Ц.БАЯР
Өчигдөр АЭХ-ны дөрөвдүгээр чуулган болж шинэ тэргүүнээ сонголоо. Хоёр ч удаа дахисан энэхүү сонгуулийн үр дүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа өрсөлдөгч Б.Ургамалцэцэгээс нэг санал илүү авч тус холбоог тэргүүлэх эрхтэй болсон юм. АН-ын эмэгтэйчүүд тэргүүнээ сонгох өрсөлдөөн ширүүн болсон гэж хэлж болно. Тэргүүнд нийт 11 эмэгтэй өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн боловч чуулганы явцад долоо нь нэрээ татаж дөрвөн хүн өрсөлдсөн. Тухайлбал С.Одонтуяа, Г.Хажидмаа, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа нар өрсөлдөж эхний нууц санал хураалтаар С.Одонтуяа 319, Б.Ургамалцэцэг 306 хүний санал авч намын дүрмийн дагуу 50 +1 хувийн саналд хүрээгүй тул дахин санал хураалт явуулж нэг хүний саналаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа ялсан юм. С.Одонтуяа хэлэхдээ “ Өрсөлдөөн нэлээд ширүүн болсон. Намын доторх сонгууль гайгүй байх гэж бодсон боловч манай АН-ын эмэгтэйчүүд хүчтэй байлаа. Бид шударгаар өрсөлдөөд хоёр удаа санал хураасан. Ингээд 315 саналаар АЭХ-ны тэргүүнээр сонгогдлоо” гэсэн юм. Улс төрийн намын хамгийн том зорилго бол сонгуульд ялалт байгуулах байдаг. Тиймээс бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдээ зохион байгуулж орно гэдэг том үүрэг хариуцлага юм. Энэ сонгуулиар эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутаг, сум, дүүрэгт ийм квот тусгагдаагүй ч эмэгтэйчүүд олон болох уриалгыг өчигдөрийн чуулганаар дэвшүүлсэн. Эх сурвалж:www.zms.mn