
Х.ХУЛАН
БОНХЯ-ны дэргэдэх Байгаль хамгаалах сангийн захирал Ш.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Байгаль орчны боловсролыг дэмжих жил гэдэг утгаараа энэ жил хүүхдүүдийг хамруулсан арга хэмжээ нэлээд болж байна. Эко аялал, чуулга уулзалтууд болж байна. Одоогоор хэчнээн хүүхэд хамруулаад байна вэ?
-Бид нийтдээ 5-6 эко аялал зохиочихоод байна. Увсад гэхэд баруун гурван аймгийн хүүхдийн бүсчилсэн эко уулзалтыг Монголын скаутын холбоотой хамтарч, мөн Тувагийн талаас болоод Монголын талаас хүүхэд солилцох эко аялал хийсэн. Энэ маш үр дүнтэй болсон. Улаанбаатарт хотод хоёр удаа, Хөвсгөлд нэг удаа эко аялал зохион байгууллаа. Улаанбаатарт болсон аялалд хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалантай хосолсон байгалийн баялгийг хэрхэн үр дүнтэй ашиглах, хөрсөө хэрхэн хамгаалж ногооныхоо ургацыг нэмэх, малынхаа бүтээгдэхүүнийг хог хаягдалгүйгээр ашиглах тал дээр уламжлалт аргатай хавсарсан аялал зохион байгуулсан. Нийтдээ 500 гаруй хүүхдийг эко аялалд хамруулаад байна. Энэ бүх аялал телевиз, аялал, сонин гээд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжаад олон түмэнд хүрч байгаа. Нэвтрүүлэг үзсэн, сонин уншсан хүүхдүүд монгол орон маань гайхалтай сайхан юм байна, баруун аймаг тийм онцлогтой юм байна гэдгийг ойлгож авч байна. Хөвсгөл аймагт болсон аяллын нэвтрүүлгийг үзсэн хүмүүс тэр аялалд оролцсонтой адил хэмжээнд бэлтгэсэн байна. Зургаан цуврал нэвтрүүлэг МҮОНТ-ээр явлаа. “Зууны мэдээ”,сонинд бичсэн. Ингээд үзэхээр Монгол орны бүх хүүхэд энэ аялалд зайнаас оролцох боломжтой гэж үзэж болно. Аяллыг үзсэн хүүхдүүд би ирэх жил заавал Хөвсгөл явна, аялалд явна, Увс нуурт очино шүү гэсэн сэтгэлгээтэй болсон байх гэж бодож байна. Эко аялал удахгүй Сүхбаатар аймагт болно. Хүүхдүүд Дарьганга, Алтан-Овоог үзнэ. Ганга нууран дээр хунгийн чуулган үзнэ. Аймгийн удирдлагууд өөрсдөө санаачилж тодорхой хэмжээний санхүүжилт хийгээд байгаа. Дараа нь Өмнөговь аймагт Ерөнхийлөгчийн мод тарих өдрөөр бид байгаль орчны гавяат ажилтан Бараадууз гуайнд хүүхдүүдийг аваачина. Бараадууз гуай тэр олон модыг хэрхэн тарьж, арчилж ургуулж чадаж байна гэдгийг хүүхдүүд хараад мод тарих хүсэлтэй болох байх гэж бодож байна. Модыг зөвхөн тариад хаядаг биш, усалдаг арчилдаг, ургуулдаг, тарьсан модоо хараад хүүхдүүд баярладаг болох байх.
-Орон нутгаас бас санхүүжилт гаргасан юм байна. Энэ бол нэг дэвшил гэж ойлгож байна. Орон нутгийн байгаль орчны газруудад төсөв тийм ч хангалттай биш. Гэхдээ л хүүхдүүдэд зориулаад санхүүжилт гаргаж байгаа нь байгаль орчны боловсролд ач холбогдол өгөх нь шат ахисны илрэл байх?
-Сая Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас ирээд Талын агуйг арчлах зардлын тодорхой хувийг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлээч гэсэн хүсэлт тавьсан. Соёл урлаг, спорт аялал жуулчлалын яаманд нэг сан бий. Талын агуй аялал жуулчлалын нэг үзмэр газар учраас тэднийхээс санхүүжилтээ ав, аймгаас бас санхүүжилт гарга гэсэн юм. Ингээд зардлаа гурав хуваая гаргая гэхэд дуртайяа хүлээж авсан. Одоо хоёр яамны хамтарсан тушаал гарах гэж байна.
Өмнөговь аймгийн байгаль хамгаалах газрын дарга Бадарч гуай ч мөн маш уриалгахан хүлээж авсан. “Хөвсгөл аймагт их гоё аялал болсон байна, зурагтаар харлааа. Үүнээс дутахааргүй хэмжээнд бид зохион байгуулна. Ирэх жилээс танай сангаас бид мөнгө гуйхгүй. Цаашдаа өөрсдөө болгоод явчихна” гэж байна. Тэгэхээр энэ ажил нэг зучил мод асаагаад өгөх юм бол цаашаа талын түймэр асч байгаа юм шиг маш хурдан явах боломжтой. Увс аймаг бас сая мөнгө гаргасан. Ирэх жил манай сангаас мөнгө авахгүйгээр Тувагийн хүүхдүүдийг авчрах юм. Ингэснээр эргээд монгол хүүхдүүд Тувад аялах зардлаа даалгах боломж бий болж байгаа юм.
-Швейцарын хөгжлийн агентлаг /ШХА/-тай хамтарсан эко санаачлага төслийн талаар ярихгүй юу?
-Эко санаачлага, эко сургууль, эко клубыг дэмжих төслийг ШХА санхүүжүүлээд 4-5 жил болж байна. Нэлээд их мөнгө хаясан юм билээ. Голдуу Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан гэх мэт баруун аймгуудын сургуульд санхүүжилтээ өнгөрсөн жилүүдэд хийсэн байсан. Энэ жил төслийг Улаанбаатар хотод танай сангаас Байгаль орчны боловсролын жилд хийгээч. Бид танай гаргасан мөнгөтэй тэнцүү хэмжээний мөнгөө гаргаад энэ ажилд чинь оролцъё гэсэн. Ингээд төслийн баг шалгаруулах уралдаанаа зарлачихсан байгаа. Одоо энэ есдүгээр сарын дундуур дүн нь гарна. Нийтдээ 77 сургуулийг хамруулсан. Зөвхөн сурагчдын дунд байгальд ээлтэй юу хийж болох вэ гэдэг дээр оновчтой санал санаачлагаараа шалгарсан сургуулиудад тус бүр арван сая төгрөгийн санхүүжилтийг олгож гадна талаа тохижуулах, эко танхим байгуулахад нь зориулах юм.
-Байгаль орчны боловсролын жилийн хүрээнд хийж байгаа ажлууд тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байгааг та хэлж байна. Ажил эхлүүлээд явах сайхан л даа. Цаашид үргэлжлүүлээд аваад явах үндэс суурийг нь хэрхэн тавьж байгаа юм бол?
-Аймгуудын Засаг дарга нар манай БОНХ-ийн сайдтай гэрээтэй ажилладаг юм. Байгаль орчны чиглэлээр энэ жил аймагтаа ийм ажлууд хийнэ гэж. Байгаль хамгаалах санд тодорхой хэмжээний санхүүжилт энэ жилээс эхлээд тусгаад явна. Жишээлбэл, Өмнөговь аймагт гэхэд 14 тэрбум төгрөг Байгаль хамгаалах санд нь төвлөрөхөөр болж байна шүү дээ. Байгаль хамгаалах шинэ багц хуулийн дагуу. Орон нутгийн орлогоос. 14 тэрбум гэдэг бага мөнгө биш л дээ. Харин уул уурхай багатай аймагт энэ санд төвлөрөх мөнгө нь бага. Увс аймагт гэхэд уул уурхайгаас 100 орчим сая төгрөг л орж байх жишээтэй. Тэгэхээр аймгуудтай хийх сайдын гэрээнд экологийн боловсролыг дэмжихэд заавал мөнгө суулгаж өг гэдэг шаардлага тавина. Хоёрдугаарт, сум болгонд Хөгжлийн сан гэж бий. Эндээс тодорхой хэмжээний санхүүжилтийг гарга гэсэн шаардлагыг аймгууд нь тавиад явчихна. Тэгэхээр энэ доороосоо цаашаа задраад явчихна гэсэн үг. Боловсролын яам сургуулийн хөтөлбөрт нь байгаль орчны чиглэлийн хичээлүүд оруулж байна. Дараагийн жилээс эхлээд байгаль орчин, эдийн засаг, нийгэм гээд гурван тулгуурыг нэгтэсэн Тогтвортой хөгжлийн боловсролын нэлээд том төсөл 2014 оноос Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжиж эхлэх юм.
-Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах юм уу?
-Тийм. Энэ талын мэдлэгийг олгох чиглэлээр математик, дуу хөгжмийн гэх мэт бүх хичээл дээр байгаль орчныг хэрхэн хөтөлбөрт нь яаж тусгах вэ гэдэгт бид бид Иргэний боловсролын төвтэй хамтарч ажиллаж байна.
Нэг зүйл нэмж хэлэхэд 2013 оны дөрөвдүгээр улирлаас эхлээд БХС-гаас Батлан хамгаалах яамны дэргэдэх Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэлтэй гэрээ хийж хамтарсан хөтөлбөр боловсруулаад хугацаат цэргийн албаныханд байгаль орчны болон хөдөө аж ахуйн боловсролыг олгоно. Малчны хүүхдүүд цэрэгт алба хаагаад нутагтаа очихдоо бэлчээрийг хэрхэн зөв хуваарилах вэ, талхагдлаас хэрхэн гарах вэ, ямаа өсгөх нь ямар хор холбогдолтой байдаг вэ, хадлангийнхаа талбайг хэрхэн хашиж хамгаалах вэ, ногоогоо хэрхэн тарьдаг юм, хөрснийхөө үржил шимийг хэрхэн сайжруулдаг юм гэх мэт сургалтуудыг хийхээр тохиролцсон.
Одоо Батлан хамгаалах яамтай хамтраад Богд уулын унанги модыг цэвэрлэж байгаа нь маш том ажлын эхлэл. БХС-гаас цэвэрлэгээ хийж байгаа цэргүүдэд модыг хожуулыг нь ингэж тайрах ёстой, ийм өндөртэй байх ёстой гэх мэтчилэн зааж өгч байна.
-Эхний ээлжинд хэдэн га талбайгаас хэчнээн хэмжээний унанги түүсэн бэ?
-Энэ дээр нэг мэдээлэл өгөхөд Монгол орон 27,3 сая га ойтой. Энэ бол маш их ой. Энэ ойн тодорхой хувь нь ямар ч хэрэггүй болчихсон модоор дүүрчихсэн. Хорхой идүүлсэн байна. Түймэрт автаж, аянганд цохиулсан байна. Үерт идэгдээд уначихсан байна. Энэ бол эдийн засгийн их хэмжээний нөөц. Говийнхон гал алдах гээд загаа хугалж түлж байхад хангайнхан тэр уначихсан модыг чинь тоож түүхгүй байна шүү дээ. Би Хөвсгөл, Завхан, Архангайд очлоо. Унангиар дүүрчихсэн байна. Зөвхөн уржигдрын байдлаар гэхэд Богд уулын нийт 40 мянган га ойгоос дөнгөж 34 га талбайд нь цэвэрлэгээ хийж байна. Бараг мянганы нэгтэй тэмцэж байгаа биз. Энэ хурдаараа явбал мөд дуусахгүй ажил. Тэгэхээр бид БХЯ-ныханд ажиллах хүчээ нэмэх хэрэгтэй байна гэдгийг хэлсэн. Ерөнхий сайд санаачилж Тусгай хамгаалалттай Богд уулын унангийг түүх Засгийн газрын тогтоол гарсан шүү дээ. Тэгэхгүй бол хуулиараа мод цэвэрлэх эрх байхгүй. Тусгай хамгаалалттай газрын дээгүүр худалч хүнд шувуу ч нисч болохгүй гэсэн хуультай. Тэгээд самар жимс түүсэн нь хөөгдөж туугддаг. Байгаль эх юмаа өгч байхад бид хогтой, заваан айл шиг орж болохгүй гээд суугаад байж болохгүй шүү дээ. Энэ чинь түймрийн эх үүсвэр. Мод иддэг хорхой шавьжны үүр болдог юм. Түймэр боллоо гэхэд хамгийн түрүүнд унанги моднууд асдаг. Цэвэрлэчихвэл түймэр салхитай үед дээгүүр нь хярваслаад гараад явчихдаг. Салхигүй үед модны ёроолоор шатаад явчихдаг юм. Унанги модны асуудал хаа сайгүй байна. Ерөнхий сайд хууль зөрчсөн ч энэ зөв шийдвэр болсон. Завханд ч гэсэн хуулиа бариад суучихсан. Мод нь өмхрөөд хэвтээд байдаг, бэлдэж болдоггүй. Модны хэрэгцээ байна шүү дээ. Хүн л болсон хойно байшингаа, хашаагаа барих хэрэгтэй байна. Мод 4-5 жилийн дотор л хэнд ч хэрэггүй болдог. Гэтэл энэ чинь хэдэн триллионоор хэмжигдэх баялаг. Одоо Хөвсгөлийн Цагаан-Үүр сум гэхэд ойн нөөцийнх нь 76 хувь нь өнгөрсөн жил шатчихлаа. Одоо тэрийг хэзээ өмхөрч унахыг нь хүлээгээд байгаад байх юм. Бас заавал түлээний модны хэмжээнд оруулна хөрөөдөж байж ойгоос мод бэлтгэнэ гэсэн хуультай. Энэ хуулиа бид өөрчлөх ёстой. Нэг метрээс илүүгүй тайрахгүй бол өмхөрчихсөн мод авсныхаа төлөө Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Бараг хоёр жил шоронд хоригдох байх шүү.
