SPS, “Юнивишн”-ийн төлбөртэй сувгийн асуудлаар иргэд, хэрэглэгчдийн төлөөлөл, сэтгүүлч Э.Амарсайхан, хуульч О.Батхүү нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд хуульч О.Батхүү ярихдаа “Юнивишн компани анх гарч ирэхдээ “Дэлхийн жишигт нийцсэн гурвалсан үйлчилгээг Монгол нэвтрүүлж байгаа. Интернэтийн хэрэглээ хязгааргүй, HD сувгууд орж ирнэ. Дээр нь суурин утсыг санал болгож байна” гээд л маш их сурталчилгаа хийсэн. Ингээд олон өрх, айлтай гэрээ хийсэн. Одоогийн байдлаар Монголд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хамгийн том компани болоод байна.
Гэтэл сүүлийн үед уг компанийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчид бухимдалтай байгаа. Ийм үед хууль бус шаардлага тавьж, хоёрдугаар сарын 1-нээс интернэтийн хэрэглээг хязгаарлах гэж байна. Үүнийг эсэргүүцэж байна.
Юнивишн компани сувгаа гүйцэд гаргадаггүй, интернэт нь чанаргүй хэр нь нэг л ажлыг маш сайн гүйцэтгэдэг. Тэр нь төлбөрөө авах, нэг ч өдөр хоцроохгүй, дутаахгүй авдаг. Үзээгүй сувгийнхаа төлбөрийг төлөхгүй гэхээр заавал бөөнөөр нь авна гээд төлүүлчихдэг.
Гэрээний 8.2-т заасныг үндэслэн интернэтийн хэрэглээг хязгаарлах болсноо мэдэгдсэн.
Одоо гэрээний 8.2-т заасныг үндэслэн интернэтийн хэрэглээг хязгаарлах болсноо мэдэгдсэн. Энэ нь цаашдаа маш буруу хэвшлийг бий болгоно. Өнөөдөр хэрэглэгчийн ямар ч байр суурьгүйгээр интернэтээ хязгаарлаж байгаа юм чинь маргааш зарлаад арав хоногийн дараа бүх сувгаа хаасан ч тэдний эрх болох нь.
Хэрвээ шүүхийн шатанд очвол энэ гэрээ унана. Би тухайн гэрээг хуульд нийцээгүй гэж үзэж байгаа.Юнивишн компани хүмүүсийн хэрэглээг хязгаарлаж байгаа бол төлсөн бүх мөнгийг нь буцааж өгөх ёстой” хэмээн ярилаа.
"ШӨХТГ-ЫГ ЭНЭ АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛЖ АЖИЛЛААРАЙ ГЭЖ ХҮСМЭЭР БАЙНА"
Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд спортын сувгуудын асуудлаар хөлбөмбөгийн фен клубүүдийн төлөөлөл оролцсон юм.
Тэднийг төлөөлж сэтгүүлч Э.Амарсайхан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Юнивишн компани хэсэг хугацааны өмнөөс хэрэглэгчидтэй байгуулсан гэрээний дагуу үзүүлэх ёстой хэд хэдэн сувгийг ямар нэгэн тайлбаргүйгээр гаргахаа больсон. Миний бие хэрэглэгчийн үүднээс ямар нэгэн тайлбар шаардаад хоёр сарын хугацаа өнгөрч байна. Юнивишн компанийн зүгээс “Хувь хэрэглэгчид хандаж тайлбар өгөхгүй” гэсэн хариултыг өгч байгаа. Энэ бол хэрэглэгчдийг үл тоосон, доромжилсон үйлдэл.
Үүнээс гадна төлбөрийн асуудал байгаа. Хэрэглэгчид Юнивишн компанитай гэрээ байгуулж, төлбөрөө төлдөг. Тус компани оператор гэсэн үг. Харин SPS бол контент нийлүүлэгч. Бидний зүгээс контентын талаар гомдол тавихаар SPS-д ханд гэдэг тайлбар хэлдэг. SPS нь техникийн алдаа гэсэн товчхон хариулт өгөөд ам таглачихдаг. Дээрх хоёр компани харилцан ярилцаж, тэр техникийн алдааг засаж залруулаад, хэрэглэгчдэдээ тайлбар хийх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч тайлбар өгөхгүй байна.
Энэ асуудлаар миний бие Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо гээд олон байгууллагад хандсан. МХЕГ бол "Энэ асуудал манайд хамааралгүй” гэсэн. ХХЗХ-ны зүгээс “Бид суваг гаргах эрхийг өгдөг. Яг таны хандаад байгаа асуудлыг хариуцахгүй. Энэ бол ШӨХТГ-ын хамаарах асуудал” гэсэн хариу өгсөн. ШӨХТГ-ыг энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллаарай гэж хүсмээр байна