Б.БАРС
Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмазай “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө, тус улсад “Аль-Кайда” террорист бүлэглэл нөлөөгөө богино хугацаанд эргүүлж сэргээсэн тухай мэдэгджээ. Тэрээр, “Өнгөрсөн оны эхээр “Аль-Кайда” бүлэглэлийн сүр хүч үлэмж буурсан гэх өөдрөг таамаглал газар авч байлаа. Гэтэл бодит байдал дээр бүх юм эсрэгээр эргэв. Манай улсад Ойрхи дорнодоос гадна Орос, Хятад, Узбекистан, Тажикистан гээд олон улсаас алан хядагчид олноор ирэх боллоо. Тэд Афганистаны ард түмэнтэй маргалдаж зөрчилдөөгүй ч манай газар нутгийг буруугаар ашиглаж байна” гэж ярьжээ.
Ашраф Гани Ахмазай үүнтэй холбогдуулан олон улсын терроризмтэй тэмцэх нь маш чухал болохыг цохон тэмдэглээд Афганистаны тусгай албадад агаараас нэмэлт дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. “Аль-Кайда” саяхан исламист бүлэглэлүүдэд хандан өөр хоорондын дотоод тэмцлээ зогсоож хамтын хүчээр Өрнөдийн ертөнц болон Оросын эсрэг тэмцэхийг уриалсан аж.
“Аль-Кайда” бүлэглэл 1998 онд Кени болон Танзани дахь АНУ-ын Элчин сайдын яамдыг дэлбэлсний дараа хамгийн аюултай олон улсын террорист байгууллагад тооцогдох болсон юм. Тус бүлэглэл 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын түүхэн дэх хамгийн эмгэнэлт террорист халдлагыг зохион байгуулсан билээ.
Эх сурвалж: www.polit.mn