М.ГАН
Засгийн газрын уржигдрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас зарим улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигчдийн талаар хэлэлцсэн байна. Үүнд, Хятад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганхуягийг томилуулах гэнэ. Тэрээр одоо Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг юм. Мөн Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар “усны” хэмээх тодотголтой З.Батбаярыг нэр дэвшүүлжээ. Тэрээр МАХН-ын нарийн бичгийн дарга юм. Харин Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын зөвлөх А.Баттөрийг Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Ардчилсан Солонгос Ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, өмнө нь Чехэд ажиллаж байсан мэргэжлийн дипломатч С.Цоггэрэлийг нэр дэвшүүлжээ. Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Жамбалдоржийг томилуулахаар болжээ. Тэрээр өмнө нь Австрали улсад Элчингээр сууж байсан туршлагатай дипломатч юм. Дээрх улсуудад суух шинэ Элчингүүдийг томилох тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, дараа нь УИХ-аар томилох юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин