М.ГАН
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж орон сууцны зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх, нэг санд төвлөрүүлэх чухал төслийг хэлэлцлээ. Энэ нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд юм. 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21.9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна.
Дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд долоо, цаашид есөн тэтгэвэр авагч болохоор байна.
Хэрэв тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ний 4.5 хувь, 2030 онд долоон хувь, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтөй байна. Мөн хүн амын насжилт, түүнээс улбаалан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох хувь хэмжээний зохистой харьцаа алдагдаж байгаа аж. Манай улсын хувьд тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, хүн ам зүйн өсөн нэмэгдэж буй насжилтад бэлтгэх, хуримтлал үүсгэх, урт хугацааны хөрөнгө оруулалтын санг бий болгох шаардлага үүссэн боловч улсын төсвөөс болон хувийн хэвшлийн зүгээс шинээр хөрөнгө гаргах, одоогийн шимтгэл, хураамжийг шууд нэмэгдүүлэх боломжгүй байгаа аж.
Ийм нөхцөлд 2013 оны зургадугаар сараас эхлэн амжилттай хэрэгжиж буй орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд бий болсон Монголбанкны өмчлөлд байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан 1.8 их наяд төгрөгийн үнэт цаас (2016 оны эцэст 2.5 их наяд төгрөг), орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас арилжааны банкинд олгосон 650 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрх болон хувийн хэвшлийн хуримтлалыг дэмждэг энэ механизм, тогтолцоог ирээдүйн тэтгэврийн санд шилжүүлэн авах, цаашид уг тогтолцоо урт хугацаандаа үр ашигтай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Түүхий эдийн үнэ унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан, уул уурхайн салбарын үйлдвэрлэл буурсан 2013-2015 онд нийт эдийн засаг богино хугацаанд агшихаас сэргийлж, дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд орон сууцны ипотекийн санхүүжилт чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. 2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 3.4 их наяд төгрөгт хүрч банкны салбарын зээлийн 30 орчим хувийг, ДНБ-ий 20 орчим хувийг эзэлж байна. Нийт зээлдэгчдийн тоо 76.6 мянгад хүрчээ. Орон сууцны зээлийн эргэн төлөлтөөр сар бүр 28 тэрбум төгрөг хуримтлал болж байгаагаас гадна барилгын салбарт ажиллагсдын тоо өнгөрсөн гурван жилийн хугацаанд 22.2 мянгаар өсч 83.8 мянгад хүрчээ. Барилгын материалын, орон сууцны барилгын дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэнээр ашиглалтад орсон орон сууцны жилийн дундаж тоо 4.9 мянгаас 19.3 мянга болж 3.9 дахин өссөн дүнтэй байна.
Иймд Монгол Улсын хувьд ирээдүйн тэтгэврийн нөөц санг орон сууцны зээлийн одоогийн бий болсон хуримтлал дээр үндэслэн байгуулж, орон сууцны болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бизнесийн ипотекийн зээлийн тогтолцоогоор дамжуулан урт хугацааны, тогтвортой хуримтлалтай болж, улмаар 2030 оноос эхлэн хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоондоо шилжих нь манай улсын хувьд оновчтой хувилбар байна гэж танилцуулгад дурдсан юм.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь төслийг дэмжин санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэв.
Мөн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн үзлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин