Э.ОРХОН

Жил бүрийн есдүгээр сард дэлхийн сэргээн засалч эмч нарын өдөр тохиодог. Тиймээс Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл сэргээн заслын өдөрлөг зохион байгууллаа. Энэ талаар Таны инээмсэглэл төвийн хөдөлгөөн засалч, эмч Сол Вилиам Падуатай ярилцлаа. 

-Нөхөн сэргээх эмчилгээ гэж ямар эмчилгээг хэлээд байна вэ. Манайхан зүү, бумба, бариа заслыг л нөхөн сэргээх ардын эмчилгээ гэж ойлгодог. Мөн гол төлөв хагалгааны дараа энэ эмчилгээг хийлгэдэг. Ер нь ямар үед энэ эмчилгээг хийдэг талаар яриагаа эхлэх үү?

-Танайхан нөхөн сэргээх эмчилгээ гэж ярьдаг ч олон улсад сэргээн заслын эмчилгээ гэдэг. Сэргээн заслын эмчилгээ гэдэг маш өргөн хүрээтэй. Энэ эмчилгээг хийхэд мэдрэлийн эмч, сувилагч гээд бүх мэргэжлийн хүмүүс оролцдог. Сэргээн засал нь дотроо  хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, хөл засал, амьсгал засал гэсэн төрөлтэй. Миний хувьд хөдөлгөөн заслаар дагнан ажилладаг. Хөдөлгөөн засалчын ажил тухайн хүний биеийн хөдөлгөөнийг бүрэн дүүрэн сэргээхэд чиглэдэг. Мөн нуруу, хүзүү нь өвддөг эсвэл хавдрын их өвдөлтийн үед тэр өвдөлтийг яаж бууруулах вэ. Тухайн хүн эрүүл байх үед бие нь ямар байсан тэр хэвэнд нь оруулж үйл ажиллагаа нь алдагдсан байдлыг сэргээх ажлыг хувь хүний оролцоотой зааж өгдөг. 

-Жил бүрийн есдүгээр сард дэлхийн сэргээн засалч эмч нарын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан өдөрлөг танайх зохион байгуулсан гэсэн үү? 

-Жил бүрийн есдүгээр сарын 8-нд дэлхийн хөдөлгөөн засалч эмч нарын өдөр болдог. Энэ жил дэлхий нийтээр “Хөдөлгөөн ба эрүүл мэнд” урин дор тэмдэглэсэн. Энэ хүрээнд тархины цус харвалт болон чихрийн шижин өвчний хүндрэлээс хэрхэн сэргийлэх вэ гэдэгт  чиглэсэн ажлыг хийлээ. Тухайлбал, тархины цус харвалтын дараа хөдөлгөөн заслаар хэрхэн эмчлэх, харвахаасаа өмнө яаж сэргийлэх ёстой гэдэгт бидний хийх ажил чиглэсэн юм. Мөн чихрийн шижин өвчин юунаас үүсдэг, яаж өөрийгөө хянах, мөн энэ өвчний үед хөдөлгөөн заслын ямар аргыг хэрэглэж болох талаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Энэ өдөр дэлхийн 106 орны 380 мянган хөдөлгөөн засалчид дээрх урин дор нэгдэж өөр өөрийн онцлог үйл ажиллагааг явуулдаг. Монголд энэ өдрийг анх удаа тэмдэглэсэндээ баяртай байна.

Монголд байгаа сэргээн засал харьцангуй өөр юм. Тиймээс үүнийг Олон улсын жишигт ойртуулахын тулд яаж баг болж ажиллах вэ  зэрэг нөлөөллийн ажил хийх, Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын шийдвэр гаргах төвшний хүмүүст энэ үйл ажиллагааг харуулах, таниулах зорилготой дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

-Та хөдөлгөөн засалчаар хэд дэх жилдээ ажиллаж байна. Эмчилгээний үр дүн ямар байна?

