Б.БАРС

Английн хөрөнгө оруулалтын “Hermitage Capital” сангийн тэргүүн Билл Браудер Орост ажилласан үеийнхээ тухай “Улаан тэмдэглэл: их мөнгө, аллага болон ганц хүний шударга ёсны төлөө хийсэн тэмцэл” (Red Notice: A True Story of High Finance, Murder, and One Man's Fight for Justice) ном бичжээ. Тус ном худалдаанд гарсантай холбогдуулан АНУ-ын “CNN” телевиз Б.Браудерээс дэлгэрэнгүй ярилцлага авсан байна.

Б.Браудер ярилцлага өгөхдөө, “Би В.Путиний хөрөнгө 200 тэрбум ам.долларт хүрсэн гэж үзэж байна. Сүүлийн 14 жилийн турш Оросын үйлдвэрлэсэн, тэгээд сургууль, зам, эмнэлэг гэх мэтэд зарцуулаагүй үлдсэн бүх мөнгө В.Путин болон түүний андуудын эзэмшдэг Швейцар банкны данс, хувьцаа, хедж сангууд руу шилжсэн” гэжээ.

Нэг үе Орос дахь гадаадын томоохон хөрөнгө оруулагч байсан Б.Браудер Оросын бүх томоохон компаниудын хөрөнгийг олигархууд төрийн албан хаагчидтай хамтран эрээ цээргүй хулгайлахыг илчилж байсан бөгөөд В.Путин эхэндээ түүнийг дэмждэг байсан гэнэ.

Б.Браудер “CNN”-д ярихдаа, “Бид хоёр хоёулаа нэг л хүмүүсийн эсрэг тэмцэж эхэлсэн. Олигархууд түүний эрх мэдлийг, миний мөнгийг хулгайлж байсан юм. Иймд тэднийг илчлэх миний ажиллагаанд тэр дэмжлэг үзүүлдэг байлаа. Гэвч В.Путин Оросын толгой баяныг баривчлаад, “Түүн шиг торны цаана орохыг хүсээгүй бол мөнгөө надтай хуваалц” гэж бусад баячуудад тулгасны дараа бүх юм өөрчлөгдсөн.  Тэр цагаас хойш миний явуулах үйл ажиллагаа түүнд саад болж эхэлсэн юм. Учир нь миний тэмцэл түүний дайснуудын эсрэг биш өөрийнх нь хөрөнгө мөнгөний ашиг сонирхлын эсрэг чиглэх болсон. В.Путин олигархуудын тоглоомд оролцон өөрөө хамгийн том олигарх болж хувирсан даа” гэсэн аж.

Эх сурвалж: www.polit.mn