар нь орон сууцтай бол гэж ойлгож байгаа. 800 гаруй жилийн өмнө эзэн Чингис бидэнд өрх бүрийг орон сууцтай болго гэсэн даалгаврыг өгсөн гэж ойлгоод 450 мянган өрхөө орон сууцтай болгоё. Нэг айлд 60 мкв талбайтай орон сууц барьж өгөхөд 27 тэрбум ам.доллар хэрэгтэй. Арван жилийн дотор хийж чадна гэсэн том зорилт дэвшүүлж байна. Өрх бүр орон сууцтай болох юм бол гэр бэхжинэ. Залуу гэр бүл хадмындаа хоргодохгүй, өөрийн байрандаа өрх гэрийнхээ эзэн нь болж үр хүүхдээ өсгөж өнөр өтгөн амьдарна гэж бодож байгаа учраас тэг түрээсийн зарчмаар орон сууцжуулъя гэж байгаа юм. Монголчууд цөөхүүлээ. Бусадтай яаж өрсөлдөж, хөгжлийг хэрхэн урагшлуулъя гэж бодож байвал өндөр боловсролтой болох хэрэгтэй. Өндөр боловсролтой болоход саад болж байгаа зүйлийн нэг нь сургалтын төлбөр. Олон хүүхэдтэй, тэр дундаа мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ унахад хүүхдүүд сургуулиасаа гарч байна. Ажил олдохгүй, аав ээжээрээ тэжээлгэж байна. Зарим нь хэрэг хийж, авгай хүүхдээсээ салж байна. Энэ хямралыг шийдэхийн тулд, монгол хүн бүрийг хөрвөх чадвартай болгохын тулд хөгжлийг хурдасгахын тулд боловсролын тогтолцоонд анхаарах ёстой. Ингэхийн тулд оюутны сургалтын төлбөрийг үе шаттайгаар 100 хувь төр хариуцдаг тогтолцоо руу шилжье. Энэ бол шинэ, болж бүтэхгүй зорилт биш. МАХН яг л энэ маягаар туулж ирсэн. Би өөрөө МАХН-ын энэ бодлогын үр ачаар дээд боловсролтой болсон. 1975 онд Москваг зорьж, 1980 онд сургуулиа дүүргэж ирсэн. Сургалтын төлбөрийг миний өмнөөс Монгол Улс төлсөн. Энэ мэтээр МАХН дотоод, гадаадад хүнээ боловсруулж, өр тавин үнэгүй сургаж байсан байгаа юм. П.Дамдин, Л.Лантуу, Ц.Балхаажав гуай намайг явуулж сургаж явсан. Цэдэнбал дарга, ахмадууд биднийг сургаж байсан. Би тэгээд ачийг нь хариулж Ч.Улаан сайд, тэр үеийн Засгийн газрын гишүүдтэй хамт өрийг тэглэхэд оролцож байсан. Холч, зөв бодлогоор залуусаа боловсролтой болгож, залуус нь ахмадуудынхаа ачийг мартахгүй, хөгжлийг хурдасгахын тулд өр мэтийн асуудлыг шийдвэрлэдэг амьд холбоо МАХН дотор байдаг учраас бид ийм зорилтыг зоригтойгоор дэвшүүлж байгаа юм.

Дараагийн нэг зорилт бол МАХН засгийн эрх барьж байсан олон арван жилийн хугацаанд ард түмэн эрүүлжсэн. Эрүүл чийрэг болж, эрүүл мэндийн сошиал салбар бий болсон. Энэ ажил тодорхой шалтгаантайгаар хямрах, чанар хүртээмж нь муудаж байгааг мэдэж байгаа. Түүнийг сайжруулж болно. Яаж сайжруулахаа ч мэдэж байгаа. Найман хоттой яаж эмчилгээ оношлогооны төв, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий цогцолборыг байгуулах вэ гэдгээ төлөвлөсөн. Нэг эмнэлэг 500 сая ам.доллараар босох ёстой гэж бодож байна. Ахмадуудаа хүндэтгэж, хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож, малчдаа харж үзэж тэдэнд зориулсан эмнэлгийн үйлчилгээг төлбөргүй болгохыг зорьж байна. Арван жилийн хугацаанд 60 тэрбум доллар зарцуулах юм бол бидний төлөвлөж байгаа ажил биелнэ. Харин мөнгийг нь хаанаас босгох юм гэж хүмүүс асуух байх. Тодорхой хариулт өгч болно. Монгол орны хөрсөнд байгаа баялаг бол энэ ажлыг хийх эх үүсвэр. Тавантолгой гэсэн баялгийг аваад үзэхэд таван миллард тонн кокжих нүүрс байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ хэлбэлзэж байгаа ч хамгийн хямдханаар 20 доллар гээд бодоход 100 тэрбум долларын баялаг тэр дор байна. Оюутолгой, Цагаан суварга гээд бусад ордуудаа нэмбэл үүнээс илүү мөнгө босгож болох нь. Ганцхан Тавантолгойн ордоос 100 тэрбум ам.доллар босгож болох байхад яагаад мөнгө байхгүй гээд өр тавиад сууж байгаа юм. Төрийн бодлого дутуу байгаа учраас алдаа гаргаж байна. Бид алдааг засъя. Тавантолгойн тавин хувиар нь мөнгө босголоо гэхэд 50 тэрбум ам.доллар болж байна.