-Миний хувьд 2000 оноос хойш хөдөлгөөн засалчаар ажиллаж байна. Би Монголд 2009 онд ирсэн. Тухайн үед цус харваад сар гаруй болж байгаа хүнтэй уулзсан. Тэр хүний нуруу биед нь цооролт үүссэн, сэтгэцийн хувьд гутранги. Үхмээр байна гэдэг байсан. Тэр үед сэргээн заслын эмчилгээ танай улсад чухал шаардлагатай байгаа юм байна гэдгийг олж харсан. Та эдгэх бүрэн боломжтой. Бид хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ гэдгийг хэлсэн. Ер нь хөдөлгөөн заслаар эмчилнэ гэдэг хурдан хугацаанд үр дүн нь гардаг зүйл биш. Урт удаан хугацааны турш тасралтгүй эмчилгээ хийлгэж аажмаар сэргэдэг. Яагаад гэхээр тархины харвалтын үед мэдрэлийн эд эс ихээр гэмтдэг. Тэр нь хурдан сэргэдэггүй учир сэргэлт удаан. Хамгийн гол тухайн хүн туйлбартай, тасралтгүй эмчилгээгээ хийх хэрэгтэй.

Түүнээс хойш Монголын сэргээн заслын эмчилгээ Олон улсын төвшинд байна уу гэдгийг ажиглаад тийм зүйл олж хараагүй. Эмнэлгүүдэд энэ төрлийн эмчилгээний тасаг байдаг ч нэгдмэл биш, бас өөр байсан. Тиймээс энэ чиглэлийг Олон улсын төвшинд хүргэхийн тулд тодорхой ажлуудыг хийх хэрэгтэй гэж бодсон.

-Манай улсад энэ төрлийн эмчилгээ ямар төвшинд байна гэж та хардаг вэ? 

-Монголд сэргээн засал эмчилгээг яаж хийж байгааг хараад өөрийнхөөрөө дүгнэхэд манай улсаас нэлээд хол санагдсан. Гэтэл манай улс энэ эмчилгээгээр америкаас бас нэлээд хол байдаг. Тэгэхээр энэ эмчилгээг сайжруулж, ойлгож хийж чадвал хэдэн жилийн дараа манай улс шиг эсвэл Америкийн төвшинд хүрэх бүрэн боломжтой.

2009 онд танай улсын мэдрэлийн мэс заслын эмч нарын семинарт суугаад би их гайхсан. Яагаад гэхээр цус харвалт маш их байхад эмчилгээний үр дүн бага байна. Тэгэхээр энэ орон зайд сэргээн заслын эмчилгээ хэрэгтэй гэж боддог.

-Сүүлийн жилүүдэд манай улсад зүрх судасны өвчлөл ихсэх болсон. Тэгэхээр зүрхний өвчтэй хүнд энэ эмчилгээг хийж болох уу? 

-Зүрх судасны өвчтэй хүнд хөдөлгөөн заслын дасгалыг заадаг. Тухайн хүн зүрх судасны ямар эмгэгтэй байгаагаас хамаараад булчин ажил хийх үед зарцуулж байгаа энергийг тооцох аргаар эмчилдэг. Тухайлбал, зүрхний эмгэгтэй хүн шатаар алхахад амьсгааддаг бол түүнийг тооцож хэдэн шат алхах, хэдэн минут явган явах вэ гэдгийг нь тооцоолж өгдөг. Ер нь сэргээн заслын эмчилгээг авто осол, нуруу нугас, тархи, спортын гэмтэл, хүзүү нуруугаар өвдөх, үе мөчний үрэвсэл зэрэг олон өвчний үед хийдэг. Хамгийн гол нь өвдөлтийг намдаахад хамгийн их ашигладаг.

Мөн чихрийн шижингийн үед тухайн хүнийг яаж даралт ихсэх, харвалтаас сэргийлэх вэ гэдэгт чиглэн ажилладаг. Мөн насжилттай холбоотойгоор ахмад настан ямар жинтэй хүн ямар дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэйг хэлж өгдөг. Хавдрын үеийн хөдөлгөөн засал гэж бас бий. Хавдартай хүмүүсийн бие нь маш их сульддаг. Тиймээс дасгал хөдөлгөөний замаар булчинг нь эргэж хэвийн байдалд оруулахад нь тусладаг.

-Суудлын ажилтай хүмүүс нуруу нугасны үе дарагдах өвчлөлд их өртдөг. Тэгэхээр ажлын байран дээрээ энэ өвчлөлд өртөхгүйн тулд ямар дасгал хөдөлгөөн хийвэл зүгээр вэ. Зөвлөгөө өгөхгүй юү?

-Урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Гэхдээ шууд ийм тийм дасгал хий гэж хэлэх боломжгүй. Учир нь, хүн бүрийн бие харилцан адилгүй учраас хийх дасгал хөдөлгөөн нь өөр байдаг. Тэгэхээр ямар дасгал хөдөлгөөнийг ямар хугацаатай, ямар давтамжтай хийх ёстой  вэ гэдгээ эхлээд тодорхойлох ёстой. Ер нь Азийн зүү эмчилгээ, Европын цахилгаан эмчилгээг зөв хослуулж чадвал маш их үр дүнтэй. Зүү эмчилгээг дангаар хийхэд тухайн үед өвдөлтийг нь намдаах боловч өвдөлтийн шалтгааныг нь арилгадаггүй. Тэгэхээр хэсэг хугацааны дараа дахиад өвдөнө. Өөрөөр хэлбэл тухайн өвчний шалтгааныг нь тогтоож хавсарсан цогц эмчилгээг хийх нь илүү үр дүнтэй. Гэхдээ нуруу нугасны өвчлөлийн үед эхлээд заавал компьютер томограффт харуулсны дараа хөдөлгөөн заслаар эмчилдэг. Нурууны өвчлөлийн үед аль хэсэгт нь ямар хэлбэрийн мурийлттай байна. Тэр нь хэддүгээр бүсэлхий, хүзүү нугалам дээр, нугасны аль хэсэгт байгаагаас хамаарч ямар өвдөлт үүсдэг вэ гэдэг анатомын зургийг нь харснаар зааж өгөх боломжтой болно.

Бусад орны туршлагаас харахад хамгийн сүүлийн шатанд нь мэс засал хийхийг зөвлөдөг. Гэтэл Монголд хөдөлгөөн заслын эмчид үзүүлдэггүй. Мэдрэл юм уу мэс заслын эмчид үзүүлээд хагалгаа хийлгэх гэж хичээдэг. Гэтэл нуруу нугасны өвчлөлд мэс заслыг хэзээ ч зөвлөдөггүй. Зөвхөн дасгал хөдөлгөөнөөр засдаг. Ер нь ямар нэг мэс заслын дараа хөдөлгөөн заслын эмчтэй уулзахыг зөвлөх ёстой.

-Манай улс уур амьсгалын хувьд эрс тэс, дээр нь мах их иддэг. Тэгэхээр энэ эмчилгээг хийхэд хориглох үе эсвэл бүүр хориглох заалт гэж байдаг уу?

-Эмчилгээний хугацаа нь ямар өвчтэй хүнд хийж байгаагаас хамаараад харилцан адилгүй. Артерын даралт 140-өөс дээш үед хөдөлгөөн заслаар эмчилж болохгүй. Заавал даралтаа буулгасны дараа хөдөлгөөн заслын эмчилгээг хийнэ. Мөн хөдөлгөөн заслын эмч хэзээ ч эм зөвлөдөггүй.

 Монголчууд мах их иддэг. Гэтэл махыг зуны цагт бага идэх хэрэгтэй. Ер нь махыг дандаа идэх нь өвчлөл үүсэх гол шалтгаан болдог. Тэгэхээр эмчилгээний хамгийн гол зүйл бол эмчид хэзээ хандсанаасаа болно. Цус харавчихаад хөдөлгөөн заслын эмч дээр шууд ирэх хэдэн сарын дараа ирэх хоёрт ялгаа их бий. Түүнээс биш энэ эмчилгээг хийж болохгүй гэх зүйл байхгүй. Хамгийн гол нь энэ эмчилгээг хийхэд тухайн өвчтөнд тохирсон урт болон богино хугацааны төлөвлөгөөг гаргаж хүнээ зөв үнэлж чадахаас эмчилгээний үр дүн их шалтгаалдаг.