Өршөөлийн хуулиар суллагддсан өөртөө ажлын байр бий болгож, бизнесийн төсөл ирүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх батламжийг өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гардууллаа. Нийт 63 иргэн бизнесийн төсөл ирүүлж, санхүүжилт хүссэн байна. Тэдний төсөлтэй танилцан, сонгон шалгаруулж 50 хүнд санхүүгийн дэмжлэг олгожээ. Дэмжлэг авч буй хүмүүсийн ихэнхи нь оёмол хатгамал хийдэг, модоор жижиг эдлэл урладаг зэрэг гарын ур дүйгээ ашиглаж хувийн жижиг аж ахуй эрхлэх хүмүүс юм байна.
Санхүүгийн дэмжлэг олгох батламжийг гардуулах үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, багийн менежмент, бизнесийн санаа хөгжүүлэх, төсөл боловсруулах сургалтанд Өршөөлийн хуулиар суллагдсан 819 иргэнийг хамруулсан байна. Сургалтад хамрагдсан хүмүүсээс 63 нь бизнесийн төсөл ирүүлж, санхүүжилт хүссэн байсан. Ирүүлсэн төсөлтэй ажлын хэсэг танилцаж, хүн нэг бүртэй уулзаж, сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд 50 иргэнд тус бүр нэг сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор болсны дагуу өнөөдөр та бүхэнд батламжийг нь гардуулж байна. Энэхүү дэмжлэг та бүхэнд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, өөрийн гэсэн орлоготой болох боломжийг олгох бөгөөд цаашид нийгэмд тодорхой байр суурь эзлэхэд тань тус болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас 2015 оны наймдугаар сарын 11-нд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар улсын хэмжээнд 2000 гаруй иргэн хорих ангиас суллагдсан. Тэдний 1032 нь нийслэлийн харьяат юм.
Өршөөлийн хуулиар суллагдсан болон суллагдах хугацаа нь ойртсон Улаанбаатар хотын харьяат иргэдэд хэрхэн өөртөө итгэх итгэл, амьдралын зорилготой болох, нийгэмд гараад айдсаас салах талаар зөвлөгөө өгчээ. Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх сургалт явуулсан байна. Хорих ангиас суллагдагсдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг “Монголын хүний нөөцийн менежментийн холбоо”, “Монголын оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн холбоо”, “Саруул ухаан”, “Нийгэм маркетинг” ТББ-уудтай хамтран хэрэгжүүлжээ.