Орон сууцгүй бүх өрхийг байртай болгоход 27 тэрбум ам.доллар хэрэгтэй. Мянганы төмөр зам 10 тэрбум ам.доллар, цахилгаан станцын шинэ эх үүсвэрийг бий болгоход 10 тэрбум ам.доллар. Дээр нь сургууль, эмнэлэг оношлогооны төв гээд найман хоттой нийлээд 54 тэрбум ам.доллар болж байна. Үлдсэн таван тэрбум ам.долларыг жижиг дунд үйлдвэрлэл, инновацийг хөгжүүлэх сан болгож ашиглана гэж бодож байгаа. Ингээд харахад аравхан жилийн дотор энэ олон асуудлыг шийдэж болно. Бүгдээрээ энэний төлөө байгаа болохоос хэн нэгэн хүн сайд, их хурлын гишүүн болохын төлөө биш юм. Харин ард түмэнд үүнийг сайн ойлгуулах хэрэгтэй. Аравхан хүн сонговол бид үүнийг хэрэгжүүлж чадахгүй. 2012 оны сонгуулийн дараа бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй. Ард түмнээсээ уучлал гуйж байгаа. Бид хэрэгжүүлэх бололцоогүй, хянах, төр, засгийг бүрэн бүтэн байлгах л бололцоотой байна гэдгийг ард түмэндээ ний нуугүй хэлье. Ард түмэн уучлал гуйсан хүмүүсийг амархан уучилдаг. Харин уучлаарай гэж хэлж чадахгүй байгаа хүмүүст хатуухан жавтий хүртээдэг. Ийм л сайхан сэтгэлтэй хүмүүс. Тиймээс хянахын төлөө, Засгийн газрыг бүрэн бүтэн байлгахын төлөө  үүргээ энэ дөрвөн жилд сайн биелүүлсэн гэдгээ ард түмэндээ нүүр бардам хэлье. Харин өнөөдрийн ярьж байгаа зүйл зөвхөн МАХН-д биш нийт Монголын ард түмэнд хэрэгтэй учраас ярих цаг болсон. Ард түмэндээ ойлгуулах, ард түмэнтэйгээ хамтраад хэрэгжүүлэх цаг болсон гэж бодож байгаа учраас гаргаж тавьж байна. Энэ ажлыг хийхийн тулд бүхэл бүтэн баг хэрэгтэй. Тийм баг байна уу гэж асуудаг. МАХН дотор ч байгаа. Үүнээс гадна энэ бол зөвхөн нэг намын зорилт биш, нийт ард түмний зорилт учраас нам, нас хүйс, зүс царай харгалзахгүй том баг бүрдүүлж, том зорилтоо хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Энэ багаа яаж бүрдүүлэх вэ гэхээр бид “Хүний нөөцийн алтан сан” гэсэн хөтөлбөрийг эхлүүлээд ажиллаж байгаа. Хороо болгон дээр 40-өөс доошгүй мэргэжлийн, өндөр боловсролтой чадвартай, идэвх зүтгэлтэй, тууштай, туршлагатай хүмүүсийг бүртгэнэ. Сум бүр 20-оос доошгүй, улс орны хэмжээнд 15000 орчим хүнийг бүртгэж байгаа. Заавал МАХН гэхгүй. Нам, нас хүйс, зүс царай харгалзахгүй 15000 шилдэг хүмүүсээр багаа бүрдүүлж байгаад том зорилтоо хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Үүний үндсэн дээр нийгэм тогтворжино. Чинээлэг дундаж давхарга олон болсон газар хөгжинө. Тийм газар төр засаг нь тогтвортой, хариуцлагатай байдаг. Төр, засаг нь ард түмнээ боддог байлгахын төлөө энэ бүх ажлыг хэрэгжүүлнэ. Улсаа ингэж тогтворжуулна. Төр, засгаа муулдаг биш нийлээд хөгжүүлдэг, төр, засаг нь хүн болгоноо хардаг, тусалдаг  тийм улс орон болгоно. Амлалтаасаа ухардаггүй, няцдаггүй төр, засаг байгуулахын төлөө хамтдаа ажиллая хэмээн нийт монголчууддаа МАХН уриалж байна. Нас, нам хүйс зүс царай харгалзахгүй гурван сая монголчуудтай, тэдний шилдэг илэрхийлэл болсон 15000 хүний багийг бүрдүүлж арван жилд 60 тэрбум ам.долларыг зарцуулж, хөгжлөөрөө дэлхийд эхний 30 дугаар байрт орохын төлөө, мянганы зам, улсын чанартай найман хот байгуулахын төлөө, оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс хариуцдаг, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж ахмадууд, малчид, хүүхдүүдэд үнэгүй болгохын төлөө, ажлын байрыг жил болгон 60 мянга, арван жилд 600 мянган хүнийг ажилтай болгохын төлөө энэ зорилтыг дэвшүүлж байна. Ард түмэн минь хүлээн авч, хамтарч ажиллахыг уриалж байна. Үүнийгээ бид “Хөгжлийн хувьсгал” гэж нэрлэж байгаа. “Хөгжлийн хувьсгал” Монголд зайлшгүй хэрэгтэй байна. Хөгжлийн хувьсгалыг сонгуулийн хувьсгалаар бий болгож чадна. Монгол Улс хөгжин дэвших болтугай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин