Б.ЭНХЗАЯА

Өглөө босоод гэрийнхээ үүдэнд гарах бүрт цэлийсэн ногоон төгөл угтвал хэн бүрийн сэтгэлд сайхан мэдрэмж төрөх. Гэвч айл бүр ийм орчин бүрдүүлж чадсан нь цөөн. Нэг насаараа байгаль орчинтой нөхөрлөж, мэргэжил сонирхол хоёроо хослуулж ногоон ертөнц бүтээж таашаал авч буй гэр бүлийнхэн бол С.Нятмаагийнх. 1975 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн шинэхэн хосууд Дархан-Уул аймагт илгээлтээр ирж, мэргэжлийн ажлаа эхлүүлж байсан дурсамжийг сөхөж эдүгээ 60 гаруй насыг зооглож, эндхийн уугуул болтлоо “нутагшсан”  С.Нятмаагийнд нэгэн томилолтын үеэр саатсан юм.

Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багт Нарантолгойнхон гэж алдаршсан хэсэг айл бий.  Дарханыг ногоон хот хэмээн нэрлэж ирсэн түүх энэ л хэсгээс улбаатай гэж хэлж болно. 1975 он. Сургуулиа төгссөн шинэ залуу боловсон хүчнүүд энд, тэндээс илгээлтээр ирж байсан үе. Энэ үед аймаг сумын удирдлагууд жимс, ногоо тариалах, ногоон байгууламж бий болгох бодлогоор Нарантолгойн хэсэгт хүмүүст газар өмчлүүлж эхэлжээ. Хотоос ирсэн шинэ хосууд энэ хэсэгт газар авч байшин барин, мод, жимсээ тарьж эхэлсэн түүхтэй гэнэ. Одоогийн хоёр айлын газартай тэнцэх хэмжээний газарт ургасан ногоон байгууламж нь сүрлэг харагдана. Олон жилийн хөдөлмөр нь нүдний өмнө ургаж нахиалахыг харах шиг жаргал хүнээр хэлүүлэлтгүй тэдний харцнаас тодорно. Эдүгээ хашаагаар нь дүүрэн мод, бут сөөг, хүлэмжийн ногоо эмх цэгцтэй ургаж байна. Нарс, гацуур, агч, монос зэрэг 30 гаруй төрлийн мод, үхрийн нүд, улаалзагана, тэхийн шээг, нохойн хошуу, бөөрөлзгөнө зэрэг 10 гаруй төрлийн жимс, жимсгэнэ аль хэдийнэ ургаж гүйцэн хурааж авчээ. Өнгөрсөн хавраас нахиалсан нарс байхад 24 жилийн настай нарс ч байна. Хашааныхаа нэг захад байшингаа барьж, мод, жимсний талбайг харамгүй гаргажээ. Харин тээр захад том гэгчийн шилэн хүлэмж харагдана. Гэрийн эзэн эзэгтэйдээ зориулж барьж өгсөн шинэ төрлийн хүлэмж гэнэ. Ч.Нацаг хүлэмжиндээ шар буурцаг, улаан лооль, артишок, өргөст хэмх зэрэг нарийн ногоо тариалжээ. Эднийд цагаан хоолтон цөөнгүй учир шар буурцаг тариалах болсон байна. Харин артишокийг гэдэс дотроо цэвэрлэж, эрүүл мэнддээ анхаарах зорилгоор тариалж байгааг хэллээ. Тэд ургацаа худалддаггүй, зөвхөн өөрсдийн хэрэгцээг хангадаг гэнэ. Харин бусдад зөвлөх, туслах үйлд чухалчилдаг нь анзаарагдана. Бүр бусад аймгуудад модны үр, үндсийг хандивладаг байна. Өнгөрсөн жил Хамарын хийд дэх жуулчны баазад 1000 гаруй мод хандивлажээ. “Ямар ч ургамлыг хайрлаж хандана төдий чинээ ургана” хэмээн хүн байгалийн харилцааг тодорхойлох гэрийн эзэгтэй Ч.Нацагаас орчин тойрондоо ногоон байгууламжийг хэрхэн бий болгох талаар сонирхсон юм. Тэдний хашааны зохион байгуулалт эмх цэгцтэй, хүүхэд тоглох, нарлах талбайг тусгайлан бэлдсэн харагдана.

-Айл бүр өөрийн хашаандаа ногоон төгөл бий болгож болох нь ээ?

-Бололгүй яахав, ямар ч мэргэжлийн хүмүүс хүрээлэн буй орчноо ногоон байлгах бүрэн боломжтой шүү дээ.

-Тэгвэл хашаагаа ногооруулахын тулд хамгийн түрүүнд юу чухал вэ. Таны яриагаар бол хүссэн юм бүхнээ тарьж болдоггүй бололтой?

-Хамгийн эхэнд хашааныхаа зургийг гаргана. Аж ахуйн хэсэг хаана байх юм, хүүхдүүд хаана тоглох юм гэдгийг анхнаасаа заавал төлөвлөнө. Түүнээс гадна гоё харагдсан цэцэг, жимс бүхнээ тариалж болохгүй. Модны энерги гэж байдаг. Ялангуяа монос их энергитэй.

-Мод тарихад багагүй цаг хугацаа зарцуулдаг юм байна. Аль улиралд ачаалал багатай ажилладаг вэ?

-Мод, ногоо тарих нь маш нарийн ажил. Ногоочдын ногоог том, жижиг байна гэх хүмүүст дургүй хүрдэг. Үр гээд жижигхэн зүйлийг ийм том болтол нь ургуулна гэдэг тухайн хүмүүсээс маш их хөдөлмөр шаарддаг. Бид тэтгэвэрт суусан нэртэй ч маш их завгүй ажилладаг юм. Цагаан сар өнгөрөөд л үрсэлгээг бэлдэж эхэлнэ. Модныхоо үрийг ургахад бэлтгэж, дарна. Ингээд бодохоор ажиллагаагүй улирал гэж байхгүй” хэмээн ярив. Тэрээр зөвхөн орчин тойрондоо мод тариалаад зогсохгүй, сонирхсон хүмүүст үнэ төлбөргүй сургалт зохион байгуулдаг байна. 

Мэргэжлээ ийнхүү бодит бүтээн байгуулалт болгож чадсан тэд энэ их ажлын хажуугаар төр засгийн бусад салбарт багагүй хувь нэмэр оруулсан хүмүүс юм байна. С.Нятмаа хүндийн өргөлтийн улсын хоёр удаагийн аварга тэрээр Дархан-Уул аймагт энэ спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг нутгийнхан ярьдаг юм билээ. Түүнчлэн аймгийн Байгаль хамгаалах ангийн нийгэмлэгийн нарийн бичгийн даргын албыг 20 гаруй жил хашжээ. Одоо тэрээр гэрийн хүндээ туслангаа бясалгал хийнэ. Харин гэр бүлийн хүн нь Увс аймгийн Сагил сумын уугуул Ч.Нацаг. Аймгийн Ногоон байгууламжийн инженерээр насаараа ажилласан нэгэн. Үүний хажуугаар олон нийтийн ажилд байнга оролцдог нийгмийн идэвхтэй гишүүн аж.

Анхны ойн инженерүүдийн ачаар эдүгээ Дархан хот ногоорон угтана. Нутгийнх нь удирдлагуудаас эхлэн хүн ардынх нь сэтгэлд байгаль орчноо дээдлэх, ногоо байгууламж бий болгох үлгэр дууриалал энэ л нутгаас эхтэй гэмээр.