-Нэгэнт таньтай уулзсаных Хөвсгөл далайг цэвэрлэх ажил юу болж байгааг сонирхоё?
-Хөвсгөл нуурын судалгааны ажил бүр мөсөн зогссон байна. Анх 1975 оноос эхлээд МУИС Эрхүүгийн их сургуулиас эрдэмтдийн баг ирээд Хөвсгөл нуурыг жил болгон судалдаг байсан. Тэр ажил үндсэндээ байхгүй болсон. Газар зүйн хүрээлэнд нуур судлалын тасаг гэж байсан нь татан буугдсан. Нуур судлалын асуудал Монгол Улсад зогссон байна. Монгол Улс 1000 гаруй нууртай, нуураараа баялаг орон. Тэгсэн хэрнээ судалсан нуур маш ховор. Энэ асуудлаар Испаниас ирж байгаа эрдэмтэнтэй сангийнхаа журмаар уулзаж байсан. Танай Монгол Улс гайхамшигтай сайхан орон юм. Ямар сайхан нууруудтай, ямар их загас жараахайтай юм бэ. Үүнийг чинь судалсан судалгааны бичиг баримт үзье гэхээр ерөөсөө байхгүй юм гэж байсан. Бид түүнд та хамтраач, манай сангаас тодорхой хэмжээний санхүүжилт гаргая. Ирэх жил монголын нууруудыг судлахын зэрэгцээ монгол хүмүүсийг дагаж сургах хэрэгтэй байна. Их сургуулиас оюутан аваачаад нуур судлаач болгомоор байна гэсэн.
Хөвсгөл далайг цэвэрлэх ажлын хүрээнд бид судалгаа хийх гээд нэгдүгээр сард Хөвсгөл нуур руу явж орон нутгийн иргэдтэй уулзаж унасан машинуудын талаарх мэдээллийг анх цуглуулсан. Дараа нь Хөвсгөл нуур дээр хагарал үүсдэг тодорхой хэдэн газрууд байдаг. Тэрэн дээр л машинууд унадаг юм байна. Тэр хагарлууд үүсдэг газруудыг тодорхойлуулж судлуулсан. Хоёрдугаарт ОХУ-ын онцгой байдлын газрын даргатай уулзсан. Тэрээр Байгаль нуурыг хариуцдаг юм. Хамтарч хийж болно, бид салбарынхаа яамтай тохиръё гэсэн. Тэгэхийн тулд эхлээд судлах ёстой. Ирэх жилээс төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгаж байгаад боломжтой хэсгүүдээс нь гаргаж эхэлнэ.
-Сүүлчийн асуулт таны тухай. Та хувь хүнийхээ хувьд байгаль хамгаалах үйлсэд ямар хувь нэмрээ оруулсан бэ?
-Би 19820 онд анх ХААЯ-нд газар тариалангийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн юм. Мөн ХААИС-т 20 гаруй жил багшилсан. Одоо ч багилж байна. Монгол орны газар тариалан, бэлчээрийн хөрсний талаар олон зуун нийтлэл бичиж хэвлүүлж, сонин, телевизэд ярилцлага өгсөн. Хөрсний үржил шим, хотын бохирдол, усны талаар ном, товхимол хэвлүүлсэн. Хөрсний үржил холбоог байгуулж, Ногоон загалмай нийгэмлэгийг байгуулж байлаа. 2007 онд Хонгор суманд болсон асуудлын учрыг олох гэж тэмцсэн ч харамсалттай нь ихээхэн шахалттай учирч үр дүнд хүрээгүй.
Сонирхуулахад би зуслангийнхаа хашаанд 400 гаруй хайлаас, улиас, бургас тарьж байгаа. Хүмүүст зуслангаа ногооруулахад үлгэр жишээ үзүүлэх гэж.Гадаад, дотоодын 20 гаруй төрлийн жимс ургуулж байна. Үнэнийг хэлэхэд байшингаа барьж чадахгүй л мод бут тарьж байгаа шүү.