Б.Бат-Эрдэнээр ахлуулсан УИХ-ын нэр бүхий 25 гишүүн Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашигтай болгох үүднээс  Засгийн газарт  шаардлага хүргүүлсэн. Тэдний шаардлагыг  Засгийн газар  мөрийн хөтөлбөртөө  багтаасан ч   эцсийн хэлэлцүүлгээр  унагасан нь маргаан дагуулаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, А.Тлейхан нарын байр суурийг хүргэж байна.

1.  Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө багтаасан ч УИХ-аар хэлэлцүүлэхэд нэг саналаар унасан. Гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг дахин сөхөх боломж бий юу?

2.  Гэрээ хэвээр явбал манай улс ашиг олохгүй ч өрөнд орохгүй гэх баталгаа байна уу?

3.  Гэрээ муу болсон талаар хариуцлагын тухай байнга ярьдаг. Шийдвэрлэх ямар гарц  байна?

4.   Цаашид  хэрхэн тэмцэх вэ, ямар арга хэмжээ авах вэ? 

5.  С.Ганбаатар гишүүн Оюутолгойн гэрээг батлуулсан тухайн үеийн  Засгийн газрын гишүүд, тэр дотроо Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд уриад байгаа. Түүнээс ямар үр дүн хүлээж байна? 

Х.Болорчулуун: Оюутолгойн гэрээг өөрчлөх шаардлагатай

 

Ч.ЗОТОЛ

 

¨ Оюутолгойн гэрээ үнэхээр муу болсон. Үүнийг хүн бүр  мэдэж байгаа. Харин  өөрчлөлт оруулж, сайжруулах гэхээр холбогдох хүмүүс нь  дуугардаггүй. Оюутолгойгоос  манай улс  юун 50-60 хувийн ашиг  олох манатай. 30 хувийн ашиг ч авч чадахгүй. Тиймээс өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Хуулиа эргэж харах учиртай.

¨ Гэрээний дагуу яв­бал манай улс  Оюутолгойг эзэмшиж байгаа компанид мөнгө төлөх хэрэгтэй болно.  Тэгэхээр бид өрөнд орох нь тодорхой байгаа. Өөрсдийнхөө юмыг өөрсдөө худалдаж авна гэсэн чинь юу гэсэн үг вэ гэдгийг бид өмнө нь олон удаа анхааруулсан.

¨ Баялгийн нөөц нь тодорхой ийм орд газрыг бусдад зүгээр шахам бэлэглэчихээд улс орноо ядууралд хүргэж буй улстөрчидтэй хатуу  тэмцэх ёстой. Гэрээний хэрэгжилтийг хянах учиртай. Үүнд иргэд, олон нийт, иргэний хөдөлгөөнүүд нэгдэж тэмцэх хэрэгтэй байна.

¨ Хэрэв цаашид ийм муу гэрээ байгуулбал Монгол Улс мянган сайхан орд газартай байгаад яах билээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж чадвал бид заавал энд суух шаардлага ч алга. УИХ-ын зөөлөн суудлаас илүү улс орны минь эрх ашиг дээгүүрт тавигдаж байна. Бид  тэмцэл  эхлүүлж, гарц хайх ёстой асуудал бол энэ.

¨ УИХ-ын нэр бүхий гишүүд, иргэний хөдөлгөөнийхөн,эрдэмтэн судлаачид  хоёр чуулган дамнуулж энэ асуудлыг ярьсан, шүүмжилсэн. Холбогдох хүмүүс  нь таг чиг, санал гаргахаар юу ч ярихгүй байгаа нь үнэн.  Тиймээс С.Ганбаатар гишүүн “Ямар сайндаа л халз мэтгэлцээнд дуудаж байхав дээ” гэж байр сууриа илэрхийлсэн шүү дээ. Халз мэтгэлцээнээр бодит үнэнийг ард түмэнд  нээлттэй хүргэе гэж зорьсон. Түүндээ ч хүрэх байх.

 

А.Тлейхан: Халз мэтгэлцлээ гээд үр дүн гарахгүй

Ч.ОЛДОХ

 

¨  Оюутолгойн гэрээг сайжруулах УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ёстой гэсэн шаардлагыг гишүүд тавьж байгаа. Тэр тогтоолоор Оюутолгойн хөрөнгө оруулалтын нөхцлийг Монголын талд ашигтай байх ёстой гэсэн чиглэл өгсөн. Тэр шаардлага хэвээрээ байгаа. 

¨ Тооцоог нь  нарийн мэдэхгүй байна. Ямар ч байсан Монголын талын эзэмших хувь 34 биш түүнээс дээш байх ёстой, мөн хугацааг наашлуулах хэрэгтэй гэж үзэж байна.

¨ Би түрүүнд гишүүдийн тавьсан шаардлага хэвээрээ байгаа гэж хэлсэн. Гэрээг засч сайжруулах шаардлага тавьж байгаа юм чинь  хариуцлагын асуудал ярьж, сануулж байна гэж ойлгож болно.

¨ Нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээг  засч, сайжруул гэж шаардаж байгаа болохоос гэрээг цуцал, хүчингүй болго  гээгүй. Засч сайжруулъя, өөрчлөлт оруулъя гэж байгаа чинь гарц хайж байгаа гэсэн үг. Талууд ойлголцох  учиртай.

¨С.Ганбаатар, С.Баярцогттой халз мэтгэлцсэнээр  үр дүн гарна гэдэг юу л бол. Хүн ойлгохгүй байгаа юм байхгүй шүү дээ. Оюутолгойн гэрээ ямар болсныг бүгд л мэдэж байгаа.