
Ч.ЗОТОЛ
МАН-ын дэргэдэх Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхантай ярилцлаа.
-МАН-ын Шинэчлэлийн хорооноос Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлээд байгаа. Юуг гол үндэслэлээ болгов?
- Бид өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн нь Засгийн газрын алдаатай бодлогоос болсон гэж үзэж байгаа. Улс орноо ийм байдалд хүргэсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг 14 хоногийн дотор огцрох ёстой. Түүний тэргүүлдэг шинэчлэлийн Засгийн газар ажиллаж эхэлснээс хойш улс орны эдийн засаг хүндэрч, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж ард иргэдийн амьдрал доройтсон. Оюутолгой, Тавантолгойн ордын үйл ажиллагаа эмзэг байдалд орж, нүүрсний уурхайнууд зогссоноос 10 мянга гаруй хүн ажилгүй боллоо. Энэ бүхэн Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох хангалалттай үндэслэл гэж бид үзсэн.
-Тухайлбал ямар асуудлуудыг онцолж байна вэ?
-Засгийн газрын бодлогогүй ажиллагаа, үндэслэлгүй шийдвэрүүд. Дүр эсгэсэн, хариуцлагыг үл тоож, эрх мэдэлд дулдуйдсан бүлэглэлүүдийн зөрчил гаарлаа. Яамдын ажлыг бизнесийн хэрэгсэл, хөрөнгө босгох, баяжих аргаа болгосон үйлдэл, хууль шүүхийн байгууллагыг улс төржүүлж, иргэдийн эрх, эрх чөлөө, эд хөрөнгөнд халдах зэвсэг болгон ашиглаж байгаа Ардчилал нэрийн ард нуугдаж, халхавчлагдсан коммунист оролдлогууд нь хэрээс хэтэрлээ. Хөрш орнуудтай харилцах харилцаанд сэв суулгаж, хөрөнгө оруулалт. бизнесийн салбарын уналтыг бий болголоо. Иргэнийхээ эрүүл мэнд, боловсролыг таягдан хаяж санхүүгийн хувьд туйлдуулах тогтолцоо болгон хувиргалаа. Их өрийг даллаж, эдийн засгийг унагаасан, хөөрөгдсөн валютаа хянах чадваргүй болсон задгай явдалтай, бодлогогүй байр суурьтай Засгийн газар, Ерөнхий сайдад хариуцлага тооцож, огцруулахыг монголчууд шаардаж байна. Засгийн газрын хариуцлагагүй үйл ажиллагаа, Н.Алтанхуягийн худал мэдэгдэл, эргэж буцсан шийдвэрүүдийг эсэргүүцэж шүүмжлэх байдал нийгэмд түгээмэл болж, улс төрийн намууд, УИХ-ын гишүүд байр сууриа тодорхой илэрхийлсээр байна.
-Шаардах бичиг 11 заалттай гэсэн. Түүн дотор ардчиллын нэрээр дарангуйлал явуулах болсон гэж байгаагаа тайлбарлахгүй юу?
-Шаардах бичгийн эхний хэсэгт байгаа зүйлүүдийг хэлье л дээ. Бүх асуудлыг багцалж оруулсан байгаа. Тухайлбал, Монголын хууль гууль болж, төрийн дархлаа алдагдлаа. Хууль, тогтоомжийг уландаа гишгэсэн олон үйлдлүүд гарч, төрийн албанд хууль бус томилгоо хэрээс хэтэрсэн. Ардчилал, хүний эрх үнэгүйдэж. иргэний өмчийн эрхэнд дур мэдэн халдах боллоо. Иргэний хэвлэн нийтлэх, аж ахуй эрхлэх. эд хөрөнгө эзэмших, захиран зарцуулах, сурч боловсрох эрхэд бүдүүлгээр халдаж, зах зээлийн чөлөөт байдал бизнесийн бүхий л үйл ажиллагаанд төр хутгалдах боллоо. Иргэдийн амьдрал доройтож, худалдан авах чадвар эрс муудлаа. Ус, дулаан, цахилгаанд суурилж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсч, валютын ханшны хазааргүй өсөлт ард түмний нуруунд хүнд ачаа болж байна. Байдал ийм байхад Ерөнхий сайд “Иргэдийн амжиргаа хоёр дахин нэмэгдсэн” гэхчлэн улайхгүй ярьсаар байна. “Иргэдийн улс төрийн сонголтыг шүүхийн аргаар булаан дээрэмддэг боллоо. Н.Алтанхуягийн толгойлсон “Улс төрийн тонуучлал”-ын золиосонд Өвөрхангайчууд төрд хууль ёсны төлөөлөлгүй болж, Хөвсгөл, Дорнод аймаг болон Багануур дүүрэг, зарим сумд удирдлагагүй, төсөвгүй байсаар өвөлжилтийг угтаж байна.
Тавантолгой хаагдаж, Оюутолгойн төсөл тасалдаж, нүүрсний томоохон уурхайнуудын зогсолтоос улбаалж 10 мянган гаруй уурхайчин, уурхайн ажилтан, албан хаагчид ажилгүй боллоо. Энэ бүхэн өнөөдөр хэний ч нүдэнд ил байгаа.
-Тэгвэл, эдийн засгийн байдлыг ямар асуудлуудаар гаргаж тавив. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг энэ чиглэлд чухам юун дээр алдаа гаргасан гэж үзэж байна?
-Энэ тухай бид шаардлагадаа тодорхой гаргаж тавьсан. Өнөөдөр бизнесийн салбар дахь хөрөнгө оруулалт бүрэн зогсч, аж ахуй эрхлэгчид хууль, шүүхийн далайлгалт, хэлмэгдүүлэлт, баривчилгаанд өртөх айдас дор ажлаа явуулж байна. Монгол Улсын гадаад худалдааны алдагдал огцом өсч, экспортын орлого буурсан.Төсвийн хөрөнгийг бүрдүүлэгч бизнесийн томоохон салбарууд хаалгаа барьж, үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон нь Засгийн газрын муйхар бодлогын үр дүнг илтгэнэ. Төрийн албаны зарлага огцом өсч, төсвийн орлого бүрдүүлэлт 30 гаруй хувиар тасалдлаа. Төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг Засгийн газраас нэмэгдүүлэх тухай асуудал нэгэнт өнгөрч, харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь тавьж чадахгүй байх нөхцөл бүрдсэн нь Н.Алтанхуягийн эргэж, буцсан байр сууриас илэрхий байна. Засгийн газар, Монгол банкны буруутай, бодлогогүй үйлдлээс шууд шалтгаалж валютын ханш сүүлийн зургаан сарын дотор 18 хувиар огцом өсч, 240 төгрөгөөр нэмэгдэж, үндэсний мөнгөн тэмдэгт хүчгүйджээ. Ханшийн өсөлттэй хамааралтайгаар бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар огцом буурч, бэлэн мөнгөний хомсдолд орж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлээд байна.
-Бонд босгож, бүтээн байгуулалтын эхлэлийг тавьсан нь тухайн үедээ олон хүний талархлыг хүлээж байсан шүү дээ. Гэтэл та бүхэн өөрөөр харж байгаа бололтой?
-Эзэн Чингисийн нэрийг, ирээдүйтэйгээ хамт барьцаалсан Засгийн газар, монголчуудыг их өрийн давалгаанд бүрэн өртүүлсэн. “Өрийн бичиг буюу Бонд”-ыг анхнаасаа төлөвлөлт, бодлогогүйгээр авсан нь улам бүр нотлогдож, үр дүнгүй төслүүдэд зарцуулсаар байгаа нь монголын ирээдүйг өрөнд идүүлж, хүүгийн барьцаанд оруулсан болчимгүй алхам болж бондын мөнгө бороонд урсч дууслаа.
- Та бүхнийг Ерөнхий сайдыг огцруулж, Засгийн газрыг шинэчилнэ гэхээс илүү намынхаа шинэчлэлд анхаараасай гэж шүүмжлэх хүн ч цөөнгүй байна?
-Намын шинэчлэлийн ажил явагдаж байгаа. Бид тэр ажлаа хойш тавиагүй. Ирэх сард манай нам их хурлаа хийнэ, хурлын бэлтгэл, бидний зүгээс анхаарч байгаа асуудлууд анх эхэлсэн шигээ эрчтэй явж байна.